Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хүүхдийн мөнгө олгоход 55 тэрбум төгрөгийн бонд гаргах уу


Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан хоёр цаг гаруйгаар хоцорч эхлэн хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал төсвийн тодотголтой хамт орж ирсэн гурван хуулийн төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрч­лөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл байв.
УИХ-ын гишүүд төсвийн орлого тасарсан шалтгааныг тодруулах, хэрэв хариуцлага тооцдог бол арга хэмжээ авах ёстой, тооцоо судалгааг зөв хийж, зарцуулалтаа сайн хянах байсан, Засгийн газар энэ жил ажлаа хийгээгүй гэх мэтчлэн багагүй шүүмжилсэн.

Оюу толгойн урьдчилгаа төлбөрийг яагаад заавал ирэх оноос төлж эхлэх гээд байгааг нь асуухад 2009 онд гэрээ байгуулахдаа заавал тэдийд төлж эхэлнэ гэж нарийн заагаагүй гэж УИХ-ын гишүүн С.Баярцогт хариуллаа.
2012, 2013 оны төсөвт өрийг тусгаагүй учраас 2014 оноос тооцож эхлэхээр бол­сон гэж Сангийн сайд Ч.Улаан тайлбарлав. Гэхдээ ингэж суутгууллаа гэхэд нийт гадаад өр хуулийн хүрээнд байгаа төдийгүй тогтоосон хэмжээ хязгаараас давахгүйг хэллээ.

Төсвийн орлого тасалд­санд татвар нөлөөлсөн эсэ­хийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тодруулахад Татварын ерөнхий газрынхан манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байдаг учраас үүнийгээ дагаад жижиг дунд цаашлаад том аж ауйн нэгжийн төлөх татварын хэмжээ багассан гэв. Жишээлбэл, зэсийн үнийг төсөвт 8152 ам.доллар гэж тооцсон бол одоогийн байдлаар 7003 ам.доллар байгаа аж. 261 мянга 700 тонн зэс экспортлохоор төлөвлөж байгаагаас 50 хувийг нь гаргажээ. Нүүрсний үнэ ч мөн хэлбэлзэлтэй буй. 31 сая тонн нүүрс экспортлохоор төлөв­лөсөн боловч одоогоор 11 сая тонныг л гаргаж. Тат­­­­варын орлого энэ жил 310 тэр­бум төгрөгөөр буурсан гэд­­­гийг Татварын ерөнхий газ­­рын дарга Т.Батмагнай хэллээ.

Харин Байнгын хорооны зарим гишүүний сонирхож байсан зүйл нь гадаад өрийн хэмжээ. Монгол Улсын гадаадын өрийн хэмжээг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар валют, юаниар нь тус бүрт нь нарийчвлан хэлж өгөхийг ажлын хэсгийнхэн болон Сангийн яам, ЭЗХЯ-ныхнаас хүссэн юм. Өрийг долоон үзүүлэлт харгалзаж гаргадаг талаар Сангийн сайд Ч.Улаан тайлбарлаад нийтдээ дөрвөн тэрбум ам.доллар гэв.  
Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны гишүүдийн олонхи нь хэлэлцэхгүй гэж үзсэн юм. Засгийн газарт төс­лийг буцаах шийдвэр Төс­вийн байнгын хорооноос гарч, УИХ-д танилцуулахаар боллоо. 

Энэ үеэр яригдсан нэг асуудал бол хүүхдийн мөнгөний тухай. Засгийн газраас хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Гэтэл энэ мөнгийг олгохын тулд ирэх жил Засгийн газар бонд гаргаж санхүүжүүлэхээр болжээ. Нийтдээ 55 тэрбум төгрөгийн бонд арилжиж, зөвхөн хүүхдийн мөнгөнд олгохоор төлөвлөж зөвшөөрөл хүсч оруулж ирэв. Үүнийг зарим гишүүн эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Өр тавьж, бонд гарган хүүхдүүддээ мөнгө тараана гэж байна. Засгийн газар нь өр тавьж хүүхдийн мөнгө өгдөг байж болохгүй. Засгийн газар нэг гараараа төсөв хумиж байгаа ч нөгөө гараараа өр тавьж болмооргүй байна. Улсын төсөвт энэ мөнгийг суулгаж өгөх нь зөв” гэсэн юм. Түүний энэ саналыг УИХ-ын С.Баярцогт дэмжиж байгаагаа хэлсэн. Тэрээр “Хүүхдийн мөнгө “Хүний хөгжлийн сан”-гаас гарч байгаа. Цаашид “Хүний хөгжил сан”-гийн орлогыг байхгүй болгох нь зөв. Бонд гаргаж үүнийг санхүүжүүлж болохгүй. “Хүний хөгжлийн сан”-г хүчингүй болгоод “Баялгийн сан”-даа мөнгөө төвлөрүүлэх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюун­баа­тар “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгч байх нь зүйтэй. Ам.долларын саятнуудын, бизнесмэнүүдийн хүүхдүүд энэ мөнгийг авдаггүй. Тэгэхээр зөвхөн энэ мөнгө шаардлагатай байгаа хэсэгтээ очих нь зөв” гэж байр сууриа илэрхийлэв.

Эрхэм гишүүдийн хэлж байгаагаар тусгай сангаас хүүхдийн мөнгө өгөхийг буруу гэж үзэж байгаа юм. Харин нөгөө талаас нь авч үзвэл улсын төсвөөс хүүхдийн мөнгө өгч эхэлвэл эцэг эхчүүдээс нь татвараар татаад эргүүлээд тарааж байгаагаас ялгаагүй мэт. Энэ асуудалд санал хураахад будлиан гарч багагүй маргалдсан юм. Байнгын хорооны гишүүдийн саналыг дутуу тооллоо хэмээн хоёр, гурван удаа санал хурааж байж хэлэлцэх эсэхийг шийдэж, УИХ-д оруулахаар болов. Эхлээд санал хураахад гар өргөсөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг тоолоогүй хэмээн гишүүд нэг хэсэгтээ маргалдаж, дахин тоолохоор болсон. МАН-ын гишүүд төслийг хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад дахин санал хурааж, дэмжүүллээ гэж шүүмжилж ч харагдсан.
Ямар ч байсан Засгийн газрын бонд гаргах хүсэлтийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
амлалт бол амлалт хүүхэдийн мөнгийг өгөх ёстой. оюунбаатар мэтийн дүнхүүнүүдийн үгээр жирийн иргэдийн хүүхэдийг хасчихав аа. тар саятануудын хүүхэдүүд ч эцэг эх нь авах өргөдөл гаргавал авах л хэрэгтэй. тэртусмаа монгол шиг хөрөнгө хуримтлуулсан бүхнээ үзэн ядаж нийгэмчилж байгаа энэ улсад хүүхэдийн ирээдүй баталгаагүй
Хамгийн их уншсан