Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уудам говийн мазаалай улаан номонд л үлдэх үү


Дэлхий нийтээр ховор ан амьтан, байгалийн өвөрмөц тогтоц, өв соёл гээд л цор ганц хэмээн тодорхойлогдох бүхнээ хайрлан хамгаалж, аялал жуулчлал, ашиг сонирхлын зорилгоор ашиглах нь ихэсч. Өмнөд хөрш маань мөхлийн ирмэгт тулсан хулсны баавгай буюу пандаг хиймлээр үржүүлэн, онгон зэрлэг байгалиас нь дутахааргүй амьтны хүрээлэнд өсгөж, тэр ч бүү хэл дэлхийн зэрлэг ан амьтан хамгаалах сангийн бэлгэ тэмдэг болгов. Гэтэл зөвхөн Монголд байдаг говийн баавгай хэмээх тодотголтой мазаалай сүүлийн жилүүдэд устаж үгүйрэхэд хүрсэн нь сэтгэл эмзэглүүлнэм.

Ямартай ч, уудам говийн мазаалай “Улаан ном”-нд үлдэхээс сэргийлж БОНХЯ болон бусад холбогдох байгууллага шат дараатай арга хэмжээ авсаар байна. Мазаалайг хамгаалах ажлын хэсгийн өчигдөр хийсэн хурлын үеэр дээрх байгууллагууд энэ онд хийсэн болон хийх ажлынхаа тухай ярилцлаа. Энэ онд нийт 220 сая төгрөг мазаалайд зориулахаар төсөвлөжээ. Мөн байгаль хамгаалах сангууд болоод иргэдээс цугласан хандив нийлээд 600 гаруй сая төгрөгийг мазаалайг хамгаалах ажилд зарцуулах гэнэ. Том бодлого, төсөл хөтөлбөр, толгой эргэм их мөнгө нуршилгүйгээр гол асуудалдаа оръё. Товчхондоо, нэг баавгайд ойролцоогоор 20 сая төгрөг зарцуулж байгаа ч дорвитой ахиц дэвшилд хүрч чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандах нь зүйтэй. 1970-аад оны судалгаагаар 30 орчим мазаалай Алтайн өвөр говьд нутагладаг гэж тогтоосон ч энэ тоог өдий хүртэл нарийн тодорхойлоогүй л байна. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед өчнөөн сая төгрөг зарлагдаад ч ахиж дэвшдэггүй судалгааны ажил, ном хэвлэл, ажиглалтаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Ямартай ч, өнгөрсөн жилүүдэд говийн бүс нутгаар хурмаст тэнгэрээ хураа хайрлаагүйгээс идэш тэжээл нь ховордсон “майга бор” судлаачдын бий болгосон тэжээлийн цэгүүдээр үзэгдэх болсон аж. Нийт 25 тэжээлийн цэг бий болгосны ихэнхи нь 24 цагийн камерийн системийн тусламжтайгаар хянадаг нь багагүй үр өгөөж өгч байгаа сурагтай. Цэг бүрт хоёр буюу нийт 50 ширхэг камер суурилуулсан нь тэжээлийн цэгүүдэд ирж буй мазаалайг бүртгэх, өмнө тэмдэглэгдээгүйг нь илрүүлэх боломж олгодог байна. Саяхан нэгэн тэжээлийн цэгт тус бүр ихэр төлөө дагуулсан хоёр эвш \эм мазаалай\ ирж, тэжээлийн зориулалтаар тариалсан манжин, лууван, хонгорцог зэрэг ургамлаар хооллон дасан зохицож байгаа аж.

Мөн мазаалай нь хос идэштэн болохоор махаар хооллодог гэнэ. Монголын болоод дэлхийн “Улаан ном”-д бүртгэгдсэн эл амьтны амьдрах орчныг Улсын тусгай хамгаалалтад авч, 1975 онд говийн их дархан газар байгуулсан юм. 1985 оноос Дархан газрын захиргаа хавар ичээнээс нь гарах үед бага хэмжээний нэмэлт хоол тэжээл тавьж ирсний үр дүнд сүүлийн 20 гаруй жил байршил нутаг нь тогтворжин, зүй бусаар хорогдох нь багасч, бамбарууштай эвш хүртэл тохиолдох болсон юм. Нэгэн үе ан авд  хорхойсогчид агнаж тоо толгойг нь чамгүй цөөрүүлсэн ч байгаль хамгаалагчдын ачаар эл бусармаг явдлыг таслан зогсоожээ. Дээр дурдсанаар тоог нь нарийн тодорхойлоогүй ч 26-30 орчим мазаалай бий гэж Мазаалай хамгаалах ажлын хэсгийн гишүүн, Геологийн ухааны доктор Б.Мижиддорж хэлж байсан.

Дэлхий нийтэд баавгайн овогт хамаарах дөрвөн төрөл, найман зүйлийн баавгай тархсан гэж ангилал зүйчид үздэг. Харин манай оронд хүрэн баавгай \Ursus arctos\, говийн баавгай буюу мазаалай \Ursus arctos gobiensis\ гэсэн хоёр дэд зүйл байвгай байдаг аж. Гэхдээ мазаалай биеэ даасан төрөл үү, хүрэн баавгайн дэд зүйл үү гэдэг нь хараахан тогтоогдоогүй. БОНХЯ-наас АНУ-ын ... мужийн ... их сургуульд мазаалайн үсний дээжийн генетикийн шинжилгээг манай судлаач н.Одбаяр хамтран судалж байна. Хэрэв генетикийн шинжилгээгээр хүрэн баавгайн дэд төрөл бус биеэ даасан төрөл зүйл хэмээн тогтоогдвол Хятадын пандагаас дутахааргүй өндөр ач холбогдолтой нэн ховор амьтанд тооцогдоно. Нэрт амьтан судлаач А.Болд мазаалайн гадаад хэлбэр, шинж төрх, толгойн ясны бүтцийг ойн хүрэн баавгайтай харьцуулан судлаад “Ойн хүрэн баавгайнаас тусдаа бие даасан зүйл, цөлийн нөхцөлд зохицсон тусгай нэгэн хэлбэр” гэж дүгнэсэн байдаг. Эл дүгнэлтийг нотлохоор БОНХЯ, Ховор амьтны судалгаа шинжилгээний нийгэмлэг, Амьтан ургамлын үндэсний хороо болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын газраас хамтран багагүй ажил хийж байна. Саяхныг хүртэл нүдээр үзэх нь битгий хэл мөр нь ч олддоггүй байсан эл ховор амьтныг орчин үеийн техникийн тусламжтайгаар сансараас ажиглан, нүүдэллэн шилжих зам, траекторыг нь хүртэл тогтоодог болж. 2005 оноос хойш 15 мазаалайг нойрсуулан барьж, хиймэл дагуулын дохио дамжуулагч хүзүүвч зүүлгэсэн гэнэ. Мөн ус болоод тэжээлийн цэгт ирсэн мазаалайн үс, хөлний мөр зэргээр нь тоог нь гаргаж байгаа ба одоогоор 22 хэмээн тогтоожээ. Мазаалай нь популяцийн тооны хувьд хэтэрхий цөөн, устах аюулд өртсөн ч оршин амьдрахын төлөө маш хүнд нөхцөлд олон зуун жилийн турш дасан зохицсоор ирсэн юм. 1950 оноос хойш тоо толгой нь буураагүй нь амьдрах чадвар сайн, дасан зохицох чадвартай амьтан гэдгийг нь илтгэнэ. Судлаачдын үзэж буйгаар өнгөрсөн гурван жилд говийн бүсийн нутагт хур тунадас муу орсон нь идэш тэжээл, ургамлын гарцад сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас мазаалайн идээшлэн амьдардаг газарт усан сан бий болгож, тэжээлийн цэгүүдийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Хятадын пандатай харьцуулахад холимог идэштэн гэдгээрээ онцлог. Мөн ус, тэжээл, цаг уурын нөхцөлөөрөө гадаад, дотоодын судлаачдын сонирхлыг маш ихээр татдаг нь аялал жуулчлалын адал явдалт жуулчлалыг говийн бүс нутагт хөгжүүлэх боломжийг бий болгох талтай. Учир нь, байгаль экологийн салбарт томоохон ахиц дэвшил гарч, ард иргэдэд ховор ан амьтан байгаль дэлхийгээ хамгаалахын ач холбогдлыг ч ойлгуулах нөхцөл үүсэх юм. 

Одоогоор яамны зүгээс мазаалайг хамгаалах тухай олон нийт болоод гадаадын улс орнуудад сурталчилах ажлыг идэвхижүүлэх нь чухал гэж үзэж байна. Энэ онд хийхээр төсөвлөсөн багагүй ажлын нэг нь мазаалайн тухай хоёр ч кино юм. Гурван хэлээр орчуулагдан гарах эхний киноны ажил 50 хувьтай байгаа бол таван цувралаар хийх хоёрдахь кино нь ирэх есдүгээр сарыг дуустал зураг авалтаа хийх аж.

Ховор, ховордсон амьтныг хамгаалах хоёр үндсэн арга зам байх бөгөөд нэг нь байгалийн төрөлх амьдрах орчинд, нөгөө нь хүний халамжинд амьтны хүрээлэнд асран хамгаалах арга юм. Гэхдээ судлаачдын зүгээс зэрлэг амьтныг байгаль орчинд нь хамгаалах нь олон давуу талтай гэж үздэг. Мазаалайг өсгөж үржүүлэхийн тулд эхний ээлжинд амьдрах орчныг нь тордож сайжруулах замаар \зориудаар бороо оруулах\ идэш тэжээлийн гол ургамал болох бажууна, хармагийн ургалтыг нэмэгдүүлэх, идэш тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэн, мэргэжилтнүүд зөвлөж байв. Мөн олон улсын байгууллагуудын тусламжтайгаар амьтны хүрээлэнд өсгөн үржүүлж болох ч устах аюулд орсон нэн ховор, ялангуяа эмийг нь цөөн барих, тээвэрлэх, гаршуулах нь туйлын эрсдэл ихтэйгээс олон улсын амьтны хүрээлэнгүүд хүлээн авч үржүүлэх шийдвэр гаргахдаа эргэлзэх хандлагатай байна. Манай улсын хувьд мазаалайг барьж гаршуулан тэжээж болох ч мэргэжлийн боловсон хүчин, материаллаг орчин, хөрөнгө санхүүгийн тогтвортой эх үүсвэр хараахан бүрдээгүй. Гэвч байгальд нь зөнгөөр нь орхивол устах аюултай учраас  хамгаалах менежментийн зөв арга хэмжээг сонгож хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Таван тив, 220 гаруй улс, долоон тэрбум оршин суугчтай манай гаригт ердөө 30 орчим тоо толгой байдаг говийн баавгай болох мазаалайг хайрлан хамгаалж, устаж үгүй болохоос сэргийлэх нь дан ганц монголчуудын ч бус дэлхий нийтийн үүрэг юм. Уудам говийн мазаалай устаж үгүй болох нь та биднээс хамаарах цаг иржээ.

2 Сэтгэгдэл
цццццццццццццццццццццццццццццццццццццццццуууууууууууууууууууууууууууууууууццццццццццццццццццццццц
А
Хамгийн их уншсан