Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Валютын ханш зохиомлоор өсгөж байгаа ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлахыг үүрэгдэв

Валютын ханш өндөрөө авав. Өнөөдөр валют арилжааны Найман шарга зах дээр нэг ам.доллар 1720-1730 төгрөгийн ханштай байгаа нь ноён ногооны солиорол хэд хүрч зосгохыг таамаглах ч боломжгүйг харуулж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр валютын ханшийг зохиомлоор өсгөөд байгаа гэх бор шувуу нисэх болсон. Энэ нь үнэний ортой болох нь батлагджээ. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригийн 14:00 цагт зарим банк бус санхүүгийн байгууллагын ам.доллар худалдаалах үнээ 1780 төгрөг гэж зарласан нь УИХ-ын дарга З.Энхболдын чихэнд хүрчээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн зохицуулах хорооныхныг өрөөндөө дуудаж ам.долларын ханшийг зориудаар хөөрөгдөөд байгаа аж ахуйн нэгж, иргэнийг олж, хууль зөрчсөн бол үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг үүрэгдэв.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Валютын арилжаа хийдэг аж ахуйн нэгж байгууллагууд кассын машинтай, ханшийн мэдээлэл бүхий самбартай байх ёстой. Гэтэл кассын машингүй, ханшийн тухай мэдээллийн самбаргүй. Замаар явж байгаа хүмүүсийг угтаж гүйж очиж худалдаа хийдэг хүмүүс байна. Ийм хүмүүсийн тусгай зөвшөөрлийг хураа. Танай байгууллагын хариуцдаг ББСБ-уудын валютын ханш иргэдэд ил тод байх ёстой. Банктай адил шаардлага тавь. Биелүүлснийг нь ажиллуулаад, биелүүлээгүйг нь тусгай зөвшөөрлийг нь л хураа. Гудамжны, зохицуулалтгүй хар зах байх шаардлагагүй. Банкны салбар хангалттай болсон. Тиймээс соёлтой үйлчилгээг бий болго, та нарт хангалттай эрх мэдэл бий” гэсэн юм.
Өнгөрсөн бямба гаригт гарсан дамын ханшаар хэн нэгэн аль нэг валют арилжааны газраас ам.доллар худалдаж авсан эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт хийсэн ч дээрх ханшаар валютын арилжаа хийгдээгүй болох нь батлагдсан гэдгийг албаныхан УИХ-ын даргад тайлбарласан.
Гэхдээ бямба гаригт валютын ханшийг огцом өсгөж шалтгаан нь арилжааны банкууд валют худалдаалахгүй, хязгаарлалт тавьсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй гэдгийг СЗХ-ны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг хэлсэн юм. Тэрээр, “Бямба гаригт ХААН банк нэг хүнд 200 ам.доллар л худалдаалж байсан. Голомт банк доллар гаргахгүй байсан. Худалдаа хөгжлийн банк мөн хязгаарласан байв. Харин өнөөдөр банкууд доллар худалдаалж эхэлсэн. Гэхдээ доллар авахын тулд урьдчилж захиалга өг гэдэг байдлаар хандаж байна. Худалдаа хөгжлийн банк нэг л салбараараа доллар худалдаалж байна. Энэ мэт банкууд хязгаарлалттай байгаа нь эрэлтийг нэмэгдүүлж байна” гэсэн юм.
Ийн тайлбар сонссон УИХ-ын дарга З.Энхболд гадаад явдаг хүмүүст зориулж тухайн улсын мөнгөн тэмдэгтийг ашиглах аргыг хялбаршуулж өг, зохиомол ханш гаргах нь буруу гэдгийг иргэдэд сэрэмжлүүлэхийг сануулав. Мөн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд эргэж мэдээллэхийг үүрэг болгов.

Уулзалтын дараа Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэгээс цөөн асуултад хариу авлаа.

-Валютын ханшийн өсөлт ББСБ-аас хамааралтай гэж ойлгож болох уу. Үүнд танай байгууллагаас хяналт тавих боломж бий юу?
-Энхний хагас жилийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагууд нийлээд 134.1 сая ам.долларыг худалдаж,  138.1 сая доллар худалдаж авсан нь 188-190 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэсэн үг. Үүнийг банкны салбартай харьцуулахад нийт валют арилжааны найман хувийг эзэлж байгаа юм.
Банкууд валют худалдахгүй, хязгаарлалт тогтоогоод байгаа нь иргэдийн дунд долларын ханш өсөх нь гэсэн ойлголт төрүүлж байна. Үүнээс үүдээд ББСБ-ууд өндөр ханш тогтооход хүрээд байна. Манай байгууллагаас Банк бус санхүүгийн гурван байгууллагад шалгалт хийхэд валютаа 1780 төгрөгөөр зарж борлуулсан зүйл илргээгүй. Үнэ өсгөсөн шалтгаан нь банкууд валют борлуулах хэмжээгээ хязгаарласан нь эрэлтийг ихэсгэж, улмаар банкны ханшаас өндөр зарахад хүрсэн гэж тайлбарлаж байна билээ.

-Валютын ханшинд зохицуулалт хийх боломж байна уу. Банкуудад хязгаарлалт хийж байхад, Найман шаргад ямар ч хазгаарлалт байхгүй байна шүү дээ?
-Санхүүгийн зохицуулах хороонд үнэ ханшид нөлөөлж, оролцох эрх хуулиараа хязгаарлагдмал. Бид зөв ББСБ-ын хуулийг мөрдүүлэх л үүрэгтэй. Энэ хуулийн дагуу л хяналт тавьж ажилладаг.

-Танай байгууллагад хэчнээн ББСБ бүртгэлтэй байдаг юм бэ. Цуцалсан тохиолдол байдаг уу?
-Валют солих цэгийг 2008 онд Монгол банкнаас Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн. Манай байгууллагаас анх 24 хуулийн этгээдэд зөвшөөрөл өгсөн. Өнөөдрийн байдлаар 248 ББСБ болсон байна. Үүнээс 39 нь валют солих, арилжаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай хамтарч шалгалт явуулж ирсэн. ББСБ-ууд валютын ханшид нөлөөлж байна уу гэдэг чиглэлээр шалгалт хийхэд судалгаанаас үнэ ханшид нөлөөлсөн гэсэн дүгнэлт гараагүй.

-Тэгэхээр эцсийн дүндээ валютын ханшийн өсөлтийг банкууд бус ченжүүд тогтоогоод байгаа юм биш үү. Банкууд хязгаарлалт хийхээр ченжүүд долларын ханшийг дур, зоргоороо өсгөж худалдаалаад байгаа юм байна гэсэн ойлголт төрж байна л даа?
-Банк бус санхүүгийн байгууллагууд валют арилжаалахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Хүн асууж байвал зарж л байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
өө ашгүй тамирын мөсийг долоох шахан байж цуглуулсан хэдэн доллар маань ингэж үнэд хүрэх гэж гээд л итгэлт баян шиг аашилнаа яадаг юм.
Хамгийн их уншсан