Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулалт даллах хуулийн төсөл хойшлогдлоо

Батлагдаагүй байж л хэл ам дагуулж, буу шийдэм агсахад хүргэсэн хуулийн төсөл бол Засгийн газраас ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд юм.
Энэ хуулийг төслийг өнөөдөр УИХ-ын Эдийн засаг болон Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ.

Уг нь бидний нэрийг нь ч хэлэхээс төвөгшөөж оноосон нэрийг нь хялбарчилж “Урт нэртэй хууль” болгон өөрчилсөн эл хууль 2009 оны долдугаар сарын 16-нд УИХ-аар батлагдсан түүхтэй. Батлагдсан цагаасаа хойш гол мөрний эх, ойн сан бүхий газарт байгаа ашиглалтын болон тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар болж, энд хөрөнгө оруулаад ашиглаж байсан аж ахуйн нэгжүүдэд төрөөс нөхөн олговор өгөх тухай яригдаж эхэлсэн юм. Гэвч аж ахуйн нэгжүүд ухсан газраа тэр чигт нь орхиж, монголын төр хэтэрхий хатуу чанга хууль гаргалаа гэж дүрвэн зугтсан нь үнэн.
Тэгвэл эл хуулийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа юм. Үүний дараа 2012 оны зургадугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан бөгөөд эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон. Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 659.5 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 155.5 тэрбум, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 52.2 тэрбум төгрөг байна.
Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, энэ хууль улсын төсөвт ачаалалгүйгээр бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн.

Товчхондоо энэ хуулийн төсөл нь хүндэрсэн эдийн засгийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулагчдыг даллах үүрэгтэй хууль болсон гэхэд болно. Харин УИХ-ын гишүүд, тэр тусмаа сөрөг хүчнийхэн болоод эвслийн гишүүд хуулийн төсөлд тун шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ээлжит бус чуулганыг ямар нөхцөлд зарлан хуралдуулдаг вэ гэхээр улс орны эдийн засаг хүндэрсэн, валютын ханш өссөн, улсын төсөв дутсан гэх мэт зүйлүүдэд зарлан хуралдуулдаг. Гэтэл ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаа хэрнээ эдийн засгийн хүндрэлээ ярихгүйгээр алт ухъя гэж ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд, “Алт дагаад амьдрал сайжирдаггүй юм. 1990 оны дунд үед манай Төв аймаг алтаараа Монгол Улсыг тэжээж байсан. Гэтэл өнөөдөр ямар дүр төрхтэй болсныг нь бүгд мэднэ. Энд тэндгүй ухсан нүх, овоолсон шороо л үлдэж. Түүнд нь хүн мал нь унаж эрсэдсэн байдалтай л байна. Тиймээс хуучин хуулиа хэрэгжүүлэх арга чарга хай. Тэгэхгүй бол энэ хуулиар ашигт малтмал олборлохыг хориглосон газруудыг эргүүлж сэргээн ухна гэж ойлгогдож байна. Тэгээд ч янз бүрийн мессеж ирэх болсон. Энэ хуулийн баталж өгөн үү гэх мессеж ирж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид биш, дотоодын компаниудын лобби” гэж шүүмжилсэн.
Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Энэ хуулийг хэрэгжүүлэх гэж Засгийн газрын хоёр ч тогтоол гараад хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Хуулиар хориглосон бүх лицензүүдийг ухна гэсэн үг биш. Харин ч сүйтгэгдээд, эзэнгүй болсон газруудыг нөхөн сэргээж, хариуцлагатай уул уурхайг бий болгоход чиглэгдэж байгаа юм” гэсэн тайлбарыг өгч байлаа. Эл хуулийг хэрэгжүүлснээр уул уурхайд хөрөнгө оруулагчдад хэд хэдэн болзол тавих аж. Газар шороо ухаж ашиг хүртэх гэж байгаа бол эхлээд төрийн дансанд нөхөн сэргээлт хийх мөнгөнийхөө 50 хувийг байршуулж, хоёрдугаарт, барьцаа хөрөнгө гаргаж өгөх шаардлагыг тавьж байгаа аж. Ингэснээр ашигласан газраа эзэнгүй хаяж зугтдаг байдал үгүй болно гэдгийг БОНХ-ийн сайд С.Оюун тайлбарлаж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянгын хувьд эл хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бус дотоодын хэд хэдэн том компанийн лобби орсон байх гэдэг хардлагатай байгаагаа нуугаагүй юм. Тэрээр, “Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ямар ямар арга хэмжээ, оролдлогууд хийсэн, хэрэгжүүлэх шатанд ямар хүндрэл бэрхшээл тулгараад яагаад өөрчлөх болсон юм бэ. Урт нэртэй хуулийг дөнгөж одоо сонсож байгаа юм шиг сөрөг хүчнийхэн нь ч шүүмжлээд л байна. Үнэндээ энэ хуулийг танай хоёр нам хамтарч эрх барьж байхдаа л баталсан. Энэ бол та нарын үйлээр бүтсэн лай. Гэтэл өнөөдөр үүнийгээ засч залруулах гэж байна гээд хөнгөн хуймгай зүйл хийгээд байж байдаг. Монголын төр ийм хөнгөн байж болохгүй. Жаахан буурь суурьтай байх ёстой” гэв.
Ийн анхнаасаа л эсэргүүцэлтэй тулсан хуулийн төсөл парламентын сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулав. Хуулийг хамгаалах ёстой Уул уурхайн сайд Д.Ганхуяг шүүмжилсэн, асуусан болгонд тодорхой хариулт өгч чадалгүй ажлын хэсгийнхэн рүүгээ чихэж, нэг бол энэ хуулийг хэрэгжүүлэх л ёстой гэсэн үгийг хэлж суусан юм.
Харин санал хураах үед баруун хязгаарын хоёр гишүүн болох А.Тлейхан, А.Бакей нар энэ хуулийн төслийг намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж, хоёр талын ажлыг хэсэг гаргаж сайтар, нухацтай ярилцаж байж хэлэлцэх эсэхийг шийдье гэсэн горимын санал гаргаж, гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийг төслийг түр хойшлууллаа.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан