Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрали жилдээ 350 сая тонн төмрийн хүдэр экспортлодог


Австрали манай улстай адил эрдэс баялгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян орны нэг. Сүүлийн 10 гаруй жилийн хугцаанд Австралийн уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн. Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унахад сүүлийн хоёр жил өсөлт нь удааширсан юм. Үүнээс болж Засгийн эрх барьж байсан Либерал намынхан уул уурхай өндөр хөгжсөн бүс нутагт ноогдуулсан өндөр татвараар төсөвтөө хангалттай хөрөнгө цуглуулж чадаагүй. Улмаар эрүүл мэндийн салбарт явуулахаар төлөвлөсөн өөрчлөлт хийж чадалгүй тав хоногийн өмнө болсон сонгуулиар ялагдсан.

Гэхдээ л Австрали нь эрдсийн нөөц баялгийн олборлолт, түүнээс олдог ашгаараа дэлхийд тэргүүлдэг таван орны нэг хэвээр.

Нийгмийн хөгжил хүй нэгдлийн үеийн төвшинд гацсан уугуул иргэдтэй, Их Британиас цөлөгдөж ирсэн хүмүүсийн дийлэнх нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд байсан Австрали тивийг одоогийн хэмжээнд хүрэхэд асар чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл нь алт. Тэртээ 19 дүгээр зуунд Австралид хэд хэдэн алтны орд нээгдэснээр энэ тив улс нь манайхаар бол амар аргаар баяжих гэсэн “алтны нинжа” нарын хөлд дарагдсан гэж болно. Алтын эрэлд гарсан “нинжа” нар гүйцэд нээгдэж, судлагдаагүй байсан Австралийг хөндлөн гулд хэрэн хэсч дахин шинээр нээсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Үүнээс хойш 200 гаруй жилийн хугацаанд анх нээгдэж байсан алтны уурхайнууд хүчин чадлаа бараад хаагдаж байхад  залгуулан шинэ ордууд нээгдэн, технологи нь өөрчлөгдсөөр өдгөөр Австрали нь алтны олборлолтоороо дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын алтны уурхайнуудын хүчин чадал ямаршуу болох талаар баримжаа олгохын тулд Баруун Австрали мужид байдаг Калгурли алтны уурхайг жишээ татах хэрэгтэй. Энэ уурхай нь алтны дэлхийн хамгийн том уурхайд тооцогддог бөгөөд эндээс жилдээ 20 тонн алт олборлодог.

Австралийн эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг дараагийн газрын баялаг нь уран. Манай улсад ураныг олборлох, баяжуулах, хайгуул хийхийг эсэргүүцсэн олон тооны хөдөлгөөн гарч байгаа. Харин Австрали нь энэхүү стратегийн чухал ач холбогдолтой баялгийг ашиглалгүй орхихыг хүссэнгүй. Хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан ухаалгаар, цэвэрхэн олборлох тал дээр голлон анхаарч, ихээхэн ашигтай ажиллах болсон. Үүний хүчинд ураны олборлолтоороо Австрали нь өнөөдөр дэлхийд Казахстан, Канадын дараа гуравдугаарт ордог болсон юм. Австралийн уран олборлолтын хамгийн том төв нь Олимпийн далан нэртэй. Энд уранаас гадна зэс, алтыг давхар олборлодог.

Австралийн эдийн засагт амин чухал ач холбогдолтой дараагийн эрдэс баялаг нь нүүрс. Энэ тив улс нь нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч. Гэхдээ олборлолтын хэмжээгээрээ дөрөвдүгээрт ордог. Тоогоор илэрхийлвэл жилдээ 400 сая орчим тонн нүүрс олборлоод 80 хувийг нь экспортод гаргадаг гэсэн үг. Австралийн нүүрсний гол худалдан авагчид нь Япон, Хятад, Өмнөд Солонгос гэх мэт төмөрлөгийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд. Хятадын хувьд Австрали нь нүүрсний №1 экспортлогч. Олборлосон нүүрсний дийлэнх нь кокс, өндөр илчлэгтэй төрлүүд. Нүүрсийг ил ба далд аргаар олборлодог хамгийн том уурхай нь “Bulga Coal”. Энэ уурхайг “Glencore-Xstrata” эзэмшдэг.

Австрали экспортлолгүй үлдээсэн 80 сая тонн нүүрсээ дотоодын хэрэгцээнд зарцуулна. Дийлэнхийг нь цахилгаан эрчим хүч боловсруулахад хэрэглэдэг. Нүүрсний цахилгаан станцууд нь агаар мандал, хөрс бохирдуулах нөлөө ихтэй болохоор Австралийн Засгийн газраас экологийн цэвэр түлшинд шилжихэд маш ихээр анхаарч байгаа. Тухайлбал, нүүрс олборлох, цахилгаан эрчим хүч гарган авахад хэрэглэсний улмаас байгаль орчинд учирч байгаа хохирлыг багасгах зорилготой  “Цэвэр нүүрс” төсөлд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Гэхдээ сүүлийн 50 жилийн турш Австралийн хамгийн чухал олборлох салбар нь төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт болж байгаа юм. Төмөрлөгийн үйлдвэрлэл, ган хайлуулалтаараа дэлхийд тэргүүлэх болсон Хятадын эрэлт эрс нэмэгдсэн 1990-2000 онуудад энэ салбар үсрэнгүй хөгжсөн. Тухайлбал, зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд долоо дахин, эрчим хүчний нүүрс ба коксждог нүүрсний экспорт дөрөв дахин нэмэгдсэн байдаг. Австрали жил болгон дэлхийн зах зээл дээр 350 сая тонн төмрийн хүдэр нийлүүлдэг. Гол худалдан авагч нь Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг. Үүний дээр цайр, боксит, никель, цагаан тугалгын олборолтоороо дэлхийд тэргүүлдэг орон гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн уул уурхайн салбарт ашиглагддаг программ хангамжийн 60 хувийн Австралийн компаниуд хийж гүйцэтгэдэг.

Австрали эдийн засаг зөвхөн уулын олборлолтын салбар дээр тогтдог биш гэдгийг заавал онцлох хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар чухал ч гэлээ энэ улсын эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэггүй. Уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь нь ердөө зургаа ч экспортын 40 хувийг эзэлж байдаг.
Сүүлийн жилүүдэд шатдаг хийн салбар түлхүү хөгжих болсон. Австралийг шатдаг хий ба газрын тосоор ядмаг тив гэж үздэг байсан ч сүүлийн хэдхэн жилийн дотор тивийн эрэг орчмын далайн ёроолоос шатдаг хийн асар том орд газруудыг илрүүлэн олборлож эхлээд байгаа. Улмаар шатдаг хий олборлох технологи улам боловсронгуй болж, хийн үнэ нэмэгдэхийн хэрээр энэ салбараас орох ашгийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Шатдаг хийн орд газрын дийлэнх нь Энэтхэгийн далайн эрэг орчмын хэсэгт, эргээс хэдэн арав, хэдэн зуун км-ийн зайнд байрладаг, олборлох тээвэрлэхийн тулд зардал ихтэй босдог тулгуур, тээвэрлэгч хөлөг зэргийг ашигладаг ч ийнхүү жил ирэх тусам энэ салбар улам ашигтай болж байна.

Өнгөрсөн арван жилд олборлох салбар эрчимтэй хөгжсөний ачаар хэзээ ч ядуу байгаагүй Австрали улс дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон юм. Энэ улсын ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ АНУ, Герман, Японоос өндөр төдийгүй баян ядуугийн ялгаа энэ улсуудынхаас бага. Товчхон хэлэхэд “дундаж” гэгддэг давхаргын төлөөлөгчид нийгмийн дийлэнх хувийг эзэлдэг.

Газрын баялгийн олборлолт давамгайлах ач холбогдолтой улс болохоор Австрали Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн хөгжил, өсөлтийн хурдац зэргээс маш их хамааралтай гэдгээрээ манайхтай төстэй. Тиймээс ч Австрали долларын ханш Бээжин, Шанхай, Токиогоос ирж байгаа мэдээнээс шууд хамааралтай.
Дээр дурдаж байсанчлан гадаад худалдаанд байгалийн баялгийн экспорт ноёлох байр суурьтай байдаг гээд зарим орон шиг бусад салбаруудаа орхигдуулалгүй, өндөр төвшинд хөгжүүлж чадсан бас нэгэн давуу талтай. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх жин 12 хувь. Уул уурхайн салбараас даруй хоёр дахин их. Австралийн газар нутгийн 61 хувийг 135 мянга 996 фермерийн аж ахуй эзэлж байдаг.

 Зөвхөн үхрийн махны үйлдвэрлэл гэхэд  Австралийн эдийн засгийн хамгийн гол салбарын нэг. Австрали үхрийн махны экспортоороо дэлхийд Бразилийн дараа, хоёрдугаарт ордог. Үхэр сүргийн бэлчээрийн нийт талбай 200 сая га. Нийт үхрийн махныхаа 60 хувийг АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад руу экспортлодог. Үүний дээр Австралид үхрийг манайхтай адилаар бэлчээрийн аргаар, химийн бордоо ашиглалгүйгээр өсгөдөг болохоор экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийд алдартай. Хонины махны экспорт нийт махны экспортын талаас илүү хувийг эзэлдэг. Австрали хонины ноос дэлхийд алдартай бөгөөд дэлхийн ноосны экспортын есөн хувийг дангаараа эзэлж байдаг гэхээр та цар хүрээг нь төсөөлж болно.

Жилдээ 20 гаруй сая тонн улаан буудайн ургац хураадаг. Мөн хэдэн сая тонн жимс, жимсгэнэ хураан авдаг. Хөдөө аж ахуйн салбар хамгийн сүүлийн үеийн техник, технологиор хангагдсан байдаг нь бас нэгэн том давуу тал. Машин үйлдвэрлэх салбар мөн л өндөр хөгжсөн байдаг.
Тэгэхээр уул уурхай, олборлолтоос орж ирж байгаа асар их мөнгийг зөв хуваарилаж чадсан улсын хамгийн тод жишээ нь Австрали юм. Зөвхөн уул уурхай, олборлолт гэж туйлшралгүйгээр эдийн засгийн бүхий л салбаруудыг хөгжүүлж чадсан туршлагаас бид суралцахад илүүдэхгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан