Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхаараарай нийслэлчүүд ээ, тэнгэрээр дүүрэн төмөр


Өнгөрсөн намар барилгын тулгуур төмөр “Тэнгис” кино театрын хажуугийн өндөр барилгаас унаж хүний аминд хүрсэн харамсалтай хэргийг мартаагүй хүн олон. Хэдхэн хоногийн өмнө мөн л тийм төмөр Хүмүүнлэгийн ухааны их суруулийн өргөтгөлийн өндөр барилгаас унажээ. Азаар иргэд аюулгүй өнгөрч, агаараас “бууж” ирсэн төмрийн зургийг авч, ард түмэнд анхааруулга түгээв. Тэр иргэд нь халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүд байж таарч, тодруулбал, Ё.Отгонбаяр, Г.Батхүү нар. Ажлын байрных нь буюу Төрийн ордны зүүн хойд буланд сүндэрлэж буй “шинэ” Хүмүүнлэгийн сургуулийн төмрийн мөрөөр хандах газартаа хандаж, хэлэх хүндээ хэлсэн гэнэ. Одоогийн байдлаар барилгын аюулгүй ажиллагаа, норм дүрэм баримтлуулах үүрэг нь Мэргэжлийн хяналтын байцаагчдад илүү хамаатай юм. Тэд ирсэн гомдлын мөрөөр ажиллаж, хариуцлага алдсан барилгачдад сануулга өгч, удаа дараа зөрчлөө давтвал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл эрхтэй.

Ё.Отгонбаяр гишүүний ба­римтжуулсан төмөр уна­сан “хэрэг” хуучраагүй байх­даа дахин үйлдэгдсэн гэх. Долоохон хоногийн да­раа ахиад л төмөр унаж тэ­рүү­гээр явсан хүмүүсийг сан­дар­гасан болохыг батлах гэрч, нотлох хүн, бүр зураг хүртэл байгаа аж. Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Пума констракшн” хэдэн төмөртөө хяналт тавьж чадахгүй байгаа нь тэр хавийн оюутнууд, төрийн албан хаагчид болон төв талбай зорьсон иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсээр. Уул шугамандаа, барилгын гаднах хашаанд “Дээрээс юм унах аюултай” гэх сануулга, анхаарууламж хадсан байдаг ч тэр нь долоо хоног бүр заавал труба унагаах ёстой гэсэн үг биш байлтай.

Ер нь, Улаанбаатар хотод газар л олдвол барилга барьж, нэг барихдаа өндөр босгож байгаа, ийнхүү босгохдоо удаан ажиллах болсон. Бүтээн байгуулалтаа харан баясах ёстой байтал дээрээс төмөр унах вий гэж сэрэмжилж явах шаардлагатай болж. Товчхондоо, тэнгэрээр дүүрэн төмөр байна. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд Баянгол дүүрэг Баруун дөрвөн замд, “Максмалл” худалдааны төвийн баруун талд, “Хуа Шин” хэмээх хятад рестораныг эмжин барьж буй орон сууцны барилгаас төмөр “нисч” автомашин дээр унасан байдаг. Аз болоход хүн бэртэж, гэмтээгүй. Мөн зундаа “Эко констракшн”-ы барилгаас бугуйн дайтай бүдүүн бэхлэгч төмөр хоолойнууд Энхтайвны өргөн чөлөөгөөр тарж унав. Ингэхдээ том оврын автобусны тааз цөмлөсөн ч тэнгэрийн ивээлээр нэг ч хүн гэмтээгүйг мэдээлж байлаа. Дараахан нь, Зайсангийн аманд барьж буй “Рома инвестмент” компанийн 12 давхар орон сууцны барилгаас мөн л труба унаж тэнд цагийн ажил хийж байсан залуугийн толгой дээр унасан. Хохирогч хам­гаалалтын малгай, каск­тай байсан ч тэр нь цө­мөрч, нэлээд хүнд гэмтсэн гэдэг. Мөн л барилгын ком­па­нийнханд хариуцлага тооц­лоо, хохирлыг барагдууллаа гэх зүйл сонсогдоогүйгээр үл барам хохирогчдод “Хохь чинь” гэж доромжилсон бай­даг. Эндээс ойлгож бо­лох нэг зүйл нь “Касктай Улаан­баатар” болж иргэн бүр хамгаалалтын малгай өм­сөөд ч аюулгүй байдлаа хангаж дөнгөхгүй нь. Тиймээс Улаанбаатарын бүтээн бай­гуу­лалт бүр мөсөн дуусах хүр­тэл өндөр барилгын дэр­гэ­дүүр гарахдаа өлийж, дээ­шээ харах шаардлага үүсч бай­на. Ингэхдээ мөн л бүдэрч унах­гүй, нүхэнд ойчихгүй, мод мөргөхгүй явж сурах хэрэгтэй. Товчхондоо, зөн совин, таван мэдрэхүйгээ бүрэн дайчилсны эцэст баригдаж буй барилгын орчмоор өнгөрөх нь ээ.

Нийслэлд үлдсэн нүх зай болгоныг бөглөж, өндөр барилга сүндэрлэж буйг нэгмөсөн цэгцлэхгүй бол тэнгэрээр дүүрэн төмөр нисэхээ зогсохгүй нь тодорхой ажээ. Хөдөлмөр хам­гаалал, аюулгүй ажил­лагааны горимоо зөрч­сөн барилгачдын “труба чулуудаж тоглох” эрхийг хэр удаан хүлээн зөвшөөрөх вэ, нийслэлчүүд ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан