Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн 365 хоногт ЭХЯ юу хийсэн бэ

Эрчим хүчний салбарыг анх удаа бие даасан яам болгон зохион байгуулсан нь шинэчлэлийн Засгийн газрын үед тохиожээ. Байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаа улирч, өнгөрсөн саруудад ямар ажил хийснээ яамны төлөөллүүд тайлагналаа. Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоор ахлуулсан албаны дарга нар өөр өөрийн салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт өнгөрснийг танилцуулав.
Тус яам өнгөрсөн хугацаанд дулааны болон эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэх олон ажил эхлүүлснээ хэллээ. Тухайлбал, “ДЦС-3” компанийн 50 МВт-ын өргөтгөл, “ДЦС-4”-ийн хүчин чадлыг 100 МВт-аар нэмэх ажил эхэлсэн. 2013 ондоо амжиж ашиглалтад орох төлөвлөгөө гарчээ. Мөн “Амгалан ДЦС”-ын бүтээн байгуулалтын ажлыг гацаагүй болгож эхлүүлээд, газрыг чөлөөлсөн. Шинэ эх үүсвэр буюу “ДЦС-5”-ыг барьж босгох консерциумыг сонгож, ажлыг гараанаас хөдөлгөсөн. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт 50 мянган айлын хэрэгцээг хангах салхин станц хүлээн авсныг онцлов. Говийн бүсийн хэрэгцээг хангах Тавантолгойн цахилгаан станцын ажил ч эхэлж, 2017 онд ашиглалтад орохоор болж. Орон нутгийн 105 сумын хэрэглэгчдийн цахилгааны хангамжийг найдвартай болгожээ. Үүнд, эрчим хүчний дэд бүтцийг сайжруулсан нь эерэгээр нөлөөлсөн гэж яамны төлөөллүүд үзлээ. Тухайлбал, Завхан аймгийн Мөрөн-Могойн гол-Тэлмэн чиглэлийн 110 вВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Тэлмэн дэх дэд станцыг ашиглалтад оруулж амжсан байна. Мөн нийслэлийн 12200 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулсныг дуулгав. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 89.8 км урттай кабель шугамыг сольж шинэчлээд “Баянзүрх”, “Ваар” дэд станцын хүчин чадлыг өсгөсөн нь доголдол гарахгүй байх үндэс болжээ. Ийнхүү 4500 айл өрхийг шинээр эрчим хүчтэй холбосон бол зургаан дүүргийн 7700 айл өрхийн цахилгаан хангамжийг чанартай болгосон гэв. Эцэст нь хэлэхэд, нийслэлийн дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулж, шаардлагатай хэсгийг бүрэн шинэчилсэн учир нийслэлийн хэмжээнд дулаан өвөлжих боломжтой аж. Нөгөөтэйгүүр, аймгийн төвийн хэрэглэгчдээ дулаанаар таслахгүй байхад анхаарчээ. Нэн ялангуяа Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвд шинээр ДЦС барьж, заримыг нь 2014 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Энэ долоо хоногт Сүхбаатар аймгийн Баруун-Урт дахь дулааны станцыг ашиглалтад авах юм байна.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан