Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам: Эд баялаг гэдэг илүү их сэтгэлийн зовлон дагуулдаг


Хэзээд үгийг нь чих тавин сонсч баймаар ухаантан гэж байдаг. Чухам тийм хүний оройн дээд нь буддын шашны тэргүүн дээд Далай лам билээ.
Ороо бусгаа гэж бидний нэрлэж асан шилжилтийн он цагаас хөрөнгө баялаг цуглуулахыг эрхэмлэдэг зах зээлийн нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр замнаж буй өнөө цаг үед хүмүүний амьдралын утга учир, эрхэмлэж явах зүйлс, аз жаргал гэж юу болохыг сануулсан дээрхийн гэгээнтний үгийг түмэн олонд хүргэхээр дараахь ярилцлагыг толилуулж байна.


-Өнөөгийн бидний амьдарч буй энэ нийгмийг харгис байна гэх гомдол шүүмжлэл хааяагүй сонсогддог. Амьдран буй нийгмээ бүхэлд нь энэрэнгүй, бие биедээ тусалж, санаа тавьдаг болгон өөрчлөх боломжтой юу?
-Манай өнөөгийн боловсролын тогтолцоо хүнд энэрэл нигүүлслийн тухайн хангалттай ойлгуулж чадахгүй байна. Тиймээс боловсролын системийг бүхлээр нь өөрчлөх цаг болсон. Нийгэм гэдэг боловсролын тогтолцоогоор дамжин төлөвшдөг.
Гэтэл боловсролын тогтолцоо хүний хамгийн үнэт зүйл болох өр нинжин сэтгэл,  хайр нигүүлслийн тухай зааж сургаж чадахгүй байна шүү дээ. Нэгэнт амьдралын талаар буруу үзэл бодолтой болсон хүмүүс өнгөцхөн зүйлд л дурлаж, яг л амьгүй машин шиг хайрлах энэрэх сэтгэлгүй амьдрахад хүрч байна. Ийм учраас өнөөдрийн нийгэм мөнгөн дээр тогтож, мөнгийг тахин шүтэж байгаа юм. Мөнгөн дээр тогтсон нийгэм харгис дээрэнгүй байж, хүчгүй нэгнээ хавчин гадуурхаж байдаг. Ийм нөхцөл байдал эцэстээ нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэдэг.
Үнэндээ хайр, энэрэл нигүүлсэл гэдэг мөнгөтэй ямар ч холбоогүй зүйл. Үүгээр мөнгө олж чадахгүй. Тэгэхээр мөнгийг шүтсэн нийгэмд хүмүүс эдгээр үнэт зүйлийг авч үзэхгүй. Улс орны удирдлагад гарсан хүмүүс, улстөрчид ч тэр л нийгмээс гарсан хүмүүс учраас л энэ байдлаараа л нийгмээ удирдана. 

-Өнгөрсөн онд би Америкийн баячууд амьдардаг газар нэг жил амьдарлаа л даа. Энэ  хугацаанд тэр баячууд тийм ч аз жаргалтай амьдрахгүй байгааг би олж харсан юм. Тэдний ихэнх нь л стресс, уур бухимдалд автсан байсан. Эндээс эд баялаг аз жаргал авчирдаггүй юм байна гэсэн ухаарал төрж байгаа юм. Гэвч нөгөө талаас харвал баян орны ард иргэд санаа зовох зүйл багатай амьдарч байхад ядуу оронд өдөр бүр зовлон бэршээл тулгарч байна. Зүрх сэтгэл нь хайр энэрлээр дүүрэн хүмүүс материаллаг хүслээс ангид байвч улам бүр ядуурсаар энэ нь эргээд уур хилэн, гомдол цөхрөл дагуулж байна. Тэднийг яавал зохилтой вэ?
-Португали, Испани, Англи, Франц, Бельги зэрэг хуучин колони орнууд аж үйлдвэржиж хөгжихдөө эзэмшил газар нутгаасаа түүхий эд авчирч, түүнийг нь ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлээд эргээд өнөөх бүтээгдэхүүнээ нөгөө орнууддаа худалдаалдаг байсан.
Барууны маягийн боловсрол, тэдний  хөгжлийн үзэл санаа, арга замаас суралцсан Азийн зарим орон өнөөдөр хөлжиж чинээлэг болсон бол уламжлалт маягаараа өнөө хэр амьдарсаар байгаа үлдсэн хэсэг нь ядуу хэвээр үлджээ. Дэлхий нийтийг харвал аж үйлдвэржсэн орнууд илүү хөлжиж баяжиж, харин түүнд дарлагдан мөлжигдсөн бусад орны хувьд цөөн тооны хүмүүс нь баяжиж, ихэнх нь ядуу буурай амьдрал нь дээрдсэн зүйлгүй өнгөрч байна.

-Таны ярианд дарлал мөлжлөг гэдэг үг гарч байгаа нь их сонин сонсогдож байна л даа. Энэ нэр томъёог марксистууд л хэрэглэдэг байх аа?
-Тийм ээ, үнэн. Би ч өөрөө дарлан мөлжигч. Би буддын шашны хамгийн том зэрэг цолтой лам. Тиймээс өөрийгөө маш сайн хянаж байхгүй л бол бусдыг дарлах гээд байх талтай.
Намайг Монголд анх удаа айлчлах үед нэгэн музейд урьж билээ. Тэр музейд лам нарын тухай нэг том зураг байв. Аварга том амтай нэгэн лам сүсэгтнүүдээ идэж байгааг харуулсан зураг. Тэр бол 1979 он. Монгол тэр үед коммунист орон байлаа. Коммунистууд “Шашин бол хар тамхи, шашны аливаа байгууллага бол дарлан мөлжигч” гэж үздэг байлаа шүү дээ. Тэгэхээр лам нар хүртэл дарлан мөлжигч болж байгаа юм. Сүм хийдэд өгч буй өглөг хандив ч дарлал мөлжлөгийн нэг хэлбэр юм шүү дээ. Намайг тэр зурагт дөхөж харах үед албаны хүмүүс нь багахан сандарч тэвдэж билээ. Би зургийг хараад “Энэ ч үнэн шүү” гэж хэлсэн. Мэдээж, би үүнийг хүлээн зөвшөөрнө. Би ер нь, социалистаар зогсохгүй бас багахан зүүний үзэлтэй коммунист шүү. Эдийн засгийн үзэл номлолоор бол би марксист хүн. Гэхдээ Хятадын удирдагчдаас хавьгүй илүү зүүнийг баримталдаг. /инээв/ Тэд бол капиталистууд.

-Энэ үнэн. Дарлал мөлжлөг гэдэг баян ядуугийн ялгааг улам л гүнзгийрүүлж байдаг зүйл. Буддист хүний үзлээр харвал нийгмийн тэгш бус байдлыг яах хэрэгтэй вэ. Энэ бүхэнд уурлаж бухимдах нь буддист мөн чанар биш байх даа?
-Санхүү мөнгөний бэрхшээл, аливаа шударга бус явдалтай нүүр туллаа гэхэд шашны хүн бусдаас өөр байх аргагүй шүү дээ. Хэчнээн шашин номын мөр хөөсөн хүн байлаа ч ялгаагүй бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно. Гэхдээ чухам тэр уур бухимдалтай яаж учраа олж байна гэдэг арга нь өөр байж болох юм. Хоёр төрлийн уур хилэн байдаг. Нэг нь хүсэл тэмүүллээс гарсан уур хилэн. Ийм уур хилэн бол нийгмийн шударга бус байдлыг засч залруулах гэсэн зорилготой, бусдад гэм хор учруулдаггүй, нэг ёсны “сайн уур хилэн” гэсэн үг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ааш авирыг засах гэж загнаж зэмлэдэгтэй л адилхан.  Японы сүм хийдэд Акалаг тахиж шүтэх нь их. Өнгөц харахад их хилэнтэй мэт харагдах тэр шүтээн бусдад гэм нүгэл хүргэдэггүй, алдаа гэмийг засах эцэг эхийн хайрыг цаанаа агуулсан шүтээн байгаа юм. Заримдаа уур бухимдал нь их эрч хүчтэйгээр шударга бус байдлыг засах үйлдэл ч болох нь бий.

-Таны аз жаргалын тухай сургааль айлдсан номыг хүмүүс олноороо уншсан ч одоо хүртэл аз жаргалд хэрхэн хүрэхээ мэдэхгүй л байна. Эд баялаг гэдгийг ингэтэл чухалчилсан нийгэмд жинхэнэ аз жаргалыг яаж олох вэ?
-Хүн сайхан хоол идээд, тансаг байшинд суугаад амьдралынхаа бүхий л тав тухыг хангасан ч энэ нь аз жаргалтай байх шалтгаан болохгүй. Материаллаг тав тух гэдэг хүний оюун сэтгэлд дутагдаад байгаа зүйлийг орлож чаддаггүй юм. Маш их эд баялагтай ч аз жаргалгүй амьдардаг хүмүүсийг бид зөндөө харж байсан.  Нөгөө талаар тансаг чамин зүйлээр амьдрал нь дүүрээгүй ч гэлээ гэрээрээ дүүрэн баяр жаргалтай хүмүүс ч байдаг. Үнэн хэрэгтээ эд баялаг гэдэг илүү их сэтгэлийн зовлон дагуулж байдаг шүү дээ.

-Тэгэхээр аз жаргал гэдэг бидний оюун санаанаас эхлэх нь ээ?
-Тийм ээ, хүн сэтгэл оюунаараа жаргалтай байх нь биеэрээ тав тухыг мэдрэхээс илүү чухал юм. Эд материал хүний оюун бодлыг амар тайван байлгадаггүй. Авах тусмаа улам цаашлаад, илүү ихийг хүсээд л байдаг. Хүний шунал хүсэл хэзээ ч ханаж мэддэггүй. Харин байгаадаа сэтгэл ханаж сурвал “Надад хэрэгтэй бүхэн минь байгаа хойно болно доо” гэж бодож чаддаг болно.

-Аз жаргалын урлаг хэмээх номноос тань нигүүлсэнгүй байх нь сэтгэлийн амар амгаланг олох түлхүүр юм байна гэж ойлгосон. Гэвч та өөрөө гачигдал зовлонтой бол бусдад яаж нигүүлсэнгүй хандаж чадах вэ?
-Тийм ээ, тийм ч учраас би уулзаж учирсан ядуу хүмүүстээ “Баян чинээлэг хүмүүст нигүүлсэнгүй хандацгаа” гэж хэлэхэд хэцүү байдаг юм. Энэ үнэхээр амаргүй. Гэхдээ тэр баян хүмүүс ч бас өөрсдийн зам мөрөөр зовлон бэрхшээл, гуниг гутрал, айдас хүйдсийг мэдэрч туулж л яваа гэдгийг бодох хэрэгтэй. Их олон тохиолдолд баян чинээлэг хүмүүс аз жаргалтай байж чадахгүй байгааг би олж харсан.

-Буддын шашин аз жаргалд хүрэх зам мөн үү?
-Тийм ээ. Зарим хүн буддын шашин зовлонгийн тухай хэтэрхий их номлох юм гэж боддог байх. Хүн сайхан амьдралд хүрэхийн тулд эхлээд нөр их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог доо. Яг түүн лүгээ урт удаан үргэлжлэх аз жаргалыг олохын тулд түүний өмнө зовлон гэж юу вэ гэдгийг, зовлонгийн шалтгаан юу болохыг буддизм ухааруулахыг хичээдэг. Аз жаргалтай амьдрах гэж байна гээд хамаг цаг зав, эрч хүчээ эд баялаг олохын тулд зориулвал эцэстээ та зовох болно. Хүн ер нь урт удаан хугацааны дараа гарах үр дүнг бодох нь хамгийн чухал. 

-Хэдийгээр та буддын шашныг аз жаргалд хүрэх зам гэж байгаа ч өөр шашны хүмүүсийг төрөлх шашиндаа үлдэхийг дэмждэг шүү дээ. Яагаад?
-Тэр үнэн. Хүн ер нь шүтэж ирсэн шашнаа хадгалж явах нь илүү аюулгүй. Бүхий л шашин хэдэн мянган жилийн уламжлалтай шүү дээ.

-Христийн шашинтай хүн буддизмын зан үйлийг гүйцэтгэж болох уу?
-Болно. Буддын бясалгалыг жишээ нь хэн ч амьдралдаа хэрэгжүүлж болно. Христийн шашны санваартан, гэлэнмаа нарын дунд бусдыг уучлах нигүүлсэх, хайрлах энэрэх сэтгэлээ дэлгэрүүлэхийн тулд буддын арга барилыг ашиглах нь ч байдаг.

-Хүн ер нь шашин шүтлэггүйгээр сайхан амьдарч чадах уу?
-Чадна. Аз жаргалтай ч амьдарч чадна.

-Одоо дээрхийн гэгээнтэн таны тухай ярьж болох уу?  Таныг Далай ламаар тодруулах үед юм уу түүнээс өмнө эсвэл хойно  та өөрийгөө бусдаас өөр гэж мэдэрч байсан уу?
-Заримдаа л. Өглөө эртээ хагас унтаа, хагас сэрүүн байх үед миний ухаан санаа маш тунгалаг байдаг юм. Тэр үед өмнөх дүрүүдийн маань амьдралын дурсамж үе үе цухалздаг. Зарим тохиолдолд бүр нэг, хоёр зуун жилийн өмнөхийг санана. Нэг удаа бүр 600 жилийн өмнө Египетэд байгаа мэт мэдрэмж төрж байсан шүү.

-Танд бусад хүнээс өөр мэт мэдрэмж төрдөг үү?
-Огтхон ч үгүй.

-Та өсч томорсон хойноо, бусад хүн шиг эгэл жирийнээр хүүхэд насаа өнгөрүүлээгүйдээ харамсч байв уу?
-Азаар надад хамт тоглох хүмүүс байсан юм. Гэхдээ тэдний дийлэнх нь  насанд хүрсэн том хүмүүс байсан даа.

-Та хэзээ нэгэн цагт гэр бүл, хүүхэдтэй болохыг хүсч байсан удаатай юу?
-Үгүй ээ. 15 юм уу 16 настай байхдаа тиймэрхүү талын сонирхол байсан. Энэ бол биологийн зайлшгүй хууль юм. Тэр үед надаас ах лам нар сахилаа орхиод гэр бүлтэй болж байсан. Гэр бүлтэй болох нь яриангүй сайхан ч гэлээ бас л их асуудал байдаг юм байна гэж тэд ярьдаг байсан. Үнэнийг хэлэхэд лам хуврагууд бүсгүй хүнд сэтгэл татагдаж байдаг. Гэвч тэр сэтгэлээ хэрхэн залах нь чухал. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцаа маш гайхалтай мэдрэмж төрүүлдэг нь лавтай. Яг үүн дээр Нагаржунайн сударт гардаг нэг сургааль яг тохирох мэт санагдана. “Хэрвээ загатнаад байвал маажих нь сайхан. Гэвч огт загатнахгүй байх нь хавьгүй илүү” гэж. Энэ бол яг л эсрэг хүйстэндээ дурлаж татагдах хүсэлтэй зохицох сургааль байгаа юм. Хэрвээ дурлаж татагдах хүсэл төрдөггүй сэн бол илүү амар амгалан байх сан. Тэгээд мэдээж дотно харилцаа гэж үгүй бол үр хөндөлт, хамгаалалт зэргийг тухай санаа зовох ч хэрэггүй болно шүү дээ.

-Таны өдөр тутмын амьдрал яажшуухан өнгөрдөг вэ?
-Өглөө бүр босохоосоо өмнө юм бодох дуртай. Тэгээд хэдэн цаг бясалгал хийнэ. Энэ нь өөрийгөө дахин цэнэглэсэн  мэт эрч хүч өгдөг. Миний өдөр бүр хийхийг зорьдог, хийдэг зүйл бол бусдад туслах, бусад хүнд таатай уур амьсгал бүрдүүлэх юм. Бас цэцэрлэгээ арчилна. Энэ миний нэг хобби юм. Бас зурагтай нэвтэрхий толь үзэх дуртай. /инээв/ Би амар амгалан хүн боловч дэлхийн II дайны үеийн зурагт ном үзэх их дуртай. Надад ийм хэд хэдэн ном бий. Сүүлд 30 гаруй номтой нэг багц захиалж авсан.

-Та цаг үргэлж баяр хөөртэй харагддаг. Юу таныг аз жаргалтай болгодог юм бэ?
-Би өөрөө өөрийгөө нэг их анхаардаггүй. Энэ л намайг жаргалтай болгодог.

-Таны инээд дэлхийд алдартай шүү дээ.
-Энэ манай гэр бүлийн нэг онцлог юм шиг байгаа юм. Их инээдэг. Гяло Тундап гэдэг ах маань харин нэг их инээдэггүй. Харин Лувсансамдан гэдэг ах маань бол янз бүрийн бүдүүлэг онигоо хүртэл ярьж инээх дуртай. Гурав дахь ах маань ч маш их инээдэг. Ер нь, түвдүүд зан ааль сайтай хүмүүс шүү дээ. Намайг бага байхад нэг туслагч маань “Хэрвээ үнэн сэтгэлээсээ инээж чадвал эрүүл мэндэд чинь их сайн” гэж хэлдэг байж билээ.

-Таны хувьд төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ?
-Төгс өдөр гэж байдаггүй. Энэ дэлхий дээр төгс төгөлдөр зүйл гэж үгүй.

-Тэгвэл танд юу “Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна шүү” гэсэн бодол төрүүлдэг бол?
-Би цэцэрлэгээ арчилж, механик эд ангиар оролдож суух дуртай. Хэрэв зав чөлөөтэй үе гарвал буддын шашны түвд судрууд, ихэвчлэн миний дуртай сэдэв болох энэрэл нигүүлслийн тухай сургааль уншдаг. Хэрвээ энэ тухай хэдэн цаг уншаад, шинээр ойлгож мэдэж чадваас тэр өдөр хийх ёстой зүйлээ хийж гүйцсэн мэт сайхан байдаг аа. Өөрт олдсон цагийг зөв ашиглаж чадсан үед сэтгэл таатай сайхан байдаг.

-Таны хамгийн том дутагдал юу вэ?
-Залхуурал.

-Өглөө бүр дөрвөн цагт босдог хүн залхуу байж таарна гэж үү?
-Тийм төрлийн залхуурал биш л дээ. Жишээлбэл, би барууны орнуудад явж байхдаа англи хэлээ сайжруулъя гэсэн урам зориг их төрдөг. Гэтэл хэдэн өдөр хичээллэж байгаад л өнөөх урам зориг маань унтарчихдаг. /инээв/ Энэ бол залхуурал. Миний өөр нэг дутагдал бол ямарваа нэг зүйл сэтгэл татагдаад байдаг явдал. Би цаг, эрхинд их дуртай. Тэгээд мэдээж хэрэг үзэсгэлэнтэй эмэгтэйд. /инээв/

-Та уучлал өршөөл хүсэхээр гэм нүгэл хийж байсан удаатай юу?
-Санамсаргүй алдаанаас болоод, жишээлбэл санаандгүй нэг шавьж гишгээд хөнөөчихсөн ч нүгэл болно шүү дээ. Гэхдээ би төрөлхөөсөө шумуул, бясаанд тийм ч найрсгаар хандаад байдаг хүн биш. /инээв/

-Та тэгвэл амьдралдаа том алдаа хийж байсан уу?
-Өдөр тутам жижиг сажиг алдаа олон л гаргадаг. Гэхдээ том алдаа гэвэл хийж байсан санагдахгүй байна. Хэрвээ Түвдийн ард түмэн болоод хүн төрөлхтөний төлөө үйлчилсэн үйл хэргээ бодож үзвэл би өөрийн чадах хэрээр л явжээ гэж боддог.

-Таны гарцаагүй хамгийн сайн мэдэх зүйл юу вэ?
-Нигүүлсэнгүй сэтгэл гэдэг аз жаргалын хамгийн гол түлхүүр гэдгийг л эргэлзэх зүйлгүй мэднэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Энэ хүн шиг ийм энгийн сайхан байхсан Үнэхээр сайхан ярилцлага байна
Энэ хүн шиг ийм энгийн сайхан байхсан Үнэхээр сайхан ярилцлага байна
amid burhan
gaihaltai burhan
DALAI BAGSHAA TA UEIINHNEESEE TASARCHJEE!
Za ***** hvntei suuhgvi bol yaj vr udmaa vldeediin.
далаи багш танд болон түвдиин ард түмэнд саин саихныг ерөөе
YAMAR SAIHAN GEREL TSATSARSAN HUN BE DALAI LAM.YAJ IIM AGUU BJ CHADDAG UM BOLOO.ONOO TSAGIIN HUN BUR ULAAN SHUNAL.DALAI BAGSHIIN SURGAAL UNHEER ALT SHUU.BAYRALLAA
Хамгийн их уншсан