Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бакей: Байнгын хороодын бүтцийг зөвшилцөж болох байтал заавал ҮХЦ-д хандах шаардлагагүй


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.


-Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, орон нутагт ажил­ласан гэсэн. Ямар асууд­­лаар орон нутагт ажил­лав?
-Төрийн байгуулалтын байн­гын хорооноос нутгийн өөрөө удирдах ёсны бай­гууллагын чадавхи, үүн­тэй холбоотой хууль, тог­тоом­­жийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Батцогт, Бурмаа, миний бие болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаныхан багтсан. Бид нийслэлийн гурван дүүрэг, Төв, Хэнтий, Ховд аймагт ажилласан. Эдгээрийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, санаа бодлыг сонс­лоо. Сонгуулийн тухай болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан. Нөхцөл байдал өөр өөр байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалаар ИТХ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учир хараат бусаар ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Засаг даргын шийдвэр, төсвийн зарцуулалтад хяналт тавих, иргэдийн саналыг тусгуулах чиглэлээр ажиллах ёстой. Гэтэл нэг талаар төсөв нь хэтэрхий хязгаарлагдмал учраас ажиллах нөхцөл нь хомс байна. Олон жилийн турш Засгийн газар болоод орон нутгийн захиргааны бай­гууллагын хавсарга маяг­тай ажиллаж ирсэн. Сүүлийн 23 жилийн турш ингэж явж. Иймээс төсвийн хараат бусаар ажиллуулах, нөх­цө­лөөр хангаж, эрхзүйн зохицуулалт шаардлагатай гэж үзээд тогтоолын төсөл бо­ловсрууллаа.

-Тогтоолын төсөлд ги­шүүд нэлээн санал шүүмж­­­­­­­­­­лэл хэлж, дахин бо­ловсруулахаар болж байх шиг байна?
-Орон нутагт төлөөллийн ардчиллын зэрэгцээ шууд ардчиллын зарим элемент практик болж хэвшиж байна. Тухайлбал, “Иргэний танхим” аймаг, дүүргүүдэд байгуулагдсан. Зарим хороонд ч байгуулагдсан. Иргэдийн өөрс­дийн санаачилгын бай­гууллага мөртлөө эрхзүйн үндэс, зохицуулалт байхгүй ажиллах нөхцөл бүрдээгүй. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. УИХ-ын үйл ажил­лагааг сурталчлах төв гэж аймаг бүрт байгуулагдаж байсан ч ажиллахгүй байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас хууль баталж, үйлдвэрлэх нь чухал биш батлагдахаас нь өмнө иргэдийн саналыг авах, төсөлд тусгах, сурталчлах үүрэгтэй төв нь сайн ажиллаж чадахгүй байна. Байнгын хорооны хуралдаанаар ги­шүүд тал талаасаа ярилцаж, тогтоолын төслийг дахин сайн боловсруулъя гэлээ. Иймээс ги­шүүдийн саналыг дахиж тусгаад авч хэлэлцэхээр болж байна.

-2013 оноос орон нутагт төсвийн эрх мэдлийг нь олгож эхэлсэн. Хуваарилсан төсөв нь хангалттай байж чадаж байгаа гэнэ үү?
-Ажлын явцдаа орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хуулийн дагуу хэрхэн хэрэгжиж байна вэ гэж давхар анхаарал тавьсан. Төсвийн тухай шинэ хуулийн дагуу 2013 оноос анх удаа орон нутгийн хөгжлийн санд мөнгө хуваарилаад иргэдийн оролцоотойгоор зарцуулах шийдвэр гаргасан. Ахицтай зүйл бий хэдий ч иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ, яаж үр ашигтай зарцуулах вэ гэж анхаарах зүйлүүд ч байна.

-Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хуваа­рилахдаа харилцан адилгүй хуваасан байна гэсэн. Үүнийг орон нутгийнхан өөрсдөө хөндөж байна уу?
-Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах ямар байдлаар зар­цуулж болохгүй вэ гэдэг Төсвийн тухай хуулиар зохицуулагдсан. Заалтуудыг нь улам баяжуулж, тодорхой болгон Сангийн яамнаас дүрэм гаргасан юм билээ. Орон нутагт хуваарилсан мөнгө харилцан адилгүй байгаа нь үнэн. Үүнийг тодорхой шалгуур үзүүлэлтээр илүү оновчтой болгохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ямар хэмжээтэй хуваарилахад хүн амын тоо, төвөөс алслагдсан байдал, татварын идэвхи санаачилгын индекс, орон нутагтаа татвар хэр оруулж байна вэ гэх мэт үзүүлэлт тавихыг тусгасан байгаа. УИХ-аар хэлэлцүүлэхдээ үүнийг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Ирэх жилийн төсөвт орж ирсэн саналаар орон нутаг хөгжүүлэх санд 282 тэрбум төгрөг хуваарилагдсан. Энэ жилийнхтэй харьцуулбал бага хэмжээгээр өссөн байна. Цаашдаа орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлээд явах нь зүйтэй. Юунд мөнгө хэрэгтэй, ямар асуудал тулгамдаж байгааг иргэд өөрсдөө мэдэж байгаа учраас хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тусам асуудлаа шийдвэрлээд явах боломжтой.

-Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд, Х.Тэмүүжин нар орон нутагт шууд ардчиллыг нэвтрүүлэхдээ Швейцариас жишээ авч болохгүй. Орон нутагт эрх мэдэл өгөх тусам тус тусдаа засаглалтай бол­чих вий гэсэн болгоомжлол байна гэсэн. Энэ тал дээр таны бодол?
-Үндсэн хуулийн үзэл баримтлалд асуудлыг нийцүү­лэлгүй яахав. Гэхдээ өөх ч биш булчирхай ч биш болж, ажиллах ямар ч нөхцөл байхгүй, иргэд өөрсдөө удирдах ёстой бай­гууллага гэж гаргуунд нь гар­гаад тоохгүй орхиж бо­лохгүй. Бие дааж ажиллах нөхцөлөөр нь хангаж өгөх ёс­той юм. Гончигдорж гишүүн оновч­той зүйл хэлсэн. Үндсэн хуулийн хүрээнд, үзэл санаанд нийцүүлж иргэдийн оролцоог хэрхэн хангаж өгөх вэ гэдийг тодорхой болгох ёстой болж байна.

-Ажлын хэсэг орон нутгийн ИТХ-ын чадамж ямар байгааг тодорхойлсон гэлээ. Хөвсгөл, Дорнод аймгийн ИТХ гэхэд одоо болтол Засаг даргаа томилж чадаагүй байдалтай байгаа шүү дээ?
-2012 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуу­­лагдсан ИТХ-ын төлөө­лөгчдийн 80 хувь нь анх удаа шинээр сонгогдсон хү­мүүс байна. Энэ бол шинээр орж ирсэн төлөөлөгчдөд мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн өмнөөс төлөөлж чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тус­лах зайлшгүй шаардлага бай­гаа гэсэн үг. Ганц хоёр айм­гийн зөрчлийг хууль хянал­тын байгууллагаараа шийдүүлэхээр явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Ийм байхад хажуугаас нь бид орж шалгах нь зохисгүй.

-Орон нутагт хууль сурталчлах төвүүд байдаг хэдий ч хангалтгүй ажил­лад­гийг нь яаж сайжруулах боломжтой вэ?
-Анх гадаадын нэг төсөл хэрэгжсэн юм билээ. Тэр төслөөр аймаг бүрт УИХ-ын үйл ажиллагаа, хууль сурталчлах төв гэж байгуулагдсан байна. Аймгийн Засаг дарга байр гаргаж өгөх ёстой юм билээ. Зарим аймаг байр гаргаж өгсөн, зарим нь өгөөгүй, үйл ажиллагаа нь тогтмол биш явж байна. УИХ-ын Тамгын газар тухайн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаад хууль сурталчлах ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ нь төдийлэн үр дүнтэй хэ­рэгжихгүй байгаа учраас хол­богдох хуульд өөрчлөлт оруулж, тусгаж өгөх хэрэгтэй гэж үзлээ. Хууль сурталчлах төвийн үйл ажиллагааны эрх­зүйн үндсийг хуулиар зохи­­­цуу­лахгүй бол гэрээгээр шийд­­вэрлэж болохгүй байгаа юм.

-Энэ төвд төсөв хуваа­рилдаг байсан юм болов уу?
-Төсөв байхгүй. УИХ-ын орон нутаг дахь бие төлөөлөгчид тэр төвдөө очиж суудаг юм байна. Тухайн аймагт өөр намын төлөөлөл засгийн эрх барьж байгаа бол улс төрийн үүднээс дэмжих, дэмжихгүй байх үзэмжийн шинжтэй явж ирж. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна.

-МАН-ын бүлгийн ги­шүүд ганцхан Байнгын хо­роонд харьяалагддаг гэсэн гомдол хэлж байгаа. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн. МАН-ын бүлгийн гишүүд үнэхээр нэг Байнгын хороонд харь­яалагдаж байгаа юм уу?
-Түүх ярих юм бол сэтгүүлчид эхнээс нь бүгдийг мэдэж байгаа. Анх УИХ шинээр бүрдэхэд 24 цагийн дотор бүлэг байгуулах бичгээ өгөөгүйгээс эхнээсээ ийм байдлаар явсан шүү дээ. Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилж бүлэгтэй болгосон. Нэг Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоо урьд нь 21 байсан. Одоо хуулиараа дээд тал нь 19 болоод ажиллаж байна. Тэгээд 19 гэсэн тоонд зохицуулаад МАН-ын гишүүдийг аль болох бололцоогоор нь оруулж зохицуулалт хийсэн. Ингэсний үндсэнд МАН-ын гишүүд хоёр Байнгын хорооны гишүүн болсон. Ганц нэг нь л зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдсан. Ихэнх нь хоёр Байнгын хорооны гишүүн байгаа. Дэлгэрэнгүйг нь УИХ-ын Тамгын газраас авч болно. Одоо бол гурван Байнгын хороонд харьяалагдах асуудал байгаа бол нэг Байнгын хорооны гишүүний тоо 19 гэснийг 21 болгох тухай асуудал гарна. Энэ чиглэлээр хуулийн төсөл өргөн баригдсан. Тэр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг намын бүлгүүд зөвшилцөх хэрэгтэй. Зөвшилцөөд хэлэл­цээд явъя гэвэл улс төрийн шийдэл гаргах гарц нь байгаа. Заавал ҮХЦ-д хандах шаардлага байна уу, үгүй юү ойлгохгүй байна.

-ҮХЦ-д МАН-ын бүлгээс гомдол ирж маргаан үүсгэ­­лээ гэж Төрийн бай­гуулалтын байнгын хо­роонд мэдэгдсэн үү?
-Албан ёсны тийм мэдээ­лэл одоогоор алга. Хэвлэ­лээс л ҮХЦ-д хандана гэдгийг нь уншсан.

-Байнгын хорооны дар­­га нарыг солих тухай асуу­дал яригдаж байгаа юу. Өн­­­­­гөрсөн парламентад Байн­гын хороодын даргын аж­лыг ээлжлэн хийж байсан. Энэ удаад тийм асуудал яригдах болов уу?
-Байнгын хороодын дарга нарыг ямар хугацаатай ажиллуулах вэ гэдэг хууль бий. Тухайн УИХ дахь намын бүлгүүдийн саналд тулгуурлах ёстой. Байнгын хорооны ажлыг тодорхой хугацаанд мэргэж­лийн болоод ажил хэргийн түвшинд зөв авч явахад хэнийг ажиллуулах нь тухайн намын бүлэг хэлэлцэж байгаад шийдэх асуудал. Бүлгүүд дарга нарыг нь сольё гэвэл солино. Өмнөх УИХ шиг Байнгын хороодын дарга нараа солих шаардлага одоогийн парламентад бага харагдаж байна.         

0 Сэтгэгдэл
зөвшилцөж чадалгүй жил болсоншдээ
Хамгийн их уншсан