Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Налайх завгүй налайх

Налайхын уурхайд осол гарч, таван хүн амь эрсэдлээ”, “Уурхайн амуудыг лацдаж эхэллээ”, “Налайхын уурхайг цэгцэлнэ”, “Зөвшөөрөлгүй амуудыг хаана”, “Налайхын уурхай дахин нэг хүний амийг залгилаа” гэхчлэн хотоос холгүй орших эл уурхайн тухай чихнээс хонх уясан саар мэдээллүүд тасрахгүй. Байсхийгээд л хүний амь эрсэдсэн, нурангид даруулсан талаар мэдээллийн хэрэгслүүд “шуугина”. Телевиз, радио, сонин хэвлэлийнхэн “Төчнөөн хүн үхлээ, тэдэн ч ам хаагдлаа” гэхээс газар дээр нь очиж, тэр дундаа уурхайн гүнд орж мэдээ, сурвалжлага бэлтгэх нь ховор. Одоогоор хэчнээн амнаас нүүрс олборлож байгаа талаархи тодорхой тоо баримт ч байхгүй. Уурхайчдын ярьж буйгаар 300 орчим ам байнгын үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Ам гэдэг нь газрын гүнд буй нүүрсний үе, давхарга руу хөтлөх нэг ёсны “үүд хаалга”. Хар алтны мөрөөр эл хаалгаар орж, газар доорх ертөнцийг зориод эргэж гарч ирээгүй нь цөөнгүй.
Зуу, зуун хүний амийг залгисан мөнөөх амнууд болоод уурхайн үйл ажиллагаа, “газар доорх ертөнц”-тэй танилцахаар хотоос 40 км зайд байх Налайх дүүргийг зорилоо. Өглөө эртлэн гарч Тээврийн товчооноос “Налайх-Баруун дөрвөн зам” гэсэн маршруттай том оврын автобусанд сууж суудлаа эзэллээ. Талдаа цаг орчим явдаг ч хотоос гарах гэж багагүй түгжирснээс их үдийн алдад зорьсон газраа ирэв. Өмнө нь, ирж байгаагүй болохоор эл дүүргийн тухай тэр тусмаа уурхайн тухай төдийлөн сайн мэдэхгүй. Уурхай тийш ямар унаагаар явах, уурхайд ороход юу анхаарах тухай Налайхад оршин суудаг танилаасаа асууж, улмаар Уурхайчдын соёлын ордны үүдэнд буулаа. Эл ордны урдаас 2500 төгрөгөөр такси явдаг гэсэн ч уурхай руу “зүглэх” нь олдсонгүй. Ам нээвэл уушги нээ гэгчээр нэгэнт уурхай руу орохоор зорьсон учир хамгийн гүн уурхай руу “аялахаар” сэтгэл шулуудав. Хэн хүн орохоос халширдаг “газар доорх ертөнц”-ийг зорьж буй учир хувийн бэлтгэлээ базаах нь чухал. Таксины зогсоолын ойролцоох дэлгүүрээс ажлын бээлий, цэвэр ус, гар чийдэн, нэг толгой шүдэнз, хөнгөн зууш зэрэг ойр зуурын хэрэгцээт зүйлээ базаав. Эрсдэлийг бодолцож үзэх нь зүйн хэрэг болохоор ийн бэлтгэсэн хэрэг. Зам даган гар өргөн алхаж байтал хар хөх өнгийн, харваас такси үйлчилгээнд явдаг болов уу гэмээр машин ирж зогсов. Цонх нь алгуурхан доошилж цагаан иштэй янжуур зуусан жолооч “Хаа хүрэх үү” хэмээн асууж байна. Уурхай руу явах гэсэн юм гэхэд хэсэг бодлогошроод “Суу” гэж байгаа бололтой дур муутайхан толгой дохив. Цонх тохойлдон сууж цагаан янжуур зуусан жолооч хялам хийн харснаа “Уурхай руу орж яах гэж байгаа билээ” хэмээв. “Нүүрс яаж олборлодог тухай сурвалжлах гэсэн юм” гэхэд сонин хэвлэлээс явааг минь анзаарсан бололтой “Зураг дарах нь уу” гэж байна. Ер нь, орж үзэх санаатай.., гэтэл яриа таслаад “Орж үзнэ гэж болдоггүй юм. Уурхайд орж үзээд гарч ирээгүй хүн олон шүү. Харин ажиллана гэж орох хэрэгтэй. Саяхан хоёр жолооч “Орж сонирхоё” гээд амиа алдсан. Шамраагүй байсан тороос нь тасарч ковшинд даруулаад эргэн гарч ирээгүй гэсэн. Тийм болохоор уурхайчид хүн оруулах дургүй, оруулсан ч ажил хийлгэх гэж оруулдаг юм” хэмээв. Зам зуур өрнөсөн энэ яриа айдас төрүүлж орхив. Юутай ч, зорьж ирсэн болохоор зориглож орно хэмээн бодож явтал жижигхэн хөтөл даваад л жирийн биш өөр ертөнц гэмээр дүр зураг тодров. Хуучин “Налайхын их уурхай”-н хоёр балгас, хог шороо овоорсон бичил уурхайн амнууд, хаа сайгүй овоолсон нүүрсний хог, хогон дундаас хооллох золбин ноход, үхэр мал, бүүдгэр саарал өнгө ноёлох бүхэл бүтэн хөндий. Энэ бол нийслэлчүүдийг дулаан хонуулдаг нүүрсний орд болох Налайхын уурхайн дүр төрх. Өндрөөс харвал, үлийний нүх гэмээр завсар зайгүй ухсан уурхайн амнууд яг л оготны нүх гэмээр. Жолооч “Чи тэгээд хэний ам руу орох гэж байгаа юм дээ” хэмээн асууж байна. Ам бүхэн эздийнхээ нэрээр нэрлэгдэх бөгөөд Сүхээгийн, Лхагваагийн, Билэгтийнх гэхчлэн асуувал тэр хавийнхан андахгүй. Уурхай л гэхээс өөрийг мэдэхгүй би нээрээ хэнийх нь ам руу орох билээ гэсэн асуултад хариулт олохоор болов. “Ер нь, гадны хүн оруулдаггүй юм даа. Таньдаг хүнгүй бол орж чадахгүй буцах л болов уу” хэмээн жолооч айлдаад танил руугаа утас цохив. “Нэг сурвалжлагч уурхай руу оръё гээд байна. Чи ажил дээрээ байна уу” гэвэл цаад хүн нь хотод байгаа бололтой удсангүй утсаа таслах нь тэр. Захаас нь аваад ам бүрээс асууж сураглан явбал “Гадны хүн оруулахгүй ээ”, “Бид ч барагтай ордоггүй юм” гэхчлэн уурхайн ам сахисан уурхайчид халгаасангүй. Уулзаж учирсан бүхэн л “Үгүй” гэх хариултаар ам таглана. Тэгж байтал үүдээр нь машин овоорсон нэг амны эхэнд хоёр хүн зогсоо харагдав. Уулзаж ярилцан учир начраа хэлбэл “Даргатай уулз” хэмээн улаан каск духдуулж уруул нь омголтсон нэг нь хариулав. Нүүр нүдгүй нүүрс болсон тэрээр “Дарга нар л мэднэ дээ. Тэрнээс бид мэдээд оруулчихвал толгойгүй болно. Гэхдээ бараг л оруулахгүй дээ” хэмээн ар араас нь залгуулав. Хүлээлээ... Удсангүй уурхайн дарга Ганаа гэгч харваас хал үзсэн хашир байрын анжгай нэгэн ирэв.

Ганаагийн амны гүнд

“Уурхайн аюулгүй ажилла­гааны  алба, мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл авчираад ор” гэх уурхайн эзнийг удтал гуйсны эцэст залхсан бололтой “За яахав, орвол ор доо. Харин удахгүй шүү” хэмээв. Хоёр цаг шахам нойтон хамуу шиг салж өгөхгүй шалж, гуйж гувшсан надад уурлаж, учирлаж нэг үзсэн тэрээр эцэст нь аргаа барсан бололтой оруулахаар болов. Хамгаалалтын бүс, дуулга малгай өмсч бэлтгэл байдал хангав. Уурхайн амны харалдаа өндөрлөг газар байх саравчинд либотек хэмээх нүүрстэй ковшийг дээш татан гаргах мотор байрлана. Галт тэрэгний дугуйтай төстэй хоёр том төмөр дугуйг тормос, сум гэж нэрлэх бөгөөд нэг нь 700 орчим кг нүүрстэй ковшийг бахим бүдүүн торосоор дээш татах бол нөгөөх нь зогсоох үүрэгтэй. Либотекийг ажиллуулж буй хүн хамгийн хариуцлагатай нэгэн байх ёстой гэнэ. Уурхайн гүнд буй хүмүүс ковшийг нүүрсээр дүүргэсний дараа дохио өгөх бөгөөд дохиог нь сонсч цаг алдалгүй татан гаргах хэрэгтэй. Улмаар дүүрэн нүүрстэй ковштой цуг нэг хүн дээш гарч ирэх бөгөөд нүүрс буулгах тавцангийн өмнө байрлуулсан дэр модоор гулгуулж нүүрсээ буулгана. Буулгасан нүүрсийг гурван хүн хүрздэн шигшүүр рүү шидэх ба шигшигдсэнийг өөр нэг нь машинд шууд ачаална. Хүрз барьсан дөрвөн хүн эл ажлыг нүд ирмэхийн зуур хийж орхино. Нүүрс олборлох үйл явц ердөө л энэ. Гэвч хамгийн эрсдэлтэй ажил уурхайн гүнд өрнөх аж. Ковш хэмээх хятад загасчдын завь мэт хэлбэртэй таван метр орчим урт төмөр саванд уурхайн дарга Ганаа болон хоёр уурхайчны хамтаар сууж, 200 орчим метр гүнзгий нүх рүү гулсан орлоо. Бидний цуван суусан ковшийг өөр нэг хүн урд нь гарч урт оосроор чирэх бөгөөд тэрээр хальтарч унам уруу руу хаданд авирах янгир ямаа мэт сурмаг гэгч нь бууна. Хоорондоо метр орчим зайтай тулгуур баганууд нуралт үүсэхээс хамгаална. Ус, агаар нэвтрүүлдэггүй даавуугаар агааржуулах хоолой хийсэн нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх бөгөөд уурхайн гүн дэх хүчилтөрөгчийн хэрэгцээг хангана. Ус шүүрч шавар шавхай болсон уурхайн гүнд газар дээрхийг бодвол хамаагүй дулаан аж. Урт нь 200 орчим метр үргэлжлэх эл уурхай газрын гадаргаас доош 70 орчим метрийн гүнд оршино. Уурхай руу орохоор ковшинд суух үеэр дотор бэлбэгнэж айдас төрж байсан ч тэгсхийгээд гайгүй болов. Ганаагийн ам энэ хавьдаа л хамгийн аюулгүй, бэхэлгээ, агааржуулалт сайтай нь аж. Нойтон шороон дээгүүр чарга адил гулсах ковш улам бүр доошилсоор хоёр ч эргэлт хийв. Эргэлт бүрт нэжгээд тороосыг залах дамар бэхэлсэн байх бөгөөд тэрхүү дамрууд хүн суулгасан хүнд ковшийг хөнгөхөн эргүүлж орхино. Уурхайн гүнд орлоо. Бүдэг гэрлийн туяанд бэхэлгээ модны цаана гялтганах хар алт хана хэрэм мэт шалнаас нь тааз хүртэл үргэлжилнэ. Нуралт ихтэй хэсгийг ухалгүй орхидог нь энэ аж. Уурхайн адагт хоёр тийш салсан зам байх бөгөөд хоёул тавын нүүрсний судал аж. Тав гэдэг нь уурхайчдын нэрлэдгээр нүүрсний ангилал гэнэ. 1-5 хүртэлх метрийн өндөртэй нүүрсний судлууд тохиолдох бөгөөд өндрөөр нь ийн нэрлэдэг гэнэ. Тавын нүүрс чийгийн агууламж багатай, том, гялгар гээд хамгийн сайн нь гэгдэх аж. Тэрхүү нүүрсэн ханыг хурц үзүүр бүхий жоотуугаар хоёр хүн нураах ба мөн хоёр нь хүрздэн ачаална. “Ажиллана” хэмээн орж ирсэн болохоор би ч гэсэн уурхайчидтай гар нийлэн ковшинд нүүрс ачив. Дангаараа 600-700 орчим кг-ын багтаамжтай ковш дүүрмэгц гурав, дөрвөн берзинтэн шуудайнд дахин нүүрс ууталж, дээр нь ачих аж. Дүүрсэн ковшийн бэхэлгээ, торосны аюулгүй байдлыг шалгасны дараа улаан товчлуур дарж, дээш дохио өгдөг аж. Бидний ачаалсан ковшны араас дээр дурдсан хаданд авирах янгир ямаа адил ажилдаа гаршсан ах чирэгдэн гарна. Эл ажлыг олон жил уурхайд ажилласан туршлагатай хүн хийх бөгөөд хамгийн аюултай ажлын нэг гэнэ. Нүүрстэй ковштой түүнээс өөр хүн гарах нь ховор. Ковш ачаагаа буулгахаар дээш явж, дараагийн ачилтанд бэлтгэж нүүрс нураах хооронд эл уурхайн бригадын дарга н.Эрдэнэбилэгтэй ярилцсан юм. Тэрээр хуучин Налайхын их уурхайд ажиллаж байсан тэргүүний уурхайч бөгөөд уурхай татан буугдах хүртэл 15 жил, Ганаагийн аманд мөн 15 жил нийт 30 гаруй жил Налайхын уурхайгаар овоглосон нэгэн. Туршлагатай, тэргүүний уурхайч болохоор нь түүнийг бригадын даргаар томилсон гэнэ. Мөн л хамгийн хариуцлагатай албыг хаших тэрээр “Хүний амь эрсэдвэл хар толгойгоороо хариуцна шүү дээ” хэмээгээд өтөл насны хяруу дарж, үрчлээ эзэгнэсэн нүүрэндээ мишээл тодруулав. Гүнд ажиллаж буй хүмүүс нүүр царай, нүд амнаас өгсүүлээд өмд гутал гээд өвч битүү нүүрсэнд дарагдсан байх ба үдийн цайны үед л газар дээр гарч ирдэг гэнэ. Удсангүй уурхайн дарга дээш гаръя гэлээ.

Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу

Хоосон ковш хөлөглөн дээш мацах нь уруудахаасаа удаан. Ганаа дарга бид хоёр урт ковшинд суун уяа оосроос нь гараа бэхлэн дээшиллээ. 200 орчим метр гүн уурхайгаас эргэн дээш гарахаар явахад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг үг уурхайн гүнд л оносон мэт санагдана. Хахир өвөл хаяанд ирсэн энэ үеэр газар хөлдөхөөр доошоо газар хатуу болж буй нь тэр. Харин ухах тусам улам урагшлах уурхай дээшээ тэнгэр холын жишээ. Өвөл газар хөлдсөн хойно нуранги үүсэх нь бага ч ухахад чамгүй төвөг учруулдаг аж. Нүүрсэн үений завсар үе үе тохиолдох шороон үе нь чийг ихээр агуулдаг учир таг хөлддөг аж. Миний орсон уурхай ойр хавьдаа л жишиг болохуйц аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал дагаж мөрддөг хийгээд хамгийн сайн тулгуур багануудтай нь аж. Уурхайн дарга Ганаа “Мод үнэд орсон болохоор бэхэлгээ мод авахад хэцүүхэн л байна. Тэглээ гээд аюулгүй байдлаа хангахын төлөө авахаас өөр сонголтгүй учир дагаад нүүрсний үнэ нэмэгдэнэ. Гэтэл хэрэглэгчид биднийг л нүүрсний үнэ нэмээд байгаа мэтээр ойлгодог юм” хэмээж байв. Налайхад үйл ажиллагаа явуулж буй 300 орчим ам нэг портер буюу хоёр тонн нүүрсийг бүгд 180 мянган төгрөг, ЗИЛ-130 машинтайг нь 360 мянгаар борлуулдаг ч зах дээр очоод үнэ нь өснө. Налайхаас хот хүртэл тээвэрлэх шатахууны мөнгө, унах ашгаа оруулаад “Цайз” зах дээр нүүрсээ борлуулдаг нэг жолооч портер нүүрсээ 250 мянгаар үнэлдэг тухайгаа өгүүлэв. Ямартай ч, уурхайчид, жолооч, зах дээр нүүрсийг нь авч жижиглэнгээр борлуулдаг худалдаачид, тэдний гэр бүлийнхэн гээд цөөнгүй хүний амьдралыг залгуулах хар алтны өгөөж их. “Налайхын уурхайг хаана л гэдэг юм. Үнэндээ, энэ уурхай л хотын та нарыг дулаан хонуулж буй эх үүсвэр шүү дээ. Аюулгүй ажиллагааг сайтар хангаж чадвал үйл ажиллагаагаа явуулаад байх бүрэн боломжтой. Тэрнээс биш хааж орхивол хэчнээн хүний амьдрал хэцүүдэхийг мэдэхгүй нь их шүү. Том дарга нар толгойгоо ч цухуйлгаж үзээгүй уурхайн гүнд хүмүүс хоногийн хоолоо олох гэж яаж ажилладгийг мэдэхгүй” хэмээн уурхайчид дуу нэгтэйгээр хэлж байв. Үнэхээр ч тийм. Уурхайчдын хэлж буйгаар нийслэлийн түлшний нүүрсний 60 гаруй хувийг хангадаг тэд хоосон хонохгүй, хоёр идэхгүй болоод л байх аж. Газар дээр гарсны дараа уурхайн дарга Ганаа бид хоёр намайг төв рүү дөхүүлж өгөх унаанд нүүрс ачиж дуусахыг хүлээн цөөн хором ярилцсан юм. “Арав гаруй хүн цалинжуулаад аюулгүй ажиллаж болоод л байна. Уурхай гэхээр л хэзээ, хэзээгүй нурчих гэж байгаа мэтээр төсөөлдөг хүн олон. Хөдөлмөр хамгааллаа л хангаж чадвал айх зүйлгүй шүү дээ” хэмээгээд машины тэвшнээс үсэрч унасан жижиг­хэн нүүрснүүдийг нэг бүрчлэн түүж эргүүлэн хийх нь олон жил уурхайд ажилласан тэр­бээр нүүрсэнд “хайртай” нэгэн гэдгийг нь илтгэнэ. Хийж буй ажилдаа, олборлож буй нүүрсэндээ хайртай, дур­тай гэдэг нь харцнаас нь илт анзаарагдана. Барьж бай­сан нүүрсээ алгаараа илж харуулаад “Хар даа, гарт ямар ч тортог наалдахгүй байгаа биз” хэмээн сэтгэл дүүрнээр инээм­сэглэв. Налайхад амьдардаг тэрээр амьжиргааны төвши­нөөс доогуур орлоготой айл өрхүүдэд нүүрс өгдөг тухай бригадын дарга н.Эрдэнэ­билэгтийн хэлж байсан нь санаанд оров. Биднийг ярилцаж байх хооронд төв рүү дөхөх унаа маань ч нүүрсээ ачаалж дуусав. Хүйтэн салхи үлээсэн уурхайгаас хөдөлж Налайхын төвөөс автобусанд суулаа. Зам зуур хөлс дааж тортог наалдсан уурхайчдын инээмсэглэсэн царай нүдэнд тодорч “Эргэж ирээрэй, дүү хүүгээс зурагнуудаа авна шүү” гэх нь чихэнд сонстоно. Налайх завгүй их ажил өрнөсөн Налайхын уурхайтай танилцсан аялал минь энэ хүрээд өндөрлөсөн юм.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан