Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХАД НАМУУД САНАЛ НЭГДЖЭЭ

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдаж, УИХ-аар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэн, авч хэлэлцдэг. Бүлгүүдийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн таван хуулийн төслийн талаар голлон ярилцаж, шийдвэрээ гаргасан байна. Ямар ч байсан бүлгүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж, хэлэлцэн батлахад санал нэг болсон байна.

“ШУДАРГА ЁС” БҮЛЭГ: Хөрөнгө оруулагчдад тавих 15 тэрбум төгрөгийн босгыг нягтална  

Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт тус бүлгийн гишүүн Д.Батцогт орж ажиллаж байгаа гэнэ. Харин Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт нь бүлгийн гишүүн Г.Уянга орсон байна. Хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгахын тулд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Бүс нутгаар хөдөө орон нутаг, нийслэл гэж ялгаж авч үзэх ёстой гэж гишүүд санал нэгджээ. Ялангуяа, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж өгөхийг илүү тусгах хэрэгтэй гэсэн байна. Хөрөнгө оруулалт хийх салбарыг нийтэд зарлаж, татварын орчныг сайжруулах нь зөв гэж “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Хүнд, хөнгөн үйлдвэрлэл гэж заах нь бэрхшээлтэй учир татварын орчныг 8-12, 10-12 жил гэж сонгуулийн цикльтэй харгалзуулан тусгах ёстой гэж бүлгийн гишүүдээс санал хэлсэн байна. Ажлын хэсэгт орж ажиллаж буй Г.Уянга, Д.Батцогт гишүүнээр дамжуулан “Шударга ёс” бүлгийнхэн зарчмын зөрүүтэй саналаа өгч, тусгуулах гэнэ. 17 төрлийн татвар байгаагаас хөрөнгө оруулагчдад дөрвийг тавьж байгаа аж. Нэмж татвар тогтоох ч боломжтой. 15 тэрбум төгрөгийн босго тогтоосон нь зарим салбарт их, заримд нь бага санагдаж байгаа. Тиймээс босго тогтоохыг харгалзан үзэж, мөн орон нутагт хөрөнгө оруулалт хийвэл дэмжлэг илүү үзүүлэхийг хуулийн төсөлд оруулах санал “Шударга ёс” бүлгээс гарчээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тооцоо, судалгаатайгаар хандаж ажиллахаар болсон байна.

АН-ЫН БҮЛЭГ: 2013 оны төсөвт тодотгол хийж, 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасна

АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарын мэдээллийг сонссон аж. Хө­рөнгө оруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээллийг бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. Гишүүд 2014 онд эдийн зас­гийн өсөлт бодит байх ёстой, нөх­цөл байдалд зөв дүн шинжилгээ хийхгүй бол олон хүндрэл учирч байна гэжээ.
Төсвийн шинэчлэл хийх шаардлагатай учир намрын чуулга­наар 2014 оны төсөв хэлэлцэхдээ үүнийг тусгахаар болж. ДНБ-ий өсөлтийн 40 хувь төсвийн орлогоос хамаардаг байхаар хуульчилсан нь хэр оновчтой, бодитой зүйл вэ гэдгийг хэлэлцэх ёстой гэнэ. Энэ хийсвэр өсөлт төсвийн орлогод нөлөөлж байна гэж үзжээ. 2012 оны хөрөнгө оруулалт хэр бодитой тусан, гүйцэтгэл ямар байгааг ч нягталж, олон жилээр саатсан бүтээн байгуулалтын учир шалтгааныг олж тогтоох гэнэ. Үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн барилгуудыг зарлаж, 2014 оны төсөвт мөнгө тусгуулахгүй, хасах арга хэмжээ авах юм байна. Нийтдээ 500  тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болжээ. Ингэснээр ирэх оны төсвийг зөв тооцоолоход тустай гэж үзжээ. Зөвхөн нийгмийн шинж чанартай болон бодит хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэв. Барилгажилтаас илүү боловсрол, инновац, жижиг дунд үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийг онцгой анхаарч хөрөнгө оруулалт хийдэг болох аж.
Харин Засгийн газраас оруулж ирсэн таван хуулийн төслийн гурвыг үргэлжлүүлэн нь хэлэлцэхээр болжээ. Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхэд бусад намын бүлэгтэй ойлголцох байх гэсэн юм. Алтны тухай, “урт нэртэй” хуулийн төслийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөлд намуудтай санал нэгдэх ёстой гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн. Ажлын хэсгүүд байгуулж, хуулийн төслүүдийг яаралтай батлах ёстой гэв. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг хувийн хэвшил, намуудын саналыг сонсч, 60 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан байна. Жижиг, дунд гэхгүйгээр бүх хөрөнгө оруулагчийг дэмжих ээлтэй хууль батлахыг зорьж байгаа аж. ЖДҮ-ийг уг хуулийн төслөөр дэмжихгүй байна гэсэн шүүмжлэл бий. Уг нь, ЖДҮ эрхлэгчдэд хууль, тогтоомжоор 234 төрлийн хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Иймээс ЭЗХЯ үүнийг анхааралдаа авч, ЖДҮ-ийн татварын орчныг дэмжих хууль эрхзүйн өөрчлөлт хийх шаардлагатай гэж бүлгийн гишүүд саналаа хэлсэн байна.
“Урт нэртэй” хуулийн төслийг хэлэлцэхдээ гол нь эдийн засагт гарах эерэг, сөрөг талыг дүгнэн үзэхийг чухалчлах гэнэ. Энэ хуулийн талаар бүрэн мэдээлэл иргэдэд байхгүйг далимдуулж, буруу зүйлд турхирч болохгүй. Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудыг үгүйсгэж болохгүй. “Урт нэртэй” хууль гарснаар далд эдийн засаг бий болж, алт хууль бусаар хил давуулах зэрэг сөрөг үр дагавар гарсан гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. Харин ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал сөрөг хүчнээс гарч байгаад “Нэг сайд, Засгийн газрыг огцруулснаар ажил сайжирдаг бол сайхан болохоор байлаа. Экспорт татарч, зах зээлд түүхий эдийн ханш унасан нь валютын савалгаа үүсгэж иргэдийн нуруунд ачаа болж ирсэн. Үүнийг далимдуулж болохгүй” гэсэн юм.
Ерөнхий сайдын мэдээллийг сонсоод бүлгийн гишүүд 2014 онд нүүрсний экспортыг нэмэгдүүлэн, энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн байна.

МАН-ЫН БҮЛЭГ: “Урт нэртэй” хуулийн журмыг хэлэлцэхээс өмнө газар дээр нь очиж танилцъя

Цөөнхийн бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн та­ван хуулийн төслөөс хоёрыг нь дэм­жиж явахаар болжээ. Энэ нь, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруу­лалтын сангийн тухай хуулийн тө­сөл. Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийн төслийг зарчмын хувьд дэм­жиж байгаа ч илүү сайжруулах зүйлүүд бий гэж үзсэн байна. МАН-ын бүлгээс ажлын хэсгийг А.Тлейхан гишүүн ахалж байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухай хууль өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалт нэмэх учиртай. 15 тэрбум төгрөг гэж аж ахуйн нэгжүүдийг хязгаарлах нэг талаас өрөөсгөл. Тогтворжуулалтын хугацаа чухал, хөрөнгө оруулалт татах агентлаг байгуулахыг төслөөс хасах санал гишүүдээс гарсан гэнэ. Хөрөнгө оруулалтын тухай болон Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулиас төсөлдөө хэрэгтэй заалтууд авах нь зүйтэй гэж ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан хэллээ.
Үлдсэн гурван төслийг сайтар ярилцах шаардлагатай гэжээ. Намын бүлгүүдтэй зөвшилцөх талаар УИХ-ын даргатай ярилцсан. Аль нэг нам хүч түрэн хуулийн төсөл батлуулдаг байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. УИХ зөвшилцлийн дүр төрхөндөө орж ажилладаг бо­лох ёстой хэмээн бүлгийн дарга Н.Энх­болд хэлсэн юм. Алтны тухай, “урт нэртэй” болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төс­лийг нэг бодлогоор зангидаж, Ашигт малтмалын хуульд тусгах ёс­той гэлээ. Мөнгөнөөс илүү байгаль ор­чинд ээлтэй хууль батлахыг МАН-ын бүлгийнхэн чухалчилжээ. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын ту­хай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө цуцлагдсан лиценз нь сэргэх газ­­­­­руудад очиж, танилцаад нэгдсэн ойл­голцолд хүрэх хэрэгтэй гэж тэд үзсэн байна.

Л.Номин

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан