Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Маргад: Соёл, спорт, аялал жуулчлалын яам Монголыг бүх талаар сурталчилна


Засгийн газрын бүрэлдэхүүнд хамгийн идэвхтэй ажиллаж буй Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг зорилоо. Экологид ээлтэй, эдийн засгийн ихээхэн өгөөжтэй салбар гэгддэг аялал жуулчлалын үйл ажиллагааны явцыг сонирхсон юм. Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.


-Аялал жуулчлалын улирал дуусах нь. Шинэчлэлийн Засгийн газар энэ салбарт ямар өөрчлөлт төлөвлөж, ажил хэр урагштай байгааг танилцуулаач?
-Олон улсын аялал жуулчлалын хөгжилд голлож буй тогтвортой, нийтэд хүртээмжтэй, хариуцлагатай гэсэн зарчимд тулгуурлаад бид үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан. Юун түрүүнд, эрхзүйн орчин нэлээд хуучирсан тул шинэчлэхээр болсон юм. 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуульд долоон удаа нэмэлт өөрчлөлт орсон ч зоригтой, дорвитой шинэчлэл биш редакцын шинжтэй байсан. Шинэчлэлийн Засгийн газарт салбар яам байгуулагдсан цагаас л энэ асуудалд анхаарч, өнгөрсөн нэгдүгээр сард Аялал жуулчлалын үндэсний форумаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Одоогоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 90 гаруй хувьтай, бэлэн болоход тун ойртсон. Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд салбарын хуулиас гадна Орчны төлөвлөлт буюу аялал жуулчлалын бүсийн төлөвлөлтийн тухай ярих цаг болсон. Хэдийгээр бид улсын хэмжээний чиглэл боловсруулаад явж болох ч Байгаль орчин, ногоон хөгжлийн, Зам тээврийн, Барилга, хот төлөвлөлтийн яам энэ асуудалд зайлшгүй оролцох хэрэгтэй.

-Шинэ хууль баталж, эрх зүйн орчин цэгцэрлээ гэхэд аялал жуулчлалын салбарт ахиц гарч, үр дүн нь амьдралд буухад хэр хугацаа шаардагдах бол?
-Мэдээж, шинэчлэл хуулийн өөрчлөлтөөр дуусчихгүй. Аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Гэхдээ суурь болсон эрхзүйн байдлаа өөрчлөхгүйгээр эдийн засгийн үйл ажиллагааг бодож, төлөвлөх, амьдралд хэрэгжүүлэх боломж алга. УИХ-ын намрын чуулганаар бидний боловсруулсан шинэ хуулийг батлах эсэх тодорхойгүй л байна. Ирэх жил жуулчдын улирлаас өмнө “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр” гээд бодлогын баримт бичгээ гаргана. Хөтөлбөрт аялал жуулчлалын байгууллагаа дэмжих аргачлалыг нарийн тодорхой оруулах юм. Одоо хийж буй өөр нэг ажил маань хууль батлагдсаны дараахь журам, дүрэм, заавар, зохицуулалт, стандартуудаа шинэчлэх. Жишээ нь, тур оператор, жуулчны бааз, зочид буудал гэх зэрэг газрын стандарт хуучирсан. Нөгөөтэйгүүр тогтвортой, нийтэд хүртээмжтэй, найдвартай жуулчлал хөгжүүлэхэд эдгээр байгууллагын нэгдсэн зохион байгуулалт шаардагддаг. Зориод ирсэн жуулчин хаана хонож, амрах, хаашаа явж юу үзэх, аюулгүй байдал, идэх хоол гээд дэлхий дахинд  түгсэн зочлох үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн үг.

-Аялал жуулчлалын салбар багагүй сэргэж, урьд байгаагүйгээр олны анхааралд орлоо. Энэ сэргэлттэй холбоотой гарч ирсэн шинэ нэр, ойлголтыг хүмүүс хэр хүлээн авч, ойлгож байгаа бол?
-Хамгийн наад зах нь аялал жуулчлалын орчны асуудал хөндөхөд хүмүүс юу яриад байгааг ойлгодоггүй байлаа. Харин одоо өөрсдөө ярьж, анхаардаг болж, сонсоод, хэрэглээд хэвшчихлээ. Үүнээс гадна тусгай сонирхлын аялал жуулчлал гэдгийг анхандаа ойлгох хүнгүй байсан. Өргөн уудам газар нутаг, цөөхөн хүн амтай Монгол Улсад нийтийн туризмаас илүү тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ээлтэй. Нийт иргэнээсээ олон жуулчин оруулаад ирвэл хэн нь хэндээ үйлчлэх билээ. Тиймээс юу үзэх, хаана очихоо мэдээд ирж буй хариуцлагатай жуулчдаа татах нь одоохондоо илүү ашигтай. Үүнийг л тусгай сонирхлын аялал жуулчлал гээд байгаа юм. Наад зах нь, бидэнд дэлхийд өрсөлдөгчгүй нүүдэлчин ахуй гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий. Хүн төрөлхтний дунд бараг цор ганцаараа малаа тууж, гэрээ тээж, нүүдэллэн амьдарч байна. Өөр хаанаас ч харахгүй энэ ахуйг зүгээр л байгаагаар нь харуулахын тулд жуулчдыг татъя. Үүний тулд тэр ахуй амьдралыг орчинтой нь яг л байгаагаар нь авч үлдэх асуудал нэн түрүүнд хөндөгдөнө. Дараа нь тийш хөтлөх зам харгуй, үйлчилгээг шийдэх ёстой. Гэхдээ бид үзүүлэх зүйлсээ маш чанартай харуулах хэрэгтэй л дээ. Нүүдэлчин гэхээр л шороо, тоосонд халтардсан, арчаагүй байдаг мэт харуулмааргүй байна. Онгон дагшин байгальдаа яаж ээлтэй, нийцэж амьдардгийг л үзүүлэх нь зөв. Бас дэлхийг эзэгнэсэн их Чингис хаан энд мэндэлж, өсч өндийж, төр улсаа тунхаглаж явлаа гээд Хан Хэнтий уулыг зүгээр л байгаагаар нь харуулж болно. Түүх уншсан, Монголын нууц товчоог жаахан судалсан хүнд ердөө л их хаад энд мэндэлсэн, дайтсан гээд хэлэхэд хангалттай.

-Мэргэжлийн хүний яриаг сонсвол монголчууд л мэддэггүй болохоос тусгай сонирхлын аялал жуулчлал олон улсын хэмжээнд аль эрт хөгжсөн гэдэг.
-Тийм ээ, Монголд зөвхөн эрвээхий харж, зураг авч, баясах гэж олон жуулчин ирдгийг хүмүүс мэддэггүй. Шувуу ажиглагч, судлаач дэлхийн эргэн тойронд маш олон бий. Сүүлийн жилүүдэд Турк, Гватемал зэрэг улс шувуучлахуйн бодлого хэрэгжүүлэхдээ боломжийн салбар гэдгийг мэдээд түлхүү анхаарч эхэллээ. Одоо улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 15 хувийг шувуучлах аяллаас бүрдүүлж байна. Манайд зүгээр л нисч, жиргэж байдаг шувууг тусгай дуран, аппаратаар харуулахад л улсын эдийн засагт нэмэр болох нь. Ер нь, Англи, Америк тэргүүтэй улсад хүмүүс амьтанг агнахаасаа илүү байгальд яаж дасан зохицдог, үр төлөө гаргаж, тэжээдэг, үүрээ засах зэргийг ажиглахаа эрхэмлэдэг болж. Яагаад гэвэл дэлхий даяар хэт их хотжих, унаган байгалиас холдох хандлага байна шүү дээ. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд манай улс аялал жуулчлалын салбараас 280 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувийг эзэлж байгаа юм.

-Аялал жуулчлал хөгжихөд гадаад сурталчилгааны асуудал маш чухалд тооцогддог. Манай улс хилийн чанадад сурталчилгаагаа хэр сайн хийж байгаа бол?
-Ердөө аялал жуулчлал гэлтгүй Монгол Улсын хэмжээнд гадаад сурталчилгаа маш чухал. Манай яам гадаад сурталчилгаа хийх тал бүрийн бололцоотой. Олон улсын тэмцээнд оролцох тамирчид Монгол нэрээр дуудуулна. Гадаадад соёл, урлагийн тоглолт хийвэл бүхэлдээ Монголын сурталчилгаа. Аялал жуулчлалын салбар ч өөрийн сувгаар эх орноо сурталчилж, жуулчдыг “дууддаг”. Тэр хэрээрээ гурвуулаа бие биеэ дэмжин сурталчилдаг юм. Тэгэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам Монголыг бүх талаар сурталчилна. Ер нь, зүүн өмнөд Азийн ихэнх оронд манайх шиг яам бий. Нөгөөтэйгүүр бид үнэгүй сурталчилгааны сувгуудаа сайтар анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл байна. Мөн жуулчдын сэтгэл, ханамж, аман яриа нь үр нөлөө ихтэй сурталчилгаа шүү. Гадаад сурталчилгааг сайн хийхийн хэрээр жуулчлалын бүтээгдэхүүнээ маш сайн, чанартай болгохын төлөө бид хичээж байна. Энэ бүх ажлын маань гол зорилго Монгол Улсын аялал жуулчлалыг эмх цэгцтэй, харилцан уялдаатай, хариуцлагатай, зохион байгуулалттай болгоход чиглэдэг. 20 жил хувийн хэвшлийнхний нуруун дээр явж ирэхдээ аялал жуулчлалын салбар бүгд нэгэн жигд хөгжсөн. Хэрэв аль нэг чиглэл нь арай илүү байсан бол түүнийг голлон анхаараад, араас нь бусад салбарыг өөд нь татаж нуруугаа босгох учиртай. Гэвч өнөөдөр бүгд жигд учраас тал тал тийш зэрэг орохоос өөр аргагүй байна.

-Орон нутаг, аймгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, брэнд бүтээх тухай салбарын бодлогод тусгасан. Жишээ нь, Дундговь аймагт ямар брэнд, үйлчилгээ бий болгох боломжтой вэ?
-Дундговь эртний олдвор ихтэй газар. Гэр бүлийн Палео-адал явдалт парк байгуулж болно. Хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн динозаврын музейд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мөнгөө олсны дараа ажил эхэлж, ойрын 3-4 жилдээ ажил гараанаас гарчих байх. Хамгийн их жуулчин татах нөөц, даацтай аймгийн хувьд Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь гээд олон газар бий. Ер нь, өнөөг хүртэл төр засаг аялал жуулчлалын бүтээн байгуулалтад мөнгө төсөвлөдөггүй байж. Жуулчдад зориулсан парк босгоорой гээд төсөв баталсан нь үгүй. Гэтэл жуулчлалд мөнгө хаях хэрэгтэйг зөвхөн Чингис хааны хөшөө л баталж байна. Жуулчид бороотой, шороотой, цастай ямар ч үед, зам муу байгааг ч тоолгүй заавал очдог. Үүний дайтай нэлээд олон томхон цогцолбор байгуулах ажил үргэлжилж байгаа. Төв аймагт сүндэрлэх Майдар, хотын хажууханд Үлэмж биетний өргөө гээд динозаврын байгууламж босгоно.

-Одоогийн байдлаар аялал жуулчлалын салбарт шинээр дэвшүүлэн гаргаж, хэрэгжүүлж буй ямар бодлого, хөтөлбөр байна вэ. Жуулчинд үзэх, харах зүйл хэр олон байгаа бол?
-Манай яамны зүгээс орон нутгийн соёлын арга хэмжээг улсын чанартай болгоё гэсэн бодлого барьж байна. Жуулчин зөвхөн Улаанбаатарт улсын наадам үзээд зогсохгүй сумын наадамд очдог байх хэрэгтэй. Энэ жил бидний боловсруулсан “2013 оны цагалбар”-т хаана, хэзээ, ямар үйл явдал болох тухай дэлгэрэнгүй танилцуулсан. Уламжлалт баярт орчихоод ойр хавьд нь өөр ямар үйл явдал болохыг тэндээс мэдэх боломжтой. Баяраа үзээд л буцаад хотод ирэх байсан бол замаас нь 20-30 км хазайхад л өөр сонирхолтой арга хэмжээ өрнөж байж болох юм. Тэр хэрээрээ соёлын арга хэмжээг сурталчлан, таниулна. Нөгөө талаас орлого нь орон нутагтаа л үлдэх юм. Маш богинохон жуулчны улирлаа эвент-арга хэмжээгээр битүү дүүргэмээр байна.

-Жуулчид ирлээ, “HOTEL” гэсэн хаягтай газар руу амрахаар яваад орлоо. Гэтэл төсөөлснөөс шал ондоо орчин угтдаг. Энэ олон зочид буудлыг хэзээ цэгцлэх вэ?
-Тун удахгүй. Хойтон жилийн жуулчлалын улиралд амжиж зочид буудлууд эрэмбэ дараатай, зэрэг стандарттай болчихно. Одоогийн буудлууд од, цэцгийн зэрэглэлгүй. Одтой зарим нь хуурамч байгаа шүү дээ. Таван одтой зочид буудалд ортол үйлчилгээ нь гурван одтой байх жишээтэй. Энэ нь нэг талаасаа ёс зүйгүй хэрэг л дээ. Зэрэглэлээ дагаж үнэ тариф тогтдог учраас үйлчлүүлэгчээ хуурч байна гэсэн үг. Нөгөө талаас хэн тусгай зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байгаа. Хуулиа гаргаж аргачлалаа тодорхойлоод, багш судлаач, мэргэжлийн холбоод, ажилтнуудаа цуглуулж чуулган хийнэ. Тэндээс зохицуулалт, бодлогоо нарийн тодорхойлох юм.

-Монголд ирсэн жуулчин аялж амарлаа, үзэж харлаа, сонсч мэдлээ гээд буцдаг. Тэр бүгд хөтөч гэдэг хүний амаар дамжин жуулчинд хүрч байгаа. Тэгвэл одоогийн хөтөч  гэдэг хүн тайлбарлан таниулагч байна уу, ердөө орчуулагч байна уу?
-Яг энэ асуудалд манай салбарт маш өргөн хүрээтэй маргаан дэгдсэн. Зөвхөн нэрний тухайд хөтөч тайлбарлагч уу, хөтөч үү, зөвхөн тайлбарлагч уу гээд олон хувилбар гардаг. Дэлхийн аялал жуулчлалд нийтлэг болсон “guide” гэх үгийг орчуулахаар хөтөч байгаа юм. Жишээ нь, экстрем аяллын хөтөч аварч хамгаалах, анхны тусламж үзүүлэх, ууланд авирах чадвартай байх хэрэгтэй. Гэтэл энэ нь хөтөч гэдэг мэргэжлийн шаардлагаас давсан зүйл.  Тэгэхээр хөтөч маань эрүүл мэнд, боловсрол, гадаад хэл, харилцааны соёлтой байх хэрэгтэй. Үүнээс илүү чухал зүйл нь Монголын тухай мэдлэг. Жирийн нэг орчуулагч монгол ахуйгаа, үгнийхээ утгыг ойлгохгүй учраас бүгдийг тодорхой тайлбарлаж чаддаггүй.
Аялал жуулчлалын салбарын сургалт хийж, нэлээд хэдэн залууг хэл, мэдлэгийн хувьд тун сайн бэлтгээд гаргасан. Харамсалтай нь, аялал жуулчлалд биш уул уурхайд ажиллах гээд явчихсан. Энэ салбарт хувийн сургууль төгссөн оюутнууд, чин сэтгэлээсээ сонирхолтой хүмүүс л ажиллаж байгаа. Жишээлбэл, улсын их сургуульд аялал жуулчлалаар оюутан элсүүлж төгсгөлөө гэхэд дагалдан мэргэжил буюу эдийн засагч, менежер, газар зүйч болчихдог. Яагаад гэвэл аялал жуулчлалын хичээлүүдээ эхний хоёр ангид, дагуул хичээлээ сүүлийн хоёр курст заачихаар дунд нь зааг үүсдэг. Энэ мэтээр зохицуулах шаардлагатай зүйл олон. Гэвч одоохондоо зах зээлийн жамаараа л явахгүй бол төр, удирдлагаас хязгаарлах, хариуцлага тооцох, зохицуулах ямар ч боломжгүй. Харин одоо хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг маань дагаад аяндаа хөтчийн ажил үнэ хүндтэй болох байх.

-Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын хувьд нэг жуулчин хэр үнэ цэнэтэй гэж та боддог вэ?
-Тун харьцангуй ойлголт. Статистик үүднээсээ тэр хүн Монголд ирэх жуулчны тоог нэгээр нэмлээ. Хоёрдугаарт, Монголд амьдарч, идэж ууж, аялж зугаалж, үзвэр үзээд орлого оруулж байгааг нь үзвэл “мөнгө” юм. Энэ хоёр үзүүлэлтээр жуулчин маань үнэ цэнэтэй байх нь. Мөн 100 ам.доллар, 1000 ам.долларын орлого оруулсан хоёр хүний их мөнгө төлсөн нь үнэтэй юм шиг санагдана. Гэвч 100 ам.доллар зарцуулсан хүн сэтгэл хангалуун буцаад, олон найздаа “Монгол гоё шүү, дараа жил явъя” гэж хэлсэн байж болно. Харин 1000 ам.долларын эзэнд Монгол таалагдаагүй бол хүмүүст сурталчлахгүй. Монгол руу чиглэх жуулчдыг нэмсэн 100 ам.доллартай жуулчин илүү үнэтэй болж магадгүй. Гэхдээ жуулчид манай улсад үлдээсэн орлогыг нарийн тогтоох боломжгүй, ердөө л жишээ. Ерөнхийдөө, жуулчлахаар Монголын хил давж буй хүн бүр бидэнд үнэ цэнэтэй. Тиймээс жуулчин бүрт сэтгэл ханамж мэдрүүлэхээр ажиллаж байгаа.

-Соёл, спорт, аялал жуулчлалын яам шинэчлэлийн эрчээ авч ажиллаж байна. Сүүлийн 20-иод жил урсгалаараа явж ирсэн жуулчдын тоо хэдэн онд огцом өсч, цойлох бол?
-Жуулчдын тооны хувьд 2016 онд нэлээд өснө. Бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд оролцох юм. Шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлж, танилцуулна. Өвлийн улирал үзээгүй зүүн өмнөд Азийн орнуудыг татъя. Мөн хилийн чанадаас шууд нислэг нэмэгдэж байгаа. Эдгээр улсад Монголоо сурталчлах ажлыг эх орноо гэсэн сэтгэлтэй сайн дурын төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгэх болно. Бодлогын шинж чанартай, тогтвортой аялал жуулчлалын суурь ажил хэрэгжихээр жуулчдын тоо ойрын хугацаанд өснө гэж найдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан