Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэчулуун: Манай улс дэлхийн жишигт нийцсэн Шүүхийн тухай хуультай болж чадсан


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж УИХ-аар баталсан Шүүхийн тухай багц хууль энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Шүүхийн шинэчлэлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүхийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах эрх зүйн үндэслэлийг тогтоож чадсан хэмээн олон хүн үзэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-1993 онд Шүүхийн тухай хууль анх батлагдсанаас хойш 20 гаруй жил энэ хуульд суурилан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг  шийдвэрлэж ирлээ. Харин одоо шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхийн бүтэц, зохион байгуулалт,үйл ажиллагааны хэм хэмжээг бий болгосноор Монголын шүүх дэлхий нийтийн жишигт дүйцэхүйц хэмжээнд ажиллах боломж бүрдэж байна. Ялангуяа шүүх хэвийн ажиллах эдийн засгийн болон шүүгчийн хараат бус байх зарчим, баталгааг хуульчлан тогтоохдоо шүүх эрх мэдлийн талаархи хүлээн зөвшөөрөгдсөн онолын чиг хандлага, нийгмийн шаардлага зэрэг олон асуудлыг тусгасан. Энэ нь манай орны шүүх эрх мэдлийн үйл ажиллагааны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх эрх зүйн үндэслэл болох юм.

-Шүүгчийн сонгон шалгаруулалтын эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар яривал. Шинээр мөрдөгдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд энэ талаар тусгасан гэсэн.
-Шүүгчийн сонгох шалгаруулах асуудлыг өмнөх Шүүхийн тухай хуулиар зохицуулж байсан бол одоо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай бие даасан  хуулийн хүрээнд шийдвэрлэгдэнэ. Иймд шүүгчийн сонгон шалгаруулах эрх зүйн орчинд үндсэн өөрчлөлт орсон гэж үзэж болно. Тухайн хуулиар шүүгчид тавигдах болзол, шаардлагаас эхлээд  шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчийн бүрэн эрхийн асуудал, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, шүүгчийн халдашгүй байдал, шүүгчийн хариуцлага, шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага гээд урьд өмнө байсан шалгуур үзүүлэлтийг улам боловсронгуй болгохын зэрэгцээ  шинэ шаардлагуудыг ч тусгаж өглөө. Хуулийн гол зорилгыг энгийн үгээр тодорхойлбол, шүүгч болох гэж байгаа хүнийг шилж, сонгох шалгуурын босгыг өндөр болгож, хүссэн болгон шүүгч болчихдоггүй, зохих шалгуур үзүүлэлтийг амжилттай давсан хүнд шүүгч хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай албыг гүйцэтгэх итгэл хүлээлгэсний дараа түүний бие даасан хараат бусаар ажиллах үйл ажиллагааны болон эдийн засгийн баталгааг хангахын зэрэгцээ мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг тооцох нөхцлийг тодорхойлж өглөө.

-Шүүгчид тавигдах болзол, шаардлагын талаар тусгаж өгсөн гэлээ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Шүүгч болох хүн ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үедээ гэмт хэрэгт холбогдоогүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарладаг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, хүний эрхийг дээдэлж, бусдын нөлөөнд автахгүйгээр хараат бусаар ажиллаж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг чадвартай байх зэргээр өмнө байсан болзлоос өргөн агуулга бүхий шаардлагыг хуульчилсан. Шүүгч Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг учраас бичиг хэргийн боловсруулалтын шаардлага өндөр байх ёстой. Тиймээс ярианы болон бичгийн соёлтой, компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвартай байх зэрэг шалгуурыг  хуулиар шаардаж байгаа.

-Шүүгчийг сонгон шалгаруулах зарчмын өөрчлөлт,  онцлог  ялгааны  талаар?
-Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах болзол шаардлага өөр өөр байсан. Одоо ч мөн адил. Гэхдээ шинэ хуулиар зарим шаардлагуудыг шинээр тусгаж өглөө. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан байх, мөн шүүн таслах ажлын дадлага туршлагатай байхын зэрэгцээ шийдвэрлэсэн хэргийнхээ хүрээнд судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай байх шаардлагыг тавилаа. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах эрх мэдлийн асуудалтай холбоотой.  Түүнчлэн судалгаа шинжилгээний нийтлэл бичиж хэвлүүлэх чадвартай байх  шаардлагыг тавьж байна. Харин хяналтын шатны шүүгчид нэр дэвшигчийн хувьд дээр дурьдсан болзол шаардлагуудаас гадна шүүн таслах ажлын дадлага туршлага эзэмшиж, давж заалдах шатны шүүхэд шүүгчээр таваас доошгүй жил, өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан байх, мөн Хуульчдын холбооноос итгэмжлэгдсэн Хууль зүйн дээд сургуульд арваас  доошгүй жил багшилсан байх зэрэг шалгуурыг хангасан хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улс төрийн намын дарга удирдах албан тушаалд ажиллаж байсан хүн /сүүлийн зургаан жил ажиллаж байсан бол/ хяналтын шатны болон Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэхийг хориглосон.

-Шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог гэсэн тухайгаа тодотгохгүй юу?
-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалд томилуулах хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг хэлбэр бараг хэвээрээ байгаа. Шүүхийн захиргааны тухай хууль батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны таван гишүүнээс бүрдсэн байгууллага болсон. Өмнө нь манай зөвлөлийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч толгойлж,  орон тооны бус 14 гишүүнээс бүрддэг байв. Мэргэжийн хороо нь нэр дэвшигч нараас шалгалт авч, Ерөнхий зөвлөлд танилцуулга нь орж ирдэг байсан. Зөвлөл энэ материалтай танилцаад, нууцаар санал хураалт явуулж, олонхийн санал авсан хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг байсан. Ерөнхийлөгч манай зөвлөлөөс ирүүлсэн материалтай танилцаж, судлаад томилох эсэхийг шийдвэрлэдэг. Зарим тохиолдолд  нэр дэвшигчийг шүүгчээр томилдоггүй байлаа. Харин одоогийн шинэ хуулиар Мэргэжлийн хороо шалгалтаа авч, Хуульчдын холбоо дүгнэлтээ гаргаад манайд ирүүлнэ. Тэр материалтай танилцсны дараа ерөнхий зөвлөлийн гишүүд нэр дэвшигч тус бүртэй ганцаарчилсан уулзалт хийх юм. Үүний дараа санал хураалтаа ил явуулна. Нууцаар санал хураалт явуулахад хэн нь хэнд санал өгч, ямар шалтгааны улмаас дэмжээгүй болох нь тодорхойгүй байдаг байв. Одоо илээр хураах учраас бүх зүйл нээлттэй. Энэ хүнийг ийм шалтгааны улмаас дэмжсэн, дэмжээгүй гэдгээ хэлэх юм. Хурлаас олонхийн санал авсан хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч судалж үзээд томилох эсэхээ шийдэх юм. Хэрэв томилохгүй гэвэл үүнийг илэрхийлсэн шийдвэр гардаг болсон. Өмнө нь ийм шийдвэр гардаггүй байв.  
 
-Шүүгчдийг сонгон шалгаруулах болзол шаардлагыг нэлээд өндөр болгосон байна гэж ойлголоо. Энэ нь шүүгчдийг чадавхижуулах ач холбогдолтой байх?
-Хуульчдын оргил нь шүүгч гэсэн яриа байдаг. Шүүгч хүн хуульчид дотроо нэр хүндтэй байж энэ албан тушаалд томилогдож ажилладаг олон улсын жишиг бий. Бид дэлхийн нийтийн жишигт нийцсэн хуультай болж чадсан. Үүний хүрээнд олон улсад шүүгч хүнд ямар шаардлага тавигддаг талаар судалж, хуульдаа тусгаж өгсөн гэж үздэг.

-Шүүхийн байгууллагын нэр хүнд иргэдийн дунд төдийлэн сайн биш байдаг. Шүүгчдийг хээл хахууль авдаг, нэг талд үйлчилсэн гэсэн яриа ч бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ийм яриа байдаг. Шүүхийн байгууллагад олон  жил ажиллаж буй хүний хувьд зарим зүйлтэй нь санал нийлдэггүй. Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд заачихсан учраас ардчилсан нийгэмд шүүмжлэл ил тод, нээлттэй байх ёстой. Шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. Шүүмжлэл байна гэдэг тухайн байгууллага тэр дундаа шүүгч ажлаа хийж байна гэсэн үг. Гарсан шүүмжлэлийн талаар бид судалж үздэг. Өөрөөр хэлбэл, гарсан шүүмжлэл нь тухайн шүүгч болон шүүхийн байгууллагын нэр хүндийг унагах зорилготой байна уу, үгүй юу гэдгийг судалдаг. Гэхдээ шүүмжлэл гарлаа гээд шүүхийн байгууллага тэр дор нь хүлээж аваад эсэргүүцэл илэрхийлээд мэдэгдэл гаргаад байдаггүй. Зөв шүүмжлэлийг хүлээж авдаг, засч залруулахын төлөө ажиллана. Шүүхийн байгууллагад олон хүн ажиллаж, олон мянган хэрэг маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргаж байна. Хуулийн зохицуулалт ямар байна түүний дагуу л шийдвэр гаргадаг. Хэргийн аль нэг тал нь ялагдсан тохиолдолд гомдол тасардаггүй. Тэр хэрээр  шүүхийн талаар  хэл ам гарах тохиолдол бий.

-Шүүгчийн ажлын үнэлэмж ямар байгаа бол?
-Шүүгчдийн ажлыг үнэлж, дүгнэх асуудал ОХУ манай хоёрт байсан юм шиг ээ. Шүүгчдийг ажлын бүтээмжээр нь байр эзлүүлж, урамшуулж, шагнадаг тогтолцоо байсан. Энэ зүйл одоо өөрчлөгдсөн. Шүүгчийг үнэлж дүгнэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн түвшинг нь тогтоохоор болж байгаа. Түвшин тогтоох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлахаар болсон. Мэргэжлийн түвшинг тогтоосноор тухайн шүүгч юунаас хоцрогдож байна вэ, ямар ажил хэрэгжүүлэх шаардлагатай байгааг гаргаж ирэх ач холбогдолтой. Нэг үеэ бодвол иргэдийн хууль эрхзүйн боловсрол эрс дээшилсэн. Тиймээс шүүгч нарын мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж, тасралтгүй сургалтын тогтолцоог бүрдүүлэх  учиртай. Шүүгчийн мэргэжлийн ур чадвар дээшилснээр шүүн таслах ажлын чанарт ахиц гарах ач холбогдолтой юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан