Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМАНД БАГТАХААС АЖИЛ БОЛООГҮЙ “НОГООН...”

Ногоон... Ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засаг, ногоон байгууламж, ногоон ирээдүй, ногоон, ногоон.., ногоон... Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр “ногоон” гэх үгийг ном, уншлага мэт хэрэглэх болж. Тэр тусмаа монголчууд. Хүмүүс байгаль эхийн баялгийг барж, үрж, ухаж төнхсөний балгийг энэ үг илтгэнэ. Ашигт малтмалын “хараал” аль ч улс, үндэстнийг ялгадаггүй нь хил хязгаарын хориггүй дэлхийн дулаарал, цөлжилт, агаар, хөрсний бохирдол гэх мэт экологийн өөрчлөлтүүд буюу эх дэлхийн “өшөө авалт”-аар илэрнэ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унах цагт сая өвдөлт мэдэрч, сэхээ авдаг нь хүн бид. Алт, нүүрс, газрын тосыг нь ухавч авсан шигээ гэр орон болсон газар шороо, байгаль орчноо нөхөн сэргээж, хайрлаж чаддаггүй биднээс цэнхэр гариг маань нүүр буруулах боллоо. Тийм ч учраас дэлхий нийтээр “ногоон” буюу экологи, байгаль орчинд хор хөнөөл багатай шинэлэг бүхнийг эрэлхийлэн түүнийгээ “ногоон” хэмээн нэрийддэг болж. Үүний нэг жишээ бол агаарын бохирдлыг бууруулахад ахиц, түлхэц болох цахилгаан машин үйлдвэрлэл. Өндөр хөгжилтэй орнууд эл үйлдвэрлэлээр эдийн засгийн чадавхиа сайжруулж давхар байгаль орчноо ч хайрлан хамгаалж байна. Манай улсын хувьд цахилгаан машин гэхээр хаа холын бүтэшгүй мөрөөдөл мэт санагдах ч та бидний өдөр тутмын амьдралд хэдийнэ нэвтэрч хэрэглээ болсон нь троллейбус юм.
Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн эл машины тухай олон нийтийн ойлголт, мэдлэг тун муу. Манай улс 600 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэйгээс 80 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрч зам тээврийн хөдөлгөөнд тогтмол оролцдог ба эдгээрийн 90 гаруй хувь нь экологид хамгийн их хөнөөлтэй дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашин юм.
Даяаршлын үйл явц улс орнуудын эдийн засгийг эрчим­жүүлж худалдаа, тээ­вэр­лэлтийг өргөжүүлж бай­на. Мөн автомашины үйлд­вэрлэл ч үнэмлэхүй өсч бай­на. Үүний улмаас түлш, шатахууны хэрэглээ улам бүр өсч нүүрсхүчлийн хий буюу CO2-н ялгарлыг үлэмж нэмэгдүүлсээр. Нүүрсхүчлийн хий үүссэнээсээ хойш 200 орчим жил задралгүй агаарт хуримтлагддаг. Хүн, амьтанд шууд хор нөлөө үзүүлдэггүй ч аж үйлдвэржилт, автомашин­жилтын эрчимтэй хөгжил зэрэг хүний үйл ажиллагааны улмаас түүний ялгаралтын хэмжээ сүүлийн зуун жилд үлэмж хурдацтай өсч, хүлэмжийн хийг нэмэгдүүлэх замаар байгаль экологийн тэнцвэр алдагдуулж, дэл­хийн дулаарлын гол шалт­гаан болсон хэрэг. Нэг литр түлш эсвэл нэг кг нүүрс шатаахад гурван кг нүүрсхүчлийн хий ялгардаг нь түүний хор хөнөөл ямар их болохыг илтгэнэ. Монголчууд хэчнээн ядуу байсан ч хонины ганц морьтойгоо байсаар ирсэн ард түмэн. Тиймдээ ч унаагүйгээр ажил амьдралаа төсөөлөхөд бэрх. Гэвч энэ цагийн унаа гэгч нь эдлэх хугацаа нь дууссан импортын бүтээгдэхүүн. Япон, Солон­госын хуучин машины “оршуулга” Монголд байна гээд хэлчихвэл буруудахгүй.  Манайд ашиглаж буй нийт тээврийн хэрэгслийн 71 хувь нь арваас илүү жил ашигласан ба зөвшөөрөх хэмжээнээс илүү хорт хий ялгаруулж байгаа нь дийлэнх хувийг эзэлнэ. Агаарын бохирдлыг үгүй хийе гэвэл эх үүсвэрийг нь үгүй хийхээс эхлэх нь зүйн хэрэг. Товчхондоо, гэр хороолол, автомашинаа үгүй хий гэсэн үг. Унах машингүй, орох оронгүй болгох нь гэж эмээх хэрэггүй. Орлуулах зүйл байгааг мартаж болохгүй.
Гэр хорооллын айл өрхүүд аажмаар цөөрч, орон сууцны хороолол болох цагт агаарын бохирдол эрс буурна. Харин тэр үед хорт утаа ялгаруулагч автомашинуудаа яах вэ гэдэг асуулт урган гарах нь мэдээж. Дээр хэлсэнчлэн, орлуулах зүйлийг олох нь чухал. Агаар бохирдуулахгүй гээд адуу мал унаад байх нь хэцүү. Харин цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийг эрчимжүүлэх нь асуудлыг шийдэх гарц болно. Нийтийн тээврийн үйлчилгээний бус цахилгаан хөдөлгүүрт сууд­лын автомашин үйлдвэрлэж агаар бохирдуулж буй бензин хөдөлгүүрт маши­наар солих нь чухал. Ца­хил­гаан хөдөлгүүртэй, сууд­­­лын зориулалт бүхий авто­­ма­­шиныг манайхан үйлд­­вэр­лэсэн жишээг дур­даж болно. “Цахилгаан тээ­вэр” ОНӨААТҮГ-ын хамт олон дөрвөн хүний суудал бү­хий бага оврын суудлын автомашины туршилтын загвар үйлдвэрлэсэн тухай уншигч та сонсч л байсан биз. Уг машин нь Японы автомашин үйлдвэрлэгч “Honda” үйлдвэрийн “That’s” маркийн машины эх биед суурилагдсан ба ямар ч утаа ялгаруулахгүй цахилгаан хө­дөлгүүртэй. “Цахилгаан тээвэр” компани 2010 оны дө­рөвдүгээр сард уг машинд өөрсдийн боловсруулсан технологиор автотюнинг /autotuning/ хийн ашиглалтад шилжүүлээд байгаа аж. 656 см3 ажлын багтаамж бүхий хөлөлгүүрийг хурд­ны хайрцагтай нь авч оронд нь 7.5 киловатт хүчин чадалтай цахилгаан хөдөл­гүүрийг удирдлагын чоппер /chopper/ системийн хамт суурилуулсанаараа онцлог юм. Хөдөлгүүрийг ажиллуулах цахилгаан эх үүсвэрээр хүчлийн кальцийн зургаан ширхэг аккумлятор тавьсан ба эл машин 200 км зам туулахад 1000 гаруйхан төгрөгөөр үнэлэгдэх цахилгаан зарцуулна. Гэтэл манай оронд ашиглаж буй бензин хөдөлгүүрт машинууд 200 км-т дунджаар 30 мянган төгрөгийн шатахуун зарцуулдаг нь эдийн засгийн хэмнэлт ямар их болохыг илтгэнэ.
 Уг автомашины үндсэн бензин хөдөлгүүртэй загвар нь 100 км гүйлтэд 5.2 литр шатахуун зарцуулдаг байсан аж. Тээврийн хэрэгслийн хоногт туулах зайг дунджаар 150 км хэмээн тооцвол жилд ойролцоогоор 36 мянган км гүйлт хийнэ гэсэн үг. Энэ нь, жилд 1872 литр бензин зарцуулна гэсэн үг. Одоогийн ханшаар тооцоолон АИ-92 шатахуун хэрэглэнэ гэвэл жилдээ зөвхөн бензиний үнэд гурван сая 32 мянга 640 төгрөг гарздана гэсэн үг. Харин цахилгаан хөдөлгүүрт машиныг нэг удаа найман цаг цэнэглээд 100-150 км зорчих боломжтой. Хот газар амьдардаг хүмүүс өдөрт дунджаар 30-35 км автын хөдөлгөөнд оролцдог гэхээр нэг удаад цэнэглээд 2-3 хоног цэнэглэх шаардлагагүй. Ийм л эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ч тэр ээлтэй цахилгаан хөдөлгүүрт автомашиныг эх орондоо үйлдвэрлэе гэвч хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй аж. “Цахилгаан тээвэр” компани угсралт, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн үйлдвэртэй бөгөөд эхний ээлжинд ашиглалтын хугацаа нь дууссан, мотор нь цохисон жижиг оврын буюу суудлын автомашинд цахилгаан хөдөлгүүрээ суурилуулъя гэхээр Зам тээврийн яамнаас тээврийн хэрэгсэл тэр дундаа хөдөлгүүрийг нь солихыг хориглосон заалтын дагуу үйлдвэрлэл явуулах нөхцөлийг нь бүрдүүлдэггүй аж. Угтаа, иргэн Батын 15 сая төгрөгөөр худалдан авсан машиных нь хөдөлгүүрт гэмтэл учирч солихоор болбол эсвэл ашиглалтын хугацаа нь дууссан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их хорт утаа ялгаруулдаг бол зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг нь хориглоно. Зөвхөн мотороос шалтгаалсан гэмтлийн улмаас бусад эд ангийн эдэлгээ, насжилт дуусаагүй бол машинаа яах вэ. Эвдэрхий мотороо цахилгаан мотороор сольж болохгүй. Дахин шинэ машин авахад чамгүй хөрөнгө мөнгө шаардана. Яг үүнтэй адил цахилгаан машин үйлдвэрлэлд чөдөр, тушаа болж буй зүйл нь дээр дурдсан авто тээврийн тухай хуулийн заалт юм. 100 хувь Монголд үйлдвэрлэсэн иж бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашин хийе гэсэн ч түүхий эдээ гадаадаас авна. Манай гаалийнхан нэг жилээс доош хугацаанд ашигласан мөн газан хөдөлгүүр бүхий автомашинд татвар ногдуулдаггүй ч цахилгаан хөдөлгүүрт суудлын машин болоод нийтийн тээврийн зориулалттай автобус үйлдвэрлэх түүхий эд, материалд 15 хувийн татвар ногдуулж байгаа нь мөн харьцангуй ойлголт. Үйлдвэрлэх технологи, боловсон хүчин, үйлдвэр болоод хэрэглэгч нь байсаар атал ийм хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн нь ногоон үйлдвэрлэлээ дэмжиж ажил хэрэг болгох бус амнаас ам дамжсан хий хоосон яриа болгож байгаа гэлтэй.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
өөө зөв зөв амнаас цаашгүй л байнадаа бид
Хамгийн их уншсан