Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БЯМБАА: ТАЙЗАН ДЭЭР ГАРСАН Л БОЛ БҮХ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ГАРГАХ ЁСТОЙ

ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаатай ярилцлаа. Тэрээр бүжиглэхээс гадна “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйгийн дүрийг чадварлаг бүтээсэн юм. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн бэлтгэлтэй давхцуулан бидний яриа тайзны ард өрнөсөн юм.

-Яг одоо ямар уран бү­тээлийн бэлтгэлтэй байна вэ?
-Нөгөөдрөөс нээлтээ хийх “Сүнжидмаа” дуулалт жүжгэн дээр ажиллаж байна. Өмнө нь тоглож байсан уран бүтээлийг сэргээн тавьж байгаа. Ирэх сард “Их хатдын домог” бүжгэн жүжгийг тоглоно.
-“Эрх цагаан унага” хүүхдийн жүжиг тоглогдоод дууссан. Хүүхдийн жүжигт тоглох бас бүжиглэнгээ жүжиглэх хэр байв?
-Саяхан нээлтээ хийгээд дууссан. Ирэх сард дахин хүүхдүүдийн амралтад зориу­лан тоглоно. Цуутын цагаагч гүү “Энэ сайхан газар нутгаа элэг зүрхнээсээ хайрлаж яваарай, ойлгосон уу хүүхдүүд ээ” гэхээр үзэгчид маань зэрэг “Ой-лго-сон” гээд л зэрэг хэлэх нь их хөөрхөн байсан. Тоглолт бүрийг маань танхим дүүрэн үзэгч үзсэн.
-“Зэрэг цэцэгсийн хү­лэмж” киноны Яргуйн дүр, “Эрх цагаан унага” жүжгийн Цуутын цагаагч гүүний дүр хоёр тэнгэр газар шиг эсрэг дүр...?
-“Зэрлэг цэцэгсийн хү­лэмж” дээр аальгүй, маягтай эмэгтэйн дүр дээр ажилласан. Харин “Эрх цагаан унага” дээр эх хүний дүр дээр ажилласан.
-“Эрх цагаан унага” жүжиг маань үзэгч дүүрэн байсан бол “Зэрлэг цэцэг­сийн хүлэмж” киноны билет олдохгүй байгаа. Гэхдээ Яргуйн дүр илүү өргөн хүрээг хамарч үзэгчдэл хүрсэн. Анхны дэлгэцийн уран бүтээл шүү дээ?
-Кинон дээр гарч байгаа дүрээс миний зан шал эсрэг л дээ. Мэргэжлийн жүжигчин биш болохоор чадахгүй зүйл их байсан ч Урнаа эгч, Ганаа эгч, Ганаа гурав маань надад маш их заасан. Энэ үгийг ингэж хэл гээд л сургасан. Хүмүүст хүрч чадаж байгааг нь сонсох гоё байна.
-Анх киноны саналыг хэн тавьсан бэ?
-Гавьяат жүжигчин Ур­наа эгч намайг дүрийн шал­гаруу­лалтад ороод үз гэсэн. Анх айж байсан ч шалгаруулалтад ороод тэнц­сэн. Намайг сонгосныг нь сонсоод “Намайг чадна гэж бодсон учраас л сонгож. Тийм болохоор би чадах л ёстой юм байна” гэж дотроо бодсон.
-Бүжигчин гэж дуудуулж байсан бол одоо жүжигчин гэх боллоо. Бүжигчин, жү­жиг­чин хоёр хэр ялгаатай байна вэ?
-Би Хөгжим бүжгийн коллежийн бүжгэн жүжгийн ангийг төгссөн. Бидэнд жү­жиглэх уран чадварын хи­чээл ордог байсан ч үггүй жү­жиглэхийг заадаг байсан л даа. Жүжиглэх урлаг бол маш ухаан шаарддаг. Бүжиг­лэх ч гэсэн үүнээс ялгаагүй. Бид тайзан дээр маш их хөдөлмөрлөж, хөлсөө гар­га­даг. Ингээд харахаар жү­жиглэх бол оюун санааны хүч шаарддаг, бүжиглэх би­еийн хүч шаарддаг гэдгийг ойл­госон.
-Өмнө нь бүжиглээд л чуулгынхаа уран бүтээлд орол­цоод явдаг байсан бол одоо кинонд тоглолоо. Удах­гүй шар хэвлэлүүд өө­рийг чинь онилж эхэлнэ. Янз бүрийн дайралт ч хийнэ. Тэр бүхэнд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
-Бэлтгэлтэй байгаа. Урла­гийн хүмүүс янз бүрийн маг­таал, шүүмжийг сонсох л ёстой. Тэр болгоныг хүлээж авна гэж бодож байна. Болохгүй байгаа зүйлийг маань олж харсан бол өшөө шүүмжлээд өгөөсэй. Тэгвэл тэр бүрд нь засаад явна.
-Ахиж кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?
-Намайг чадна гэж итгэл хүлээлгэвэл үзээд л алдана. Залуу насандаа чадах бүхнээ л хийхийг хүсч байна. Би цаашид чуулгаасаа гадна “GUG” групптэй хамтран драмын жүжиг тавихаар болсон. Он гаргаад бас нэг кинонд орох төлөвлөгөөтэй байгаа. Залуу насанд завгүй байх л хамгийн их аз жаргал.
-Бүжигчин гэхээр л хүмүүс маш сайхнаар хү­лээж авдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүндтэй алдрыг дагаж хариуцлага нэмэгд­дэг юм шиг?
-Бүжигчин гэдэг бол хувь хүнийг маш тэвчээртэй, хатуу­жилтай, хүч чадалтай болгодог мэргэжил л дээ. Багаасаа сунгалт хийгээд л хатуужаад эхэлнэ. Одоо бол амжилтын төлөө тэвчих, гүрийх үе зөндөө. Тэгээд амьдрал дээр ч гэсэн эмх цэгцтэй болгочихдог.
-Хөгжим бүжгийн кол­ле­жийн сурагчид маш ачаа­лалтай, чөлөөт цаг багатай сурдаг. Энэ ч гэсэн амьдралд тань нөлөөлсөн болов уу?
-Тэгэлгүй яахав. Анх хөгжим бүжигт элсч байхад манай тэнхмийн багш Н.Оюун бид нарт суурь хүмүүжлээс гадна бүжигчин хүн ямар байх ёстой, гоо зүй гэж юу болохыг зааж сургасан гэж боддог. Ер нь, ганцхан надад гэлтгүй хөгжим бүжгийг төгссөн бүх хүүхдэд гоо зүй, ухаан талаас нь маш их зүйл сургасан. Одоо ингээд бүжиглээд явж байгаа маань ч гэсэн сургуультай маань холбоотой.
-Хөгжим бүжгийн кол­лежид хэрхэн элсэв. Энэ хэний шийд байсан бэ?
-Би багаасаа л бүжигчин болохыг мөрөөддөг байсан. Хэн ч намайг шахаж шаар­даа­гүй. Нэг удаа шалгалт авч байна гэж сонсоод л най­зуудтайгаа очоод шалгуул­сан чинь тэнцсэн. Ингээд л аав, ээждээ хэлтэл намайг маш их дэмжсэн л дээ.
-Урлагийн сургуульд су­рахад  ар гэрийн дэмжлэг маш их нөлөө үзүүлдэг?
-Охин нь бараг гэртээ үзэгдэхгүй байхад хэн дуртай байх вэ дээ. Гэхдээ л манайхан намайг их дэмждэг байсан.
-Балетад цагаан хунгийн 32 эргэлт алдартай. Үүнийг хийж сурч байж л балетчин болдог гэдэг. Үндэсний бүжигт маань иймэрхүү ал­дартай хөдөлгөөн юу бай­даг билээ?
-Бид пормоо алдахгүйн тулд үндсэн бэлтгэлдээ балетыг оруулдаг. ҮДБЭЧ-ын бүжигчид сонгодог, үндэсний бусад төрөл гээд бүх бүжгээ л хийдэг. Монголын хамгийн том үндэсний урлагийн чуулга шүү дээ. Тэр ч утгаараа сайн, сайн бүжигчид бий. Монгол бүжигт бол мөрний сугсралт, хөлний жороо гээд хэцүү элементүүд бий.
-ҮДБЭЧ зунжин жуулч­дад зориулсан тоглолт зохион байгуулдаг. Гадаа­дын хүмүүс үндэсний бүж­гийг маань хэрхэн хүлээж авдаг вэ?
-Жуулчдад зориулсан тог­лолтын хувьд бид тоглочихоод л яваад өгдөг. Тэгэхээр үзэгчидтэй уулзах боломжгүй. Харин гадаад аялан тоглолт, фестивалиудад оролцоход хү­мүүс ирж уулздаг. Монгол бүжиг ихэвчлэн морины сэдэв­тэй байдаг шүү дээ. Морин дээрээ ташуураа барьчихсан бүжиглээд л. Тэрийг хараад л “Монголчууд үнэхээр хиймор­лог ард түмэн юм аа. Бүжиг нь хүртэл морины тухай” гээд л баяр хүргэх тохиолдол зөн­дөө гардаг. Манай чуулга чинь маш олон бүжигчинтэй. Ма­найх шиг 50 гаруй бүжиг­чин­тэй чуулга байхгүй болохоор гадаадынхан маш сайхан хүлээж авдаг.
Бие халаалтын дараа үргэлжилсэн бидний яриа “Сүнжидмаа” дуулалт жүж­гийн сургуулилалт эхэлснээр түр завсарлав. Бүжигчин бүсгүй маань “хувцсаа сольчихоод ирье” гэсээр өрөө рүүгээ гүйчихлээ. Саяхан бэлтгэлийн хувцастай бие халаалт хийж байсан бүсгүй урт гэзэг унжуулан, монгол дээл өмссөн гарч ирэв.
-Ямар хурдан хувцсаа солио вэ. Ингэж хурдан со­лих нь хэвийн үзэгдэл бол­чихсон уу?
-Хэвийн. /инээв/ Нэг номер тоглоод л хувцсаа солино. Биднээс асар хурдан хувцсаа солихыг уран бүтээл маань шаарддаг л даа.
-Манайхан хүнд нөхцөлд гадаадад тоглолтоор явда­гийг уран бүтээлчид маань ярьдаг л даа. Үндэсний урлагтаа анхаарал жаахан муу тавиад байна уу л гэж харагддаг?
-Нэг үеэ бодвол гайгүй болсон. Ардын урлагт хүмүүс сэтгэл тавиад эхэлчихсэн. Гэхдээ үүнээс илүү сэтгэл гаргахгүй бол манай урдаа барих ганц үндэсний урлаг маань л энэ шүү дээ. Үндэсний урлагаа хөгжүүлэх гэж хичээж байгаа бид чинь сэтгэлээрээ жаргалтай байдаг. Дуртай ажлаа хийгээд явдаг болохоор сэтгэлээрээ маш баян хүмүүс.
Биднийг тайзны ард ийн ярилцаж суухад тайзан дээр “Сүнжидмаа” дуулалт жүжгийн бэлтгэл явж байв. Удалгүй нэгэн уянгалаг хөг­жим эгшиглэж эхлэхэд бүжигчин бүсгүй маань нүдээ том болгон “Цэцгийн мишээл...” гэснээ “Түр хүлээгээрэй” гээд гүйгээд яв­чихлаа. Инээмсэглэн бү­жих бүсгүйчүүдийн хэсэг энэ жүжгийн нэгэн чимэг ажээ. Удаан хүлээлгэсэнгүй “Болчихлоо. Одоо хувцсаа сольчихоод ирье” гээд дахиад л гүйчихлээ. Хоёрхон минутын дараа дахин өөр өнгийн үндэсний бүжгийн хувцастай цацал барьсаар инээмсэглэн ирэв.
-Үндэсний бүжиг бүжих нь нэг бодлын сайхан юм аа. Монгол эмэгтэйчүүдийн хийх ёстой мөртлөө тэр бүр хийгээд байдаггүй зүйлийг хийгээд. Одоо бол цацал өргөдөг эмэгтэй бараг л үгүй?
-Хөдөө л цацлаар сүүгээ өргөдөг байх. Гэхдээ би гэртээ сүү, цайны дээжээ өргөдөг. Цацлын мод байхгүй л дээ. Гэхдээ халбагаар ингээд л өргөчихдөг. /дээж өргөж буй мэт үзүүлэв/
-Бүжиглэх, жүжиглэхээс өөр урлагийн авьяас юу байна. Хөгжим бүжгийн төгсөгчид ямар нэг хөгжим тоглож сурсан байдаг?
-Нот хараад төгөлдөр хуур тоглож чадна. Уг нь, заалгасан юм. Даанч одоо мартсан байх л даа. Гэхдээ оролдвол чадах байх. Миний эгч бас хөгжим бүжгийн хийл, хуучир хөгжмийн ангийг төгссөн. Одоо “Алегро” хөгжмийн сургуульд багшилдаг.
-Эгч гэснээс айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх таван охинтой айл. Би дээрээсээ хоёр дахь нь. Гэхдээ эгч бид хоёр л урлагаар явсан. Гурван дүү маань өөр мэргэжил сонгосон.
-Амжилтад хүрсэн эмэг­­тэй­чүүдийг харахад өө­рий­гөө маш өнд­рөөр үнэлж, итгэлтэй байс­наар зорь­сондоо хүрсэн мэт харагд­даг. Эмэгтэй хүний үнэлэм­жийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Эмэгтэй хүн өөртөө л таалагдах ёстой юм болов уу гэж боддог. Өглөө өөрийгөө толинд хараад инээмсэглэж чадаж байвал тэр өдөржин яг л тийм эрч хүчтэй өнгөрдөг. Тэгэхээр эмэгтэй хүн бусдад гэхээсээ илүү өөртөө таалагдах ёстой л гэж боддог.
-Сая сургуулилтын үеэр инээмсэглээд л бүжиглэж бай­­­­­сан. Гэхдээ хүний амьд­рал өдөр бүр сайхан бай­даг­­гүй. Уй гуниг, зовлон ша­­на­лал тохиолдсон үед үзэгч­­дийн өмнө ингээд и­нээ­гээд гарах хэцүү байх даа?
-Гэхдээ л би хэчнээн уй гунигт автсан ч үзэгчид намайг ойлгохгүйгээс хойш тэдний өмнө гуниглах эрхгүй л дээ. Тэглээ гээд тайзан дээр худлаа инээж болохгүй. Тийм болохоор тайзан дээр гарсан л бол бүх зүрх сэтгэлээ гаргах ёстой. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Ээжийгээ алдаад өглөө нь нутаглуулчихаад өдөр нь тайзан дээр гарсан. Урлаг ийм л хатуу мэргэжил.
-ҮДБЭЧ-д бүжиглээд 10 жил болж байгаа гэсэн. Бү­жиг бол залуу насны урлаг шүү дээ. Тэгэхээр хүсэл мөрөөдлийн тань талаар сонирхож болох уу?
-Бүжгийн бүх төрлөөр өөрийн­хөө чадах чинээнд хүртэл бүжиглэхийг хүсч байна. Би МУИС-д урлаг судлаач, багшийн мэргэжлээр сурч төгссөн. Цаашид ардын урлагийн ном гаргах бодолтой яваа. Бусад хүнийг бодвол дотор нь ажиллаж байгаа болохоор арай илүү нөөц бололцоотой. Үндэсний бүж­гийг өмнө нь гэртээ биелгээ хийхээр төсөөлдөг байсан бол одоо хөгжөөд сонгодог болон бусад төрөлтэй холбогдоод сайхан болж байна. Тийм ч учраас чаддаг зүйлээрээ хойч үедээ туслах, сургах гээд хийх ёстой олон ажил байна. Бид чинь 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарах ёстой. Залуу насны урлагт хүчин зүтгэж байгаа ч үүнийхээ хажуугаар өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд бэлтгэх хэрэгтэй.
-Жүжигчид хүүхдээ жү­жиг­чин болгох тун дургүй харагд­даг. Та өөрийн охи­ноо мэргэжлээ сонгоход нь нөлөөлөх үү?
-Би багаасаа л өөрийнхөө ирээдүйг төсөөлж, мөрөөдсөн замаараа явсан. Тийм боло­хоор хүүхдийнхээ амьд­ралд оролцохгүй. Одоо чинь дургүй мэргэжлээ эзэмшчихээд ажил­даа ч амжилт гаргахгүй яваа хүн олон байна. Тийм болохоор охин маань өөрийнхөө л зүрх сэтгэлийг дагаг.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
ygaad antarhaad bgnbee zovj amidral vzsen hvnl bnshdee ene postiig bicheed muulaad atarhaad suuj bhadchin zavsar zaigvi ajilav zvil garsanch taizandeeree ineeged yvj bdg mundagl hvn bndaa ai daa ene horvoo odoo tegeed sai gej bodson muu hvn baisniignch medelgv ineegeedl yvj bh ymdaa
Хүн засарч бас болдог юм шүү!
gaigui yavaa negiigee dandaa muulj baidag yu bolj bna.saihan ohin bna amjilt husie
Yaaj bie uneldeg gadaad uvgunuudtei yaaj zavaardgaa yaagad yariaguin bee??? Mediishde chamaig. Zavaan zavhai umhii huuhen.
ygaad antarhaad bgnbee zovj amidral vzsen hvnl bnshdee ene postiig bicheed muulaad atarhaad suuj bhadchin zavsar zaigvi ajilav zvil garsanch taizandeeree ineeged yvj bdg mundagl hvn bndaa ai daa ene horvoo odoo tegeed sai gej bodson muu hvn baisniignch medelgv ineegeedl yvj bh ymdaa
Хүн засарч бас болдог юм шүү!
Хамгийн их уншсан