Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЙОХАННЕС Д.РАЙ: ГЕРМАН УЛС ЭМЭГТЭЙ КАНЦЛЕРТАЙ БОЛОХЫН ТУЛД БАГАГҮЙ ХУГАЦАА ЭЛЭЭСЭН

Бямба гарагийн өглөө ерөнхийдөө ааш муутай байдаг Иоханнес Д.Рай ердийн амралтын өдөр бол орондоо хэвтэж байдаг цагаараа нэгэн сургалтыг цаг гарган зорьж иржээ. Гэхдээ бүр их сайхан ааштайгаар шүү.  Тэрээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж буй ээлжит сургалтаа нээхээр ирээд байгаа нь энэ. Гурван жилийн өмнөөс Конрад Аденаурын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа ноён Рай улс төрийн карьераа хэрхэн ахиулах тухай номын дуу сонсохоор ирсэн бүсгүйчүүдэд урмын сайхан үг хэлэхээр уригджээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ц.Оюунгэрэл сайдтай хамтран ажилладаг түншлэлээ ихээхэн үнэлдэг учраас амрал­тынхаа цаг заваас хугас­лан ирсэн гэдгээ хэлсэн тэрээр суу­рин төлөөлөгч болсон ца­гаа­­­­саа эхлэн Монголын эмэгтэй­чүүдийн улс төрийн боловролыг ахиулах, тэднийг чадавхижуулахад ихээхэн ан­хаарч, олон ч удаагийн сур­галт, үйл ажиллагаа зохион бай­­гуулжээ. Энэ герман эрэг­тэй Монгол эмэгтэйчүүдийг ингэж дэмжиж, тэднийг боловс­руулахад анхаарч буй нь их учиртай.
Хэдийгээр Герман эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар тийм ч үлгэр жишээ орон биш боловч улс төрийн намууд нь эмэгтэй гишүүддээ зориулан 50 хувийн квотыг нээж өгчээ. Гэвч энэ квотыг ашиглах хэмжээнд хүртлээ эмэгтэйчүүд нь боловсорч, хөгжиж чадаагүй нь харагджээ. Хэрэв эмэгтэйчүүд шаардлага хангаж, тэр боломжийг ашиглахаар хэмжээнд байж чадахгүй бол тэр 50 хувийн квот хэнд ч хэрэггүй тоо болж хувирч байгаа юм. Тийм ч учраас улс төрийн карьер хөөхөөр шийдсэн  эмэгтэйчүүдийг боловсруулж, хөгжүүлэх нь маш чухал юм гэдгийг ойлгосон Рай төлөөлөгч, АЭХ-той хамтран монгол эмэгтэйчүүдэд маань зориулан карьер ахихынх нь өмнө олон төрлийн сургалт зохион байгуулж иржээ. Энэ удаагийн хувьд “Карьер ахихын өмнө” нэртэй дотроо ажил хэргийн анхны алхам, удирдагчийн ухаан, ажлын байран дахь соёл, улс төрийн имиж гээд олон сонирхолтой сэдэв бүхий сургалт хийлээ.

Түүнтэй сургалтын үеэр уулзаж ярилцлаа.  

-Конрад Аденаурын сан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон удаагийн сургалт зохион байгуулж байсан. Энэ удаагийнх юугаараа онцлог вэ?
-Манай сан Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажилладаг. Гэхдээ энэ удаагийн сургалт маань зөвхөн эмэгтэйчүүдэд зориул­сан гэдгээрээ онцлог юм. Эрчүүд энд байхгүй. Эр хүн хажууд нь байхгүй нөхцөлд эмэгтэйчүүд чөлөөтэй ярих, үзэл бодлоо илэрхийлэх бо­ломж үүсч байгаа юм. Хэрэв танхимд эрчүүд ороод ирвэл ярианы сэдэв өөрчлөгдөөд ирдэг. Хамгийн чухал нь иймэр­хүү цуглаан, уулзалтаар эмэгтэйчүүд өөрсдийгөө чадавхижуулж, өөрсдөө шийд­­вэр гаргадаг. Өнөөдрийн сур­­­­­галтын сэдэв маань ч онцлог. Монголд тэр бүр яриад байдаггүй, түгээмэл бус сэдэв болох эмэгтэйчүүд хэрхэн карьераа ахиулах тухай юм.
-Таныг Германаас ирс­нээс хойш гурван жилийн хугацаанд танай сан эмэгтэйчүүдтэй хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хэр үр дүнд хүрсэн гэж бодож байна?
-Ер нь, эерэг хандлагатай явж байгаа, тодорхой үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Зөвхөн парламент гэхгүй доод төвшиндээ эмэгтэйчүүд улс төрд орж ирэх нь нэмэгдэж байна. Сургалтад маань оролцох эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдлээ. Сургалтын үйл явц, ярилцлагыг ажиглавал эмэгтэйчүүд босоод үгээ хэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж. Тэд өөртөө их итгэлтэй болсон. Эрчүүдийн өмнө өөрсдийн эрхийн төлөө зогсч чаддаг, байр сууриа хамгаалж чаддаг болохын төлөө хичээж буй нь надад харагдаж байгаа. УИХ-д өнөөдөр 11 эмэгтэй гишүүнтэй боллоо, Засгийн газрын төвшинд ч тодорхой ахиц гарлаа.
-Конрад Аденаурын сан эмэгтэй­чүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлж, чадавхижуулах талаар их ажилладаг. Ер нь, зөвхөн эмэгтэйчүүдийг ингэж онцгойлон анхаарч, чадавхижуулах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Юун түрүүнд, улс төрийн хувьд ярья. Эмэгтэйчүүдийг дэмжиж, тэднийг оруулж ирснээр улс төр илүү нээлттэй,  ил тод, шударга болж ирдэг. Намын дотоод ардчилал ч хөгжинө. Бидний түншилдэг Ардчилсан намд гэхэд эмэгтэйчүүд олноороо ороод ирвэл намын бодлого хүртэл өөрчлөгдөөд ирнэ.
Бид эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог зөвхөн улс төрд ч биш, өрх гэрийнх нь төвшинд ахиулж, тэдний байр суурийг нь дээшлүүлмээр байгаа юм. Монголд ч, Германд ч ялгаагүй эмэгтэйчүүд гэрийнхээ ажлын үүрэг, хариуцлагыг нуруундаа үүрсэн хэвээр л байгаа. Ингэж зүтгэж байгаа хэрнээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал манай улсад ч их тохиолддог. Тийм ч учраас нөхрөөсөө салсан бүсгүйчүүдийг түр хугацаанд амьдруулах байрын тоо сүүлийн үед манай улсад нэмэгдэж байна.
-Тийм ээ, өнөөдөр Монголын олон мянган айл өрхийн амь амьжиргааг эмэгтэйчүүд, эзэгтэй нар нь авч явж байгаа. Үнэндээ, тэд салбар бүрт хүнд хүчир гэлтгүй бүхий л ажлыг гэр бүлийнхээ төлөө хийж, амьдралыг нуруун дээрээ үүрч яваа. Гэсэн атлаа шийдвэр гаргах дээд төвшинд эмэгтэйчүүдийн тоо яагаад одоо хэр хангалтгүй байна вэ?
-Хэцүү асуулт байна.  Яг энэ сэдвээр Германд ч олон нийтийн хэлэлцүүлэг их өрнөдөг. Гэхдээ энэ хариултын цаад нарийн учрыг олъё гэвэл бүр хэдэн зуун жилийн тэртээгээс уламжилж ирсэн соёл, зан заншил, бас шашинтай ч холбож үзэх хэрэгтэй болно. Би Европоос ирсэн хүн учраас өөрийнхөө мэдэх туршлагаас ярья л даа.  Маш олон зуун жилийн өмнөөс шашин, сүмээр дамжуулан эмэгтэйчүүдэд “Та нар бол үнэ цэнэтэй хүмүүс биш”, “Та нар бол эрчүүдийн дагуул”, “Зөвхөн хүүхэд гаргах үүрэгтэй” гэх мэтээр ойлгуулж ирсэн. Улс төрийн бодлого, шашны нөлөөгөөр эмэгтэйчүүдийг төрийн толгойд гаргахаас зайлсхийдэг энэ ойлголт хүмүүсийн оюун ухаанд тогтсон байх. Азийн орнуудын хувьд ч үүнээс өөр биш байх. Ер нь, дэлхий нийтээр ийм соёлын нөлөө бий. Монголд ч бас эцгийн эрхт ёс ноёлсоор байна. Гэвч энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд хэдхэн жил биш, хэдэн арван жил хэрэгтэй. Гэхдээ сүүлийн 100 жилийн хугацаанд энэ байдал асар хурдацтай өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй.
-Германы улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш гэж хэлсэн нь сонирхолтой санагдлаа. Бидний мэдэхээр Герман бол шийдвэр гаргах хамгийн дээд төвшинд канцлераараа эмэгтэй хүнийг сонгосон улс. Өнөөдөр канцлер Ангела Меркель дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэгдэж байна. Гэтэл манайд эмэгтэйчүүдийн улс төрийн карьерын хүрсэн хамгийн дээд төвшин парламентын гишүүн, сайдын суудлаар л хязгаарлагдаж байна шүү дээ.
-Бид эмэгтэй канцлертай болохын тулд багагүй хугацааг элээсэн. Герман холбооны бүгд найрамдах улс болоод 60 жилийн нүүр үзэж байна. Өөрөөр хэлбэл, бид эмэгтэй хүнийг канцлераараа сонгох хэмжээнд хүрэхийн тулд 60 жил хүлээсэн гэсэн үг. Монгол бол 20 гаруйхан жилийн өмнө ардчиллын замыг сонгосон шүү дээ. Тэгэхээр үүнд цаг хугацаа хэрэгтэй.
Энд нэг зүйлийг мартаж болохгүй. Бид хэдий эмэгтэй канцлертай ч, түүний кабинетын бүх гишүүн, сайд нар нь эрэгтэй. Удирдах албан тушаалтнуудын төвшинд ч эрчүүд зонхилсоор байгаа. Үйлдвэр, аж ахуйн нэгж, компанийн боловсон хүчний 90 хувь нь эрчүүд л байна. Тиймээс энэ дээр бид ажиллах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй. Бүх зүйл хараахан сайхан болчихоогүй л байна.
-КАС бол 1990-ээд оноос хойш Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа цөөн газрын нэг. Цаашид ямар салбар, чиглэлд түлхүү анхаарах вэ?
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд зорьж ирсэн зорилго ,үйл хэрэг маань ерөнхий цөмөө бариад, хэвээр үргэлжлэх болно. Харин явцын дунд үл ялиг өөрчлөлт, шинэчлэлт ороод явна. Үндсэн суурь зарчим маань хэвээр үлдэх боловч  улс төрийн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас хамаараад шаардлагатай асуудлуудыг үйл ажиллагааны чиглэлдээ оруулах болно.
Ойрын ирээдүйн хувьд гэвэл бид ирэх жил 4-5 зорилго тавьж ажиллана. Ардчилсан намтай хамтарч намын дотоод ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Ялангуяа, намын эмэгтэйчүүдтэй түлхүү хамтрах болно. Намын хэмжээнд эмэгтэйчүүдийг бид дэмжихдээ мөнгө чухал биш, нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдийн боловсрол мэдлэг, чадвар, туршлага хамгийн гол нь юм гэдгийг ойлгуулахыг эрмэлзэж байна.  Мэдээж, мөнгийг хойш нь тавиад чанарыг анхаарна гэдэг тийм ч амархан бүтэх хэрэг биш. Гэхдээ энэ талаар хөндөх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. Бидний ойрын бас нэг чухал зорилго бол нутгийн өөрөө удирдлагыг дэмжиж хөгжүүлэх. Энэ тал дээр бид Нутгийн өөрөө удирдлагын холбоо, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ болон Ардчилсан намтай хамтран ажиллаж байгаа.  Бид орон нутагт эрх мэдэл олгох, санхүүгийн эрх чөлөөнд хүргэхийг хүсч байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан