Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хамаг Монгол” төслийн хаалт “Чингис”-ийн талбайд болно

Хөх толботой монгол түмнийг дуу хуураар нэгтгэж “Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлсэн МУГЖ С.Жавхлан өнөөдөр төслийн багийнхантайгаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа хамтатган “Хамаг Монгол” цомгийнхоо нээлтийг хийж, цомгоо элэг нэгт ахан дүүстээ хүргэж байгаа юм. Цомогт “Хамаг Монгол” төсөлд хамтран оролцсон Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш нарын уран бүтээл ч багтжээ. МУГЖ С.Жавхлангийн эхнэр уртын дууч Г.Эрдэнэчимэг Монгол түмний Зээргэнтийн шил хэмээх дуугаар эл цомгийг эхлүүлж байгаа гэнэ.
Цомгийн нээлтэд МУГЖ С.Жавхлан, “13 дугаар зуунд их Эзэн Чингис хаан маань зэр зэвсэг, цэргийн эрдмээр Хамаг Монгол улсаа нэгтгэж байсан бол бид дуу хуураар нэгдэж “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүллээ. Дэлхийн нөгөө бөөрөнд дайн болж, нэг нэгэн рүүгээ химийн зэвсэг онилж байна. Гэтэл бид тийм зүйл биш, тайван сайхан цаг байна. Бид ийм л азтай хүн” хэмээв.
“Хамаг Монгол” төслийн нээлтийг өнгөрсөн хавар гуравдугаар сард Монгол Улсаас эхлүүлж, өнгөрсөн зуны турш Тува, Халимаг, Буриад, Өвөрмонгол зэрэг улсад уран бүтээлээ хүргэжээ. Харин хаалтын ажиллагааг энэ сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулахаар болжээ.
Хаалтын ажиллагааг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй төр, засгийн удирдлагууд дэмжиж байгаа гэнэ. Харин тоглолтыг 99 морин хуурч, 99 уртын дууч эхлүүлж, гал бадраах ёслолыг үйлдэх гэнэ. Мөн тоглолтод дөрвөн улсын дуучдаас гадна, хөтлөгчид өөр өөрийн аялагаар тоглолтыг хөтөлж, МУГЖ Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, Ах дүү гурав болох СТА Т.Дэлгэрмөрөн, С.С.Амармандах, Х.Лхагвасүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгы уран бүтээлчид оролцох юм байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан