Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Осол гарсан гармыг нээж, ЭСТО компани ажлаа үргэлжлүүлж байна

Энэ сарын 13-нд Төмөр замын 406 дугаар км-ын гармаар гарч байсан “ЭСТО” ХХК-ийн шаланз маркийн машин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд мөргүүлж, их хэмжээний хохирол амссан осол гарсан билээ. Осол гарсантай холбогдуулан тус гармаар гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориод байсан юм. Харин Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг саатуулахгүй байх үүднээс Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар уг замын гармаар гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр орой 17:00 цагт нээжээ. Ингэснээр Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртлэх 17.1 км хатуу хучилттай хурдны замыг барих ажил хэвийн үргэлжлэх болсон байна.
Замыг ийн нээх болсон шалтгаан нь Улаанбаатар төмөр зам болон “ЭСТО” ХХК хоёр хоорондоо тохиролцож, уг гармыг ашиглах гэрээгээ шинэчлэн баталж сайжруулжээ. Тухайлбал, өмнө нь энэ гарамд “ЭСТО” ХХК-ийн ажилтан ажилладаг байсан бол одоо Улаанбаатар төмөр замынхан гармын үйл ажиллагааг 100 хувь хянаж байхаар болсон байна. Харин цаашлаад “ЭСТО” компани энэ замаа барьж дуусвал осол гарсан төмөр замын гармын дээгүүр гүүрэн гарц байгуулах аж. Ингэснээр авто тээвэр, төмөр замын хөдөлгөөн нэг шулуунд огтлолцохооргүй болж, осол аваар гарахгүй болно гэдгийг албаныхан хэлж байна.

Засгийн газрын бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс гармыг нээлээ

Улаанбаатар төмөр замын орлогч дарга Ю.Нямжаргал дараахь асуултад хариулт авлаа.
-Осол гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Замыг бүрэн засварлаж, үйл ажиллагааг нь хэвийн болгож чадсан уу?
-Төмөр замын 406 дугаар км-ын гармыг өчигдөр 17 цагт нээсэн. Шинэ бүтээн байгуулалт, зорилтод хөтөлбөрийн хүрээнд хатуу хучилттай замын бүтээн байгуулалтын ажилд зориулж Улаанбаатар төмөр зам энэ гармыг ашиглуулж байгаа.
Наймдугаар сарын 13-нд гарсан осолтой холбоотойгоор шуурхай арга хэмжээ авч, Засгийн газрын олон талт томоохон төслийн ажлыг саатгүй явуулах үүднээс энэ гармыг сэргээн засварлаж ажилд оруулаад байна.
Төмөр замын гарам гэдэг бол авто тээвэр, төмөр замын огтлолцолд байдаг аюултай бүс. Энэ үүднээс Улаанбаатар төмөр замд 200 гаруй гарам ашигладаг. Сүүлийн үед улс оронд өрнөж байгаа бүтээн байгуулалттай холбоотойгоор пүүс компаниудтай гэрээ байгуулж, гарам ашиглуулж байгаа. Тухайлбал, Салхин сэнсний төсөл хэрэгжүүлж байгаа компанид 467 дугаар гарам, 518 км-ын гарамыг “Монгол Чех металл” компани ашиглаж байна.
Ослоос үүдэн зүтгүүр гэмтэж Улаанбаатар төмөр замд нэлээд хохирол учирсан. Хохирлын хэмжээг нарийн мэргэжлийн хүмүүс шинжилгээ хийж нарийвчилсан үзлэг хийсний дараа акт тогтооно. Урьдчилсан байдлаар 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэж үзэж байна.
-Хоёр машинистын биеийн байдал ямар байгаа вэ?
-Хэвийн, эмнэлгээс гарсан байгаа.

Шууд гарах зардал болох 150 гаруй сая төгрөгийг төлсөн

“ЭСТО” ХХК-ын Төсөл хариуцсан захирал Ч.Нямхүү

-Ослоос үүдсэн хохирлын хэмжээг хэрхэн барагдуулах вэ?
-Эхний байдлаар ослоос үүдсэн шууд зардал болох 150 гаруй сая төгрөгийг төлсөн. Зүтгүүрийн хохирлыг нарийвчлан тогтоогоогүй байна. Эцэслэн тогтоосны дараа үе шаттайгаар төлье гэж хоёр тал тохиолцсон. Шинэ бүтээн байгуулалт зорилтод хөтөлбөрийн хүрээнд Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км хатуу хучилттай гуравдугаар зэргийн зам баригдсанаар хотын авто замын түгжирлийг 20 хувиар бууруулах судалгаа гарсан. Тиймээс энэ гармыг хаачихаар манай ажил урагшлахгүй байсан учраас бид хүсэлт тавиад нээлээ.
-Цаашид аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах вэ?
-Гарам бол мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажил юм байна. Бид хүмүүсээ сургалтад хамруулаад, шалгалт авч тэнцсэн хүнийг ажиллуулсан ч мэргэжлийн хүмүүсийн хажууд учир дутагдалтай байдаг юм байна. Тиймээс гармын үйл ажиллагааг Улаанбаатар төмөр замынхан 100 хувь өөртөө авсан. Бид зөвхөн энэ гармын жижүүрийн зөвшөөрөлтэйгөөр л нааш цааш нэвтэрч байна.
Энэ гармыг ашиглах гэрээг шинэчилсэн. Гэрээнд гармын үйл ажиллагааг Улаанбаатар төмөр зам өөрсдөө хариуцаж, гарах зардлыг ЭСТО компани хариуцахаар тусгасан.
-Жолоочийн биеийн байдал ямар байна вэ?
-Жолооч маань эмнэлгээс гарсан. Нарийн мэргэжлийн эмчилгээгээр бие нь гайгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүнийхээ сэтгэл санааг засах зорилгоор Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвтүүлээд байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан