Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АХМАДАА ХҮНДЭТГЭСЭН “АХМАДЫН БАЯР”

Олон улсын ахмадын баярын өдөр өчигдөр тохиолоо. Манай улсын нийт хүн амын зургаан хувийг эзэлдэг ахмад настнууддаа Нийслэлийн ахмадын хороо, Засаг даргын тамгын газраас хүндэтгэл үзүүлэн “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ жил Ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 45 жилийн ой тохиож буйн дээр манай ахмад тамирчид Олон улсын ахмадын хүндийн өргөлтийн тэмцээнд амжилттай оролцож, үнэмлэхүй ялалт байгуулсан баярт үйл явдлууд давхцсан нь эл баяр өмнө жилүүдээс өргөн дэлгэр болж буйн шалтгаан нь. Аливаа юманд эртэч ахмадууд маань 12:00 цагт эхлэх хурлаас цаг орчмын өмнө цугласан байлаа. Эрээн торгон дээлийн энгэрийг алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлийн хүндэтгэл болсон одон медалиар цоолоогүй хүн цөөн байв. Соёлын төв өргөөний үүд өнгө өнгийн дээл хүрмээр гоёсон өндөр настнуудаар дүүрч, жин үдийн нарны цацраг жирийтэл эгнүүлсэн одон мядальд нь ойн туяарна. Он, оны гавшгайчаас аваад, олон хүн хүртээд байдаггүй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алдарт эхийн I, II одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн баатар, 1939 оны Халх голын тулалдааны тэмдэг, 1945 оны чөлөөлөх дайны одон медаль гээд л дэндүү чамин хийцтэй, дээл хүрмэндээ ч гоёдсон өнгө алаглах одон тэмдгүүдээр энгэрээ чимсэн ахмадууд эгнэн зогсч элдвийг хуучлах нь сэтгэлд нэг л дотно. Ойр ойрхон уулзаж хөөрөг зөрүүлэн хуучлаад байдаггүй өвгөн ах нар залуу насаа дурсан ярьж хүд хүд инээлдэх бол насны хяруу санчигийг нь бүрхсэн ч намбалаг хийгээд толиотой эмээ нар торгон дээлээр ижилсэх нь цаанаа л нэг өнгөлөг. Өтөл нас өвөө, эмээ нарыг маань хүүхэд шиг гэнэхэн хэр нь уян зөөлөн болгодог аж. Удаан уулзаагүй танилууд уулзаж, баярын нулимс унагах нь ч цөөнгүй харагдсан. Удсан ч үгүй хүндэтгэлийн ёслол эхлэх болоход арай ахмад нэгнийгээ түшиж тулсан азай буурлууд маань ёслолын ажиллагаа болох танхим руу орон байраа эзэлснээр ёслол эхэлсэн юм.
Нийслэлийн “Ахмадын хороо”-ны дарга Р.Банзрагч хүндэтгэлийн ёслолыг нээн хэлсэн үгэндээ “Нийслэлд амьдарч буй 90 гаруй мянган ахмадыг баярын арга хэмжээнд хамруулах Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран бүх дүүрэгт нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ өдөр зөвхөн баярлаад зогсохгүй нийслэлд оршин суудаг ч харьяалалгүй ахмадуудыг бүртгэлжүүлэх арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Дөнгөж сая Чингэлтэй дүүрэгт 4621, Багануур дүүрэгт 996 ахмадыг бүртгэсэн мэдээлэл ирлээ. Түүнээс гадна баяр гэхээс илүүтэй ахмадуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой учир эл баяр, хуралд аль болох олон хүн хамруулахыг хичээж байна” гэсэн бол Улаанбаатар хотын Засаг дарга С.Бат-Үүл “Юуны өмнө ахмад буурлууд та бүхэндээ баярлалаа. Өнөөгийн нийгэм, эх орон, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө дайны гал дундуур давшин явсан гавьяатнууд ч та бүхний дунд байгаа, их бүтээн байгуулалтын он жилүүдэд ирээдүй хойчийг бүтээхээр амь бие үл хайрлан зүтгэж, хөлс хүчээрээ бүтээн босгосон улс орны эзэд ч энд бий. Үр ач бидэндээ хүлээлгэн өгсөн өндөр хариуцлагыг тань даан ажиллах болно. Нялуунаас шулуун нь дээр гэдэг. Олон зүйл нуршилгүй хэлэхэд та нартаа хайртай шүү” хэмээн онцолсон. Холбогдох албаны хүмүүс болоод ахмадуудын төлөөлөл тайзнаа гарч үг хэлсний дараа шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлж хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч, залуус хүүхдүүдэд үлгэр дууриалал болсон 20 гаруй буянт ахмадуудыг шагнаж урамшуулсан. Тэдний дотор дэслэгч хурандаа, автобус баазын жолооч, Мото спортын олон улсын хэмжээний мастер П.Раднаабазарыг Алтан гадас одонгоор шагнасан юм. Хурлын үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

П.Раднаабазар: Юу чадна түүгээрээ туслахад бэлэн байна

-Юуны өмнө эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаасанд баяр хүргэе, мөн ахмадын баярын мэнд?

-Баярлалаа. Миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, төр засгаас ийм эрхэм сайхан алдрын эзэн болгосонд туйлаас их талархаж байна. Мөн энэ завшааныг ашиглан нийт ахмадууддаа Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
-Энэ жилийн ахмадын баяр их өргөн дэлгэр болж байна. Аймаг, дүүргүүдийн ахмадын хороод хийсэн ажлаа хэлэлцэн дүгнэж, ахмад буурлууддаа тайлагнаж байна?
-Тийм ээ, хийсэн ажилтай хэлэх үгтэй хүмүүс сайхан шүү. Нийслэлийн ахмадын хорооноос чамгүй ажил хийдгийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ болж байна. Ахмад буурлууд, өндөр настнуудаа сонсч, тэдэнд хүрч ажилладгийн хувьд бидний зүгээс баярлах нь зүйн хэрэг. Миний хувьд армид байхдаа мото спортоор хичээллэж спортын мастер болсон. Насаараа л энэ спортоор хичээллэж олон ч уралдаан тэмцээнд байр эзэлж байлаа. Мөн нийтийн тээврийн том оврын автобус 20 гаруй жил жолоодож байна. Одоо тэтгэвэртээ гарсан ч ажлаа хийсээр л байна. Миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж алтан гадас одонгоор шагнасанд дахин дахин талархсанаа илэрхийлье.
-Засаг дарга С.Бат-Үүл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэтгэвэртээ гарсан ч ажиллаж буй ахмадуудыг тухайн салбарын залуу үеийнхэнд зөвлөгөө заавар өгдөг болгох тухай дурдлаа?
-Миний хувьд яг нийгэм солигдох шилжилтийн үед тэтгэвэрт гарсан. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг болохоор нийгмийн хөгжил бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах үүднээс авто засварын газар ажиллуулж байлаа. Ер нь, цэрэг армийн бид эрт тэтгэвэрт гардаг болохоор залуу халуун насаа хий дэмий үрэхгүй гэсэндээ олон ч зүйл оролдож байсан даа. Одоо ч гэсэн автобусаа жолоодоод болж л байна. Хэрэв залуу үеийнхэнд зөвлөгөө заавар өгч, хамтран ажилла гэвэл болохгүй юм байхгүй ээ. Юу чадна, түүгээрээ туслахад бэлэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1993 оноос хойш тасралтгүй ажиллаж ирлээ.
Бидний яриа ийн өндөрлөхөд шагнал гардуулах ёслол ч дуусч Соёлын төв өргөөний төв танхимыг дүүргэсэн ахмадуудад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон үндэсний урлагийн тоглолтуудаа сонирхуулсан. Ийнхүү хийсэн гавьяатай, хэлэх үгтэй, эх орон ирээдүй хойчийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ахмад буурлууд маань баяраа тэмдэглэлээ. Алтайн уулс шиг нөмөртэй, ачлал буян түгээгч ахмад буурлууд та бүхэн минь 100 наслаарай.
Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
БАТУУЛЭЭ НАСТАН БУУРЛУУДАД ХАЙРТАЙ ЮМ БОЛ ТЭТГЭВЭРЭЭ НЭЧИХЭЭЧ ХУДЛАА ХАЙРТАЙ ШУУ ГЭЖ ХЭЛЖ БАЙХЫН ОРОНД ЭНЭ УЛСУУД МОНГОЛ УЛСЫНХАА НУТАГ ДЭВСГЭРИЙГ БАЯЛАГИЙГ ЯМАР ГАДНЫХАН ОГООГУЙ БУРЭН БУТНЭЭР НЬ ТА НАРТ ХАДГАЛЖ ИХ БАЯЛАГАА ОГСОН ОДОО ТЭГВЭЛ ХАР ДАА ХАМАГ БАЯЛАГИЙГ ХЯТАДУУД УХААД ХОЙЧ УЕД ЮУ Ч УЛДЭЭХГУЙ ХАМААД ДУУСЛАА
тэтгэвэрээ настан буурлуудад нэмчихээч
Hudalch baliar huuhen. Yaaj bie ueneldeg talaaraa yagad yariaguin bee?????? Gadaad uvgubuudee yariachee. Tsagiin hedeer yavdag aa heleech chi. Neh hudla sain hun shg. Chamaig mediishde.
Хамгийн их уншсан