Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгийн төвүүд хот болж хөгжинө

Нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг багасгаж, хот хөдөөгийн ялгааг арилгах зорилгоор аймаг бүрийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбон, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. Тэгвэл аймгуудыг бие биеэсээ үлгэр дуурайлал авч, туршлага солилцуулах зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн мягмар гараг бүр болдог “Шинэчилж шийдье-222” уулзалтыг  өчигдөр “Аймгийн төвүүдийг хот болгоё” сэдвийн дор зохион байгууллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн уулзалтад таван аймгийг орон нутагтаа хийж буй бүтээн байгуулалтын ажлаа ярьж, үлгэр жишээ болохыг үүрэгджээ. Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Баянхонгор, Төв аймгийн удирдлагууд хийсэн ажлаа ийн тайлагналаа.  

Ховд хот утаанаасаа сална

Олон ястны өлгий гэгддэг Ховд аймаг 80 орчим мянган хүн амтай, 211000 өрхтэй. Аймгийн төв буюу Ховд хотод 40 орчим мянган иргэн амьдарч буй нь хүн амынх нь тал хувь аж. Тус аймагт 15 зах, худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг бол энэ жил худалдааны төвийн битүү барилга  барин асуудлыг шийдэх зорилго өвөртөлжээ. Ийм худалдааны төвийг ирэх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад оруулахаар ханцуй шамлан ороод буй гэсэн. Тус зах ашиглалтад орсноор 600 хүнийг ажлын байраар хангах аж. Ховд аймагт нэн тулгамдсан асуудлын нэг нь утаа. Дулааны станц байхгүйгээс аймгийн хэмжээнд 83 уурын зуух ажиллаж, Ховдчуудыг дулаанаар хангадаг нь нийслэлээс дутахааргүй утаан манан дунд амьдрахад хүргэсэн гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс дулааны цахилгаан станц барьж эхэлсэн байна. Уг станц ирэх оны тавдугаар сард ашиглалтад орох бөгөөд аймгийн төвийн утаа арилж, 680 гаруй айл өрх орон сууцаар хангагдах боломжтой гэж тооцоолжээ. Ховд хотын ам 40 мянган хүн байгаа бол цахилгаан станц ашиглалтад орсноор 120 гаруй мянган хүн аж төрөх боломж бүрдэх аж. Ховд аймагт энэ онд 320 айлын орон сууц ашиглалтад оржээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн жишээнээс суралцан аймгийн төвдөө 400 гаруй айлын нэг загварын хашаа барьж, жишиг хороолол байгуулсан байна. Мөн 300 орчим км хатуу хучилттай зам ашиглалтад орсон нь хөгжих боломж бололцоог хангаж өгч буй гэсэн.

Ховдчууд 4.3 га газарт 456 айлын орон сууц барихаар хэсэгчилсэн төлөвлөгөө хийгээд байгаа аж. Энэ хэсэгт сургууль, цэцэрлэг барьж, хотхон бий болгох зорилт тавьжээ. Нийслэлд хэрэгжүүлж буйтай адил “Нүүрс” хөтөлбөрийг тус аймагт энэ жил хийж байгаа гэнэ. Ингэснээр нүүрснээс хараат байдаг Ховд нутгийн ард иргэд хямд үнээр нүүрс худалдан авч, онд дулаахан  орно хэмээн аймгийн удирдлагууд үзжээ. Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс тэрбумыг авч тохижилтын ажил хийж, 600 орчим машины зогсоол байгуулсан аж. Хогны асуудлыг шийдвэрлэх үүднээс 200 га газрыг цэвэрлэж, дахин ашиглахаар болж буй гэсэн. Тухайлбал, энэ жил л гэхэд 50 га-г нь цэвэрлэсэн байна. Хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадуудыг хогоо хаяхгүй байхад зориулж, гудамжинд байрлуулсан хогийн савныхаа гуравны хоёрыг газар доогуур байрлуулж, үлдсэнийг  нь ил харагдахаар тавьсан нь олны сайшаалыг хүлээжээ.  
 
Өвөрхангайд хамгийн олон орон сууц баригджээ

Өвөрхангайчууд аймгийн төвийг хот болгох хүрээнд 620 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймгийг хамгийн олон орон сууц барьсан аймаг хэмээн уулзалтын үеэр тодотгож байв. Аймаг бүр 1000 айлын орон сууц барих хүрээнд тэд 70 га газарт хэсэгчилсэн төлөвлөгөө хийжээ. Тухайлбал, Арвайхээр хотод 3790 өрхийг орон сууцаар хангах аж. Мөн 620 хүүхдийн суудалтай сургууль, 75-150 хүүхдийн багтаамжтай дөрвөн цэцэрлэг барих юм байна. Орон сууцны хороололтойгоо уялдуулан худалдаа үйлчилгээний төв, усан бассейн, ногоон байгууламж хийх нь. Тэд эхний ээлжинд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж эхэлсэн байна. Тус аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс нэг тэрбум төгрөг авч аймгийн төвд нэг км хатуу хучилттай зам тавьсан гэсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6.8 сая ам.долларын инженерийн шугам сүлжээний ажил хийж буй.

Төв аймаг даавууны үйлдвэр ашиглалтад оруулна

Төв аймгийнхан иргэдийнхээ дуу хоолойг сонсч, санал шүүмжлэлийг нь хүлээж авах зорилгоор “Иргэний танхим” байгуулжээ. Тус танхимыг хүн ам хамгийн их явдаг олон нийтийн газрыг сонгон байгуулсан нь нүдээ олсон ажил болсон байна. Одоогоор тус танхимаар 5000 гаруй хүн үйлчлүүлж, санал хүсэлтээ хүргүүлээд буй гэсэн. Тэд Сүхбаатар аймгаас үлгэр дуурайлал авч, жишиг хороолол барьжээ. Уг хорооллыг барихад МСҮТ-ийн оюутнуудыг дайчилж, цалинжуулж ажиллуулсан аж. Хашааны доторхи загварчлалыг гаргасан нь айл өрхүүдэд дөхөм болсон байна. Тус хороололд амины орон сууц бариулахаар 30 айл захилагаа өгөөд буй аж. Төв аймагчууд энэ онд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Энэ хүрээнд нэлээд ажлыг хийсний нэг нь аймгийн төвийнхөө хуучин барилгуудын өнгө үзэмжийг сэргээж, засч сайжруулсан байна. Уг төсөл ирэх жил ч мөн үргэлжлэх гэнэ. Төв аймгийн нутагт бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байгаа. Тухайлбал, 50 мгВ-тын хүчин чадалтай салхин парк, Их майдар цогцолбор, Хөшигтийн хөндийд хийж буй олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг нэрлэж болох юм. Тиймээс тэд нисэх онгоцны буудлыг түшиглэн зам харгуйгаа тийш чиглүүлж буй гэсэн. Мөн ээрмэл утасны үйлдвэр ажиллаж байгаа бол Баян суманд ноос угаах үйлдвэр ажиллаж байна. Энэ нь цаашид даавууны үйлдвэр болж, өргөжих гэнэ. Мөн сурагчийн дүрэмт хувцас урлах хоёр ч үйлдвэр ажиллаж байгаа юм.

Сүхбаатар аймагт амины орон сууцны хотхон бий болно

Сүхбаатар аймгийнхан шинэ суурьшлын бүс байгуулж, 1200 айлыг байршуулахаар зорьжээ. Мөн бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Аймгийн төв Баруун-Урт хотоос малтай айл өрхийг гаргаж, тусад нь хороолол бий болгож. Ингэхдээ худаг гаргаж, малчин бүрийн хашаанд крант холбож, худгийн устай холбосон байна. Малчид крантаа нээн, малаа услах боломж бүрдүүлсэн нь олны сайшаалыг хүлээж буй аж. Нэг загварын 200 орчим хашаа барьж, айл өрхүүдэд 3.2 сая төгрөгөөр худалдсанаа өнгөрсөн жил бүгдийг нь цэвэр, бохир усны шугамд холбожээ. Мөн энэ жил 250 айлын амины орон сууц барихаар ажил эхлүүлснээс 50 нь ашиглалтад ороход бэлэн болоод байгаа гэв. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгөөндөө тусгажээ.
 
Шинэ сумын төв ашиглалтад орох нь

Баянхонгор аймагт “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа. Энэ оны төсөвт Баянлиг, Бууцагаан сумыг жишиг болгон хөгжүүлэхээр 10 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Уг сумын төвийн гадна барилгын ажил дуусч, дотор засал чимэглэлээ хийж байгаа юм. Тус аймаг иргэн бүрийнхээ санал бодлыг сонсох зорилгоор өрх бүрт “Өрхтэй харилцах дэвтэр” аялуулж буй аж. Улирал бүрийн 15-нд төрийн удирдах албан тушаалтнууд иргэдтэй уулзан, санал гомдлыг нь сонсдог гэсэн. Баянхонгорт энэ жил 520 айлын орон сууц ашиглалтад оржээ. Жилийн найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд байрны нэг ам метрийг 950 мянган төгрөгөөр үнэлсэн байна. 1000 айлын орон сууц барих хэсэгчилсэн төлөвлөгөөний хүрээнд 640 суудалтай сургууль, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг энэ жил улсын комисст хүлээлгэж өгөх бол ирэх онд 840 айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Мөн амины орон сууц барихаар ажилдаа хэдийнэ ороод буй гэсэн.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан