Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмчгүй төр


Том төрөөс Ухаалаг төр үү гэсэн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг өөрийн санаачлагаар хийсэн Ерөнхийлөгч “Ухаалаг төрийг тодорхойлохдоо хэмнэлттэй төр” хэмээн тодотгон хэлсэн. Тэгэхээр төрийг хэрхэн хэмнэлттэй болгож болох юм бэ. Төр өөрөө хэмнэлт хийж чадах уу гэвэл өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээлэлд зарцуулах төсвөө хассан төдийгээр хязгаарлагдаад өнгөрдөг нь нууц биш.  Төрийн байгууллага чинь мөнгөгүй хэцүү хэмээх ч төрийн албанд орох гэж, төрд ажиллах гэж үхэн хатан зүтгэхийн цаана юу байгаа вэ. Монголдоо дэндүү хайртай, хэтэрхий эх оронч болохоороо төрийн төлөө ажиллах гэж зүтгээд байна уу гэвэл ёстой хөх инээд гээч нь хүрэх биз. Наад зах нь хамгийн ойр байгаа хэвлэлийн салбарт л төр рүү зүтгэх үзэл залуусын дунд ноёлоод байгааг хэрхэн тайлбарлах вэ.

Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлснээр хэмнэлттэй төр маань эд хогшлоо бүүр байшингаа ч түрээсээр хэрэглэх нь. Хэрвээ энэ биелчихвэл өнөөх гайхал 70 саяар өрөөгөө тохижуулж, 50 саяар машин аваад уначихдаг Д.Бат-Эрдэнэ мэтийн ИТХ-ын дарга байхгүй болох нь.
“Хотын хар байшинг хувьчилна” гэсэн зар үзэгдвэл гайхах зүйл байхгүй гэнэ лээ. Гэхдээ хувьчилж авсан хүнд нь бид байшинг чинь түрээсээр хэрэглэх юмаа гэсэн болзол тавибал ямар санагдаж байна. Догь уу. Хувьчилна бас түрээлэгч нь бэлэн. Зөвхөн нийслэлийнхнээ ийн нэг дор төвлөрүүлээд зогсохгүй, Гадаад хэргийн болоод Батлан хамгаалах яамнаас бусад яамыг ч нэг дор төвлөрүүлж түрээсийн байранд оруулж болно. Иргэн бидэнд яамнаас яам дамжин гүйх хэрэггүй болно гэхээр таатай санагдаж байгаа биз. Яг үнэндээ иргэн бидний хувьд энэ бол асуудал биш ч төрийн яамдын түшмэлүүдэд ямар санагдах бол? Түрээсийн байранд амьдардаг сайдууд гэхээр санаанд бууж байна уу. Мөнгөгүй төсөвгүй хэмээн үглэх сайд нар яамныхаа байшинг жил бүр шахуу томруулж, засдаг нь нэгэнт тогтсон заншил болчихоод байгаа энэ үед түрээсийн байранд оруулчихвал ямар байх вэ. Түрээслэгчийн зовлонг мэдэрч иргэдтэйгээ зовлон нэгтэй байг л дээ хэмээн Ерөнхийлөгч санал болгосон.

Төрийг бизнес болгогчдыг шахах дараагийн алхам

Лиценз гээч юмыг төрийн албан хаагчийн гараас суга татаад авчихвал төр рүү зүтгэгсэд цөөрөх болов уу. УИХ-аас нэгдсэн журмаар баталсан лицензийг заавал төрийн албан хаагч гэлтгүй хувийнхан ч шалгуурыг нь тавиад өгчихөж чадна гэдэгт Ерөнхийлөгч итгэлтэй байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл  лиценз олгодог албан хаагчдыг нь ажилтай нь хамт хувьчилчихна.  Хувийнхны гарыг хүндрүүлэх гэж гүйх шаардлагагүй болчихоор дарлагдсан бизнесмэнүүд маань нуруугаа тэнийлгэнэ.  Хуулийн дээр гишгэх хүн үгүй гэдгийг дээрээ ч доороо мэдэрдэг мэддэг болчихож чадвал Ухаалаг төр байгуулахад ядах зүйл үлдэнэ гэж үү.

Гурав дахь алхам

Манай төр өнөөдөр өмчийг нь эзэмшдэг өөрийн халаасандаа байлгаж харж ханддаг хэдэн аж ахуйн нэгжтэй вэ.  101 аж ахуйн нэгжийн 47653 хүнийг төр өргөж тэтгэж асарч хамгаалж байдаг гэнэ.  Хэн нэгэн суутан нь төр гэдэг хамгийн муу менежер гэж хэлсэн гэдэг. Тэгвэл энэ муу менежер 101 этгээдийг халаасандаа хийчихээд сууж байгаа юм. Наад зах нь төр нүүрсээ өөрөө ухаж, уурын зуухандаа өөрөө галч хийж, эрчим хүчээ өөрөө түгээгээд явдаг хар ажилчнаа хийсээр л байгаа. Тэгвэл Ухаалаг төр гэдэг ах ахуй эрхлэгч биш хазайхад нь дэмжиж хамжиж байдаг аж. Ерөнхийлөгч үүнийг шийдэх арга бол Төрд ганцхан хуулийн компани л байхад хангалттай гэв. Магадгүй 101 аж ахуйн нэгжийн 200-гаад даргад таатай санагдаагүй байх л даа. Гэхдээ таалан хүлээж авсан нь ч цөөнгүй байсан гэж итгэхийг хүсч байна. Төр хуулийн компанийн үүргээ гүйцэтгэн хийсэн гэрээнийхээ араас л хяналт тавихад хангалттай аж.
За ингээд Ухаалаг төр рүү алхахын тулд өмчгүй төрийг эхнээс нь буй болгохоор хичээх хэрэгтэй болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан