Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаж франц бүсгүй шиг сайхан харагдах вэ

Франц бүсгүйчүүд ямар ч насан дээрээ гайхалтай сайхан харагдаж, хэзээд эмэгтэйлэг байдлаа хадгалж чаддаг улс. Тиймдээ ч тэд Францыг загварын эх нутаг болгож чадсан биз ээ. Эрүүл цэвэр арьс, хээнцэр дэгжин хувцаслалт, биеэ авч явах байдлаараа дэлхий дахинаа гайхагддаг, хэзээ ч таргалдаггүй, бас маш сайхан өтөлдөг гэсэн тодотголтой Франц бүсгүйчүүдийн нууцаас суралцах гэж орон орны эмэгтэйчүүд хичээдэг. Тэгвэл тэд маш энгийн дүрмүүдийг амьдралдаа, өдөр тутам мөрддөг байна. Коко Шанель, Брижит Бардо, Карла Бруни гээд сайхан бүсгүйчүүдээрээ алдартай франц бүсгүйчүүдийн гоо сайхны нууцаас хуваалцъя.


-Их арчилж, бага буд.


Франц бүсгүйчүүдийн арьс яагаад залуу цагийнх шигээ натураль хэвээрээ өтөлдөг вэ. Энэ бол тэдний ээжийнхээ жороор маш бага залуугаасаа арьсаа арчилсны үр дүн юм. Франц охид 12 настайгаасаа арьсаа зөв цэвэрлэж, хөгшрөлтийн эсрэг тосыг 20-иод наснаасаа түрхэж эхэлдэг. Мөн тэд жил бүр арьсаа оношлуулж, шаардлагатай арга хэмжээ авдаг байна. Гэхдээ мөнгөнд хэмнэлттэйгээр арьсаа арчилъя гэвэл зовхины тос, үрчлээний эсрэг тос гэх мэтийн нэмэлт үйлчилгээтэй тосыг тэд ойшоодоггүй.  Нэгэнт сайхан арчилсан арьсыг шавар ваар шиг болтол будах шаардлагагүй. Аль болох бага буд.  Франц эмэгтэйчүүд ихэвчлэн суурь крем түрхээд сормуусаа хөнгөхөн будаад, уруулаа өнгөлчихөд л хангалттай гэж үздэг.

-Үсээ бага угаа


Франц бүсгүйчүүдийн үс хэзээ ч хэт нямбайлан зассан юм уу хэт замбараагүй, хайш яйш харагддаггүй. Тэд төрөлхөөсөө л өтгөн, хөвсгөр, бас хэт анхаарч янзлаагүй юм шиг харагддаг. Тэгвэл ингэж харагдах нууц юундаа байна.
Үнэндээ энэ зөвлөгөө бүсгүйчүүдийг гайхашруулах биз. Франц бүсгүйчүүдийн үсээ сайхан авч явах нууц бол өдөр бүр үсээ угаах биш, харин долоо хоногт ердөө 2-3 удаа угаах гэнэ. Үсээ өдөр бүр угаах нь арчилж буй хэрэг биш. Тэд шампунь, өдөр тутмын угаалт зэрэгт төдий л ач холбогдол өгдөггүй боловч харин үс засалтандаа нэлээд анхаарал тавьж, 3-4 долоо хоног тутамд хамгийн үнэтэй, сайн үсчинд орж үсээ засуулж, арьс болоод нүдэндээ тохирсон өнгөөр үсээ будуулдаг байна.

-Хүссэн бүхнээ ид, гэхдээ багаар

Франц бүсгүйчүүдийг хэзээ ч таргалдаггүй гэдэг. Гэтэл тэд америкчууд шиг өдөр бүр дасгалын танхим зорьж, хөлсөө урсган биеэ зовоодоггүй. Бас хоол хүнсэндээ тэгтлээ хорио хязгаар тогтоогоод байдаггүй. Гэтэл яаж биеийн жингээ бариад байна гэж гайхаж байна уу. Тэд хоолноос хоолны оронд элдэв амттан шимттэн, жигнэмэг зэрэг идээд байдаггүй. Өдөрт ердөө гурван хоол. Өглөөний цай, өдөр ахиухан хоол, орой хөнгөхөн хооллоно. Тэд бас хоол идэхдээ эхлээд салат юм уу шөл иддэг. Мөн жигнэсэн хоол түлхүү сонгодог. Хэрвээ хоолны хооронд багахан амттан идчихмээр санагдаад байвал тэр үед халуун цай уухыг зөвлөж байна.  Үүн дээр нэмээд хэлэхэд, тэд спиртний төрлийн хатуу архи, шар айраг огт уудаггүй. Ганц хундага дарсыг бол харин зөвшөөрнө. 

-Алх, байнга алх.

Гунхалзан алхах гоо бүсгүйчүүд хотын гудамжны чимэг биш гэж үү. Франц бүсгүйчүүд бол фитнессийн фэн биш ээ. Гэхдээ тэд бие галбираа хадгалж чаддагийнх нь нууц бол байнга алхаж явдагт нь байдаг гэнэ. Тэдний гэр ажлаасаа хол байсан ч алхаж явахыг илүүд үздэг. Цахилгаан шатаар бус энгийн шатаар алхаж явахыг хичээдэг.

-Шүүгээнд заавал байх ёстой хувцас

Франц бүсгүйчүүдийг юу тэгж ганган хээнцэр харагдуулдаг вэ. Сонгодог хувцасны цуглуулга. Тэд шүүгээнд нь ямар хувцас заавал байх ёстойг сайн мэднэ. Бусад орны бүсгүйчүүд илүү дутуу, хэрэгтэй хэрэггүй хувцас хэрэглэлд мөнгөө үрдэг бол францчууд заавал байх ёстой, чанартай эдэлгээ сайтай хувцсанд л мөнгөө зориулдаг. Коко Шанелийн дэлхий нийтэд танилцуулсан жижиг хар даашинз,  харандаан банзал,  жинсэн өмд, тариачин маягийн сул цамц, ажил хэрэгч загварын хар өмд, улирал бүрт тохирсон хүрэм, пальто гээд эмэгтэй хүн бүрт байх ёстой хувцаснууд. Эдгээр хувцас хэзээ ч загварын чиг хандлагаас арчигддаггүй учир зарим франц эмэгтэй 30 настайдаа авсан хар банзлаа 60 гарсан ч өмсч л байдаг. Онцлог нь тэд бүс, эсвэл гоёл чимэглэлийн зүйлс, гутал зэрэг хослуулан өмсөх хувцсаа өөрчилснөөр хуучнаа шинэ мэт харагдуулж чаддаг. Нэмж хэлэхэд франц бүсгүйчүүд хэзээ ч гутал цүнхээ хослуулдаггүй гэдгийг  сануулъя.

-Эмэгтэйлэг бас чөлөөтэй бай

Эмэгтэйлэг байна гэдэг даашинз, банзал өмсөхийн нэр биш. Үс зүсэндээ анхаарал тавьж, хумсаа сайхан засуулж, өөртөө тохирсон хувцсаа өмсөхийг хэлж байгаа юм. Харин чөлөөтэй байхын тухайд спорт хувцас эсвэл пүүз өмсөхийн нэр биш. Өдөр бүр өндөр өсгийтэд уягдаад байлгүй хар өмдөө баллеринатай өмсөөд  яв л даа. Франц бүсгүйчүүдийн бас нэг заавал мөрддөг дүрэм бол тэд хоёр өөр өнгийн дотуур хувцастай хэзээ ч гадагшаа гардаггүй.

-Нууцлаг бай. Байнга инээмсэглэх хэрэггүй

Хэрвээ та ихэмсэг, эрхэмсэг эмэгтэй байхыг хүсвэл таарсан хүндээ далан булчирхайгаа тоочих хэрэггүй. Шаардлагагүй хүмүүсийг амьдралдаа оролцуулж, хошуу дүрүүлэх хэрэггүй. Бага зэрэг нууцлаг байх нь бусдын сэтгэлийг татдаг юм.  Францчуудыг тийм ч эелдэг хүмүүс биш гэлцдэг. Магадгүй энэ нь тэдний харсан бүхэн рүүгээ инээмсэглэдэггүйтэй ч холбоотой байж мэднэ. Франц эмэгтэйчүүд үнэхээр инээмсэглэмээр санагдсан үедээ л инээмсэглэдэг нь тэдний эрхэмсэг байдлыг хадгалдаг.

-Эелдэг бай

Францчууд байнга инээмсэглээд байдаггүй ч энэ нь тэд эелдэг бус гэсэн үг бас бишээ. Бусадтай сайхан харилцах, эелдэг байх нь хэнийг ч сайхан харагдуулна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Өглөө кекс, орой секс. Хэрвээ үр дүн багатай байвал гурилан бүтээгдхүүнийг хасах. энэ бол франц хүүхнүүдийн мөрддөг дэглэм
баяарлалаа
Хамгийн их уншсан