Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮНИЙГ ХЭРХЭН ХАРАХААС Л ХЭН БАЙХ НЬ ШАЛТГААЛДАГ

Халуун ам бүлээрээ байх шиг жаргал байхгүй

Хүний амьдралд алдаж, онох, унаж, босох ээлжилдэг гэдэг. Гэхдээ алдаж, унасан ч босоод алхах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал.Алдаагаа ухаарсан бол тэр хүн хамгийн ухаантай. Яг ийм нэгэн хүнтэй уулзлаа. Даваагийн Алтанцэцэг. Энэ нэр сайнаар, саар муугаар ч олон удаа дуудагдаж байсан. Гэхдээ энэ бол өнгөрсөн цаг хугацаа. Одоо энэ нэр сайн ээж, сайхан сэтгэлтэй эмэгтэйг төлөөлөх болж.
Алдаж гишгэсэн мөрнөөсөө болж хэн хүний хэлэх бүртээ хүйтэн, хөндийгөөр төсөөлдөг Хорих 407 дугаар ангид зургаан жил хүмүүжин амьдралын үнэ цэнэ чухам юу болохыг ухаарч, тэр аз жаргал, алдсан цаг хугацаагаа нөхөхөөр амьдралаа авч яваа бүсгүй. “Хүү, охин хоёроо жаахан байхад нь орхиод явсан болохоор их гэмшдэг байлаа. Зургаан жилийн дараа гараад ирэхэд хоёулаа гэр бүлтэй болчихсныг нь хараад өр зөөлөрсөн ч, алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд ажил хийх хэрэгтэй гэж бодон эсгий урлалын сургалтад хамрагдсан. Одоо гэр бүлээрээ эсгий урлал хийдэг. Ер нь, хүний амьдралд халуун ам бүлээрээ элэг бүтэн байх шиг аз жаргал үгүй гэдгийг л ухаарсан хүн дээ, эгч нь” хэмээн халуун сэтгэлийн үгээ харамгүй уудалсан энэ хүн, амьдрахын төлөө хэн хүнээс илүү хөдөлмөрлөсөн нэгэн. Ингэж яваад л хальт алдаж гишгэсэн хэрэг. “Нарантуул” олон улсын худалдааны төвд наймаа хийж, амьдрал нь овоо дээшлэхийн хэрд тэрээр алджээ. Долоон жилийн ял авсан ч өөрийн хөдөлмөр, сахилга батаараа энэ хугацааг таван жил хагас болгон бууруулсан байна.

“Ажлаа өргөжүүлэхийн хэрээр санаа тавих зүйл их болох юм. Гэхдээ би чадна аа”

Ийн яриагаа цааш үргэлжлүүлэх тэрээр одоо “Амьдралын тус дэм-Цагаан алт” ТББ-ын тэргүүн. Анх амьдралынхаа алдсан мөч бүрийг нөхөх гарцаа олох амаргүй байсан ч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлт­сийн тусламжтайгаар “Гэ­гээрэл” төвд эсгий урлал заалгажээ. Нөхөр, охиноо эсгий урлалд татан оролцуулан улмаар хүү, бэр гээд гэр бүлийнхнийгээ хамруулсан байна. “Хүн хийсэн бүтээгдэхүүнээ хараад маш их баяр жаргалтай болдог юм билээ. Өөрөө аз жаргалтай амьдраад ирэхээр бусдыг бодох тэнхэлтэй болдог. Бидэн шиг алдсан хүмүүсийг нааш гэх хүн ховор. Гэхдээ ямар ч хүнийг сайн гэж харвал сайн, муу гэж харвал муу л хүн байдаг. Тийм болохоор хүний сайн талыг нь олж харах хэрэгтэй. Амьдралдаа алдсан ч гэсэн сайхан хүмүүс бий. Хэчнээн хоригдож байгаа ч ажилсаг, дайчин хүмүүс олон бий” хэмээн ярьсан юм. Хахаж цацталаа баяжаагүй ч олсон хэдэн төгрөгөөрөө Хорих 407 дугаар ангид таван угаалгын машин авч өгсөн гэнэ. “Хоригдож байгаа ч эмэгтэй хүмүүс учраас ариун цэвэртээ анхаарал тавих ёстой гэж бодоод авч өгсөн юм аа” хэмээн хэлсэн.
Гэрээрээ үйлдвэрлэл явуулах нь хэтэрхий хувиа бодсон учраас тэрээр саяхан байгуулсан ТББ-ынхаа талаар ярилаа. Хоригдож байгаад гарсан дөрвөн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үйлдвэртээ авчээ. “Ажлаа өргөжүүлэхийн хэрээр санаа тавих зүйл  их болох юм. Ажилчдынхаа ар гэр, хоол унд, өмсч зүүхээс авахуулаад дутагдалтай бүгдийг нь нөхөх гэсэн сэтгэлээр санаа тавиад явахаар сайхан шүү дээ. Өөртөө зав гаргахгүй хүний төлөө ажиллаад, хийсэн зүйлийнхээ үрийг харах жаргал юм даа” хэмээн ярьсан Д.Алтанцэцэг эгч худалдан авсан хонины ноосоо эсгий болгон эсгүүр гаргаж, оёдолчиддоо тарааж өгдөг байна. Оёж дууссаных  нь дараа хураан авч, ажлын хөлсийг нь бодож өгдөг аж. Одоохондоо ажлын байр байхгүй ч удахгүй БЗД-ийн Прокурорын газар дэмжиж ажлын байр гаргаж өгөхөө амласан нь түүнд их урам өгчээ.
“Эгч нь өнгөрсөнөө бодох дургүй ээ. Би алдсан хүн шүү гээд л бодоод явбал бусад хүн ч гэсэн тэгж л харна, харьцана. Харин ч алдаагаа засах, тэмцэх, гарах гарц хайж олох хэрэгтэй” гэж ярьсан тэрээр амьдралдаа алдаж, оносон хоног бүртээ харамсдаг. Ийм учраас энэ харамслаас гарах гарц нь ажил хөдөлмөр. Өглөө бүр шинэ санаа сэдэж, тэр хэрээрээ бүтээлээ улам сайжруулах нь түүний хөгжил дэвшил. “Эгч нь сүүлийн үед хөгширч байгаа болохоор ч тэр үү, бурханд их сүсэглэдэг болсон” гэж яриад амьдралын алхам бүрт тохиолддог жижиг ч гэсэн зүйлээс аз жаргал амсч байгаагаа ярьсан юм. Хонины ноосоор эсгий хийгээд углааш бүр ботинк хийсэн тэрээр “Эсгийнд хаях зүйл байдаггүй. Жаахан өөдсөөр нь хүртэл бэлэг дурсгалын сувинер урлаад зарахад л хөдөлмөр шүү дээ” гэлээ.
Түүний мөрөөдөл эсгий урлалын цехтэй болох. “Нийгмээс гадуурхагдсан олон хүнийг нийгэмшүүлж, амьдралынх нь гүнд орж тусалбал сайхан, би чадна аа” хэмээн ярьсан энэ хүн бол амьдралыг ухаарсан, гэрэл гэгээг өөрөөсөө цацруулсан нэгэн. Гэхдээ тэр “Хүн яагаад алдаж байж ухаарах ёстой гэж. Заавал тэгэх ёстой юм бол алдсан хүний алдааг давтахгүй сургамж авч амьдрах хэрэгтэй. Анхнаасаа л сайн сайхан замаар явах ёстой шүү” хэмээн захиж байлаа.    

0 Сэтгэгдэл
Хайртай шүү ээждээ
Хамгийн их уншсан