Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа

Ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Мөн ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн засварыг шуурхайлж дуусгах, цахилгаан эрчим хүч татах, шатах тослох материалаар тасалдалгүй хангах арга хэмжээ авахыг Зам тээврийн болон Эрчим хүчний сайд нарт үүрэг болголоо.
Хавар 5-6 дугаар сард нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар сард бороо үргэлжлэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа бөгөөд нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байна. Энэ нь цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой гэсэн үг юм. Ойрын өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тулд болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлээд байгаа юм.
Энэ онд ургацын урьдчилсан балансаар 420 мянган тонн үр тариа, үүнээс 400 мянган тонн буудай, 210 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо, 65 мянган тонн тосны ургамал, 21 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан