Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын ардчилсан хувьсгалд миний оруулсан дэм


1980 оны дунд үеэс ЗХУ-д “престройка” буюу өөрчлөн байгуулалт ид өрнөж тус улсын улс төр, нийгмийн нүргээн, доргилт хэвлэл мэдээллээр тэр дундаа сониноор Монголд тархаж эхэлсэн юм. Л.Түдэв, О.Дашбалбар, С. Цогтсайхан, Ц. Балдорж, С.Жамбалдорж, Ж. Лхагва, Нанж. Лхагва, Г.Аким, Б.Батбаяр, Г. Жамц, Жа.Пүрэв, Т.Ганди нарын нийтлэл, өгүүлэл олны анхаарлыг онцгой татаж, шинэ сонин бүхэн худалдаанд гарсан дороо дуусч байсан үе.

С.Баяр /С.Зоригийн ах МОНЦАМЭ/, Дарь. Сүх­баатар, О.Сундуй, Олзвой, Адъяа­сүрэн / нар оюутан, яруу найрагч/, С. Амарсанаа, Ч.Энхээ, Ц. Энхтүвшин, С.Цогтсайхан, Д.Энхбаатар /казино/, Д.Баасан /лам/ нарын нөхдийн эрхлэн гаргаж байсан сонин Монголын ард түмнийг өөрөөр сэтгэж, бодож, ярьж, хөдөлмөрлөж сургахад гол нөлөө үзүүлж эхэлсэн  үе юм. Одоо эдгээр нөхдийн зарим нь ертөнцийн мөнх бусыг үзжээ.

Иймээс өнөөгийн “Ардчилал”-д тэр үеийн сэтгүүлчид, эр зориг гарган сонин эрхлэн гаргаж байсан нөхөд, сонины үйлдвэрийн ажилчид, орчуулагчид, хэвлэн нийтлэгчид онцгой гавьяатан байсан гэдгийг хэлье. Эдний л нэгэн адил би ардчиллын үнэ цэнэ, алдаа оноог хамгийн түрүүнд мэдэрч хүртсэн хүний нэгэн.
Тэр үед сонин хэвлэдэг ганцхан үйлдвэр байсан нь Улсын Хэвлэлийн Комбинат /УХК/-ын Сонины үйлдвэр. 1990 оны  хоёрдугаар сарын 5-нд Л. Азбаяр агсан /мансууралтай тэмцэх Үн­дэс­ний Хорооны дарга асан/, М.Батмөнх /бичигч би бээр/, С.Ган­болд /хэвлэлийн үйлд­вэрийн механикч асан/ бид тэргүүлэн хориод залуусыг сэм цуглуулан хуралдаж, “Ардчилал”-ыг дэмжигч нууц бүлгэм байгууллаа.

Бид ердөө л дөрвөн зорилготой байв. Шинээр гарч буй ”Шинэ толь”, ”Ертөнц”,”Шинэ дэвшил”, “Ард­чилал”,”Үг” сонинг хам­­гийн түрүүнд хэвлэн нийт­­лэх, тараахад гар бие орол­­цож байх, Хөдөлмөр Хам­гаалалын хуулийн “Хүнд хортой нөхцөлд” со­ни­ны өрөгч, боогч, хэв авагч,тугалга цутгагч зэрэг мэр­гэж­лийг заавал оруулах,  сонины үйлдвэрийн ажлын үргэлжлэх хугацааг нэг ээлжиндээ 8 цагаар тогтмол байлгах, сонины үйлдвэрт он удаан жил ажилласан ажилчин залуусыг байраар яаралтай хангах /25 байр авах/ гэсэн зорилт тавьж, удирдлагууддаа асуудал тавилаа.

Эхлээд үйлдвэрийн ажил­чин нэг бүртэй уулзах, бригад тасаг цехийн хэмжээнд хурал цуглаан хийх, дарга нарт асуудал тавих зэргээр тэмцэж эхэлсэн.Сонины үйлдвэрийн дарга С. Жамсранжав “Та нар зөв асуудал тавьсан байна. Би толгой мэдэн шийдэж чадахгүй. Бид оюуны талх үйлдвэрлэгчид. Тэгэхээр ард түмнийг энэ талхаар нь гачигдуулж яавч болохгүй. Ажил хаяхыг чинь би  хувьдаа дэмжихгүй” гэлээ.

Бид шийдвэрээсээ буцалгүй хэвлэх комбинатын дарга Батсуурь, Жадамбаа нарт ҮЭХ- гоор дамжуулан хугацаатай ажил хаях тухай шаардлага өглөө. Удалгүй бид гурвыг үйлдвэрийн бүх дарга нар хүлээж аваад “бөмбөгдөж” гарсан.

“Улс орны хэмжээнд амтай бүхэн ардчилал гэгч юмны тухай ярьж байна. Социализмаас юугаараа илүү юм, та гурав мэдэж байгаа юм уу. Баахан залуусыг хөөрөгдөж төлөвлөгөө норм тасалдуулж, улмаар сонины хэвлэх үйл ажиллагааг зогсооно гэдэг чинь том ял шүү нөхөд өө” гэхчилэн хатуу донгодоод хөөж гаргалаа. Харин бид бууж өгөх биш цагаандаа гарч Соёлын сайд Сумъяад хандаж ажил хаяна гэдгээ мэдэгдэв. Энэ хугацаанд биднийг ажлаас халах, хөдөлмөрийн дэвтэрт сахилга бат алдсан тухай тэмдэглэх тухай яриа ч гарлаа.
Тухайн үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн гэргий С.Дуламханд агсан тэгэхэд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан бөгөөд тэрээр бидэнд хандан “Та нар ажил хаях гэж байгаа бол сонин бууж, хэвлэлт рүү үед л хая. Би тусална” гэсэн юм. “Та яаж туслах юм бэ” гэвэл, “Яахав өвгөндөө хэлчихнэ тэр нэг юм бодно биз” гэлээ. Үнэхээр ч тусалсан. Ажил хаях хугацаа болоход Жамсранжав дарга “өвдөж" гэртээ хэвтэж, үйлдвэрийн мастер Дархижав /УИХ-ын гишүүн асан Гаваа генералын эхнэр/ урт хугацааны “чөлөө” аваад явчихлаа.
Үйлдвэр зогсоосон тэр үед Ерөнхий сайд Д. Бямбасүрэн, 3арыдхан, Сумъяа сайд, хотын захиргаанаас Баасанжав, Бямбаа нарын хүн ирж гурван цаг гаруй ярилцсаны эцэст Ерөнхий сайд -...“Хөдөлмөрийн хууль-ийг шинэчилэн найруулж хар тугалгатай харьцдаг бүх мэргэжлийг багтааж болох юм. Үүнд зохих судалгаа дүгнэлт яаралтай хийх биз..., Зөвлөлтийн мэргэжилтэн нөхдүүд буцаж байгаа. Тэдний байр сууцнаас эхний ээлжинд 25 байр өгье. Үүнд хот анхаар.
Хөдөлмөрийн хуулинд ажлын үргэлжлэх хугацаа 8 цаг гэж заадаг ч, та нар бол Монгол Улсын мэдээллийн гурав дахь их уурхай, ийм чухал хүндтэй үүргээ хөсөрдүүлж хэрхэвч болохгүй. Үйлдвэр хүчин чадал нөөц бололцоогоо нарийн судалж ажилчдыг аль болох илүү цагаар ажиллуулахгүй байхыг удир­дах нөхөд анхаарч ажиллана биз” гэхчилэн ярьсан.

Бидний шаардсан зүйл ерөнхийдөө бүтсэн болохоор сэтгэл амарч ажилдаа орлоо. Хэд хоногоос ҮЭХ-ны дарга Үржинхандтай хамт А.Баасанжав дарга дээр орж байраа авах болтол, “...Та нар хэнийг дууриаж байгаа юм, манай ахмад үеийнхэн одоо болтол байр орон сууцгүй байхад, та нар ямар гавьяа байгуулсан нөхөд вэ...” гэсээр 10 байр өгч, үлдсэн 15 байрыг дараа өгнө гээд гаргаж билээ. Арван байранд хамгийн хэцүү хүнд амьдарч байгаа ажилчиддаа оруулсан юм. Үлдсэн 15 байр нь үлгэр болоод л өнгөрсөн.

Харин хөдөлмөр хамгаал­лын хуульд бидний санал бүрэн тусгагдаж биеллээ олсон. Ажил хаях хөдөлгөөнд оролцож байсан нөхөд минь ертөнцийн жамаар цөөрч байгааг хэлэх юун.

Би МоАХ-нд 1990 оны  хоёрдугаар сарын 5-д, МСДН-д гуравдугаар сарын 15-нд гишүүн болж Б. Батбаяр даргаас батлахаа авсан. Ингэж Ардчиллын үйл хэрэгт идэвхитэй оролцож улмаар 1996 мөн 2000 оны Орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж явлаа.

1997 оны нэгдүгээр сард Төрийн өмчийн хорооны дарга 3. Энхболд /УИХ-ын дарга/-ын томилолтоор “Эрүүл энх” улсын үйлдвэрийн даргаар очсон. Дампуурсан үйлдвэрийн газрыг зургаан жилийн дотор өргүй болгож, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ”Эрүүл мэнд”, “Анагаах ухаан” зэрэг сэтгүүл, “Эрүүл мэндийн мэдээ” сонинг эрхлэн гаргаж байсан. Энэ хугацаанд Эрүүл мэндийн сайд Л. Зориг /МСДН/ Ш. Батбаяр /АН/ С.Сонин /МСДН/ мөн Нямдаваа /МАХН/ нар ажиллаж байлаа. 2003 онд Нямдаваа сайд “Чи сайн ажиллаж байгаа, гэхдээ бид нэг багт тоглож болохгүй тул чамайг ажлаас чинь чөлөөлж байна” гээд халж билээ.

Ингээд нэг хэсэг ажилгүй байсаар 2005 оны гуравдугаар сараас МоАХ-ны хэвлэл мэдээллийн ажилтан болсон. Тэр үед Цагаандарийн Энхтүвшин дарга болж холбооны дотоод журам, мөрийн хөтөлбөр зэргийг яаралтай гаргаж архивыг цэгцлэх бодит баримтаар баяжуулах мөн санхүүжилтийн эх үүсвэртэй болох зэрэг ажлыг хичээнгүйлэн хийцгээсэн юм. Энэ үед Билэгт, Ширэндэв, Баасан, Самбараазан нарын нөхөд минь ажиллаж байсан юм.

Мунаа овогтой БАТМӨНХ  

0 Сэтгэгдэл
САЙХАН ДУРСАМЖ БАЙНА. ТУУХЭН УНЭНИЙГ ЦАГ АЛДАЛГУЙ БИЧИЖ УЛДЭЭЖ БАЙХГУЙ БОЛ ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА ОГТ ЕЕР БОЛОХ Ч АЮУЛ БАЙДГИЙГ МЕН Ч ИХ УЗЭЖ БАЙНА ДАА
САЙХАН ДУРСАМЖ БАЙНА. ТУУХЭН УНЭНИЙГ ЦАГ АЛДАЛГУЙ БИЧИЖ УЛДЭЭЖ БАЙХГУЙ БОЛ ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА ОГТ ЕЕР БОЛОХ Ч АЮУЛ БАЙДГИЙГ МЕН Ч ИХ УЗЭЖ БАЙНА ДАА
Хамгийн их уншсан