Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОНИНЫ ХОТОНД ХӨГЛӨРДӨГ БАЙСАН ЦАГААН АЛТ

Монголын ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид, түүнд ямар нэг сэжмээр холбогддог байгууллага, төрийн нэгжүүд хамтран ирээдүйнхээ тухай ярилцлаа. “Ноос ба ирээдүй” хэмээх хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгаа шинжилгээний, төрийн болон олон улсын байгууллагууд зөвлөлдөв. 30 орчим байгууллагын төлөөлөл хамрагдаж ноосны салбарт тулгарсан бэрхшээл, асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, салбарын хөгжлийн хандлага, зах зээлд өрсөлдөх чадвар, ноосны шинж чанарын онцлог, ээрэх технологийн асуудал багтжээ. Мөн ноосон бүтээгдэхүүний гадаад зах зээлийн бололцоо, хүний нөөц, одоо ба ирээдүйг голлон ярилаа. Өдгөө манай улсад ноосны чиглэлийн 300 орчим үйлдвэр идэвхтэй ажиллаж байна.
Үүний дотор ноосыг хялгаснаас салгаж ангилах, самнаж ээрэхээс өгсүүлээд даавуу, эсгий, хивс, хувцас үйлдвэрлэгчид багтдаг талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрлэл бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа хэлэв. Энэхүү хэлэлцүүлгийг тус яам Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “SDC Ногоон алт” төсөл, ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан юм.

Ноолуурт “дарагдсан” ноосны салбар

Ноосыг хонины хоргол, хотны шороотой холилдсон байдлаар төсөөлдөг цаг ард хоцорчээ. Ноолууран цамц, малгай, ороолтны далбаан дор “ноос-ноолуур” хэмээн яригдаж явсныг өөрчлөх цаг болжээ. Тиймээс ч ноолуурыг “ичээсэн” бүтээгдэхүүн гарах болсныг хэрэглэгчид ч ярьдаг. Өвлийг өнтэй давахад ноосон цамц, өмд, бээлий чухал. Энэ хэлэлцүүлгийн үеэр ч ноолуур үйлдвэрлэгчдийн  нэрэн дор явдаг үйлдвэрлэл эрхлэгч байхаас залхаж, ноолуурынхнаас өрх тусгаарлах эрмэлзэлтэй байгаа нь анзаарагдсан. Арга ч үгүй. Шинэ гэр барих болохоор л эсгий зулж, жилийн жилд улс нэр төдий ноосоо татаж байсныг бид мэднэ. Үнэндээ хонины ноосыг цагаан алт хэмээн нэрлэдэг сэн. Нөөц нь дуусчихдаг, хөрс сэндийчиж, хөлсөө дуслуулан байж ухаж гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний дэргэд жинхэнэ шавхагдашгүй бөгөөд үнэтэй баялаг ажээ.
Манай улс 40 гаруй сая малтай. Үүний бараг хагас нь хонь. Эдгээрээс жилд 16 мянган тонн ноос авч зах зээлд нийлүүлдэг аж. Хэрэв зохион байгуулалт, үйл ажиллагаа тогтвортой байвал бүх ноосыг ямар ч хаягдалгүй ашиглах боломжтой гэх саналыг хэлэлцүүлгийн оролцогчид дэвшүүллээ. Жишээ нь, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оёж үйлдвэрлэсэн хойно бага зэрэг илүүдэл гардаг. Түүнийг тусгай технологиор боловсруулаад галд шатдаггүй барилгын дулаалгын материал хийх боломжтой. “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийн нэг онцлог нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдийг хооронд нь нэгтгэх, ажлыг нь уялдуулах явдал. Гэхдээ Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан нь энэ салбарыг нэгтгэсэн бодитой үйл хэрэг мөн гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Бирж байгуулагдсанаас хойш малчны хотонд хог болж, хөглөрдөг, харганад тээглэж хаягддаг ноос “хөдөлгөөнд” орсон. Улмаар малчдыг ч идэвхжүүлсэн үйл хэрэг билээ. Хөдөө аж ахуйн бирж малчдын ноосыг нэгдсэн журмаар авч, үйлдвэрүүдэд хуваарилж, бүтээгдэхүүн болгох зуучийн үүрэг гүй­цэт­гэж буй. Түүнчлэн экс­портод гаргах ноосон бү­тээгдэхүүнд Хөдөө аж ахуйн бирж зөвшөөрөл олгох болс­ноор дотоодын ноосон бүтээгдэхүүн экспортлох бод­логод өөрчлөлт гарчээ.
Монголчууд ноосны сал­ба­раараа дэлхийд цор ганц гэх тодотголыг эзэмших боломжтой. Тэмээний ноос, сарлагийн хөөвөр л гэхэд хаанаас ч олохын аргагүй түүхий эд.
Гэвч олон улсын зах зээлд өрсөлдөгч болж, бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд яарахаас өмнө дотоодын хэрэгцээг бүрэн хангахыг эрхэмлэж буй. Тухайлбал, бүх төрлийн ажлын хувцсыг монгол малчны хотноос авсан, малын ноос, ноолуураар хийж үйлдвэрлэх. Ингэснээр дотоодын компа­ни, үйлдвэрүүд тодор­хой хэмжээний дадлага турш­лага­ сууж, үйл ажиллагаа нь тогтворжих нөхцөл бүр­дэнэ. Мэдээж тодорхой хуга­цаа шаардагдах боловч тэр үе хүртэл төрөөс ноосны салбарыг дэмжих ажил тасралтгүй үргэлжлэх юм. Жишээ нь, нэхмэлийн аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод төвлөрсөн үйлдвэрлэлийг орон нутагт шилжүүлж, малчдад ойр­туу­лахаар төлөвлөжээ. Энэ бүхэн одоо эхэлж байгаа ч ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэх тэр үетэй зэрэгцээд ашиглалтад орох аж. Ингэж малчин, үйлдвэртэйгээ ойртсоноор ноос, түүхий эдийн тээврийн зардал буурч төдий хэм­жээгээр үнэ хямдрах боломж бүрдэнэ.
Одоо ноосоор утас ээрэх, даавуу үйлдвэрлэх, бүтээгдэхүүн болгох, экс­портлох тухай эрчимтэй ярьж байна. Мөн ноосыг 2-3 дахин самнаж нарийн ширхгийг нь ялгаснаар цагаан алтаар урлах бүтээгдэхүүний ча­нарыг улам сайжруулж буй юм. Сурагчдын дүрэмт хувцсыг ийм л аргачлалаар хийж байгаа. Гэхдээ ноосоор ээрсэн утсыг Солонгост даавуу болгон үйлдвэрлээд эргүүлэн татаж байгаа нь онцлог. Яагаад гэвэл манай улсад Эрдэнэт хивсний үйлдвэрийн дэргэдэх үйлдвэрийг эс тооцвол дотоодын даавууны үйлдвэр нэг ч байхгүй. Монголчууд урьд нь жилдээ 1.2 сая метр даавуу үйдвэр­лэж, хэрэгцээгээ бүрэн хан­гадаг байсан түүхтэй. Харин дараа жилээс даавууны шинэ үйлдвэр нээн ажиллуулж, монголчууд хонины ноосоор 100 хувь дотооддоо бүтээг­дэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх сайхан мэдээ дуул­даж буй. Үүнийг дагаад мал маллагаа, малчдын хөдөл­мөр, хөдөө аж ахуйн бирж, сүлжмэл, оёдлын үйлдвэрүүд, дотоодын худалдааны тө­вүүд гээд шат шатандаа үйл ажиллагаа идэвхжинэ. Төдий хэрээр манай орны эдийн засаг бие дааж, уул уурхайн салбараас хараат бус болоход нэмэртэй. Ямартай ч цагаан алтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засагт идэвхтэй эргэлдүүлэх ажил өдрөөс өдөрт сэргэж байна.

Дотоод үйлдвэрлэл-дүрэмт хувцас

Сайны хажуугаар саар бүхэн гарч ирдэг ёс энэ удаа ч орхигдсонгүй. Эмч, аврагч, гал сөнөөгч, цагдаа, цэрэг, барилгачин гээд дотоодод дүрэмт хувцас өмсдөг олон хүнийг монгол хонины ноосоор хувцаслахаас өмнө сурагчдыг “онилсон” билээ. Харамсалтай нь, хамаг ажил эхлээд, дундаа орж байтал сөрөг бодол, саар үгтэй хүмүүсийн буруу зорилго биеллээ олж эхэлжээ. Тухайлбал, даавууг нь хайчилж, шороонд хутгаж, хананы чулуунд үрээд харахын эцэсгүй юм болгочихоод ҮХААЯ-нд барьж ирсэн гэнэ. Монгол хонины ноосоор Со­лонгост үйлдвэрлэсэн даа­­вууг манайхан ч, солон­госчууд ч лабораторт шинжилж, турш­сан. Тэр бүхнээс чанарын шаардлага хангалаа, серти­фи­кат баталгаа авлаа гэсэн атал энгийн хүүхдийн өмссөн хувцас ингэтэл муудсан нь явуулга гэхээс өөр аргагүй. Тэгээд ч бусад хүүхдийн хувцас гэмгүй байхад яагаад тэр хэдхэн форм үзэхийн аргагүй дордчихсон нь сэжиг төрүүлж буй юм. Үнэхээр эцэг, эхчүүдийн тархийг угааж, итгүүлэхийг хүссэн шиг муу даавуу, маруухан хувцас бол өдийд бага ангийн бүх хүүхдийн форм өмсөх аргагүй болтол урагдчихсан байхсан.
Өөр нэг шүүмжлэл нь шинэ дүрэмт хувцас амархан сэмэрч, утас нь гогцоордог гэхчлэн ам дамжин цуурч буй. Тэгвэл үүнийг мэргэжлийн хүн дараахь байдлаар тайлбарлав. “Хонины ноос нь бүдүүн ширхэгтэй, харьцангуй богино. Тиймээс үйлдвэрлэлээс гарсны дараа богино хэсгийн үзүүрүүд нь мэр сэр гарчихдаг аж. Хивсний богино утас хүртэл нааш гарч ирэх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ тийм их биш. Энэ бүхний дараа дахиж сэмрэх, бөөрөнхийлөх зэрэг асуудал гарахгүй” гэж ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрлэл бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа хэллээ.
Энэ бүх сөрөг үг, буруу суртал хэнд ашигтай вэ. Хятадуудад, хялбар аргаар мөнгө олж сурсан хэдхэн монголчуудад. Харин хэнд алдагдалтай, хохиролтой вэ. Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг бүх аж ахуйн нэгж, тэдний оёдолчин, эсгүүрчдэд, монгол хүүхдийн эрүүл мэндэд, хөдөөний малчдад, тэдний гэр бүлд, манай орны эдийн засагт гарзтай. Жишээ нь, бага хүүгээр зээл авч сурагчийн дүрэмт хувцас оёж буй компаниуд энэ сарын 30-нд ахлах ангийнхны хувцсыг дуусгаж нийлүүлэхэд хүндрэл учирч буй. Яагаад гэвэл аав, ээжүүд дүрэмт хувцсыг муу гэдэг цуу үгэнд итгэчихээд худалдаж авах нь удааширч, эргэн төлөлт нь сунжирчээ. Төдий хэмжээгээр өөрөө өөрийгөө тэтгээд, хөл дээрээ босох байсан оёдол сүлжмэл, ноосны салбарт тушаа болж буй юм. Дашрамд дуулгахад, сурагчийн дүрэмт хувцсыг оёх ажилд томоохон аж ахуйн нэгж, нэр хүндтэй байгууллагуудыг дайчлаагүй. Гагцхүү сүлжмэлийн цөөхөн гар машинтай, тавхан ажилтантай, хоёрхон өрөөтэй байгууллагууд буюу жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжин нэгтгэсэн.
Зарим газарт сурагчийн дүрэмт хувцсыг хуурамчаар үйлдвэрлээд борлуулж байгаа мэдээлэл гарсан. Ийм нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч тэдгээр нь ээж, аавуудыг, хүүхдийг хуурч, хохироож буй хэрэг. Юун түрүүнд, илүү үнэтэй байх магадлалтай. Үнэ ойролцоо эсвэл хямдхан байгаа бол материал нь 40 хувийн хонины ноосны агууламжтай, чанартай, дулаахан байж чадахгүй билээ. Тиймээс сэр­гэж буй ноосны үйлд­вэр­лэгчдийн талаар сөрөг ухуул­гад автахгүй байх, хуу­рамч, хямдхан хувцсаар хүүхдийнхээ биеийн хөгжил, өсөл­тийг боомилохгүй бай­хыг аав, ээжүүдэд сануулан уриалав.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан