Н.Болормаа: Хариуцлага алдсан эмчийг ажлаас нь халсан
2013 оны 9 сарын 11

Баянхонгор аймгийн төвд өнгөрсөн арванхоёрдугаар сард дөнгөж төрсөн нярайг сувилагч хариуцлага алдсаны улмаас халуун усаар түлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэгвэл Баян-Өлгий аймагт эх баригч эмчээс болж  нярай хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн нярайг эх барихдаа эмч н.Сүрэнжав эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулсан аж. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.

-Баян-Өлгий аймагт эх барих эмчийн алдаагаас нярай тархиндаа хүнд  гэмтэл авсан хэрэг гарлаа. Энэ үед ажлилласан хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөхөөр ирсэн эхийн төрөх үе удаашралтай байсны улмаас эмнэлгийн яа­ралтай тусламж үзүүлэх шаард­­лагатай болсон. Эх ба­ригч эмч вакум татлага хэрэг­лэх­дээ стандартынх нь дагуу хийл­гүй алдаа гаргасан юм билээ. Хүүхэд толгойн тавилт бага зэрэг гэдийсэн байдалтай төрсөн гэсэн.

-Эх барих эмч нь согтуу байсан гэсэн. Үнэн үү?
-Эмч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа, эрүүл мэндийн газрын чанарын албаны хурлаар хэлэлцээд хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан.

-Нярайн биеийн бай­дал ямар байгаа бол. Гэмтэл нь цаашдаа хүүх­дийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Нярайн биеийн байдал өчигдрөөс эхлэн дээрдэж байгаа. Одоо эмчийн хяналтад байна. Багажны ором арилж байна хэмээн мэдээлсэн. Гэхдээ цаашдаа  тархинд хавдар үүсэх тохиолдол байдаг. Одоогоор онош тавихад эрт байна.

-Ер нь эмч нар алдаа гаргалаа гэсэн мэдээлэл тасрахаа байлаа. Салбарын яам үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Эмч нарыг ёс зүйн болон бусад чиглэлээр байнга сургалтад хамруулж байна. Ийм алдаа дутагдал нь эмч хэмээн тангараг өргөснөө умартсан хувь хүний хариуц­лагагүй байдлаас үүдэлтэй.

-Орон нутагт ялангуяа мэдлэг туршлагагүй ч ажиллъя гэсэн  нь их юм гэх байдлаар эмч нарыг томилдгоос иймэрхүү алдаа гараад байна уу?
-Эмч нарын цалин хөлс гүйцэтгэж байгаа аж­лын ачаалалтай нь харь­цуу­­ла­хад маш бага. Үүн­тэй холбоо­тойгоор тогтвор суурь­шилтай ажиллах боловсон хүчин орон нутагт дутмаг. Гэхдээ эмч нарын ажлын ачаалал нь ихсээд нойр хоолгүй явж буйгаас энэ алдаа дутагдал гараагүй. Энэ бол ердөө хувь хүмүүсийн хариуцлагатай холбоотой.

-Эмчийн хариуцлагагүй үйлдлээс хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирдаг. Гэтэл өнөөх эмчийг ажлаас нь халсан төдийгөөр хариуцлага тооцоод өнгөр­дөг. Энэ  байдлаар хэзээ бол­тол явах вэ?
-Зарим эрүүл мэндийн байгууллага өөрсдөө даат­га­лын байгууллагатай гэрээ хий­дэг болсон. Манайх яам эмчийн хариуцлагын даат­галыг нэгдсэн байдлаар тусгай бодлого болгон гаргаж ирэхээр судалж байна.  
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.