Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ЦЭНДХОРОЛ: НАМРЫН ДУНД САР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ БАЙДАГ

Монголчууд эрт дээр үеэс намрын дунд сарын шинийн 17-ныг сонгож, хурим найр, хүүхдийнхээ сэвлэгийг үргээх ёслол хийдэг. Өнөөдөр тэр билэгт сайн өдөр тохиож, олон зуун айл өрхөө шинээр татаж, гал голомтоо бадрааж байна.
Харин энэ өдрийг шашны ном сургаальд ямар утга учиртай гэж тэмдэглэсэн байдаг талаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн “Мамба” дацангийн Зурхайч лам Л.Цэндхоролтой ярилцлаа.

-Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг монголчууд яагаад онцлон сонгодог талаар яриагаа эхлэе?
-Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг сонгодог нь олон шалтгаантай. Нэгдүгээрт, энэ сар, өдөрт билгийн тооллын тахиа сар гарч, охины ордонд нар байрладаг үе. Тиймээс өчүүхэн охины царай зүс төгөлдөржих өдөр хэмээн бурхан шашны ном, сударт тэмдэглэсэн байдаг. Энэ утгаараа эмэгтэйчүүдэд ээлтэй сар гэж үздэг.
Хоёрдугаарт, дашням, балжинням давхцсан байдаг учраас асуултгүй, үзэлтгүй сайн өдөр. Гуравдугаарт, монголчууд  Энэтхэг, Түвдээс буддын шашныг уламжлан дэлгэрүүлэхдээ өөрийн орны ёс заншил, зан заншлаа шашныхаа номлолд шингээсэн байдаг. Нүүдлийн ахуйтай монголчууд энэ үед мал ахуй тарган, сүү сааль элбэгшсэн байдаг учраас хурим найр хийх, хүүхдийн сэвлэг үргээх, нүүдэл суудал хийх, буян ном хураах зэрэгт нэн сайн хэмээн эртнээс нааш намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг сонгон найр хурим хийж ирсэн хэрэг.

-Балжинням, дашнямтай гэж зурхайд буусан байвал сайн өдөр юм байна гэж бид ойлгодог. Гэхдээ яагаад сайн бэ гэдгийг нь мэддэггүй?
-Балжинням нь өлзийн наран, дашням нь цогийн наран гэсэн утгатай түвд үг. Харин Бурхны сударт энэ өдрийг бурхан багш 2500 жилийн өмнө тусгайлан зарлигласан гэж үздэг. Тиймээс дээр хэлсэнчлэн бүх үйлэнд сайн байдаг юм. Тухайлбал, энэ жил зуны эхэн сарын шинийн найман Балжиннямтай өдөр байлаа гэхэд ирэх жилийн энэ өдөр мөн л Балжиннямтай гэсэн үг. Энэ сайн өдрүүдийн эсрэг модон хохимой, тэрсүүд гэж байдаг. Тэр өдөрт аливаа үйл хийх маш муу.

-Залуучууд энэ өдрийг сонгодог ч  европ маягаар ху­римаа хийхийг илүүд үз­дэг.  Харшлах зүйл гэж байх уу. Эсвэл ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж үзэх үү?
-Энэ бол монголчуудын зан заншлыг нэгэн хэлбэрээр гээгдүүлж байгаа явдал. Орчин үед монголчууд Европ маягийн хуримыг дуурайн сүйн бөгж солилцон, европ хувцас өмсөн хуримын хөтөчийн “Та хоёр гэр бүл болохоо хүлээн зөвшөөрч байна уу? гэсэн асуултад “Зөвшөөрч байна” гэж хариулаад гэрлэчихдэг болчихож. Гэтэл уламжлалт хуримын ёсоор хосууд сэтгэлийн ариун холбоогоор холбогдсон учраас түүнийгээ заавал ил гаргах шаардлагагүй. Энэ нь, эрт дээр үеэс уламжилж ирсэн монгол хуримын нарийн чанад утга нь хүний дотоод сэтгэлийн нандин ариун зүйлийг чухалчилдаг байсны илрэл. Өнөө үед түүх, ёс заншлаа мартан гадаад хэлбэр хөөж байгаа нь эмгэнэлтэй.

-Шинийн 17-нд хүмүүс хүүхдийнхээ сэвлэгийг үргээх ёслол хийдэг. Энэ маань бэлгэдэл талаасаа ямар утга учиртай юм бол?
-Монголчууд шинэ гэр барих, найр хурим хийх, нүүдэл суудал хийх, малын үс ноос авах гэх мэт бүхий л зан үйл хийхдээ заавал өдөр судар хардаг. Тухайлбал, эрэгтэй хүүхдийг арга гэж үзэн тав, гурван настайд нь, харин эмэгтэйг нь билиг гэж үзээд хоёр настайд нь сэвлэгийг нь үргээдэг. Ингэхдээ эрэгтэй хүүхдийн үсийг буга урамдах цаг буюу намрын дунд сарын шинийн 17-нд, эмэгтэйг нь хөхөө донгодох цаг буюу зуны эхэн сард авдаг. Энэ нь, эрэгтэй хүүхдийн бяр тэнхээ бүрэлдэх сар хэмээн үздэгтэй холбоотой. Харин эмэгтэй хүүхдийг айл гэрийн сайн гэргий болоосой, аливаа зүйлд эртэч байгаасай гэж бэлгэдэн энэ өдөр, сарыг сонгодог юм. Сэвлэгээ үргээлэх гэж буй хүүхдийн толгойд ахмад буюу ивээл жилтэй хүн анхлан хүрч, эрэгтэйн зүүн, эмэгтэйн баруун шанаанаас нь эхлэн үргээдэг. Энэ нь, баруун зүгийг эр хүний хүч тэнхээ, хийморийн зүг, зүүн зүгийг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн зүг гэж бурхны сударт бичсэн байдагтай холбоотой. Хүүхдийн сэвлэгний найранд хар идээ буюу архи хэрэглэдэггүй уламжлалтай. Яагаад гэвэл, хүүхэд хиргүй, ариун байдаг гэдэг утгаараа сүү, айраг, цагаан идээг элбэг дэлбэг байлгадаг. Үүгээрээ хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол ялгаатай. Тиймээс монголчууд жилдээ гурван удаа хүүхдийн сэвлэг үргээх ёслолд очвол хийморь сэргэдэг хэмээдэг.
-Бид ямар нэгэн ажлыг эхлүүлэхдээ өдөр, цагийг их анхаардаг. Гэхдээ яагаад сайн, муу гэж тодотгосныг нь мэддэггүй?
-Сайн, муу цаг гэж байдаг. Тэгэхдээ бүх зан үйлийг сайн, муу цаг сонгож хийнэ гэж байхгүй шүү дээ. Монгол хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэдэг. Гагцхүү хурим, хүүхдийн үс авах, талийгаачийг нутаглуулах зэрэгт л сайн цагийг онцгойлон харах хэрэгтэй. Жишээлбэл, хурим хийхдээ тухайн гэр бүл болж байгаа хүмүүсийн жил, нас зэргээс шалтгаалан сайн цагийг сонгох ёстой. Хурим хийхэд тухайн гэр бүлийг хонь шиг тайван амгалан тэгш амьдрахыг бэлгэдэн ихэвчлэн хонь, морь цаг сонгодог юм.
-Тэгвэл нүүдэлчдийн онцлогийг харуулсан зан үйлд сайн өдрийг хэрхэн сонгодог юм бэ?
-Бид нүүдлийн соёл иргэншилтэй учраас эртнээс таван хошуу малаа шүтэж ирсэн. Малын үс ноос авах, мал хөнгөлөх, гүүний үрс гаргах, хонь хяргах, унага уях зэрэгт  заавал  өдөр судар хардаг. Энэ нь, нэг талаараа малаа хайрлан хамгаалж байгаагийн нэг илрэл. Тухайлбал, нохой өдөр унагаа ногтлоод, бар өдөр уядаг. Мөн малын үс, ноосыг хонь болоод могой, луу өдөр авдаггүй. Энэ өдрүүдэд малын буян хишиг биед нь оршдог хэмээдэг. Хэрвээ эл өдөр авбал буян зайлж, хоосорно гэж үздэг. Монголчууд шиг дөрвөн улиралд нүүдэллэхдээ сайн өдөр, цаг сонгон байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг ард түмэн дэлхийд байхгүй.
-Тэгвэл малчид нүүдэллэхдээ өдөр, гариг хардаг нь учиртай байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Нутаглаж байгаа газарт тухайн газрын лусын эзэн байдаг гэж үздэг учраас  заавал  өдөр, судар харж нүүдэг. Хэрвээ буруу өдөр нүүвэл тэр айлын буян хишиг зайлна хэмээн бурхны номонд ч бичсэн байдаг. Мөн  олон жил нутагласан газраасаа хол нүүхээр болбол шөнө нүүх учиртай. Учир нь, нутаг усных нь лус савдаг нь тухайн айлыг явуулах дүргүй байдаг хэмээн үздэгтэй холбоотой. Монголчууд чинь ийм их ариун дуусашгүй зан заншилтай ард түмэн дээ.

О.Тайвансайхан

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
тэр л үед эртний монголчууд цагаан сараа тэмдэглэж байж дээ
Хамгийн их уншсан