Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОЛОВСРУУЛСАН ТҮЛШ ТҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН АЙЛУУД ХЭНЭЭС ТҮЛШЭЭ АВАХ ВЭ, С.БАТ-ҮҮЛ ДАРГА АА

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс хязгаарлалтын бүс тогтоон, оршин сууж буй аж ахуйн нэгж, айл өрхийг түүхий нүүрс түлэхийг хориглоод байгаа. Тус бүсэд одоогоор зургаан дүүргийн 50 хороо хамрагддаг. Хязгаарлалтын бүсийг 2011 оноос тогтоож түүхий нүүрс түлэхийг хориглож, оронд нь боловсруулсан түлш хэрэглэж ирсэн. Үүний үр дүнд өнгөрсөн онд Гандан орчмын агаарын бохирдол 3.7 хувь, 39 дүгээр сургууль орчимд 15 хувиар багассан хэмээн нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээлж байсан. Гэтэл энэхүү үр дүнгээ өнөө өвөл үгүй хийх нь. Учир нь, хязгаарлалтын бүсийн айл өрхийн 50 хувийг түлшээр хангах Дулаан хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй мөн одоо ажиллаж буй шахмал түлшний жижиг үйлдвэрүүд ч түлш нийлүүлж чадахгүй гэдгээ хэлжээ. Иймээс хязгаарлалтын бүсийн иргэд дахиад л түлшний хомсдолд орох нь. Ингээд байдал ямар байгаа талаар Баянгол дүүргийн зарим хороогоор орж, боловсруулсан түлш борлуулах цэгүүд ажиллаж байгаа эсэхийг сурвалжиллаа.
Баянгол дүүргийн хяз­гаарлалтын бүсэд 12 мянга 461 өрх амьдардаг гэсэн тоо бий. Тус дүүргийн 23 дугаар хороо орчимд байрлах борлуулалтын цэгт өнгөрсөн жил очиж сурвалжлага хийж байснаа санаж дээрх газрыг зорилоо. Ойрын өдрүүдэд хүйтэрч уулаараа цас унаж, гэр хорооллын айлууд түлшээ бэлтгэж эхлээд байна. 23 дугаар хорооны түлш борлуулах цэгт очиход тус цэг нь хаалгаа нээх битгий хэл, ойрын хэдэн сар нээхээргүй янзтай харагдана. Хажуугаар зөрөх зарим иргэнтэй уулзахад өөрийгөө С.Хүрэл хэмээн танилцуулсан залуу “ Манай энд шахмал түлш ирэх бараа сураг ч алга. Гадаа хүйтэрч аргагүй эрхэнд түүхий нүүрс түлж байна. Нэгэнт л хязгаарлалтын бүс гэж тогтоож байгаа юм чинь түлэх түлшийг нь хангалттай нийлүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнгөрсөн жил түлшний хомсдолд орж, түлш ирэх үеэр борлуулалтын цэгүүд бөөн дараалалд дарагддаг байсан. Түлшний нийлүүлэлт бага байгааг далимдуулан борлуулагч нар хүртэл дамлаж зардаг. Өвөл хаяанд ирчихээд байхад түлшнийхээ асуудлыг шийдээгүй байна. Дэндүү юм аа. Ер нь боловсруулсан түлшний хүрэлцээ асуудал дагуулсаар ирсэн” гэсэн юм.
Үнэхээр ч хязгаарлалтын бүсэд боловсруулсан түлш олж харсангүй. Харин иргэд хүйтэнд даарч суухгүйн тулд аргагүй эрхэнд түүхий нүүрс түлж байгаа гэдгээ ч нуулгүй хэлсэн. Жихүүн хүйтэн өдөр хэн нялх хүүхдээ дааруулаад суух вэ дээ. Одоогоор олдож байгаа түлш нь нүүрс хойно яалтай ч билээ. Уг нь, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг ардын зүйр үг бий. Өнгөрсөн онд ч гэсэн боловсруулсан түлшний хүрэлцээ муу байснаас хязгаарлалтын бү­сийн олон айл зутруухан өвөлжсөн.
Гэтэл дээрх байдал энэ жил мөн л давтагдах нь бололтой. Харин нийслэлийн зүгээс хязгаарлалтын бүсийн тоог нэмсээр л байна. Цаашдаа ч мөн нэмэх бодлого барьж байгаа гэсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд  34 мянган тонн боловсруулсан түлш хэрэгтэй. Гэтэл үүнийг нийлүүлэх аж ахуйн нэгж олдохгүй байгаа гэнэ. Уг нь “Аморе интернэшнл” ХХК нь улсын төсвөөс 18 гаруй тэрбум  төгрөгийг хагас коксжуулсан түлш шахмал түлш барих үйлдвэрт төсөвлөсөн. Гэрээ ёсоор эхний ээлжийг 2011 оны арваннэгдүгээр оруулах байсан ч ороогүй. 2012 оны намар гэхэд бүрэн ашиглалтад өгөх гэрээтэй. Гэтэл өнөөг хүртэл тус үйлдвэрээс нэг ч түлш гараагүй. Тэгвэл үйлдвэр байгуулах явц хэр байгаа болон энэ жил боловсруулсан түлш нийлүүлэх эсэх талаар “Аморе интэрнэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатарсүрэнгээс тодруулахад  “Түлш үйлдвэрлэх ажил үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. ДЦС-2 ТӨХК-ийн үндсэн хоёр зуухыг янзлах шаардлага тулгарсан. Гэсэн ч бид энэ жил түлш нийлүүлэхээр ажиллаж байна. Технологитой холбоотой асуудал гарсан учир жил гаруй хугацаагаар хойшилсон. Уул уурхайн яамнаас 21 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу үйлдвэртээ өөрчлөлт хийгээд туршиж байна. Хэрэв туршилт амжилттай болбол бүтээгдэхүүн нийлүүлэх бо­ломжтой. Бүтээгдэхүүн гар­сан нөхцөлд үйлдвэр, агуулах бэлэн байгаа” гэдгийг хэлж байлаа.
Ямартай ч хязгаарлалтын бүсийн нийт түлшний 50 хувийг хангах үйлдвэр түлш нийлүүлэх талаар найдвар тавьж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ч гэсэн үйлдвэрийн зүгээс иймэрхүү тайлбар хийж  хугацаа авч байсан. Хэрэв туршилт амжилтгүй болж түлш нийлүүлэх бо­ломжгүй тохиолдолд яах вэ. Өнгөрсөн жил ч яахав жижиг үйлдвэрүүд хэр хэмжээндээ түлш нийлүүлсэн. Гэтэл энэ жил нийлүүлж чадахгүй гэдгээ илэрхийлээд байна.

Тонн нүүрсийг  80 мянган төгрөгт барих нь. Харин боловсруулсан түлш...

Тэгэхээр хязгаарлалтын бүсийн түлшгүй тэд яах вэ. Энэ тохиолдолд байгаагаар нь түүхий нүүрсээ л түлнэ. Тэгвэл хязгаарлалтын бүсийг тогтоох гэж зарсан хөрөнгө, түлшний үйлдвэр барихад  зарсан төсөв хөрөнгө үр ашиггүй зарагдах нь. Эл бүсэд агаарын бохирдлыг бууруулахад хэдэн төгрөг зарсан нь тодорхойгүй байна. Гэхдээ л хамгийн наад захын жишээ нь гэхэд ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр барихад 18.2 тэрбум төгрөг, дээр нь 121.6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, яндангийн шүүлтүүр 1000, 15 мянган гох зэргийг хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй олгосон гээд бодоход тоймгүй тоо гарах нь. Тэгээд ч хязгаарлалтын бүсийн иргэд боловсруулсан түлшний нийлүүлэлт хомс зэргийг нь далимдуулан хямд түүхий нүүрсээ түлэхээр зэхэж байна. Учир нь, өнгөрсөн жил тонн шахмал түлшийг 150 мянга, хагас коксжуулсан түлшийг 170 мянган төгрөгөөр бодож үйлдвэрүүдээс төр худалдан авч байсан. Тэгвэл энэ жил дээрх үнээс нэг их буухгүй гэдэг нь тодорхой. Харин нүүрсний тухайд энэ жил нийслэлийн хэрэгцээнд 700-800 мянган тонн хэрэгтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд  үнийг нь өсгөхгүйгээр то­дор­хой хэмжээнд барих мөн нийлүүлэлтийг нь тасал­дуулахгүй байх арга хэм­жээ авч эхэл­жээ. Засгийн газраас тонн  нүүрсийг 80 мянган төгрөгт барина гэсэн чиглэл л өгсөн гэнэ. Үүнтэй холбогдуулан дүү­рэг, хороодод нүүрс бор­луулах цэгүүд байгуулаад эхэл­сэн харагдана билээ. Одоогоор хэчнээн хэмжээний боловсруулсан түлш нөөцлөөд байгааг нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Бат­сайханаас  тодруулахад “ Одоогоор 4000 тонн орчим тонн түлш нөөцлөөд байна. Ихэвчлэн үртсэн шахмал түлш. ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж буй  хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр өнгөрсөн жил ашиглалтад ороогүйгээс түлш нөөцөлж чадаагүй” гэж хэлж байлаа.
Энэ жил 35 мянган тонн боловсруулсан түлш хэрэгцээтэй гэж байгаа ч өнөөдрийн байдлаар дөнгөж 4000 тонн түлш нөөцөлсөн байна гэдэг даанч хангалтгүй тоо санагдана. Үртсэн түлшний гол түүхий эд үртэс. Гэтэл манайд мод үйлдвэрлэх үйлд­вэр цөөн тул үртсээр хангах боломжгүй гэнэ. Харин ОХУ-аас үртэс авах боломжтой ч тээврийн зардал өндөр. Тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг.
Үүгээр зөвхөн Баянгол дүүргийхнийг хангана гэвэл 7.6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Нийт 600 тонн орчим үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой гэж албаныхан хэлсэн. Ингээд бодохоор дахиад үртсэн түлш хийх гэж төсөв хөрөнгө батлуулах шинжтэй...

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
УТАА ЭХЭЛСЭН БАЙНА ХҮЙТРЭЭД ГАЛ Л ТҮЛЖ БАЙГАА БОЛ УТАА ГАРЧ Л ТААРНА ТЭНЭГ НОВШНУУД УТААГААР БАЯЖААД Л ҮҮЛ БОЛ СДА ШДЭ
Хамгийн их уншсан