Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн элбэг ч үнэ өндөр, бас хуульгүй элс, хайрга


Бид наад зах нь жижигхэн байшин босгох бяцхан тооцоо хийхдээ хамгийн түрүүнд тоосго, элс, хайрга хаанаас яаж хямд үнээр авах вэ гэж тооцоо хийдэг. Гэтэл  “Эрээний гудамж” хэмээн нэрлэгдэх болсон 100 айлын барилгын материалын зах дээр хоёр гуравхан сарын өмнө нэг портер буюу хоёр тонн хүрэхтэй үгүйтэй хайрга, элс 45-50 мянган төрөг байв. Гэтэл одоо 90-100 мянган төгрөгийн ханштай болсон байна. 

Тэгэхээр нийслэлд босч буй том ч бай жижиг ч бай барилгын үндсэн материалын өртөг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Барилгын үндсэн өртөг нь ингэж нэмэгдэж буй тул орон сууцны нэг ам метр талбайн үнэ ч дагаад өсөх нь тодорхой.  
Мөн зам тавихад ашиглаж буй хайрга, дайрга бол зүгээр л чулуу хаана ч байдаг зүйл гэж ханддаг гэхэд хилсдэхгүй.

Ийм учраас түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын  ашиглалтын лиценз авсан компани, аж ахуйн нэгж Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг эс тооцвол хөдөө орон нутагт бараг байхгүй. Зүгээр л  дуртай газраасаа очоод хайрга, элс ухаад авчихдаг гэж болно. Гэтэл хөдөө орон нутагт ч барилга баригдаж, зам тавигдаж л байгаа.

Монголчууд өнөөдөр орон сууцны үнэ өсчихлөө, хашаандаа байшин барих гэтэл барилгын материалын ханш “хаданд гарчихаж”  хэмээдэг атлаа ашигт малтмал гэхээр л манайхан алт, зэс, нүүрс зэргээр төсөөлж Оюу толгой, Таван толгой гэж ярьж, хууль эрх зүйн хувьд тодорхой зохицуулж буй. Тиймээс түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар төдийлэн дурсч байсангүй. Дурслаа гэхэд элс, хайрганы  карьерт байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийж зөрчил илрүүлэн торгож ирсэн.
Энэ байдал нь барилгын мате­риалын үйлдвэрлэлийг эмх замбараагүй болгож байгаль орчин сүйтгэхэд түлхсэн.

Жишээлбэл,  нэг удаагийн шалгалтад нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох ашиглалтын лицензтэй 56 аж ахуйн нэгж хамрагдсан байдаг. Тэдний “гавьяагаар” нийслэлийн цэвэр усны ганц нөөц Туул голын дагуу маш олон хайрганы карьерын  цүнхээлүүд үүссэн билээ.  Үүнд нь загас үй олноороо бүтэж үхсэн мэдээлэл үе үе гардаг.

Барилгын материал олборлогчдын нийтлэг зөрчлөөс дурдвал, голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан, зөвшөөрөл аваагүй, тээврийн зориулалтын зам тавиагүй байдаг. Үүнээс гадна лицензийн наймаа ч цэцэглэж ирсэн нь элс, хайрганы үнэ өсөх нэг шалтгаан болсон.  Мөн байгаль орчин сүйтгэж, гол ус бохирдуулж байгаа элс, хайрга, шар шаврын карьеруудыг хаах, цөөлөх арга хэмжээ авахаар барилгын материалын хомсдол үүсч үнэ нэмэгдэхэд ташуур өгсөн билээ. 

Энэ бүгд  ердөө л түгээмэл тархацтай ашигт малтмалыг тодорхой зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт байхгүйтэй холбоотой. Ер нь, Ашигт малтмалын тухай хуулийн хэдэн заалт л ерөнхийд нь  зохицуулж ирсэн юм.

Харин одоо УИХ ээлжит бус чуулганаараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх болсон нь сайшаалтай. Уг хуулийн зорилтыг “Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид “Элс хайрга олборлож байгаа карьер тийм ч том хэмжээтэй байдаггүй. Хамгийн ихдээ л жилд 5000 шоо метр барилгын материал олборлодог. Дийлэнх нь 1000  шоо метр элс, хайрга, шар шавар олборлодог. Тэгэхээр үүний төлөө лиценз өгч, хүндрүүлэх шаардлага байхгүй. Бөөн зардал, чирэгдэл болж лиценз авсан нөхөр олборлосон элс, хайргаа үнэтэй л зарна. Зүгээр л тухайн  орон нутгийн захиргаа холбогдох хууль эрх зүйн хүрээнд нь зохицуулж чаддаг  байх хэрэгтэй. Түүнээс биш нэг жалганд элс  хутгаж байгаа эксковатортой нөхөр лиценз авах гэж бөөн бичиг цаас хөөцөлдөх нь хэцүү” гэдэг. 

Тэгвэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нийслэл, аймгийн Засаг дарга “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно. Нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна” гэсэн заалт байгаа ажээ. Ашиг малтмал ашиглаж байгаа бол нөөцийн төлбөр төлөх ёстой. Гэвч  өнөөдөр барилгын материал олборлодог компани, аж ахуйн нэгжүүдэд тохиолддог олон тодорхой бус асуудлуудын нэг нь нөөц ашигласны төлбөр бөгөөд түүнийг хэрхэн яаж тооцож төлөх явдал юм. Тухайлбал, өнөөдөр орон нутгийн удирдлага өөрсдөө дур мэдэн нэг шоо метр элс, хайрга тутамд 1500-2000 төгрөг хэмээн тогтоон нэхэмжилж үйл ажиллагааг  нь зогсоодог нь ямар ч үндэслэлгүй хууль бус үйлдэл гэдэг.

Учир нь, холбогдох хууль тогтоомжуудад  түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтооно гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Харин Ашигт малтмалын тухай хуульд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5-5 хувьтай тэнцүү байна” гэж заажээ.

Улаанбаатар хот орчмын элс, хайрганы карерууд хамгийн их борлуулалт хийдэг.  Эксковатороор ачих хөлс нь шингэсэн нэг ам метр элсний үнэ 6000 төгрөг гэж тооцож үзье. Тэгвэл нөөцийн төлбөрийн дээрх хувь хэмжээгээр тооцоход нэг ам метр тутамд 150-300 төгрөгийн төлбөр төлөх нь.

Нөгөө талаар эцсийн хэрэглэгчид хүрэхдээ үнэ нь хэд дахин нугарч барилга босох үндсэн үнийг өсгөж  орхидог. Энэ бүгдийг одоо хэлэлцэх гэж буй Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуульд тодорхой тодорхой тусгаасай. Уг хууль барилгын материал олборлох явдлыг нарийн зохицуулж чадвал элс, хайрга, ширхэг, тоосго, блокны үнэ хямдарч иргэд орон сууц худалдаж авах, байшин барих зардал буурах боломжтой юм. Учир нь барилгын гол түүхий эд элс, хайрга  хаа сайгүй байдаг элбэг төдийгүй олборлоход хамгийн бага зардалтай юм шүү дээ.
 

0 Сэтгэгдэл
Үүнийг бичигч бетон зуурмагийн үнийг мэдэхгүй нь тодорхой байна. 1 м3 бетон зуурмагийн улсын дундаж үнэ ханш 280000-320000 төгрөг байгаа. Тэгвэл бетон зуурмагийн хамгийн гол дүүргэгч материал хайрганы дундаж үнэ 25000 орчим байгаа нь харин ч маш хямд байгаа хэрэг шүү.
olborlood gargasan hairga ,els gazar deeree hyamd bgaa.Gol ni teever unetei boldog yum.Jaahan sudalj baij bichmeer yum da
Хамгийн их уншсан