Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьд байгалиа хайрлая


“Ээж мод”-ны энэлэн шаналанг сэтгэл зүрхээрээ мэдрээд ирлээ


Өнгөрөгч долдугаар сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийж “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг санаачилж буйгаа олон нийтэд мэдээлснээс хойш цөөхөн хоног өнгөрсөн ч олон ажил амжууллаа. Олон ч хүн, байгууллага энэ санаачлагыг сайшаав. “Гэрэлт Цалиг” ТББ “Амьд байгалиа хайрлая” аяныг хариуцан зохион байгуулахаар амлан авч, эхний ажил болгон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Ээж мод”-ны орчмыг цэвэрлэх санал гаргасныг жиргээчид, хэвлэл мэдээллийнхэн, зарим ТББ, аж ахуйн нэгж дэмжсэнээр бодит ажил боллоо.

Наймдугаар сарын 3-ны бямба гарагийн өглөөний 8 цаг орчимд бид Драмын театрын үүднээс хөдлөв. Барилгын салбарт нэртэй мөртэй “Нийслэл өргөө” ХК-ийн захирал Ганзоригийнхон гэр бүлээрээ сэтгэл талбиж 45 хүний суудалтай том оврын автобус гаргаж өгсөнд талархаж байна. Бидний аян амжилттай хэрэгжихэд энэ унаа гол үүрэг гүйцэтгэсэн. Жолооч маань ч тохитой сайхан хүн байв.

Мах махан бүтээгдэхүүний “Очир дагинас” компанийнхан энэ удаагийн аянд оролцогчдын хүнсний хэрэгцээнд өөрийн бүтээгдэхүүнээсээ хандивласанд талархаж байна.
Энэ удаагийн аян амжилттай болоход манай “жиргээчид” бас их үүрэгтэй байлаа. Тэд маань хар өглөөнөөс харанхуй шөнө хүртэл “жиргэж”, хэл чимээ хүргэж, зохион байгуулалтад орцгоосон. Мод цэвэрлэх ажилд тэдний маань төлөөлөл үнэхээр сайн ажилласан.

Онцгойлж хэлэх ёстой хүмүүс бол “Тэнгэрийн тод тамга” ТББ-ын залуус. Энэ залуус өмнө нь ч олон газрын овоо цэвэрлэж, моддыг хадагнаас салгаж байсныг би мэдэх юм. Тэд сэтгэлтэй, ажлаа мэддэг хүмүүс гэдгээ харуулсан гэж болно. Цаашид ч бид олон удаа хамтран ажиллах байх. Тэдний түнш “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийнхэн ч бас энэ удаагийн аянд нэгдсэн юм.

Халх удган Огторгуй ийм аян болж байгааг сонсоод холоос зорьж очсон бөгөөд модонд хадаг уяхын хор холбогдлыг ёстой нэг ой тоонд ортол ярьж өгсөн.
“Ээж мод”-нд очоод үнэхээр сэтгэл эмзэглэв. Мухар сүсэг, буруу зан үйлийн золиос нь Монголын давтагдашгүй үзэсгэлэнт газрын нэг болж буйг харах даанч гунигтай юм. Сүсэглэж буй хүмүүсийг зэмлэх юм алга. Харин модонд хадаг аваачиж зангидах сэдлийг тэр хүмүүст өгч буй лам, бөө нар ямар нүглийн үрийг тарьж буйгаа ухаараасай. Энэ ариун дагшин газарт ирж зан үйл хийж буй бөө нар эргэцүүлж нэг бодоосой.

Ээж модыг анх өмхөрч унахаар нь өөр нэг идэр сайхан модыг чимэглэсэн байсан. Нэг мод үхэнгүүт өөр нэгийг чимэглээд л үхүүлээд л байдаг аж. Сүүлийн хориод жилд хэд хэдэн мод үхчихээд байна. Харамсалтай нь ингэж чимэглэсэн модны мөчир салааг хадаг чивчрэн боомилж, ёроолд нь овоолсон цай, ороосон торго тэргүүтнээс болоод мөнөөх мод ёроолоороо хөгцрөн өмхөрдгийг хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна вэ?

Бидний тавиад хүн Улаанбаатараас явсаар байгаад очиход аль хэдий нь үд дунд болсон бөгөөд “Ээж мод”-ны хавийг тэр чигт нь хадгаар хучиж орхисон болохоор яаж хичээгээд ч бүрэн цэвэрлэж амжихгүй нь тодорхой байлаа. Гэхдээ манайхан их сайн ажилласан шүү. Буцах цаг болчихоод “За одоо энийг л цэвэрлээд болино шүү” гээд нэг хүрээг цэвэрлэтэл цаана нь байгаа модод “Намайг битгий ийм байдалд орхиоч” гэж гуйх шиг санагдан хэн нэг маань өөрийн мэдэлгүй л явж оччихсон хадгийг нь огтолж зогсох. Эцэст нь аргагүй цагт хавчигдан буцах үед нэгэн сайхан үйл хийлээ гэсэн сэтгэлийн баяр, цаана нь бас зөндөө мод үлдлээ гэсэн гуниг хоёр сэтгэлд зэрэгцэн байлаа.

Дөрөв таван жилийн өмнө анх чимэглэсэн сүүлийн “Ээж мод” өнөөдөр хадаг яндартаа дарагдаж, цээжин хэсэг нь үхэж хувхайрсныг хараад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Хүмүүсийн мухар сүсгийн золиос болсон хайран сайхан мод. Бид чинь хайрлаж хүндэлж байна гээд ижийгээ боомилж алдаггүй сэн... Нэг л биш ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан