Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бакей: Ирэх жилийн төсөв хүндХЭН байгаа ч “Шинэ сум” төслийн хөрөнгө мөнгийг тусгах ёстой


Манай улс 331 сумтай. Хүн амынх нь тэн хагас нь нийслэлдээ суурьшснаас  орон нутгийн ялангуяа сумдын хөгжил нь хоцрогдихсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас ирж их, дээд сургууль төгссөн хүүхдүүд хот газрыг бараадан, сум байтугай аймагтаа ч очиж ажиллах нь ховор.
Тэгвэл сумдыг хөгжүүлэх зорилгоор энэ жилээс “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сум хамрагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, Канад технологиор сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барьж, дэд бүтцийг нь шийдэж өгөх юм. Ингэснээр сумд өмнө нь тулгардаг байсан халаалт дулааны асуудлаас ангижирч, нэгдсэн дэд бүтэцтэй болох аж.
Цаашид аймаг бүрт “Шинэ сум” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлийг чиглэсэн их нүүдэл зогсохын зэрэгцээ орон нутаг ч хөгжих үндэс суурь болох юм.
Энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн А.Бакейтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулган зав­сарласан өдрүүдэд та ямар ажил хийж амжуулав?
-Хаврын ээлжит чуулган завсарласан хугацаанд амралт, ажил хоёрыг хослуулж ажиллалаа. Туркэд амрангаа биеэ сувилуулаад ирсэн. Үүний дараа БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймагт Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай очиж, хамтран ажиллах гэрээ хэ­лэлцээр хийлээ. Тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд миний бие уг айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, хөрш зэргэлдээ хоёр аймаг ямар асуудалд хамтран ажиллах талаар ярилцсан юм. Алтай аймаг байгаль цаг уурын нөхцөлийн хувьд Баян-Өлгийтэй төстэй. Тиймээс бай­­­галь орчныг хамгаалах, ойжуулах чиглэлээр хамтарч ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгийд Мод үржүүл­гийн талбай байгуу­ла­хаар боллоо. Уулархаг нут­гийн байгаль орчинд зохицсон ургах чадвартай моддыг үрс­лүүлж, хот орчмын голын эргийг ойжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Энэ ажил тун удахгүй эхэлнэ. Үүний зэрэгцээ Алтай аймгийн ардын уламжлалт нэгдсэн эмнэлэг нь байгалийн гаралтай өвс ургамлаар эм тан хийж, эмчилгээ сувилгаа хийдэг юм билээ. Тус эмнэлгийн дэргэ­дэх сургалтын төвд Баян-Өлгий аймгийн эмч, сувилагч нарыг тодорхой хугацаанд төрөл бүрийн сургалтад хамруулахаар болсон.

-Мал аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон гэсэн үү?
-Баян-Өлгийд ууцан сүүлт хэрээ үүлдрийн хонь өс­гөж үржүүлж байсан. Махны чиглэлийн энэ хонины үр­жил селекцийн ажил сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орхигдсоноос бие нь давжаарч, мах, ноосны ашиг шим багассан. Айл бүр өөрийнхөө хотон дотроос хээлтүүлэгч мал тавьдгаас болж дээрх нөхцөл байдал үүссэн юм. Зөвхөн Баян-Өлгий ч биш бусад аймаг ч ийм байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор Алтай аймгийн ууцан сүүлт улаан хонины эцэг малыг үржлийн зориулалтаар авах хүсэлт тавьсан. Тэд хүсэлтийг маань нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэхээ хэлж байна лээ. Бид энэ асуудлыг ҮХАА-н яаманд албан ёсоор тавьж, хөөцөлдөж эхэлсэн.

-Нэгэнт орон нутаг ярьсных “Шинэ сум” төс­лийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Орон нутгийг хөгжүүлэхэд нэлээд үнэтэй хувь нэмэр оруулах энэ төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-АН-ын УИХ-ын сонгуу­лийн болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгагд­сан. Өөрөөр хэлбэл, сумдын дэд бүтцийг шинэчлэх зорилт тавиад байгаа. Одоо аль нэг сумын төв дээр яваад очиход сургууль, эмнэлэг, ЗДТГ, сурагчийн дотуур байр тус бүр нь салангид халаалттай. Үүнээс болж үрэлгэн зардал их гардаг. Тиймээс сумын төвийн төвлөрсөн төсөвт байгууллагуудын халаалтыг нэгдсэн журмаар чанартай хангах хэрэгтэй. Мөн сумын төвийн хүн ам төвлөрсөн хэсгийн замыг хатуу хучилттай болгох, цахилгааны хангамж болон замын гэрэлтүүлгийг бий болгох, цэвэр бохир усны нэгдсэн системд холбох зэрэг орчин үеийн хот суурин газарт тавигдах наад захын шаардлагыг бий болгох хэрэгтэй байна. Энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газрын зо­рилтот хөтөлбөрт ч тусгаг­даад байгаа. Энэ төсөлд би өөрийнхөө сонгогдсон тойргоос томоохон 2-3 сумыг хамруулах хүсэлт тавьсан. Эрчим хүчний, Эдийн засгийн хөгжлийн, Сангийн яамны холбогдох удирдлагуудад энэ талаар хүсэлтээ илэрхийлээд байна. Баян-Өлгий аймагт харьцангуй их хүн амтай, томоохон сум нэлээдгүй бий. Тухайлбал, Цэнгэл, Дэлүүн сумыг нэрлэж болно. Эдгээр сум тус бүрдээ 8-9 мянган хүн амтай. Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй “Шинэ сум” хөтөлбөрийн туршлагадаа тулгуурлан бусад аймгийн сум­дыг төсөлд хамруулах зайлш­гүй шаардлагатай. Ирэх жи­лийн төсөв хүндрэлтэй бай­гаа ч гэсэн энэ том зо­рилтыг эхнээсээ хэрэгжүүлж эх­­лэх ёстой. Одоогоор 2014 оны төсвийг боловсруулах шатан­даа явж байна. Энэ асуудлыг төсөвт тусгахгүй гэвэл тусгуулахыг шаардах болно.

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай эсэх асуудлыг судлах ажлын хэсэг танай Байнгын хорооноос гарч ажил­ласан. Та ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багт­сан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Ажлын хэсэг байгуулагдан хаврын чуулганы хугацаанд ажилласан. Өнгөрсөн хуга­цаанд дөрвөн удаа хурал­даж, тодорхой судалга­анууд хий­лээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн манай Байнгын хорооны хүсэлтээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төс­лийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь хууль тогтоох үйл ажил­­лагаанд иргэдийн оролцоог хангах, засаглалыг бэхжүүлэх зорилт юм. Энэ төслийн хүрээнд судлаачдын байгууллага бай­гуу­­лан ажлаа эхлээд байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг дур зоргоороо шийдэж болох­гүй. Маш нухацтай хандаж, олон талаас нь судалж байж гар хүрэх ёстой. Тиймээс эхний ээлжинд судалгаа хийх нь чухал учир ажлын хэ­сэг, судалгааны багтай хам­­тарч ажиллаж байна. Судалгааны багийнхан ямар зүйлийг нь судлах талаар чиг баримжаа гаргасан. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Улстөрчдийн үзэл баримтлалыг тандахад одоогийн Үндсэн хуулийг сайн болсон гэдэг юм билээ. Гэхдээ улс орны хөгжилд саад тотгор учруулж байгаа зарим асуудал байвал түүнийг судалж байж зөвшилцөлд хүрэх ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийн зүйл заалтуудын хэрэгжилт ямар байгааг судлах хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцэг хуулийг анх боловсруулахдаа дэвшүүлсэн үзэл баримтлал нь 21 жил болоход яаж хэрэгжив гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Хангалтгүй хэрэгжиж байгаа зүйл заалт байвал шалтгааныг нь тогтооно.
-Монголын эдийн засагт үүсээд байгаа нөхцөл бай­далтай холбогдуулан ээлжит бус чуулган хуралдуулж Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Уг хуулийн ямар зүйл заалтыг нь өөрчлөх юм бэ?
-Өмнөх хуулиудад зарим нэг хязгаарлалт байсан юм билээ. Үүнийг зөөлрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиар тавигдаж буй саад тотгорыг арилгах чиглэлээр Засгийн газраас Хөрөнгө оруу­лалтын тухай хуулийг боловсруулж байгаа байх. Ээлжит бус чуулганаар энэ хуулийг батална. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татахад таатай хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаа. Мөн чуулганаар санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг батлах ёстой. Уг тогтоолын төслийг Засгийн газар боловсруулах шатандаа явж байна. Дээрх хоёр төслийг хэлэлцэх үедээ Засгийн газрын өргөн барьсан төслийг улам сайжруулах талаар ярилцах байх.

-Засгийн газрын нэг жилийн ой энэ сарын дундуур болсон. Өнгөрсөн хуга­цаанд хийсэн тэдний ажилд та үнэлгээ өгвөл?
-Засгийн газар нэг жилийн тайлангаа олон нийтэд танил­цуулах байх. Манай Байнгын хороогоор тайлангаа мөн хэлэлцэх учиртай. Тухайн үед олон талаас нь дүгнэж хэлнэ гэж бодож байна. Улиран одсон нэг жил тийм ч амар байсангүй. Гадаад хүчин зүйлийн сөрөг нөлөө давамгай байсан. Өмнөх Засгийн газар эдийн засгийн таатай нөхцөл байдалд ажилласан. Учир нь, улс төрийн хоёр нам хамтарч засгийн эрхийг барьсан учраас шүүмжлэл бага байв. Мөн дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ хамгийн их өсч байсан учраас мөнгө санхүүгийн гачигдалд ороогүй. Харин энэ Засгийн газрын үед дээрх хүчин зүйлүүд таатай биш байсан. Тиймээс өмнөө тавьсан томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхэд санхүүгийн талын нөхцөл боломж муу байлаа. Нөгөөтэйгүүр гадаадын зах зээлээс “Чингис” бондыг олж ирсэн нь нэлээд зоримог шийдвэр байсан. Тэд мөрийн хөтөлбөртөө тусгагдсан томоохон зорилтуудыг эхнээсээ хэрэгжүүлж байгаа. Нааштай зорилтуудыг нь сайшааж буй ч үр дүнд хүрэхгүй асуудал ч бий. Тайлан хэлэлцэх үеэр энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлнэ.     

0 Сэтгэгдэл
Гишүүнээ худлаа шоудахгүй Баян-Өлгийд гарч нуусан шүлхийгийнийхээ хариуцлагыг яриачээ
Хамгийн их уншсан