Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тавилттай киноны зураг авалт эхэлсэн” гэв үү

Монгол хэлний хэл найруулга улам ядуурсаар байгааг хэл шинжээчид төдийгүй жирийн иргэд, уншигч сонсогчид халаглах болсныг олон зүйлээр нотлон хэлж болно. Хэлний найруулга муудахад хамгийн ихээр нөлөөлдөг хэрэгсэл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүн дотроо телевиз, интернет хоёр  гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Нэг үгээр хэлбэл иргэдийн гол харилцагч нь сэтгүүлчид болсон гэсэн үг.
Ний нуугүй хэлэхэд манай хүүхэд залуусын унших нь улам багасч байгаа өнөө үед тэдний  байнгын хэрэглээ нь, харилцааны хэрэгсэл буюу харилцагч нь телевиз, интернет хоёр л болж байгаа.
Гэтэл өдрөөс өдөр тоо нь нэмэгдэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улам өргөжиж байгаа зах зээлийнхээ буянаар сургуулийн ширээнээс шууд сонин, телевиз, интернет сайтын “сурвалжлагч, редактор” болж байгаа эрхэм сэтгүүлчдийн маань яриа бичгийн найруулгын чадвар тун мөхөс байгаа нь уншигчдаа байлдан дагуулж муу найруулга руугаа улам хөтөлсөөр байгаа нь нууц биш.
Өмнө хэлсэнчлэн найруулгын алдааны тухай олон жишээ татан ярьж болно. Үүний нэг нь энэ бичлэгийн гарчиг буюу нэр үг үүсгэх –ЛТ дагавар. Өнөөдөр кино хийдэг, зураг авдаг, дуу хөгжмийнхөө клип, CD хийдэг хэнбугайтай ч уулзаад ярьж хөөрсөн “Тэр аймгийн нутагт зураг авалтаа хийж байгаа. Зураг авалт төдийд дуусна” гэх юм уу, “хаана зураг авах сонголтоо хийж байна” гэж түгдрэхгүйгээр хариулдаг болоод байгаа. Үүн лүгээ “тандалт, тархалт, бодолт, ургац хураалт, хаялт” гэсэн үгнүүд нэг өгүүлбэрт хэд хэдээрээ таарна. Ухаандаа “Мексикт багш нар ажил хаяад байна” гэхийг бол өнөөдөр олонхи хэвлэл “Мекискт ажил хаялт болж байна” гэж бичиж байна.
“Ургац хураалт орон даяар эхэллээ” хэмээн манай хэвлэлүүдийн бичиж байгааг бол тариаланчид уг нь “Орон даяар ургацаа хурааж эхэллээ” гэж л ярьдаг байсан л даа. Одоо л хазгай муруй хэлтэй сэтгүүлчдийг дууриасаар байгаад “ургац хураалт эхэллээ” гэж ярьдаг болчихоогүй бол.
Санай сэтгүүлчид, урлагийнхан маань “Зураг авалтаа хийж байгаа” гэхийн оронд уг нь “Тэр аймгийн нутагт киноныхоо зургийг авч байгаа”, “шинэ дууныхаа клипийн зургийг аваад дууссан” гэвэл арай л илүү сонсголонтой сонсогдмоор.
Саявтар “Сандай” худалдааны төвд түймэр гарсны дараа Онцгой байдлын газрын нэг ажилтан “Манай гал сөнөөгчид шуурхай ажилласны хүчинд галын тархалт удахгүй зогсоогдсон” хэмээн нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй яруу тод ярьж зогсох нь телевизээр гарч байсан. Ургуулан бодоод байвал энэ хүн “Манай гал сөнөөгчид шуурхай ажиллаж галыг цааш нь тархаалгүй унтрааж чадсан” гэж хэлж байх шиг байгаа юм.
Энэ хоёр өгүүлбэр аль аль нь яг 10 үгтэй. Уншаад, чангаар хэлээд үз дээ. Аль өгүүлбэр нь хэлэхэд эвтэй атлаа арай яруу сонсдож байна даа.
Энэ бол хөөрхий тэр ажилтны ч буруу биш. Өнөөдөр бид нийгмээрээ, бүгдээрээ бүхий л албан тушаалтнууд, төрийн ажилтнууд, УИХ-ын гишүүд хүртэл ингэж л ярьж байгаа. Сонин, сайтаас эхлээд албан бичиг, тушаал шийдвэр хүртэл бүгд л ийм нэршүүлсэн болхи үгтэй гарч байгаа болоод л хүмүүс ингэж яриад хэвшчихэж.   Хот даяараа л өнөөдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил” гэж яриад, энд тэндгүй ийм хаяг реклам байж байгаа. Гэтэл энэ хүмүүс, манай тэр сэтгүүлчид хүртэл гэртээ очоод “Гутал өмсөлт хийлээ, хоол идэлт боллоо, манай найз бүсгүй хардалт гаргалаа” гэж огт ярихгүй л байгаа юм даа. Зүгээр л “би гутлаа өмслөө, хоолоо идлээ, манай найз бүсгүй хардлаа” л гээд байгаа юм.
Ухаандаа манай телевизийн сэтгүүлчид “3000 залуучууд энэ хөдөлгөөнд нэгдэцгээлээ” гэж “3000” гэсэн олон тооны араас дахиад “залуучууд” гэсэн олон тоо давхар хэрэглэж, үйл үгээ бас олон тоон дээр  ярьж бичдэг. Гэтэл гэртээ болохоор “Манай дөрвөн дүү нар ирж байна” гэж ер хэлдэггүй. Телевизээр ярихдаа сайхан ярих гээд тэгдэг юм уу, яадаг юм. Зарим нь бүр үүнийгээ, ингэж гаж үг хэл хэрэглэж байгаагаа  бахдал болгон гоё ярьж байна гэж итгэчихсэн байгаа нь чухамдаа “сайхан явах гээд алцан явна” гэгч болоод байгаа хэрэг.
Угтаа бол 3000 гэсэн олон тоо байхад ард нь “залуу” гээд нэр үг нь ч , “нэгдлээ” гэдэг үйл үг нь ч ганц тоогоор л орох л доо. Ингэвэл энэ өгүүлбэр “3000 залуу энэ хөдөлгөөнд нэгдлээ” л болно. Тэртэй тэргүй тэр сэтгүүлч гэртээ бол “Манай дөрвөн дүү ирж байна” л гэж ярьдаг юм чинь. “Би гурван хуушуур идлээ” гэхээс биш “би гурван хуушууруудыг идлээ” гэдэггүйтэй л яг адил.
Энэчлэн их дээд сургууль төгсч байгаа мэргэжилтнүүдийн эх хэлний мэдлэг тэр дотроо найруулгазүйн ур чадварыг сайжруулах, ялангуяа сэтгүүлчдийн хэлний боловсролыг дээшлүүлэх явдал мөн ч чухал байнасанж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан