Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баялгийн хараалын эсрэг вакцин буюу хөрөнгийн сан


Одоогоос жилийн өмнө Австралийн Куйнслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтэд зочлох үеэр тэндэхийн судлаач эрдэмтдээс монголчуудын хувьд моодны сэдэв болоод байсан “Баялгийн хараал гэж юу юм бэ” гэдэг асуултыг асуусан юм.  Бидний хувьд их л толгой эргүүлсэн энэ асуултад тэд харин маш энгийнээр “Баялагтай атлаа баялаггүй орнуудаас дорой буурай хөгжилтэй байхыг хэлнэ” гэж томъёолж өгсөн нь тодхон санагдана. Тэгвэл яагаад баялгийн хараалд өртдөг юм бэ гэсэн дараагийн асуултад тэд хэд хэдэн шалтгаан дурдсанаас хамгийн чухал нь “Асар их мөнгө богино хугацаанд орж ирэх үед ухаалгаар зарцуулж чадалгүй, үр дүнгүй цацсаны хор уршиг” хэмээн тун ойлгомжтой тайлбарласан юм.

Асар их мөнгө богино хугацаанд орж ирнэ гэж юуг хэлээд байгааг бид гадаадын гэлтгүй дотоодынхоо жишээнээс бэлхнээ мэднэ.  Уул уурхайг дагаж хэдхэн жилийн дотор монголчууд урьд өмнө барьж үзээгүй их мөнгөө эргэлдүүлж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч дэлхийн чихийг дэлдийлгэсэн дээ. Гэтэл тэр “гайхамшигт” мэдээнээс хойш гурван жил хүрэхгүй хугацаа өнгөрч байхад өнөөдөр бид хөрөнгө оруулагчдаа түйвээж гаргачихаад валютын дутагдалд орж,  юун уул уурхай дагасан хөгжил вэ гэдэг дээрээ л тулж. Үүнийг л “Mining boom” буюу уул уурхайн огцом өсөлтийн үе гэж хэлээд байгаа юм. Харамсалтай нь, “mining boom” буюу уул уурхайн алтан үе ч гэж хэлж болох өсөлтийн он жилүүд удаан үргэлжилдэггүй бөгөөд газар доорх баялаг дуусах үед түүнийг дагасан эдийн засгийн их өсөлт ч зогсоно. Яг үүнд бэлтгэх гэж газрын баялагтай орнууд нэг төрлийн санг бий болгосон нь бие даасан хөрөнгийн сан юм.

Ерөнхий нэр нь ийм боловч дэлхийн улс орнууд өөр өөрийнхөө нэрлэн, уул уурхай, ашигт малтмалаас олсон орлогоо хадгалж, арвижуулсаар ирж.
Уурхай хаагдлаа гээд хүний амьдрал зогсохгүй юм болохоор цаашид амьдрах баталгаагаа юмтай байгаа дээрээ шийдэх хэрэгтэй болно оо доо. Тийм ч учраас гэнэтийн их орлого ашгаасаа ирээдүйдээ зориулан хадгалах хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ хадгална гэдэг хав дарахын нэр биш ээ. Харин ч байгаа мөнгөө ашиглаад төрөл бүрийн арга замаар өсгөж үржүүлэх ёстой болно. Яг ийм үүргийг бие даасан хөрөнгийн сангууд гүйцэтгэдэг юм.  Чухам л манай улсад байвал яг таарах бие даасан хөрөнгийн сан гэдэг зүйлийг бусад улс орон яаж ажиллуулдаг болохыг уншигчдадаа товчхон боловч хүргэх гэж байна. Цалин буусны дараахь тансаглал шиг гэнэтийн их мөнгөнд толгой эргэсэн улс орон уул уурхайгаас олсон мөнгөө хэтэрсэн халамж, популист амлалтад тавьж туудаг гэмтэй.
Уул уурхайг биднээс өмнө хөгжүүлсэн орнууд биеэрээ энэ зовлонг туулаад ирсэн туршлагатай учраас л үүний эсрэг хөрөнгө оруулалтын сан гэдэг бамбайг бий болгожээ. Тэд сангаа ингэж ажиллуулдаг аж.


Хөрөнгийн сангуудыг бэл бэнчингээр нь жагсаавал /ам.доллараар/:

1. Норвегийн тэтгэврийн сан - 737 тэрбум /газрын тос, хий/
2. Саудын Арабын  САМА Холдингс – 675 тэрбум /газрын тос/
3. Арабын Нэгдсэн Эмиратын Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар-627 тэрбум
4. Хятадын Хөрөнгө оруулалтын корпорац – 575 тэрбум /уул уурхайн бус сан/
5. Кувейтийн Хөрөнгө оруулалтын удирдах газар – 386 тэрбум /газрын тос/
6. Оросын Үндэсний халамжийн сан – 172,15 тэрбум /газрын тос/
7. Катарын Хөрөнгө оруулалтын удирдах газар – 115 тэрбум /газрын тос/
8. Австралийн Ирээдүйн сан – 88,7 тэрбум /төрөл бүрийн түүхий эд, нүүрс/
9. Алжирийн орлого зохицуулалтын сан – 77,2 тэрбум /газрын тос/
10. Дубайн хөрөнгө оруулалтын корпорац – 70 тэрбум /газрын тос/
11. Казахстаны Үндэсний сан – 68,9 тэрбум /газрын тос/


Хөрөнгийн сангууд дэлхийг худалдан авч байна

Мөнгөний авдартаа ахиу­­хан валют хадгалсан ор­­нууд бие даасан хөрөн­гийн сан­гаараа дамжуулан дэл­хийн сан­хүүгийн зах зээлийн гол тоглогчид бо­лоод байна. Төрийн эзэм­шилд байх эдгээр сан хувь­цаа, бонд, сан, үл хөдлөх хөрөнгө, ашигтай яваа бизнес гээд төрөл бүрийн бизнест салбар харгалзахгүй хөрөнгө оруулах боллоо.
Дэлхийд томоохонд тооцогдох хөрөнгийн сангууд сүүлийн үед ямар бизнес сонирхож, юунд хөрөнгө оруулж байгааг тандахад ийм байна.

Ирландын Үндэсний тэтгэврийн нөөцийн сан

Ирландын бие даасан хөрөнгийн сан нь өдгөө 20 тэрбум ам.долларын хөрөнгийг өөртөө төвлөрүүлээд байна. Ирландчууд сангийнхаа хөрөнгийн 49 хувийг капитал, 19 хувийг орлого, 33 хувийг өөр бусад хөрөнгө байдлаар бүрдүүлэх зарчимтай. Үүнээс Apple компанийн хувьцаанаас 24 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа, Exxon-ы 20 сая ам.долларын хувьцааг эзэмшиж байна.

Азербайжаны Газрын тосны улсын сан

Азербайжаны газрын тосны сан хөрөнгийнхөө 85 хувийг орлого, 5 хувийг капитал, 10 хувийг өөр бусад хөрөнгө оруулалт гэсэн харьцаатайгаар бүрдүүлдэг.
Тус сан сүүлийн жилүүдэд Туркийн үл хөдлөх хөрөнгийг нэлээд хэмжээгээр худалдан авч байгаа.

Малайзын Казанах Нэшионэл сан

34 тэрбумын хөрөнгө бүхий энэ сан дэлхийн олон арван оронд салбартай Аполло хэмээх эмнэлгийн сүлжээнд хөрөнгө хаяж, эрүүл мэндийн салбарт нэлээд гүн орж иржээ.

Аляскийн Байнгын сан

Аляскийн ашигт малтмалын орлогыг төвлөрүүлдэг энэ сан 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөс 55 хувийг нь компанийн хувьцаа хэлбэрээр хадгалж байна. Тус сан “Vodaphone” компанийн  23 сая хувьцааг эзэмшдэг.

Солонгосын хөрөнгө оруулалтын сан

42,8 тэрбумын хөрөнгөтэй Өмнөд Солонгосын хөрөнгө о­руу­лалтын корпорац нь хө­рөн­­­гийнхөө 42 хувийг тө­рийн өмч,  29 хувийг бусад улсын Зас­гийн газрын гаргасан бонд, 11,2 хувийг зээлэнд хөрөнгө оруул­жээ. Тус сан Америкийн банк­ны 12 дахь том хувьцаа эзэм­­шигч нь болж амжсан бай­на.

Казахстаны Үндэсний сан

Газрын тосноос олсон орлогоо төвлөрүүлдэг Казахстаны Үндэсний сан нь 42,8 тэрбумын хөрөнгөтэй. Тэд сандаа хуримтлуулсан мөнгөнөөс Хонконгийн бие даасан өрийн 60 хувийг эзэмшихэд зарцуулсан байна.

Арабын Нэгдсэн Эмиратын Шатахууны хөрөнгө оруулалтын корпорац

Газрын тосноос цутган орж ирэх их мөнгөний урсгалаа Арабын Нэгдсэн Эмират хэд хэдэн санд төвлөрүүлдгээс Олон улсын шатахууны хөрөнгө оруулалтын корпорац нь өдгөө 56 тэрбум ам.долларын хөрөнгө чинээтэй болжээ. Тэд энэ мөнгөөрөө улсынхаа газрын тосны 15 компанийг эзэмшиж, гадаадын бизнест ч хөрөнгө оруулж байна.

Австралийн Ирээдүйн сан

Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас жишиг гэж хэлж болохуйц зөв ажиллаж байгаа томоохон сангийн нэг бол Австралийн Ирээдүйн сан юм. Ердөө долоон жилийн өмнө байгуулагдсан энэ сан одоо 80 тэрбум долларын хөрөнгийг хуримтлуулаад байна. 2020 он хүртэл нэг ч доллар авч үрэхгүй байх ёстой хэмээн хуульчилсан энэ сан хөрөнгийнхөө 40 хувийг гадаадын болон дотоодын капитал хэлбэрээр, 25 хувийг үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр,  15 хувийг өр эзэмших байдлаар, таван хувийг бэлэн мөнгө хэлбэрээр хадгалж байна.  Тэд зах зээлд амжилттай яваа томоохон бизнес, компанид хөрөнгө оруулж, хувьцааг нь худалдан авдаг. Тухайлбал, Британийн American Tobacco, Philip Morris, Imperial Tobacco зэрэг компанид 225 сая ам.долларын хувьцаа эзэмшдэг.

Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын консул

120 тэрбумын хөрөнгөтэй тус сан саяхан Японд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Катарын Хөрөнгө оруулалтын удирдах газар

135 тэрбумын хөрөнгөтэй. Их Британийн “Sainsbury’s” супермаркетын сүлжээний дөрөвний нэг хувийг эзэмших болсон.

Кувейтийн Хөрөнгө оруулалтын удирдах газар

Тус сан 290 тэрбумын хөрөнгөөсөө багагүй хувийг Merril Lynch-ийн долоон хувийн хувьцааг худалдан авахад зарцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан