Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 гаруй жил өнгөрлөө. Тухайн үед бид эдийн засаг, улс төрийн чиглэлд ардчилсан шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн. Монголчууд бид нэг ч хүний хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалалгүй зах зээлийн тогтолцоонд шилжсэн. Энэ тал дээр бидэнд цаашид суралцах зүйл их байгаа ч бусадтай хуваалцах зүйл чамгүй бий. Хоёр орны урлаг соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэх эрмэлзэл бидэнд байна.

Монгол Улс Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай 1956 онд анх дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш анх удаа төрийн тэргүүний хэмжээнд хийж буй энэ удаагийн айлчлал хоёр орны цаашдын харилцаанд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Манай хоёр орон байгалийн арвин баялаг нөөцтэйн хувьд төстэй. Иймээс уул уурхайн салбарын харилцааг өргөжүүлэн, байгалийн баялгаа хэрхэн зөв ашиглах тал дээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бид бэлэн байна. Бидэнд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, хоёр орны хооронд оюутан солилцоог эрчимжүүлэх боломж нээлттэй байна” хэмээв.

МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн хэлэхдээ “Бид Монгол Улстай бүх талаар хамтран ажиллаж, олон салбарт харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хоёр орны иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байдаг. Хоёр орны иргэд шашин шүтлэг гэх мэт төстэй зүйл их учраас энэ салбарын харилцааг өргөжүүлэх нь үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна.

Хоёр орны хооронд шууд нислэгтэй болгох арга замыг судалж, боломж бололцоог бүрдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй. Ингэснээр иргэд хоорондын харилцаа саадгүй хөгжих таатай орчин бүрдэх учиртай. Боловсролын салбарын харилцааг эрчимжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх таны санал санаачилгыг бид бүрэн дэмжиж байна. Бид боловсон хүчнээ Монголд сургаж, Монголын мэргэжилтнүүдийг өөрийн улс орондоо урин ирүүлэх сонирхолтой байна.

Орчин үеийн дэвшилтэт техник технологийг дотооддоо нэвтрүүлэх тал дээр бид хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Манай уул уурхайн салбар гэхэд БНХАУ-ын техник технологиор хязгаарлагддаг тул бид илүү их зүйлийг эрэлхийлэхийг хичээж байна. ОХУ-тай хил залгаа оршиж, техник технологийг нь он удаан жилийн турш ашигласны хувьд Монгол Улс энэ тал дээр бидэнд зөвлөгөө өгөх, тусалж дэмжих боломжтой.

Манай хоёр орон уул уурхайн салбарын хувьд адил төстэй зүйл их. Манай уул уурхайн салбарт БНХАУ-ын компаниуд зонхилж, нөлөөллөө тогтоосон. Харин Монголын уул уурхайн салбарын хувьд БНХАУ-аас гадна АНУ, Канад, Австрали болон Европын орнуудаас хөрөнгө оруулалт авч, хамтран ажилласан туршлага бий. Энэ тал дээр туршлагаасаа хуваалцаж, уул уурхайн баялгаа хэрхэн зөв зүйтэй ашиглах тал дээр үнэтэй зөвлөгөө өгч ажиллана гэж найдаж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Уул уурхайн баялгийг байгальд хор хөнөөлгүй олборлож, ард иргэдэд хүртээлтэй, үр өгөөжтэй зарцуулах тал дээр бид чамгүй туршлага судалж, нэлээдгүй сорилт бэрхшээлийг даван тууллаа. Иймээс энэ салбарт хуримтлуулсан туршлагаа бид бусадтай хуваалцаж, хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Мөн манай хоёр орны ард түмэн түүх, соёл, шашин шүтлэгээр холбоотой бөгөөд төстэй зүйл их билээ. Энэ хэлхээ холбоог цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хариуцлагатай үүрэг бидний өмнө байна” хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан