Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НААДМЫН ДАРАА НАМАР, НАМРЫН ДАРАА УТАА

Наадмын дараа намар. Энэ үг намар болсон гэхээс илүүтэй жавар тачигнасан өвлийн бэлтгэлд ханцуй шамлан орохыг сануулдаг. Найр наадмын сарууд шувтарч өвөлтэй золгоход нийслэлчүүд тэр аяараа сая ухаан орсон гэлтэй улиг болсон утааны асуудлаа санадаг нь гэм биш зан болж. Зун нь бороо хур ихтэй байсан болоод ч тэр үү намрын эхэн сар нэг л жиндүүхэн эхэлж хаа нэг утаа суунаглуулах айл, нүүрс ачсан машин харагдана. Энэ нь хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлан Улаанбаатар утаан хүрмээ өмсөх болсны дохио. Өнгөрсөн жил Цаг уур, орчны шинжилгээний газрын хийсэн судалгаагаар 2012-2013 оны өвлийг өмнөх жилтэй харьцуулахад нийслэлийн агаарын бохирдол даруй 20-30 хувь буурсан гэсэн дүн гарчээ. Энэ тоо хэр бодитой вэ?
Хотын дээгүүр нүүгэлтэх хар утааг энгийн нүдээр хараад буурсан эсэхийг мэдэх хэцүү ч 30 гэдэг гурван хувь биш болохоор илт анзаарагдмаар. Гэтэл хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө төсөвлөн утаанаасаа салахыг оролдсон ч дорвитой үр дүн өгөхгүй байгааг юу гэж тайлбарлах бол хэмээн Нийслэлийн Агаарын чанарын алба болон “Цэвэр агаар” сангаар ороход “Холбогдох мэргэжилтэн нь байхгүй байна, ажлаар хөдөө явсан” гэх үгсээр ам таглан, төслийн мөнгийг юунд зарж үрж буйгаа ийн нууцлах нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг болж байгаа ч юм шиг. Агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл авах гэхээр “Энэ талаар манайх ямар нэг мэдээлэл өгч чадахгүй. Ийшээ, тийшээ ч яв” гэсээр хоёр гурван байгууллагын хоосон хаалга мөргүүлэх нь их. Арга ч үгүй биз. Өвөл хаяанд ирж хийсэн, бүтээсэн ажлынх нь үр дүн харагдах цаг дөхөхөөр ийнхүү “чулуу хөөлгөх” нь их. Ард иргэдийн татварын мөнгөөр хийсэн бүтээснээ тайлагнахаас айж эмээх нь “но” байгааг харуулах шиг. Чин шударгаар ажиллаж хийж бүтээсэн юмтай улс ам бардам байдагсан. Эдүгээ өндөр хөгжилтэй Европын холбооны улсууд эрүүл ахуйн нормоос  хэтэрсэн утаа, тортог гаргадаг цахилгаан станцын үйлдвэрлэж байгаа 1МВт/ цаг цахилгаан энерги болгонд 50 еврогийн торгууль ногдуулж байгаа билээ. Шаталтыг хөөрөгддөг болон ялгарч буй утаа, хаягдлыг  шүүх бичил төхөөрөмжтэй гэрийн зуух, пийшинг  үйлдвэрлэх нь  онолын ба техникийн нөхцөлийн тухайд боломжтой байх магадлалтай ч, эдийн засгийн хувьд дэндүү өндөр зардалтай тусна. Тиймдээ ч уг өндөр зардлыг хөнгөлөлттэй үнэ хэмээн төрөөс төсвийн мөнгөөр “зодон” байж утаанаас салахаар болсон ч тусыг эс олов бололтой. Улаанбаатарын утаа төс­вийн мөнгөөр халаасаа дүүр­гэгч­дийн бизнес болсон нь нууц биш. Саяхан “Агаарын бохирдлын эсрэг хамтдаа” уриатай “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүхийг тус сангийн ерөнхий нягтлан бодох М.Хулан, туслах А.Болдмаа нарыг Авлигтай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн шуугиан одоо ч гэсэн намжаагүйг сануулах нь илүүц биз.
Утаа гэдэг нь нэг мм-ийг 100-1000 хүртэл хуваасантай тэнцэх голчтой хатуу биетүүд хийн төлөвт байгаа орчинг хэлдэг аж. Харьцангуй  бүдүүн ширхэг бүхий тоостой жишихэд дээрх биетүүд хүндийн хүчний нөлөөнд орж газарт унадаггүй, дэгдэмхий байдалтай  агаарын чийгтэй холилдсоноос  конденсацийн  цөмүүдийг  бий болгон утаан мананг үүсгэдэг. Тэрхүү манан нь өтгөн шингэнээсээ хамаарч арван км хүртэлх  зайнд үзэгдэх орчинг  хязгаарладаг байна. Уг утаан манангийн хамгийн аюултай үр дагавар нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл. Автомашинаас ялгарч буй утаанд мөнгөн ус, хар тугалганы исэл  мэт хорт хавдар үүсгэдэг нэгдэл байдаг бол гэр хорооллын айлуудын гол түлш болох чулуун нүүрснээс нүүрсхүчлийн исэл /CO2/  ялгаран  улмаар  хүний  цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн  замыг түгждэг карбоксигемоглобин үүсгэдэг нь уушиг, бөөр, цусан хангамжийн  янз бүрийн  өвчтэй  болгох, дархлаа сулруулах, бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулах зэрэг олон муу үр дагавар “нуугддаг”.
Хэдэн тэрбумаар хэмжигдэх “утаагүй түлш”,”утаагүй зуух” гэх мэт олон арван төсөл арга хэмжээ нь онол практикийн хувьд олигтой үндэслэл, тооцоо судалгаагүйгээс дорвитой үр дүн өгөх магадлал тун бага. Энгийн хийцтэй төмөр, шавраар хийсэн зуух пийшинд түлж  байгаа чулуун нүүрсийг   хүчилтөрөгч болон  бусад исэлдүүлэгчийг нэмэлт байдлаар  ашигласан, хамгийн орчин үеийн хийц, тоноглол бүхий цахилгаан станцын зууханд шатааж байхад утаа байж л байна. Бүр дээд зэргийн чадалтай цахилгаан шүүр тавигдсан нөхцөлд мөн л адил. Товчхондоо, шаталт явагдаж л байгаа бол утаа гарах нь мэдээж. Гагцхүү их үү, бага уу гэх хэмжээнд л учир бий.  Чулуун нүүрс хэдийгээр илч сайтай ч  шатахдаа  ихээхэн  утаа тортог хаядаг нь  Улаанбаатарын  дуулиант  гамшгийн   гол шалтгаан болдог билээ. Энэхүү гамшиг нь бусад улс орныг ч дайрсан  бөгөөд чулуун  нүүрсний утааг арилгаж, шаталтыг сайжруулах зорилгоор ажиллаж байсан Оросын эрдэмтэд аль 1959 онд нүүрс-усны түлшийг гаргаж авсан бөгөөд тухайн үед дэлхийд үйлдвэрлэж байгаа цахилгаан энергийн тал хувь нь нүүрснээс эх үүсвэртэй  байсан тул түүний ашиглалтын талаар  багагүй  судалгаа хийжээ. Нүүрс-усны түлшийг гаргаж авах арга нь харьцангүй энгийн ба нүүрсийг  маш нарийн буюу 200 мкм хүртэл буталж дараа нь 30 хувийн  устай хольж суспенз хэмээх  хатуу ба шингэн бодисын дисперс холимог  болгодог байна.Өнгөрсөн зууны 70-аад оны үеэр эрчимжээд түр саарсан энэ түлшний асуудал 90-ээд оноос хувийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр Орост  дахин сэргэсэн юм.
Шаталт өндөртэй, утаа тортог эрс бага, галын болоод тэсрэлтийн аюулгүй,тээвэрлэлтийн нөхцөл голдоггүй сайн талуудтай бөгөөд  Новосибирск хотын ТЭЦ-5 дулааны цахилгаан станц  энэхүү суспензээр одоо амжилттай ажиллаж байгаа билээ. Харин манай улсын бүх цахилгаан станцын  болоод айл гэрийн зуух пийшингийн  гол идэш хоол болж  байгаа чулуун нүүрсийг орлох тийм хямд төсөр, хүртээмжтэй атлаа ”гай багатай”  түлшийг  бий болгох боломж  ойрын ирээдүйд харагдахгүй байна. Асар их хөрөнгө мөнгө зарцуулан үйлдвэрлэж байгаа гэх элдэв нэр ус бүхий  түлшний тухайд зарим дэвшилтэй зүйл байвч жирийн шатах материалын бүтэц, найрлагыг өөрчлөх замаар,  \нүүрс ч энд хамаарна\  ахуйн хэрэглээнд зориулсан өндөр шаталттай, огт утаа гаргадаггүй түлш бүтээх технологи хараахан  гараагүйг энд тэмдэглэвэл зохино. Байдал үнэндээ иймэрхүүг  тухайн үйлдвэрлэлийг явуулж буй хүмүүс ч ямар нэгэн хэмжээгээр ойлгож  байгаа  болов уу.
Хотыг утаанаас нь салгах  хамгийн оновчтой бөгөөд цорын ганц зөв зам бол экологийн  хувьд зохих стандартад нийцсэн  ца­хилгаан-дулааны эх үүсвэ­рийг хурдан  барьж түүнд хүн амын олонхид зохицсон хямд төсөр орон сууцны хорооллуудыг эхний ээлжинд бий болгох юм. Энэ нь, утаа үйлдвэрлэгч болсон гэр хорооллыг аажмаар багасгана гэсэн үг. Тэрнээс биш элдэв төсөл хэрэгжүүлж их хэмжээний хөрөнгө зараад 170 мянган яндангаас суунаглах утааг багасгана гэдэг үлгэр болов уу. Холбогдох байгууллагуудын хэлж буйгаар өнгөрсөн жилийнх шиг агаарын бохирдол жил бүр 20-30 хувиар буураад байвал ойрын гурван жилдээ утаагүй болчихож болмоор.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан