Цахилгааны төлбөрөө хэзээ, хаана, хэрхэн хийх вэ
2013 оны 8 сарын 13
УБЦТС ТӨХК-иас явуулж буй “Хэрэглэгчийн сар” аян хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Эхний долоо хоногт гэрээ шинэчлэн байгуулах ажлыг иргэдийн дунд идэвхжүүлэх, гэрээ байгуулахын ач холбогдлыг таниулах талаар мэдээлэл өгч байсан бол энэ удаа бид цахилгаан эрчим хүчний борлуулапт хэрхэн хийгддэг талаар болон гэрээний дагуу төлбөрөө өөрт хүндрэлгүйгээр хэрхэн хийх зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл хүргэхээр зэхлээ. Уншигч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Хэрэглэгчдэд үйлчлэх төвд зочлоорой.


-Борлуулалтын цикл гэж юу вэ?
-Тухайн циклийн хэрэглэгч­дийн тоолуурын заалтыг ун­­шуулах, хэрэглэгчийн сонго­сон банк буюу тооцооны касст нэхэмжлэл хүргэгдэх, ца­хилгаан эрчим хүчнийхээ төл­бөрийг төлөх, төлбөр тө­лөх тухай сануулах, ца­хил­­гаан эрчим хүчээр түд­гэл­зүүлэх тухай мэдэгдэл хүр­гэх, төлбөр төлөгдөөгүй то­хиолдолд цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх, шүүхэд шил­жүүлэх мэдэгдэл хүргэх, шүүхэд шилжүүлэх зэрэг үйл ажил­лагааг борлуулалтын цикл гэдэг. Улаанбаатар ца­хил­­гаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хувьд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдээ оршин сууж байгаа байршлаас нь хамаа­руулан борлуулалтын зургаан циклд хуваадаг. Тухайн аж ахуйн нэгж, айл өрхийг хэд­дүгээр циклд хамрагдаж бай­гааг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д хэрэг­лэгчийн кодын хамт тэмдэглэн өгдөг.

-Тоолуурын заалтыг яаж авдаг вэ?
-Цахилгаан эрчим хүч­ний борлуулалт, түүнтэй холбоотой үйлчилгээг тус компанийн дүүрэг бүрт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд явуулдаг. Тус төвийн тоолуурын заалт тэмдэглэгч нь тухайн аж ахуйн нэгж, айл өрхтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ’’-ний дагуу сар бүрийн тогтсон өдрүүдэд тоолуурынх нь заалтыг авч борлуулалтын хэсэг­тээ хүлээлгэн өгнө. Ту­хайн хэрэглэгчийнх электрон тоолууртай бол тоолуур унших гар удирдлагатай багажаар шууд уншуулна, харин механик буюу хар тоолууртай бол заалтыг багажид гараар шивж тэмдэглэдэг. Тэмдэглэсэн заал­туудыг холбогчоор компьютерт шилжүүлж, тусгай програмаар тооцоолон бодсоноор тухайн хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх банк руу илгээгдэнэ.

-Цахилгааны төлбөрөө аль ч хэлбэрээр хийж болно?
-Цахилгааны төлбөрөө аль банкинд ямар хэлбэрээр тө­лөх нь таны дур бөгөөд гагц­хүү “Цахилгаан эрчим хү­чээр хангах гэрээ”-гээ ши­нэч­лэн байгуулахдаа сана­лаа хэлчихэд л болно. Та хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудад эсвэл өөрийн сонгосон банкны аль ч салбарт очоод төлбөрөө төлж болохоос гадна, виза карт, мобайл банк, интернэт гээд арилжааны банк бүрт байдаг үйлчилгээг ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөх боломж нээлттэй байгаа шүү.
Хэрвээ та гэрээнд заасан хугацаандаа хэрэглэсэн цахил­гааныхаа төлбөрийг төлөхгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги тооцогдож, таны цахилгааныг түдгэлзүүлэх ажил хийгддэг. Энэ тохиолдолд цахил­гаан түдгэлзүүлээд эргэж сэргээлгэсэн ажлын төлбөр бас таны хэтэвчнээс гарахыг анхаараарай.

-Цахилгааны төлбөрийн үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?
-Та “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-гээ шинэчлэн байгуулахдаа гар утасны дугаараа бүртгүүлсэн бол төлбөрийн нэхэмжлэхээ сар бүр мэссэжээр авах боломжтой. Эсвэл мэссэж үйлчилгээний 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж илгээгээд төлбөрийн үлдэгдлээ мэдэж болно. Хэрэглэгчийн кодоо санахгүй байгаа тохиолдолд тус компанийн Дуудлагын төвийн 70047004 утсаар холбогдож хаяг, овог нэр, регистр, утасны дугаараа хэлээд үлдэгдлээ шалгаарай.

-Ямар хэрэглэгчдэд алдан­ги тооцдог вэ?
-Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын бичилтийн дүнд алданги тооцдог. Алдангийг бичилтийн цикл дууссанаас хойш 21 дэх хоногоос эхэлж хоногийн 0,3 хувиар тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмэгдэж гарна. Дараа­лан гурван сар төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу тухайн хэрэглэгч гэрээний зөрчлөө арилгах хүртэл түр түдгэлзүүлнэ.

-Цахилгаан эрчим хүчний үнэ тариф?
-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь үйлчлэх хүрээндээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төвийн бүсийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад болон айл өрхөд борлуулах цахилгааны тариф”-ыг энэ оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдлөг болгож байна.
Айл өрхийн хувьд энгийн тоолууртай хэрэглэгчийн са­рын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 79.00 төгрөгөөр, 151 кВт.ц болон түүнээс дээш хэрэглээг 96.60 мөнгөөр тооцно. Өдөр шөнийн тарифт электрон тоолууртай хэрэглэгчийн хувьд өдрийн хэрэглээ буюу 06.00-21.00 цаг хүргэл кВт.ц тутамд 84.00 төгрөг, шөнийн хэрэглээ буюу 21.00 цагаас 06.00 цаг хүртэл 60.00 төгрөгөөр тооцно. Харин тоолуургүй айл өрхийн сарын нийт хэрэглээг 350 кВт.ц-аар тооцох бөгөөд 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 79.00 төгрөгөөр, 151 кВт.ц болон түүнээс дээш хэрэглээг 96.60 мөнгөөр тооцно.
Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энгийн тоолууртай бол кВт.цтутамд 105.60 мөнгө, 3 тарифт тоолууртай бол өдрийн хэрэглээ буюу 06.00-17.00 цагт 105.60 мөнгө, оройн хэрэглээ буюу 17.00-24.00 цагт 178.60 мөнгө, шөнийн хэрэглээ буюу 24.00-06.00    цаг хүртэлх кВт.ц тутамд 60.00 төгрөгөөр тооцно.

-Цахилгааны суурь ху­раамжийг ямар үндэслэлээр авдаг вэ?
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 68 дугаар тогтоолын дагуу цахилгаан хэрэглэгчдийн сарын суурь тарифыг 1000 төгрөг (НӨАТ-гүй)-өөр тооцож байна. Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дам­жуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь хураамжийг бий болгосон.

-Байр орон сууц ху­далдан авахад цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлийг хэн хариуцах вэ?
-Энэ асуудлаар хэрэглэгчид ойлголт муутай явдгаас хохирол амсах тохиолдол багагүй гарч байна. Та хэрвээ шинээр үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол хуучин эзэмшигч нь цахилгаан,  дулаан, ОСК, СӨХ-д өр төлбөртэй эсэхийг нь заавал шалгаарай. “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 43 дугаарт, Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэм- шигч иргэн, ажахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ тухай тодорхойлолтыг хангагч байгууллагаас авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуучин хэрэглэгчээс шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг хариуцна гэж заасан байдаг.

Д.ЦЭНГЭЛМАА
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.