Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАВДРЫН ЗАРИМ ТӨРЛИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААС САНХҮҮЖҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Манай улсад жилд хавдрын 4000 тохиолдол шинээр бүртгэгддэг гэдэг үнэхээр сэтгэл түгшээсэн тоо.  Өнгөрсөн  онд л гэхэд 11061 хүн хорт хавдрын эмчийн хяналтад орсон бөгөөд тэдний 4544 нь шинээр бүртгэгдсэн аж. Үүний дотор элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдар зонхилон тохиолдох болжээ.
Түүнчлэн өвчлөгсдийн 70 гаруй хувь нь хожуу үедээ буюу хорт хавдар нь бусад эрхтэндээ үсэрхийлсэн үед эмнэлэг барааддаг байна. Хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байгаа ч улсын хэмжээнд тусламж үзүүлдэг ганц эмнэлэг нь өнөөг хүртэл барилгын өргөтгөл хийгдээгүйгээр барахгүй эмч ажиллагсдын тоо ч нэмэгдээгүй аж. Тус төв нь 1982 онд нээгдэж, өнөөдөр 436 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Салбарын сайд өнгөрсөн баасан гарагт ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус эмнэлгийн захирал Л.Төмөрбаатар “Манай эмнэлэгт юуны түрүүнд  туяа эмчилгээний шарлагын аппарат мөн хими эмчилгээний нэр төрлөө олшруулах шаардлага байна. Түүнчлэн үндэсний хэмжээнд шийдвэрлэх нэг асуудал бол эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинээр тусган хавдрын зарим төрлийн үйлчилгээг даатгалаас санхүүжүүлдэг болгох, хавдрын эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг бодит хэрэгцээ хангахуйц хэмжээнд олгох, хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Учир нь, өвчтөн бүр санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Иймээс даатгалаас жаахан ч гэсэн дэм өгөх ёстой” гэдгийг хэлсэн. Уг нь, 2012 онд эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орох байсан хэдий ч өнөөдрийг хүртэл чимээгүй. Хэрэв барилгын өргөтгөл ашиглалтад орвол туяа, хими, дүрс оношлогооны тасгийг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар тус эмнэлгийн элэгний мэс засал, хими, туяа эмчилгээний тасаг хамгийн их ачаалалтай ажилладаг бөгөөд нэг өвчтөн туяа эмчилгээнд орох гэж 14-21 хоног хүлээдэг аж. Хэрвээ өргөтгөл ашиглалтад орвол өнөөгийн үзүүлж байгаа хүчин чадал 30 гаруй хувиар нэмэгдэх ёстой. Тодруулбал, туяа эмчилгээнд орох гэж 14-21хоног хүлээдэг байсан өвч­төн долоо хоног л хүлээх юм байна. Өргөтгөлийн барил­га ирэх жил ашиглалтад орвол энэ барилгад ажиллах 20 гаруй мэргэжлийн 164 хүн шинээр шаардлагатай бөгөөд ирэх оны төсөвт үүнийг суулгаж өгөхийг сайдаас хүсэв. Өнөөдрийн авч байгаа төсөв хорт хавдрын эмчилгээ оношлогоог дэлхийн төвшинд хийх хангалттай хөрөнгө биш. Хэрэв эм, эмнэлгийн хэрэгс­лийн санхүүжилтийг сайж­руулах юм бол хими, туяа эмчилгээ мэс заслын практикт шинэ арга технологи нэвтрүүлж,  монголчууд гадаа­дад эмчлүүлдэг урсгалыг сааруулах боломжтой гэдгийг дурдсан.
 Үүний дараа сайд тус төвийн ачаалал хамгийн их байдаг мэс засал, туяа эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзсан юм. Энэ үеэр Дорнод аймгийн Халхгол сумаас ирсэн өндөр настан “Орон нутгаас эмчлүүлэхээр ирэхэд 13 дугаар маягтыг авна гэдэг хүндрэлтэй байна. Уг нь, иргэний үнэмлэх байхад өндөр настан  дуртай газраа эмчээ сонгож эмчлүүлэх эрхтэй биз дээ. ХСҮТ-д шинжилгээ өгөх гэж арав гаруй хоног явлаа. Ачаалал асар их юм. Хавдрын өвчлөл нэг эмнэлэгт хэт төвлөрөөд байна” гэдгийг хэлж байсан. Мөн тус эмнэлэгт өнгөрсөн жил савны хорт хавдрын хагалгаанд орсон гэх иргэн “Би өнгөрсөн жил туяа, хими эмчилгээ хийлгэсэн. Гэтэл туяа нь миний бөөрөнд нөлөөлсөн. Хөгжилтэй орнуудад туяаг бусад эрхтэнд нь нөлөөлөхөөс хамгаалсан эмчилгээ хийдэг гэсэн. Харамсалтай нь манайд хийе гэсэн ч тоног төхөөрөмж байхгүй юм билээ. ХСҮТ-ийн тоног төхөөрөмж аппаратын тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Гол шарлагын аппарат л гэхэд элдэв хачин дуутай үнэхээр хэцүү” гэв.

Н.Удвал: Эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлнэ

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та ХСҮТ-ийн байдалтай танилцлаа. Нэн түрүүнд шийдвэрлэх ёстой ямар асуудал байна гэж харав?
-Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж үйлчлүүлэгчдийн тоо өссөн хэдий ч орны тоо, ажиллагсдын орон тоо, цалин хөлс, бусад урсгал зардал нэмэгдэхгүй байна. Энэ асар их өвчлөл, хүндрэлтэй тохиолдлыг эмнэ­лэг, эмнэлгийн ажилчид өөрс­дийн бололцоогоор үүрч явна. Бид бодлогын хүрээнд химийн эмчилгээг орон нутагт хийх, мөн туяа эмчилгээний аппаратыг худалдан авахад гардаг шат дамжлагыг багасгахын тулд Засгийн газрын хуралдаанаар оруулж шууд гэрээ байгуулах замаар хангадаг болгохоор ажиллана. Эхлээд хүн амд элэгний хорт хавдрыг эрт илрүүлж оношлох төсөл боловсруулахаар ажиллаж байна. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар арваннэгдүгээр сард багтаан хэлэлцүүлэх юм.
-Эмнэлгийн барилгын өргөтгөл өнгөрсөн онд ашиглалтад орох байсан хэдий ч өнөөдрийг хүртэл дуусаагүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Өргөтгөлийн барилгын шавыг 2010 онд тавьсан. 2012 онд ашиглалтад орох байсан хэдий ч ороогүй одоо болтол тодорхой ахиц гараагүй. Эрүүл мэндийн сайдын багцаас хөрөнгийг нь гаргасан ийм асуу­далтай 26 барилга бий. Аж­лын  хэсэг гарсан. Би гэ­рээлэгч компанийн удирд­ла­гуудтай уулзаж, дотоод ау­дитын газраар оруулсан. Ин­гээд гэрээ байгуулсан до­лоон компанийг шүүхэд өгөөд байгаа. Эдийн засгийн, Сангийн сайд болон миний бие ахлан ажлын хэсэг гарсан. Ингээд ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлыг Засгийн газарт оруулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Энэ долоо хоногт Засгийн газрын хурлаар орох байх.  
-Хавдраар  жилд 4000 хүн шинээр оношлогдоод байна гэсэн судалгаа бий. Ер нь, хавдрын өвчлөлийг бууруулах талаар Засгийн газраас ямар ажил хийж байгаа вэ?
-Хавдрын өвчлөлийг буу­руулах талаар шат дараатай олон ажил хийх шаардлага бий. Тухайлбал, улсын хэм­жээд хавдрын эмчилгээнд шаард­лагатай эмийг хан­гах. Ялангуяа хавдрын эмчил­гээнд  үр дүнтэй эмийг бүрт­гүүлэх Монгол Улсын эмийн жагсаалтад оруулах. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эм­нэлгийн бүтэц үйл ажиллагаанд хавдар судлаач эмч, хөнгөвчлөх эмчилгээ хариуцсан ажилтны ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгийг төсөвт тусгахыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Түүнчлэн хавдраас сэргийлэх хянах үйл ажиллагааг дээшлүүлэх зорилгоор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх оношлогоог стандартын дагуу явуулах,  хавдартай өвчтөнд шаардлагатай эмийн төсвийг жил бүр аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсөвт  тусгаж олон улсын төвшинд хэрэглэгдэж байгаа эмийг авч байх талаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосон.

ХӨДӨӨНИЙХӨНТЭЙГЭЭ ХАМТ ХАВДАРТАЙ ТЭМЦЬЕ

Миний найз Э.Уранчимэг Увс аймагт амьдардаг. Харин тэр өнгөрсөн лхагва гарагт хотод ирсэн хэмээн над руу ярилаа. Учир нь, ээж нь савны  хорт хавдар тусч, дөрөвдүгээр шатандаа орж бусад эрхтэнд нь үсэрхийлсэн хэмээн ярьсан юм. Хоёр ахтайгаа хамт ХСҮТ-д хөнгөвчлөх эмчилгээний тасагт ээжийгээ хэвтэн эмчлүүлэхээр иржээ. Гэвч ирсэн даруйдаа эмнэлэгт  хэвтэж чадсангүй буцах гэж байгаа гэнэ. Өнөөх л танил тал, арын хаалганы хүмүүс урдуур нь орж сар гаруйн дараа л хэвтэх боломжтой гэсэн хэмээн Уранаа уртаар санаа алдав. Уг нь, сарын өмнө хотод ирж ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн гэнэ. Эмнэлгээс гармагцаа л ээж нь  нутагтаа очмоор байна гээд Увс руу нисчээ. Нутагтаа хариад удаагүй ээжийнх нь бие муудаж ахиад л хотод ирэх шаардлага гарсан байна. Аймагтаа эмчилгээ хийлгэх боломж байдаг бол олон дахин хот руу явмааргүй байна гэж ээж нь явдалдаа улам ядарч, цөхөрсөн дуугаар үглэх болж. Энэ талаар Уранаа “Аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдартай хүнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж юу ч байдаггүй. Хэвтэх ор ч олдохгүй. Ор олдлоо гэхэд эмнэлэгт ээжийгээ хий дэмий л тарчилж байгааг харна. Тэрний оронд хот руу ирсэн нь дээр. Харин хотод ирэх гэж нэг талын зардал л гэхэд таваас зургаан зуун мянган төгрөг орчим болох юм. Гэхдээ мөнгө яахав дээ. Надтай адил ийм зовлонтой хүн олон бий. Уг нь хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт нь хүргэж байвал. Даанч санаагаар болохгүй юм даа” гэсэн. Үнэхээр ч ХСҮТ-өөр ороход  орон нутгаас ирсэн дээрхтэй адил бэрхшээлтэй хүнтэй олон таарна. Өнөөдөр хавдрын сувилагчтай аймаг 76 хувьтай байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл 24 хувьд нь хавдрын мэргэжлийн ямар ч сувилагч, эмч  байхгүй. Дотрын, зүрх судасны эмч нар нь хавсарч хийдэг юм билээ.  Үүнээс шалтгаалаад орон нутагт  хавдартай хүмүүст хяналт хэн ч тавьдаггүй, өвчиндөө шаналан насан эцэслэхийг нь хүлээхээс өөр аргагүй хэмээн нэг ёсны “цааз” тулгадаг байна. Түүнчлэн хөнгөвчлөх эмчилгээний эмч гэхэд нийт аймаг дүүрэгт 20 хувьтай байгаа аж. Уг нь, Эрүүл мэндийн сайдын 2004 оны тушаалаар бүх аймаг дүүрэгт хөнгөвчлөхийн эмч, сувилагчтайгаа хамт ажиллах ёстой.
Одоогоор улсын хэмжээнд хэт оношилгооны аппарат 103 байдаг. Уг аппарат нь  хүн амын дунд зонхилон тохиолдож буй элэг, хөхний хот хавдрыг эрт оношилдог. Гэвч хоёр сая гаруй хүн амд 103-хан аппарат хаана нь ч хүрэлцэх билээ.  Хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэхийн тулд гол нь ХСҮТ-ийн чадавхийг дээшлүүлэхээс гадна орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн чадавхийг сайжруулах хэрэгтэй гэдгийг энэ салбарт ажиллаж буй эмч, ажилчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ХСҮТ-ийн дарга Л.Төмөрбаатар “Аймаг, дүүрэг бүрт 10-15 өвчтөн хэвтэх тасаг хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ХСҮТ-ийн ачаалал буурч өвчтөнүүдэд чирэгдэл учрахгүй. Өвчтөн хөнгөвчлөх тусламж эмчилгээ авахын тулд хотод ирэх гэж байгаад замдаа нас барсан тохиолдол олон бий. Орон нутагт хими, хөнгөвчлөх эмчилгээ хийх боломж байгаа. 2007 онд аймаг, дүүргийн хавдрын эмч нарыг сургалтад хамруулсан. Гэтэл өнөөдөр тухайн үед сургалтад хамрагдсан эмч нарын 10 нь гаруй л ажиллаж байгаа. Тиймээс хавдрыг бууруулахын тулд орон нутагт анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэдгийг хэлсэн.   

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан