Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Сайнбуян: “Эрдэнэс Таван толгой” компанийн ашиг нэмэгдэсний дараа л хувьцааны ногдол ашиг хүртэнэ


“Эрдэнэс МГЛ” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай ярилцлаа.

-Засгийн газрын тог­тоолоор “Эрдэнэс МГЛ” ХК-ийн хамрах ажлын хүрээ нэлээн өргөн болсон. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-“Эрдэнэс МГЛ” компани  2007 онд байгуулагдсан. Энэ компанийн үндсэн зорилго бол “Хүний хөгжил сан”-д орлого төвлөрүүлэх, түүний тулд уул уурхайн стратегийн ордуудын төрийн мэдлийн хувьцааг эзэмших чиг үүрэгтэй байлаа. Харин Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолоор “Эрдэнэс МГЛ” компанийн хамрах хүрээ ажиллах чиг үүргийг тодотгосон. Үүгээр тус компани тухайн ордуудын төрийн мэдлийн хувь хэмжээг эзэмшихээс гадна тэнд хэрэгжих дэд бүтцийн төслүүд болон дэд  хөтөлбөрүүдийг хариуцах болсон юм. Өөрөөр хэлбэл, ган, зэс хайлах  үйлдвэрийн төслүүдийг  хэрэгжүүлэхээр тогтсон.
Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд тавьсан “МCS” компанийн эзэмшиж байсан 245 км хатуу хучилттай замыг манай мэдэлд шил­жүүл­лээ. Мөн  өмнөд бү­сийн усны асуудлыг ч бас ха­риуцаж менежментийг нь  тодорхойлоод явна. “Эр­дэнэс МГЛ” компанийн эзэмшиж байгаа Гашуун сухайт чиглэлийн  хатуу хучилттай авто замыг 100 хувь өмчлөөд ашиглалт, арчлалтын менежментийг тухайн замыг  ашиглан үйл ажиллагаа явуулдаг  “Таван толгой”, орон нутгийн “Таван толгой”,  “ИАР компани хамтран арчлалтын компани байгуулан хариуцаад явах юм.  Ер нь, төр өмчтэй байж болно. Харин төрийн өмчийн ашиглалтыг төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх хэлбэртэй  байна. “Эрдэнэс МГЛ” компанийн  удирдлага менежмент  ч ийм чиглэлтэй байгаа.

-“Таван толгой”-н хувь­цааг иргэн болгон эзэм­шиж байгаа гэсэн бодолтой яваа. Гэвч хувьцаа гаргах ажил маань ямар шатандаа яваа билээ?
-“Таван толгой” компанийн хувьцаа,  түүний ногдол ашгийн тухай асуудал ямар ч эргэлзээгүй юм. Өнөөдөр иргэн бүрт олгосон 1072 хувьцаа,  “Таван толгой”-н нийт гаргасан 15 тэрбум ширхэг хувьцаа ч тэр Үнэт цаас төвлөрсөн  хадгаламжийн төвд албан ёсоор бүртгэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Удахгүй   бүртгүүлнэ. Ингэснээр төр хэдэн хувийн, иргэн аж ахуйн нэгж хэдэн хувийн хувьцаатай байгаа вэ гэдэг нь тодорхой болох юм. Өөрийнхөө хувь хэмжээнд тохирсон ногдол ашгаа авахын тухайд гэвэл бид “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагааг өргөжүүлж олборлолт, борлуулалт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсний дараа бизнесийнхээ зарчмаар л очино. Харин хувьцааг олгох, олгохгүй гэсэн элдэв асуудал байхгүй. Төрийн гаргасан шийдвэр хэвээрээ. Ганцхан ашигтай ажиллах нь энэ компаниудын менежмент,  бид бүхний идэвх зүтгэл, гадаад зах зээлийн таатай нөхцөл зэргээс шалтгаалах юм. Нүүрсний үнэ  өнөөдөртөө  унаад байгаа.  Гэхдээ ирээдүй бол гэрэлтэй байгаа. “Эрдэнэс Таван толгой” маань удахгүй ашигтай ажиллаж эхэлнэ гэсэн төсөөлөл бий.

-Говийн бүсэд бай­гаа уурхайнуудыг ашиг­лаж, бүтээгдэхүүнээ экс­пор­­тод гаргах замын асуу­­дал яригдаад л бай­даг. Гэвч дууссан нь алга. Төлөвлөгөөнөөсөө уншигч­дад цухас сонирхуулаач?
-2016 он гэхэд төмөр замын асуудал нэлээн нааштай шийдвэрлэгдэх байх. 2017 оноос эхлээд төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлнэ гэсэн төлөвлөгөө бий. Нарийн Сухайт-Сүхбаатарын чиглэлд төмөр зам тавина. Одоогоор төлөвлөлтийн шатанд байгаа учраас яг хэзээ энэ замаар бүтээгдэхүүнээ зөөх вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Төмөр замынхны өгч байгаа мэдээллээр Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн замын ажил 40 гаруй хувьтай байгаа гэсэн. Графикт хугацаанаасаа хоцрохгүй явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн учраас  удахгүй байх гэдэгт итгэлтэй байна.

-“Эрдэнэс Оюу толгой”-н “Рио Тинто”-той хийж бай­гаа гэрээ хэлцэл ямар ша­тан­даа байгаа вэ. Тохиролцох, тө­сөл цааш явах боломж байна уу?
-Зарчмын хувьд Оюу тол­гойн төслийг цааш нь явуулья гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Далд уурхайн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг зээл хэлбэртэй байх уу, эсвэл  ил уурхайн ашиглалтаас олсон орлогоор  хөрөнгө оруулалтаа хийгээд явах уу,  мөн  анхны гэрээ ёсоор ажиллах уу гэдгийг  тохирох  техникийн асуудал байгаа. Хэрвээ “Рио Тинто” анхны хөрөнгө оруулалтаа хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаасаа суутгана гэвэл Монголын тал ч гэсэн өөрийнхөө 34 хувьд ногдох ашгаа авах ёстой.

-Өмнөд бүс нутагт то­моохон уурхай, аж үйлд­вэрүүд баригдана. Тэгэхээр усны хайгуул  хэр хийж байгаа вэ?
-Ер нь нэлээн сайн хийгдсэн. Гэхдээ өмнөд бүсийн уурхайнуудыг 100 хувь ашиглая гэвэл бүгдийг гүний усаар хангах нөхцөл боломж байхгүй. Гадаргын усыг ашиглах усны тохиргоог хийх, төслүүд зайлшгүй хэрэгжиж эхлэх ёстой. Мэдээж эхний ээлжинд гүний усыг ашиглана. Дараа нь гадаргын усыг ашиглах, усны тохиргоо хийх төслүүд хэрэгжүүлнэ. Харин өнөөдрийн ашиглаж байгаа уурхайнуудын хэрэгцээг  хан­гах гүний ус хангалттай. Зарим орон нутгийн төрийн бус байгууллага хөдөлгөөнүүд, тусгай хамгаалалтад авсан газар гээд жаахан маргаантай асуудлууд байдаг.  Үнэндээ ашиглах шийдлээ олох гэж л маргааж буй хэрэг шүү дээ.

-Усны асуудлыг шийдэх “Хэр­лэн говь”, “Орхон говь” зэрэг төслүүд хэдий хуга­цаа­наас хэрэгжиж эхлэх бо­ломж харагдаж байгаа вэ?
-Дэлхийн банк, манайхны мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар “Хэрлэн говь”, “Орхон говь” төслүүд ирэх  нэг,  хоёр жилдээ хэрэгжиж эхэлж магадгүй. Төслөө аль болох ойрын хугацаанд хийх ёстой. Гадаргын усны нөөцтэй, гантай жилдээ гүний усаа ашиглах  зэргээр усны асуудлыг шийдэх боломжтой юм. Энэ  талаархи төслүүдийг сонсч байхад Монгол Улсад маш хэрэгтэй гэж харж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан