Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЭЛБЭГДОРЖ: АМЬДРАЛ БОЛОМЖИЙН БАЙНА УУ, Х.НАЦАГДОРЖ: ТИЙМ ЭЭ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төв аймгийн Баянчандмань, Баянцогт суманд ажиллалаа. Эдийн засгийн өсөлтийн багагүй хэсгийг бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарынхны ажилтай танилцсан юм. Тодруулбал, газар тариалангийн “Гуна” компани, гахайн эрчимжсэн мал аж ахуйн “Зургаан хошуу” болон үнээ фермер Б.Ванчиг нартай уулзлаа.

2000 га талбайтай “Гуна” компани

Улсын хэмжээнд 404 мянган тонн улаан буудай тариалж, ургац хураалт 10 хувьтай явааг ҮХААЯ-наас мэдэгдсэн. Ургацаас 320 мянган тонныг дотооддоо хэрэглэхээр төлөвлөж байгаа бол үлдсэн хэсгийг үр болон тэжээлийн зориулалтаар нөөцлөх гэнэ. Ид өрнөж буй ургац хураалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө амжуулахыг салбарын яамнаас шаардаж, шуурхайлж буй юм. Энэ жил нийт 274 мянган га талбайд буудай тариалснаас 500 гаруй га талбай нь “Гуна” компанийн мэдлийнх. Ерөнхийлөгч тус компаниас ажлаа эхэлсэн. 1992 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлсэн тус компани 25 мянган центнер хүртэлх ургац авах тооцоо гаргажээ. С.Ганчимэг захиралтай тус хамт олон 2000 га талбайг эзэмшдэг бөгөөд жилээс жилд талбайгаа сэлгэж дунджаар 600-700 га газарт тариалан хийдэг гэнэ. С.Ганчимэгийн аав Ц.Сүрэнхорлоо гуай газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт насаараа ажиллаж, тэтгэвэртээ гараад 12 жил болжээ. Тэрээр Ерөнхийлөгчид өнөө жилийн ургац болон болцын талаар тайлбарлав.

“Сүүлийн хоёр хоног бороо орсон. Гэхдээ манайх ургацаа 10 хоногт багтаад хураана. Буудайн ширхэгээ харахад цүдгэр байх тусмаа сайн. Дотор нь агуулагдах микро элементүүд ч төдий чинээ их гэсэн үг” хэмээсэн юм. Түүний үгийг ҮХААЯ-ны Газар тариалангийн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ үргэлжлүүлж, улсын хэмжээнд ургацын байдлыг тоймлов. Буудайн болц 10 хоногоор оройтож байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал гэнэ. Гэвч ургацын чанар 2012 оныхоос илүү сайн, цавуулаг чанар 22 хувиас дээш гарсан зэргээс үзвэл энэ жил сайн гурил үйлдвэрлэх боломжтой аж. Техникийн хувьд боломжийн ажиллаж байгаа ч Төв аймгийн Угтаал, Цээл, Сүмбэр суманд шатахуун хүрэлцээгүй болж хэсэг зогсчээ. Асуудлыг салбар яам түргэн шийдвэрлэх үйл ажиллагааг хэвийн болгосон гэнэ. Түүнчлэн урьд цагийн илгээлтийн эзэд шиг Батлан хамгаалах их сургууль болон бусад сургуулийн оюутнууд үтрэмийн ажилд оролцож байгаа нь ажлыг урагшлуулахад ихээхэн дөхөм болж буй аж. Буудайн үнэ ханш тун удахгүй тодорхой болгох юм байна.
Уг салбарт тулгамдсан хүндрэл, бэрхшээлийн тухай Ерөнхийлөгчийн асуултад ахмад тариаланч Ц.Сүрэнхорлоо “Бид 30 жилийн өмнө ашиглаж байсан техник, технологио одоог хүртэл ашиглаж байна. Шинэчлэл хийе гэхээр боломж алга” хэмээсэн. Үүнийг шийдвэрлэх гарц нь боломжийн  нөхцөлтэй, таван жилээс илүү хугацаатай зээл. Ерөнхийлөгч ч хүлээн зөвшөөрсөн ч бөгөөд салбарын яам нь энэ талаар ажил хэрэгжүүлж эхэлснийг “Гуна” компанийнханд дуулгав. Тодруулбал, газар тариаланд шаардлагатай тоног төхөөрөмж, техник механизмыг импортлох нөхцөлийг сайжруулж, гаалийн зарим татварыг 2016 он хүртэл цуцалжээ.
Гагцхүү дизель түлшнээс л татвар авдаг гэнэ. Биднийг очиход ажлаа хийгээд завгүй байсан комбайнчид дорхноо цуглаж төрийн тэргүүнтэй гар барин, зураг авахуулав. Өглөөнөөс үдийн 12 цаг хүртэл 30 гаруй га талбайн ургац хураасан хэмээн ажлаа тайлагналаа. Тэдний хамгийн ахмад нь Х.Нацагдорж гуай. Хүүтэйгээ хамт комбайн ажиллуулж, сард сая төгрөгийн цалин авдаг. Жилийн зургаан сар газар тариалангийн ажил хийгээд бусад үедээ мал малладаг гэнэ. “Амьдрал боломжийн байна уу” гэсэн Ерөнхийлөгчийн асуултад нүүр дүүрэн инээмсэглээд “Тийм ээ” гэж хариулах нь сэтгэл сэргээм санагдлаа.

3000 гахайтай “Зургаан хошуу” компани

Төрийн тэргүүний Төв аймагт ажилласан дараагийн болзоо нь гурван мянга орчим гахайтай ферм юм. Баянцогт сумын нэгдүгээр багт урьд нь саалийн үнээний “Гунын ферм” байгаад хожим эзгүйрчээ. Хоосорсон барилга, байгууламжийг “Зургаан хошуу” компани худалдан авч үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болох гахайн ферм болгосон аж. 2004 онд байгуулагдсан “Зургаан хошуу” компани мах бэлтгэл, хөргөлттэй зоорь, гадаад худалдаа, фермийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. 2008 онд “Гунын ферм”-д нүүж ирснээр бүхий л зорилтоо биелүүлсэн гэдэг. Тодруулбал, гахай үржүүлж, мах боловсруулан нөөцөлж, гадаадад хүртэл экспортолдог болжээ.
Фермийн хашааны ойрхон буухад эхүүн үнэр угтан авав. Гахай гэдэг ийм л заваан, бохир амьтан гэх бодол төрсөн ч хашаагаар ороход л гар ариутгаж, гутлын ул цэвэрлэж, хүн бүрт хувцас, малгай, маск зүүлгэсэн. Ийнхүү ариун цэврийг дээд зэргээр сахих нь эрүүл хүнс гэдэг үндсэн зорилгодоо хүрэхэд тустай. Эвгүй үнэртэй ч гэлээ гахай их эмзэг амьтан. Фермийн буюу тэжээвэр гахай өвчлөх, халдвар авахдаа амархан учраас эмзэг. Зузаан тоосгон ханатай байшин руу орвол гахайн дуу хонгилоор нэг цуурайтаж угтлаа. Хоёр хүн зөрөх зайтай нарийн хонгилын баруун талд нялх тооройтой мэгжнүүд. Харин нөгөө талд өсвөрөөс бодон хүртэл нас насны гахайг тусгаарлан хашжээ. 10-12 тоорой төрүүлдэг мэгжнүүд хөдлөх нөхцөлгүй хэвтэцгээнэ. Хашлаганы дотор шаргал хуванцар бүхээгтэй бөгөөд тод гэрэл асаасан харагдана. Тохойн чинээ тооройнууд бүхээг рүү орж дулаацаад, өлсөх үедээ эхийгээ хөхдөг гэнэ. Ийнхүү ээжтэйгээ хамт байх хугацаа нь нэг сар. Сар сараар өссөөр хагас жил болоход жин нь 100 кг хүрч, фермээ орхидог. Энэ үед нядалгаанд орж буй гахайнаас дунджаар 50-60 кг мах гардаг гэнэ. Сардаа 300 гаруй гахайг мах бэлтгэлд оруулдаг тухай компанийн захирал М.Золзаяа Ерөнхийлөгчид тайлагналаа.
Гахайн махны асар их хэрэгцээг фермерүүд хангаж хүчирдэггүй бөгөөд цаашид 10 мянган гахайтай болохын тулд ашиглаагүй хуучин барилгуудаа засварлах шаардлагатай.

 Тус компани гахай үржүүлэгчдэд Гетерозис, Иоркшир, Ландрасс, Дурок үүлдрийн гахай нийлүүлдэг. 2010 оны сүүлчээр БНХАУ-аас цэвэр цусны гахай авч, фермийнхээ цус сэлгэлтийг сайжруулжээ. Ферм байгуулах нь бүгдийг цогцоор хийхийн нэр гэдгийг “Зургаан хошуу” компани харуулна. Тэд анхнаасаа тэжээлийн үйлдвэртэй байхаар төлөвлөж, түүнийгээ ч биелүүлэн өдөртөө 40 тонн тэжээл боловсруулдаг цехтэй болжээ. Нялх болон өсвөр тоорой, хээлтэй болон төрөх мэгжний хоол, гахайн бордоо гээд олон төрлийн тэжээл үйлдвэрлэдэг. Цаашид тэжээлийн ургамлаа өөрсдөө тарьж ургуулахыг хичээж байгаа. Харин одоогоор БНХАУ-аас тэжээлийн үндсэн түүхий эдээ импортолдог аж.
“Өөрийн үйлдвэрээс эрүүл хүнсийг таны гарт” хэмээх уриа дэвшүүлэн, үйл ажиллагааны зарчим болгосон М.Золзаяа захирал урьд нь Улаанбаатар хотод фермтэй байжээ. 500 гахайтай фермээ ийш нүүлгээд үргэлжлүүлэн ажиллаж, амжилтад хүрсэн нь энэ. Түүнээс гахайн фермерийн ашиг өгөх вэ гэдгийг тодруулахад “250 гахайтай байж л ашиг нь зардлаасаа илүү гардаг юм” гэв. Зуун хувь үндэсний хөрөнгө оруулалтаар хөл дээрээ боссон тус компанийн орон нутаг дахь фермд л гэхэд 50 орчим ажлын байр шинээр бий болж, цаашид ч өсөх хандлагатай байна.

“Элгэн тараг”-ны эзэд “Баянчандмань милк”

Хүнсний дэлгүүрүүдэд “Элгэн тараг” нэртэй бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниар Ерөнхийлөгч саатлаа. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Б.Ванчиг гэр бүлээрээ үхрийн ферм эрхэлдэг. Түүний хэлснээр ах дүү, хүүхдүүдээсээ “илгээлт авч” хотоос 100 орчим км алсад 60 гаруй үнээтэй фермер болсон нь энэ. Гэргий, хүүгийн хамт мал маллаж, сүүгээ авна. Түүнийгээ боловсруулж “Элгэн тараг” хийдэг бөгөөд “Баянчандмань милк” компанийн эзэн юм. Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрт тус компани хамрагдаж. Өөрөөр хэлбэл, монбилиард болон бусад төрлийн үхрийг Франц улсаас импортлон авчирчээ. 24 сартай, хээлтэй үнээнүүд манай улсад зусаад боломжийн дасан зохицож байгааг Б.Ванчиг гуай хэллээ. Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийг буудаллахад хоёр ч үнээ нь тугалласантай таарав. Монгол үнээнээс өдөрт хамгийн ихдээ 4-5 литр сүү гардаг бол монбилиард үнээний сүүн гарц 30 гаруй литр. Биеийн хэмжээ, жингээр ч илүү бөгөөд хоёр настай бяруу, шүдлэн болж буй үнээ гэхэд нас бие гүйцсэн мэт том. Монгол үнээний тугал 20-25 кг төрдөг байхад шинэхэн мэндэлсэн хоёр тугал 42, 45 кг жинтэй байсан гэнэ. Европын өндөрлөг уулс, сэрүүн уур амьсгалд дасан зохицсон энэ үүлдрийн эр үхэр нь 1.2 тонн жин татах нь ч байдаг аж.
Улаан алаг үнээнээс эр тугал гарвал бух болгочихно, эсвэл нядлаад махын чиглэлээр борлуулчихна хэмээн Б.Ванчиг гуай хэлэхэд  “Ингээд үхэр маллаад байж болохоор  юм уу” гэх Ерөнхийлөгчийн асуултад “Бололгүй яахав, бид энэ ажилдаа сэтгэл дүүрэн байдаг” хэмээсэн.
“Баянчандмань милк” гэр бүлийн компанийн хөгшчүүл сүйхээтэй бөгөөд хөдөлмөрч гэдгийг тэдний барьж босгосон, хийж бүтээсэн зүйл илтгэнэ. Тоосгон том байшингийнхаа хаяанд залгуулж том талбайд тариа тарьжээ. Өмнөхөн талд нь өндөр таазтай агуулах гэмээр өвөлжөө босгож, үхэрнүүдээ өвөлжүүлэхээр төлөвлөж. Тэрээр “Бусад газарт фермийн үхрийг шонгоос уяад эсвэл хашчихдаг, харин бид тийм зүйл хүсдэггүй” гэв. Учир нь, мал амьтан сайн хөдөлж, алхаж байх тусам цусны эргэлт нь сайжрах, төдий хэмжээгээр шим тэжээлтэй сүү гарах ба гарц ч нэмэгддэг аж. Тэр ч бүү хэл Б.Ванчиг гуай үхэр хүссэн үедээ өөрөө очоод л биеэ маажиж болох эргэлддэг төхөөрөмж санаачилжээ. Биеэ маажих, шөргөөх нь цусны эргэлтийг улам л сайжруулна, массаж шүү дээ гэж ярих. Сүүгээ саах үедээ зөвхөн хүзүүг нь тусгай хашлага руу шургуулаад, автомат саалтуур залгачихдаг тул бохирдох зүйлгүй.

Өөр нэгэн анхаарал татсан зүйл нь тариа соёолуулах “шкаф” байсан юм. Дунд оврын ачааны машины чингэлэгний дайтай дөрвөлжин байгууламжийг урин буцсан, ургамалгүй цагаар ажиллуулдаг. Монбилиардын үхэрнүүдийн идшийг тийнхүү дөнгөж соёолж, төлжиж буй ургамлаар амтлах нь сүүний чанар болон эрүүл мэндэд нь тустай. Өдөрт 500 кг соёолсон ургамал өгдөг бөгөөд түүнийг долоо хоногийн өмнөөс бэлтгэдэг гэнэ. Үүний тулд өдөр бүр “шкаф”-ны араас шинэ үр тариа хийх бөгөөд урд эгнээнээс долоо хоночихсон ургамлыг авч үнээнд өгнө. Энэ мэтээр сэрүүн намар, хүйтэн өвөл, хахирган хавар ч байсан үнээнүүд шинэ ногоогоор хооллох боломжтой. Ерөнхийлөгчид тайлагнасан өөр нэгэн технологи нь мөн л өвлийг өнтэй давах, тохилог амьдрахад хэрэгтэй зүйл. Малын баасыг 100 хувь ашигладаг нь анхаарал татав. Тусгай саванд баасыг хийж, метан хийг шүүн боловсруулаад өвөлжөөг дулаацуулах, амьдарч буй байшингаа халаах, хоол хийх зэрэгт зориулна. Харин үлдсэн хэсгийг бордоо болгоод үхрийн тэжээл тариалахдаа ашигладаг гэв. Товчхондоо, үхрийн баасаар байраа дулаацуулж, ургамал тэжээлээ тарьж ургуулаад түүнийгээ үхэртээ өгч сүү шимээ авах эргэх тогтолцоонд ороод байгаа аж.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
teneg reklam bndaaaaa
good luck..
good
Хамгийн их уншсан