Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ганц бие 100 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн танилцах сайт

Хятадын хамгийн том танилцах сайт Jiayuan.com-д ганц бие 100 сая хүн нэгдээд байна. Энэ асар олон хэрэглэгчтэй сайтыг Гон Хайян хэмээх эмэгтэй 10 жилийн өмнө өөрөө ганц бие байхдаа үүсгэн байгуулжээ. Хятадын нүсэр их хүн амыг дагаад ганц бие хүмүүсийн тоо ч өндөр байдаг нь Jiayuan.com-ыг барууны Match.com мэтийн 10 гаруй сая хэрэглэгчтэй сайтын хажууд аварга том болгож чаджээ.  Нөгөө талаар Хятадын хүн амын Нэг-хүүхэд бодлогын улмаас эхнэр олж чадахгүй байгаа олон сая эр энэхүү цахим хуудсын байнгын хэрэглэгч болж. Нэг хүүхэд бодлогын нөлөөгөөр голомт залгах хүүтэй болохыг эрхэмлэдэг хятадууд эцэстээ хүн ам дахь эрэгтэй-эмэгтэйн хүйсийн тэгш харьцаанаас даруй 20 саяар давсан эрчүүдийг “үйлдвэрлээд” байна. Өөрөөр хэлбэл ийм тооны эрчүүд өнөөдөр нутаг нэгт бүсгүйчүүдээсээ хайгаад хайгаад эхнэр олох боломжгүй болчихоод байгаа юм.     
Гэхдээ эмэгтэйчүүдийн сох дутагдлаас гадна гэрлэх боломжтой атлаа нөхөрт гарч чаддаггүй бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг байна. Тоо баримтаас харвал Хятадын 25-29 насны таван эмэгтэй тутмын нэг нь гэрлээгүй үлдсэн байна. “А” зэрэглэлийн бүсгүйчүүд гэх нэр зүүсэн энэ насны, гэрлээгүй бүсгүйчүүд үнэндээ Хятадын хүн амын бодлого боловсруулагчдын шүдний өвчин болоод байгаа юм. Хосуудын гэрлэлтийн байдлыг харвал тэдгээр бүсгүйчүүдтэй “зиндаа” нэг гэж хэлж болох А зэргийн залуус өөрөөсөө нэг түвшний доор буюу В зэргийн бүсгүйчүүдтэй гэрлэдэг. Ер нь, эрчүүд өөрөөсөө нэг шатаар доор бүсгүйтэй гэрлэдэг гэсэн ерөнхий зүй тогтол байдал бөгөөд энэ нь явсаар А зэргийн бүсгүйчүүдийг ганцаар үлдэхэд хүргэж, эрчүүдээс хамгийн доод буюу D  зэргийн залуус ганцаар үлддэг гэнэ. Мэдээж А зэргийн бүсгүйчүүдийг D зэргийн залуустай гэрлүүлэх амаргүй учраас үүн дээр л Jiayuan.com мэтийн танилцах сайтуудын гүйцэтгэх үүрэг роль улам бүр тодорсоор байгаа юм.
Бие биеэ олохгүй байгаа ганц бие эрчүүд, эмэгтэйчүүдийг хооронд нь танилцуулах зорилготой цахим хуудсыг нээсэн нь хэдэн жилийн өмнөх Гон Хайянтай ижил зовлонтой олон ч хүнд тус болжээ.

Тэрээр өөрөө хөдөөгийн жижиг хотоос Шанхай руу ажиллахаар ирсний дараа найз нөхөд, танил тал гэх юмгүй байсан учир нөхөртэй болно гэдэг бүр ч амаргүй байж. Тиймээс энэ сайтаа нээгээд, өөрийнхөө танилцуулгыг ч бас хэрэглэгчдийнхээ хамт  тавьснаар өнөөдөр эрдэмтэн залуутай хамт амьдарч байгаа аж.  Түүн шиг 4,5 сая хүн энэ цахим хуудаснаас хайр сэтгэлээ олж авч, гэрлэсэн байна. Тиймээс Гон Хайяныг Хятадын төдийгүй дэлхийн хамгийн шилдэг зуучлагч гэж хэлж болох биз ээ.   
Тэрээр одоо болтол хайр сэтгэлээ олоогүй яваа бүсгүйчүүдэд хандан ингэж зөвлөж байна. “Хэн хэзээ намайг олж харах бол гэж идэвхгүйгээр хүлээхийн оронд үнэхээр ирээдүйн ханиа хайж байгаа гэдгээ эрчүүдэд харуул. Ази бүсгүйчүүд ихэвчлэн ичимхий, бүрэг даруу зангаасаа болоод ганцаар үлдэх нь түгээмэл. Харин эрчүүдийн тухайд эмэгтэй хүнийг анх харахад л онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц мессэжийг танилцуулгадаа бичих хэрэгтэй” гэж тэрээр хэлж байна.

Б.Сэвжидмаа

1 Сэтгэгдэл
Hi taniltsi
Хамгийн их уншсан