Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.ЭНХБОЛД: САЙД НАР БАРИЛГЫН АЖИЛД ОРОЛЦДОГИЙГ НЬ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ

Хуульзүйн Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. Хуульзүйн сайд, төсөв ерөнхийлөн захирагч нарыг байлцуулан уг асуудлыг ярилцсан юм.
Өнгөрсөн хаваржин асуу­дал үүсгэсэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн төсөв мөнгөний талаар энэ үеэр хөндөгдөв. Төсвийг нь өөр зүйлд зарцуулж, конторын байшин болгох гэж байна гэсэн дуулианыг гишүүд энэ үеэр сэдрээв. 2013 оны төсвийн тодотголд 2.5 тэрбум төгрөг уг барилгад нэмж олгохоор тусгаж. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөр байгууллагын барилгыг нөгөө рүү нь өгч тодотгол хийхээр оруулж ирж байгаа нь зөв үү, Засгийн газрын тогтоолоор объектыг шилжүүлж болдог хэрэг үү гэж асуув.
Харин Хуульзүйн сайд Х.Тэмүүжин төс­вийн төсөл оруулж ирж байгаа учраас сайтар ярил­цана гэдгээ хэлж байлаа. Хө­рөнгө оруулалт бүрийг на­рийвч­лан үзэх ёстой, дуусч байгаа мөртлөө зарим барилга мөнгө гаргуулж авахын тулд ашиглалтад оруу­лахгүй хойшлуулсан гэнэ. Авлигажсан төсөв гэж яриад байгаа шиг зүйл Хуульзүйн яаманд бий эсэхийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуув. Хуульзүйн яамны урсгал зардал бусад яамны адил буурч байгааг салбарын сайд нь хэллээ. Гэхдээ сандал ширээ, тавилга авах нь харьцангуй бага байдаг ч машин, унаанд ихэнх урсгал зардал зориулдаг аж. Урсгал зардлыг нь хэтэрхий танах юм бол цагдаа, хуулийнхны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх талтай гэв.
2011 онд төлөвлөж, тө­сөвт суулгасан тойргийн шүү­хийн барилгад зориулсан мөнгийг ЭЗХЯ, Сангийн яам зардлаа тана гээд хас­чээ. Шүүхийн барилга бариу­­­лахад Хуульзүйн яам оролцох нь хэр оновчтой зүйл вэ, эрх мэдлийн хуваа­рилалтад нөлөөлөх үү гэж Д.Лүндээжанцан гишүүн Х.Тэмүүжин сайдаас асуусан. Нийслэлд хоёр тойргийн шүүх байгуулахаар төлөвлөсөн боловч Сонгинохайрхан дүү­рэгт газар олдоогүй учир Хан-Уул дүүрэгт барихаар болсон байна. Баянзүрх дүүрэгт барих тойргийн шүүхийн барил­­­­­­­­гын мөнгийг хассан байгаа учир ЭХЗЯ, Сангийн яам­ныхнатай ярилцаж буй аж. Эхлээд тойргийн шүү­хийн стандартыг тогтоож, бариулах юм бол дараа нь хэнд ч харьяалагдаж болно гэдгийг салбар хариуцсан сайд тайлбарласан юм.
Тэгвэл 25 хорих газарт нийтдээ 24 тэрбум төгрөг урсгал зардал гэж олгодог юм байна. Энэ зардлыг бууруулахын тулд нийслэлийг тойрон байрладаг 12 хорих газрын 10-ыг нь нийлүүлж, шилжүүлснээр 50 хувийн хэмнэлт гарах тооцоо хийжээ. Үүний тулд гурван тэрбум төгрөгийн нэмэлт зардал төсөвт суулгаж шинээр шо­рон барьж байгаа ч гарах үр дүнгээр нь хорихуудад ху­ваарилдаг зардал хэмнэг­дэх боломжтой, төсөв, орон тоо ч нэлээд хэмжээгээр багасна гэж үзжээ. Энэ мэтчлэн төсвийн тодотголын хүрээнд голдуу байшин барилгатай холбоотой асуудал тойруулан ярьсан юм. Харин УИХ-ын дарга нэгэн санал гар­гаж, цаашид барилга байгуу­ламжтай холбоотой төсөв сайд нар ярихгүй байх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд “Боловсрол, Эрүүл мэнд, Хуульзүйн сайд нар үндсэн салбараа анхаарахаас илүү барилга барихад оролцдог болсон. Тэгэхээр бүх яамны дэргэд байгаа Барилга за­хиалагчийн товчоог нэгт­гэж, улсын үйлдвэрийн газар байгуулах хэрэгтэй. Сайд нарыг барилгын ажилд оролц­догийг болиулах хэрэг­тэй байна. Энэ талаар Засгийн газарт үүрэг өгөх санал гаргаж байна. Ирэх оны төсөвт тусгасан бүх барилгын зардал, тооцоо, төсвийг хоёр дахь хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг бүрээр нь гаргаж, үүрэг өгөх нь зүйтэй. Зари м барилгын зардал 12 дахин нэмэгдсэн байсан. Тиймээс энэ талаар тогтоолын төслийг Хуульзүйн байнгын хорооноос санаачлан УИХ-аар батлуулах нь зөв байх” гэж саналаа хэлсэн юм. Үүнийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Barilga-n yam gej bgaa sanagdana
Хамгийн их уншсан