Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

тогтвортой улс төр, туйлбартай улстөрчийг хөрөнгө оруулагчид нэхэж байна


Монголын улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн орчин тогтворгүй хэмээн гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас халгах болж. Ингэж дүгнэх нь ч аргагүй биз. Учир нь, манай улс Тавантолгой, Оюу толгойн ордыг хэрхэн ашиглах тухай гэрээ хийж, ажлаа эхэлсэн атлаа муу гэрээ болсон өөрчилье, шинэчилье, хэлэлцээрийн ширээний ард сууя хэмээн хөрөнгө оруулагч тал болон мөнгийг нь урьдчилан зээлж аваад үрчихсэн компани руугаа бичиг цаас шидсээр байна. Монголчууд уг нь хэлсэн амандаа хүрдэггүй хүнийг үздэггүй. Тэгсэн хэрнээ нэгэнт тоглолт эхэлчихээд байхад тоглоомынхоо дүрмийг өөрчилье гээд гуйж гувшаад байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргээд байна. Анхнаасаа өмнөх Засгийн газар хоёр толгойн ордын гэрээг чамбай хийсэн бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан гэнэ. Үүнээс болоод Монголын эдийн засаг уналтад ороод байна. Дэлхий даяар 2009 оных шиг эдийн засгийн хямрал нүүрлээгүй байхад Азийн цээжинд орших Монгол Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасалдаж, гадаадаас орж ирэх шууд хөрөнгө оруулалт 70 орчим хувиар буурч, мөнгөн дэвсгэртийнх нь ханш шалдаа уначихлаа.

Дээрээс нь бид гадаадад нэг их наяд төгрөгийн өртэй болж, оронд нь байгалийн баялгаа өгөөд сууж байна. Тиймээс дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсээ гаргаж байгаа ч нэг ч ам.доллар орж ирэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид урьдчилж аваад хэрэглэчихэж. Оюу толгойгоос 250 сая ам.доллар, Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.доллар авсан. Үүний 180 сая ам.долларыг нь нүүрсээ гаргаж, төлсөн. Одоо үлдсэн 170 сая ам.долларыг урд хөрш рүү дахин нүүрс гаргаж төлж дуусгана. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ч хүнд байдалд ороод байгаа. Зэсээ гаргаж зарахаас өмнө сонгуулийн үеэр Хүний хөгжил сангаар дамжуулж мөнгө тараах гээд бас л урьдчилаад  мөнгө авчихсан. Ингээд бодохоор манай улсыг нэг өрх айл гэвэл бид одоо 800 орчим сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн өртэй хэр нь асуудлын бодит байдлыг олж харалгүйгээр улстөржүүлээд сууж байгаа дүр зураг харагдана.

УИХ-ын хаврын чуулган завсарлаж, гишүүд ээлжийн амралтаа аван найр наадам хэсэн, гадаад дотоод руу зугаалж байх хооронд Мон­голын эдийн засагт түг­шүүрийн дохио дуугарсан нь ээлжит бус чуулганыг зайлшгүй хуралдуулах хэрэг­цээ шаардлагыг бий болгов. Төрийн ордон эзгүйрээд байсан ч саяхнаас зарим нэг гишүүн харагдаж эхэллээ. Одоо бид ямар гарцыг эрэлхийлэх ёстой вэ. Энэ асуудалтай зэрэгцээд зуун ямаанд жаран ухна гэгчээр эдийн засгийн нөхцөл байдал муудсан гэдгээр цэцэрхэж, улстөржүүлэн тоглолт хийж буй нэгэн байхад асуудлыг дэвэргэлгүй хямралаас гарах гарцыг хайх ёстой гэж үзэх гишүүд ч байна. Манайхан Хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн орчноо шинэчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна гээд байдаг. Үнэндээ хөрөнгө оруулагчдад тавьсан 100 тэрбумын босго тээг болохоосоо илүүтэйгээр тогтворгүй улс төр, эдийн засагтай орон хэмээсэн нэр нь гадаадынхныг хөрөнгө оруулахаас татгалзахад хүргэж байна шүү дээ. Ямартай ч ээлжит бус чуулганаас энэ оны төсөвт тодотгол хийх УИХ-ын тогтоолын төсөл гарах юм байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай энэ үед ямар бодлого чиглэл барьж ажиллах талаархи төлөвлөгөө юм. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж өгөх юм гэсэн. Засгийн газраас өргөн мэдүүлэх уг хуулийн төсөл болон бусад дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар валютын нөөцөө бүрдүүлж чадах, гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах эсэх нь шийдэгдэх учраас УИХ хөнгөн хуумгай хандалгүйгээр нухацтай ажиллах шаардлага бий боллоо. УИХ-ын ээлжит бус чуулганыг оройтож хийж байна, хямралыг даван туу­лах гарцыг олох асуу­дал удааширснаас төсвийн тасалд­лыг нөхөж чадахгүй хэмээн шүүмжлэх нэгэн байгаа ч хамгийн гол нь би­дэнд тулгараад байгаа дээрх асуудлыг нааштайгаар ший­дэж чадвал эдийн засгийн хямралын давалгаанд өртөж, дахин өрийн бичиг гаргаж эсвэл гадаадаас зээл тусламж хүсэхгүй. Ингэсэн цагт дараагийн Засгийн газарт ачаа үлдээхгүй. Бас тогтвортой улс төр, эдийн засагтай орон болох учиртай. Нөгөөтэйгүүр ам.долларын ханшийг тогтоон барьж, алдуурсан эдийн засгийн амыг татаж болох гэрэл харагдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан