Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАБЭА-н тухай хуулийн ажлын хэсэг хуралдав

ХАБЭА-н бодлого, хэрэгжилтийг шинэчилэх, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөрийн сайдын тушаалаар  ажлын 3 хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тухайлбал, -Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийг шинэчлэх, “Тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах” ажил мэргэжлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, ХАБЭА-н зарим стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг мөн байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгүүд байгуулагдснаас хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МАОЭНХ, МҮЭ зэрэг нийгмийн түншлэлийн байгууллагууд болон олон улсын байгууллага, зарим төрийн бус байгууллагуудтай хамтран хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийг шинэчлэн найруулах асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтыг 8-10 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор мянга гаруй хүнийг хамруулж, санал, авах, санал солилцох арга хэмжээг зохион байгуулсан байна. Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан иргэд, ажилтны саналыг авч, судлах, дүгнэлт хийх ажлыг зохион байгуулсан байна.
    “ХАБЭА-н талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2013 оны  20 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн сайдын 2013 оны а/47 дугаар тушаалаар байгуулагдсан ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх ажлын хэсэг энэ сарын12-нд хуралдаж, хууль, дүрмийг шинэчлэх, өөрчлөлт оруулах талаар эхний төслийг хэлэлцсэн  байна.
Ажлын хэсгийн гишүүд ХАБЭА-н хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд энэ удаа нилээд тогтон ярилцаж, олон чухал саналуудыг гаргаж хэлэлцэв.
ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, ажил олгогч, албан тушаалтанд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шүүгчээс оногдуулах  торгуулийн мөнгөний хэмжээ их байгаа нь өөрөө сөрөг үр дагаврыг дагуулна. Ийм байдал нь авилгыг бий болгох нөхцлийг бүрдүүлнэ, нөгөө талаас ХАБЭА-н зөрчил дутагдал, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулахад хүргэнэ гэдгийг ажлын хэсгийн олон гишүүд онцгой анхааруулж санал хэлэв.
ХАБЭА-н ажилтанд мөнгөн торгууль хуулиар оногдуулах  нь зохимжтой биш, энэ хүн  ажил олгогчийн өмнө харицлага  хүлээдэг байх нь зүйтэй. ХАБЭА-н ажилтанд оногдуулах хариуцлага, торгуулийн хэмжээг их болгосноос энэ ажлыг хийх хүн олдохгүй байдалд хүрнэ, одоо ч энэ ажлыг хийх хүн цөөн байгаа гэсэн санал ч гарч байв.
Хуулийн хэлэлцүүлгийн үед өөр нэг хөндөгдсөн асуудал бол ерөнхий захиалагч компани, туслан гүйцэтгэгч компаниуд ХАБЭА-н 5 хувийн зардлыг аль компани хариуцаж гаргах уу гэдэг асуудал байсан. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт энэ асуудалтай холбоотойгоор ХАБЭА-н зардлын асуудал шийдэгддэггүй дутагдал түгээмэл байгаа тул хуулийн нэмэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.   
Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн шинэчилсэн төслийг МХЕГ-ын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс ажлын хэсгийн хуралд танилцуулсан. Ажлын хэсэг ойрын хугацаанд дахин хуралдаж, хууль, дүрмийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх, яамны сайтад байрлуулж, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн саналыг авах, төслийг томоохон аж нэгж, байгууллагуудад хүргүүлж, хэлэлцүүлэг хийх , гарсан саналуудыг сайтар тусгасны дараа ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэхээр болсон байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан