Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Соёмбо-Эрдэнэ: Мөнгө угаах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна


Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан Шүүхийн тухай багц хуулийн бэлтгэл ажил дүүргийн шүүхэд хэрхэн явж байгаа талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэтэй ярилцлаа.

-Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх бэлт­гэл ажлыг ирэх сарын 1 хүр­тэл хийх ёстой. Танай дүүргийн шүүх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх бэлтгэлээ хангасан уу?
-Шүүхийн тухай багц хууль батлагдсанаас хойш Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийс­лэлийн шүүх, Улсын Дээд шүүхээс энэ асуудалд анхаарал хандуулж,  шүүхийн шинэчлэлд хамаарал бүхий олон ажил хийгдэж байна. Одоо бидний хувьд хамгийн тулгамдсан асуу­­­­­­­­­­дал нь шүүхийн байр юм.   Дүүргийн шүүхэд шүүн таслах ажлын төрлөөр дагна­сан хэргийг хариуцан шийдвэрлэдэг эрүүгийн болон иргэний дүүргийн шүүх байгуулагдана. Зохион байгуулалтын бэлтгэл ажил ч хийгдэж байгаа. Дагнасан шүүх байгуулагдсанаар шүүгчийн орон тоо нэмэгдэж, шүүгчийн ажлын ачаалал тэнцвэржих юм.  
Иймд шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүхий стандартын шаардлага хангасан контортой болох  шаардлага гарч байна. Үүний шаардагдах хөрөнгө мөнгийг шийдвэрлэснээр бодит ажил болно.

-Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт хэр байна вэ. Тэр дундаа шинэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар төвшинд байгаа бол?
-Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн гэх этгээдүүдийн гэм буруутай эсэх асуудлыг  шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Гарч буй гэмт хэргийн дотор мөнгө угаах хэрэг өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэргийн талаархи зохицуулалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуульд тусгагдсан. Гагцхүү тухайн үйлдэх явдал гарах эсэх асуудлаас л шалтгаалж гэмт хэрэг ихсэх багасах асуудлыг авч үздэг.

-Анхан шатны шүүхээр шийдвэрлэж буй хэргүүдийн хэчнээн хувь нь давж заалдах шатанд шилждэг вэ. Энэ нь тухайн шүүгчийн шийдвэрлэж буй хэргийн чанарт нөлөөлдөг гэсэн?
-Шүүхийн шийдвэрт гом­дол гаргаж, давж заалдах бо­лон хяналтын шатны шүүхэд хянуулах эсэх нь хэргийн оролцогчдын эрхийн асуудал. Манай шүүхээр шийд­вэрлэгдсэн иргэний хэргийн 5-6 орчим хувь нь давж заалдах шатны шүүхэд хянагддаг. Үүнээс үзэхэд үлдэж буй 95 орчим хувийн шийдвэрийг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Мөн иргэний шүүн таслах ажлын чанар ямар байгааг харж болно. Харин эрүүгийн хэргийн хувьд харьцангуй өндөр. Жилд манайхаар хянан шийдвэрлүүлсэн хэргийн 30-40 орчим хувьд нь давж заалдах гомдол гаргадаг. 

-Шүүхийн тухай багц хуульд Эвлэрүүлэн зууч­лалын тухай хууль баг­таж байгаа. Энэ хууль хэрэгж­сэнээр ямар давуу талтай вэ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ хэмээн зарим хүн хэлж байсан?
-Эвлэрүүлэн зуучлалыг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Нэг талаас шүүхийн ачаалал буурч байгаагийн дээр иргэд хэрэг маргаанаа өөрсдийнхөө хүссэнээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болж буй юм. Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндрэл чирэгдэл гарахгүй болно. Эвлэрүүлэн зуучлуулагчийн тусламжтайгаар хоёр тал маргаантай асуудлаа эвлэрлийн журмаар өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн үг.  Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль өргөн хүрээг хамарч байгаа. Тухайлбал, гэр бүлийн маргаан өмнөх жилүүдтэй харьцуулахад өсч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг их болно. 

-Эвлэрүүлэн зуучлагч шүүхийн дэргэд ажиллахаар хуульд тусгасан. Тэднийг ажлын байраар хангах байх. Байр савны хүрэлцээ хэр байгаа бол?
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гарсантай холбогдуулан энэ чиглэлээр  ажиллах хуульчид сургалтад хамруулж байгаа. Шүүхэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллана. Иймд шүүхийн байрны цаг үеийн чухал асуудал болсоор байгааг хэлэх хэрэгтэй. Шүүхийн төсөв мөнгийг шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь Улсын Их Хурал шүү дээ.

-Дагнасан шүүх бай­гуулагдсанаар шүүгч нар мэргэшинэ. Нөгөөтэйгүүр шүүгч­­дийн орон тоо нэмэгд­сэн нь ажлын ачаалал буур­на. Энэ нь эргээд хэ­рэг мар­гааныг хянан шийд­вэрлэхэд ахиц гарах болов уу?
-Өмнө нь нэг шүүгч эрүү, иргэн, захиргааны хэргийг шийдвэрлэдэг байснаар даг­нан мэргэших боломж хяз­гаарлагдмал байсан. Ха­рин хэргийн төрлөөр даг­нан ажилласнаар эрх зүйн чиглэлээр дадлага турш­лагатай болж, шүүн таслах ажлын чанар сайжирна. Энэ нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх учиртай.

-Танайх аль дүүргийн шүүхтэй нэгдэх вэ. Орон тоо нэмэгдэж буй нь сайн ч бүтэц данхайснаар ажил цалгардах вий гэсэн болгоомжлол нийгэмд байна?
-Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүх нэгдэж тойргийн зохион байгуулалтад орох юм. Өмнө нь хийж байсан шүүн таслах ажил хэвээрээ үргэлжлэх хэдий ч хэргийн төрлөөр дагнан шийдвэрлэдэг болно. Зарим тохиолдолд эрх зүйн маргааны төрлөөр нарийвчлан мэргэшүүлэх чиг хандлага руу явж байгаа.

-Шүүгчдэд тавигдах шаардлага, хариуцлага өндөр болж байгаа гэж ойлгосон?
-Энэ асуудал шүүгчдэд тавигдаж байгаа зүй ёсны шаардлага гэж ойлгож байгаа. Шүүгчийн тангараг өргөж, хэргийн оролцогчийн хувь заяаг шийдвэрлэх онцгой эрх бүхий албан тушаалтны хувьд шүүгчид алдах эрх байхгүй. Иймд шүүгч мэргэжлийн хувьд байнга өсөн дэвшиж, суралцаж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэдэг чадвартай байх зэрэг олон шалгуур дунд л ажлаа явуулж ирсэн.  Нөгөөтэйгүүр хэрэг материалыг сайтар судалж үнэлэлт дүгнэлт өгч байж асуудлыг шийдвэрлэдэг. Шүүг­чийн гаргасан шийд­вэрийн чанар нь тухайн  шүүгчийн ажлын үзүүлэлтэд шууд нөлөөлдөг. 

-Шүүгчийн иргэдийн тө­лөөлөгчийн эрх зүйн байд­лын тухай хуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ. Иргэдийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралд шүүгчтэй адил эрх мэдэлтэй оролцож байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг төрүүлэх байх?
-Иргэдийн төлөөлөгч шүүн таслах эрхтэйгээр оролцож байгаа нь хардлагыг багасгах сайн талтай. Иргэд шүүн таслах ажилд орж дуу хоолойгоо хүргэснээр нийгэмд шүүхийн нэр хүнд өсөх юм. Шүүн таслах ажилд оролцох иргэдийн төлөөлөгч нь хариуцлагатай байх ёстой. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарын авлага, материал хангалттай тарааж байна. Иргэд ч энэ талаар мэдээлэл сайтай байгаа байх. Манайх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүн буй эсэх талаар судалгаа авахад иргэдийн төлөөлөгчөөр ажиллах сонир­холтой олон хүн байна лээ. Шүүх дээр ирж уулзаад явж байгаа хүн ч бий. Иргэд үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм билээ.

-Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөж эхэлсэн. Танай шүүгчид мэдүүлгээ хөтөлж эхэлсэн үү?
-Нөлөөллийн мэдүүлэг байх ёстой зүйл. Үүнийг тухайн шүүгчид нөлөөлөх гэсэн аливаа этгээдийг таслан зогсоох хэлбэр гэж ойлгож болно. Манай шүүгчид энэ мэдүүлгийг   хөтлөөд эхэлсэн. Ингэснээр аль аль талдаа хардлага бий болохгүй. Иргэд, хуулийн этгээд шүүгчид нөлөөлөх гэж оролдвол хуулийн хариуцлага хүлээнэ. Хэргийн оролцогчид холбогдох хуулийг тайлбарлаж өгөөд, танилцуулаад албан ёсоор баталгаажуулан гарын үсгийг авч хэрэгт хавсаргаж байгаа учир шүүгчид нөлөөлөх аливаа нэг оролдлого хийвэл хуулийн хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн бүх оролцогч нар мэддэг болж байна. Иймд хэн дуртай нь шүүгчид нөлөөлөх оролдлого гаргах боломжгүй, цаана нь хариуцлага байна гэдгийг ойлгож байгаа.

-Шүүгчид нөлөөлсөн ч тухайн шүүгч мэдүүлэгээ бөглөхгүй хав дараад өнгөрвөл яах вэ. Үүнийг мэдэх боломж бий юү?
-Энэ шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудал. Шүүгч хүн хариуцлагын өндөр шаардлага хүлээж, шүүн таслах ажиллагаа явуулж байна.  Иймд  шүүгч өөрсдийнхөө хараат бус байдлыг хамгаалахын тулд нөлөөлөх гэж оролдсон хууль бус ажиллагааг хаацайлан өнгөрөөх шаардлагагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан