Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын нэрийн хуудас

Отгон марк мэндэллээ

“...1924 онд Ардын Засгийн газраас олон улсын буюу одоогийнхоор наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөт будгийн хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европ хэл бичиг сайн мэдэх хүн ховроос “почтовая марка” гэдэг үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг, мөнгө гараагүй байсан тул “доллар, цент” гэж бичсэн гэдэг.

1924 онд анхны шуудангийн тэмдэгт дээр Элдэв-Очир гэдэг солбилцсон очиртой зураг зурсан байдаг. Очир гэдэг нь “бат” гэсэн санаа тул /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санааг агуулж. Энэтхэгээс гаралтай үг бөгөөд очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс бий тул Ардын Засгийн газар тийнхүү шуудангийн тэмдгийг монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утга хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” хэмээн билгүүн номч Бямбын Ренчин Монголын анхны маркны тухай тэмдэглэн үлдээсэн байдаг.

Энэ цагаас хойш ухааны ур дүйтэй зураачид маань Монгол гэсэн нэрийг төлөөлөх зургуудыг зурж, Монгол Улсыг дэлхийд таниулж, нэрийн хуудас болсон олон зуун марк худалдаанд гаргасан билээ. Тэгвэл саяхан отгон маркаа өлгийдөн авлаа. Бат хааныг дүрсэлсэн энэ маркны зүүн дээд буланд Монгол Улсын алтан соёмбо байрласан бол баруун дээд буланд “Mongolia” хэмээн бичээд доод буланд нь 1000 төгрөг хэмээн бичсэн нь анхны марктай харьцуулахад өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгтэй болсон, түүгээрээ худалдаа хийдэг гэдгийг маань батлах шиг. Үнэхээр туурга тусгаар Монгол Улсыг маань таниулах нэрийн хуудас бол марк юм.

“Бат хаан” марк ингэж зурагдав

Отгон маркны зурагт Бат хааны дүрийг буулгажээ. Ингэхдээ эртнээс уламжлан ирсэн нахтан зургийн төрлөөр зурсан нь дэлхийн цээжин дэх Монгол Улсыг илүү чангаар зарлан тунхаглах мэт. Нахтан зургийг хар дэвсгэрт есөн өнгөөр зурдаг. Энэ нь, есөн эрдэнээр зурж байна гэсэн үг аж. Будаг гэж байдаггүй байхад малын тархийг аваад тогооны хөөтэй хольж, хус модны үйсэн дээр зурж, бичдэг байсан нь нахтан төрлийн үүсэл юм. Одоо бол байгалийн шороон будгаар хийдэг байна. Дүрслэх урлагийн маш нарийн, чадвар шаардсан энэ төрлөөр бүтээл төрүүлэх зураач ховордсон энэ үед нахтан зургийн аргаар зурагдсан марк гарч буй нь дүрслэх урлагийн нэгэн том алхам.

“Бат хаан” марк урласан зураач бол Д.Уртнасан. Анх түүнтэй сонирхлынх нь талаар ярилцаж байсан юм. Түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим мөнгөөр үнэлж боломгүй пянзны цуглуулга. анх уулзахдаа түүний өөрийнх нь уран бүтээлийн талаар ярилцах гэсэн бидэнд оногдсон цаг хангалтгүй байсан хэрэг. Харин энэ удаа шинэ уран бүтээлийнх нь нээлт, маркных нь мэндэлсэн анхны өдрөөр уулзсандаа тунчиг баярласнаа нуух юун.

Ингээд түүнтэй шинэхэн маркны талаар яриа дэлгэлээ. Уртаа ах 1982 оноос эхлэн 10 гаруй жил Маркын товчоонд ажиллаж байхдаа олон марк гаргасан нэгэн. Тэрээр энэ удаа “Бат хаан” марк зурах болсон нь учиртай аж. Энэ талаараа “Би Бат хааныг шүтэж ирсэн. Монголын түүхэнд Бат хаан гэдэг ч,  түүхэн сударт бичсэнээр Бат хааныг хүндэтгэж нэрийг нь ч хэлдэггүй, цээрлэдэг байсан юм билээ. Тиймээс “Сайн” хаан гэдгээрээ түүхэнд алдаршсан хүн” гэлээ. Тэрээр Бат хааны дүрийг бүтээлдээ буулгахын тулд маш их судалгаа хийжээ.

“Хүн худлаа юм хийж болохгүй. Бат хаан бол ард түмэндээ элэгтэй, доодост ээлтэй хүн байсан нь олон судар номонд бичигдэн үлдсэн  байдаг. Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев “Монголчуудын морины төвөргөөнд Орос орон сэрж, энэ бие минь гүйцсэн” гэж Бат хааны дайлаар мордсон талаар хэлсэн нь ч байдаг шүү дээ. Бат хааны зургийг зурахын тулд Бат хааны түүхэнд хийсэн бүх аян дайныг нь судалж, он, сар, дэс дараалалтайгаар нь тэмдэглэл хөтөлсөн. Үүнийхээ дагуу зургандаа багтааж уусгахыг хичээсэн” хэмээн ярив.

“Бат хаан бол дэлхийд нэртэй жанжин. Орос орныг 200 гаруй жил хаанчилж байсан түүний түүхийг оросууд устгасан. Гэхдээ даравч далдайна, булавч бултайна гэдгийн адил Бат хааны тухай түүх одоо ил болсон нь уран бүтээлч бидэнд дүрийг нь буулгахад их нэмэр болж байна” хэмээн цааш өгүүлсэн юм. Тэгвэл түүх нь одоо л тодорхой болж байгаа юм бол та Бат хааны дүрийг хэрхэн төсөөлж зурав гэхэд өөдөөс “Урлагийн мөн чанар бол аль хэдийнэ үгүй болсон ч ард түмний сэтгэлд үлдсэн баатар, сэтгэл зүрхэнд нь хадгалагдсан аливаа зүйлийг бодитоор бий болгох юм шүү дээ. Судар номд зуйван царайтай, ямаан сахалтай, ногоон нүдтэй хүн байсан хэмээн дүрсэлсэн ч ард түмний сэтгэлд үлдэхдээ тэс ондоогоор буусан байдаг. Тийм учраас өөрийн төсөөллөөрөө зурсан” гэж хэлээд амыг минь таглачихлаа.

Хэр урт хугацаанд зурав гэж асуугаад бас л буруудав. “Зургийг хэдий хугацаанд зурав гэж асуух буруу. Үүнд хугацаа хамаагүй. Тухайн зургийг зурна гэж  дотроо бодсон л бол  хэдэн жилийн дараа ч амилж магадгүй. Тухайн зургийг ямар зохиомжтой яаж зурах вэ. Мөн ямар материал шаардагдах вэ гээд тэр бүгдийг цуглуулахад хэдэн жил ч зарцуулж болно” гэв. Харин марк болгохын тулд жилийн өмнөөс төлөвлөгөөнд тусгуулсан байх ёстой аж. Маркны товчооноос энэ онд гаргах төрөл, сэдвүүдээ бэлтгэн төлөвлөгөө гаргаад “Монгол шуудан” компаниар батлуулдаг байна. Уртаа ах Бат хааны зургаа марк болгоно гэж аль эртнээс төлөвлөсөн учраас жилийн өмнө төлөвлөгөөнд тусгуулаад амжжээ. Бат хаан марк ингэж бүтсэн түүхтэй.

Бат хааныг шүтэн, дүрийг нь мөнхлөхийн учир

Д.Уртнасан ахын марк зурах гэж хийсэн судалгааг сөхөж үзлээ. А4-ийн хэмжээтэй цагаан цаасан дээр гараараа “дармалдаж” бичсэн түүний судалгааг нээхэд л их хөдөлмөр шингэсэн нь илт. Он дарааллаар нь Бат хааны тухай баримт сэлтийг жагсаан бичсэн энэ судалгаанаас ихээхэн зүйлийг онцолмоор.
Бат бол Чингис хааны ууган хүү болох Зүчийн хоёрдугаар хүү. Гэтэл Монголын түүхэнд Зүчийг алтан ургийн хүн биш гэж үзэх хүн цөөнгүй. Учир нь, 1181 онд Бөртэ хатан мэргэдүүдэд олзлогдоод ирэхдээ Зүчийг хэвлийдээ олсон байсан учраас дээрх яриа гарсан хэрэг. Чингис хаан өөрийнх нь жинхэнэ хатан бол Бөртэ хэмээн үзэж, энэ талаархи яриаг няцаадаг байж. Гэвч Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадай Зүчийг төрсөн ахыгаа хэмээн үздэггүй байсан юм. Хэрэв Чингис хаан Зүчийг өв залгамжлагч хаанаар зарласан бол Цагаадай түүнтэй дайн зарлахад бэлэн байсан учраас Өгөөдэйг дараагийн хаанд өргөмжилсөн хэмээн үзэх судлаачид ч бий. Ингээд Чингис хаан дөрвөн хүүдээ эзэнт гүрнээ хуваахад Зүчид Хоризм, Баруун Сибирь, Урал ногджээ. Ингээд Зүчи өөрийн улсаа төвхнүүлэн байх ахуйд 1227 онд таалал төгсч, Чингис хааны зарлигаар дараагийн хаанаар Зүчийн хоёрдугаар хүү Бат сонгогдсон. Энэ шийдвэр тухайн үедээ олон хүний гайхшралыг төрүүлсэн юм. Учир нь, Бат энэ үед дөнгөж 19-хөн настай байж.

 “Чингис хааны ууган хүү Зүчийн хоёрдугаар хүү, Алтан Ордоны улсыг үндэслэгч Орос ба Европыг түрэмгийлсэн Монголын их цэргийн удирдагч, нэрт жанжин. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг гайхан биширмээр. 19-хөн настайдаа эцгийн улсыг өвлөж, 27-тойдоо их аян дайныг толгойлж, 35 насандаа өөрийн их гүрнийг төвхнүүлсэн тэрээр Монголын үе, үеийн хаад дотроос сод ухаан, авьяас билгээрээ тэгширсэн нэгэн билээ. Тиймдээ ч тэрээр ард түмнийхээ хайр талархлыг хүлээж, түмнээ “Сайн хаан” хэмээн алдаршсан юм” хэмээн судалгааны эхэнд улаан өнгөөр тодотгон бичсэн нь олон зууны өмнө дэлхийг чичрүүлж явсан их хааныг өнөөгийн дэлхийн хаана ч хүрч чадах захидал харилцаанд мөнхлөх болсон шалтаг гэлтэй.

“Бат хаан” маркны эх зурагт Бат хааныг тойруулан түүний байгуулсан Алтан ордны улсыг болон баатар эрсийг дүрсэлсэн байна. 1235 онд Онон мөрний хөвөөнд их хуралдай чуулжээ. Алтан улсыг байлдан эзэлж, эцэг Чингисийн гэрээсийг биелүүлснээ хэлэлцэж, команчуудыг бүр мөсөн устгаж, Оросын вант улс хийгээд наран жаргах баруун зүгийн орнуудыг алтан ургийн хаадын нэгдсэн хүчээр байлдан дагуулах асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдсэн аж. Энэ байлдан дагуулалд Чингис хааны алтан ургийн 13 хан хөвгүүн оролцсон юм. Үүнд, Зүчийн таван хүү, Цагаадайн дөрвөн хүү, Өгөөдэй хааны хоёр, Тулуйн хоёр хүү мөн Чингис хааны тав дахь хөвгүүн болох Хулан хатнаас төрсөн Хүлгэн нар оролцсон нь түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс дээрх 13 хан хөвгүүнийг маркны их зурагт дүрсэлжээ.

Бат хаан энэ цагаас хойш баруун зүгийн орнуудыг байлдан эзэлж, өөрийн улсын хүчээ томруулж явахдаа байлдааны олон арга хэрэглэдэг байсан аж. Үүний нэг нь захидал харилцаа. Зураачийн судалгаанаас онцлох дараагийн зүйл маань Бат хааны Францын гэгээн Людовикд илгээсэн захидал юм. Захидалд “Мөнх тэнгэрийн нэрийн өмнөөс Луй ван чи надад дуулгавартай байж, энхийг эрхэмлэж байна уу, дайныг хүсч байна уу гэдгээ ёслол төгөлдөр мэдэгдэхийг бид шаардаж байна. Мөнх хөх тэнгэрийн эрхшээл биелж, хүн төрөлхтөн намайг эзнээ гэж хүлээн зөвшөөрсөн тэр үед газар дэлхийд амгалан тайван байдал тогтож, бид өөрсдийнх нь төлөө юу хийснийг жаргалтай ард түмэн минь харах болно. Хэрэв чи тэнгэрийн зарлигийг зөрчиж, газар нутаг чинь хол, уул нурууд чинь өндөр, далай тэнгис чинь гүн учир биднээс айхгүй гэж хэлж зүрхэлбэл хэцүүг нь хялбарчилж, холыг ойртуулагч бурхан тэнгэр чамд бидний юу хийж чадахыг үзүүлээд өгнө” хэмээжээ. Евро, Азийг тэр чигт нь дайлаар морьдож байсан монголчуудын байлдааны тактик захидал харилцаатай, уялдаатай байсан бол одоо үед их хаадын дүр “Монголоос бичсэн захидал” гэсэн үгийг төлөөлөхөөр зураачийн бийрийн үзүүрт буужээ.

0 Сэтгэгдэл
hoorhii, anhniihaa markiig hurtel hiatad huneer hiilgee shiv dee, tegeed ter humuusiin hiisen daavuu shaavuugaar nasan turshid biei oroono, uhehdee ch biei oroono, tegeed hiatad huniig uzen iadna
Хамгийн их уншсан