Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдлээгүй эрх буюу эхийн хэвлийдэх “цаазын ял”


“Хүн бүр төрсөн цагаасаа хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой” хэмээн Хүүхдийн эрхийн тухай конвенцын оршил хэсэгт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, төрсөн цагаасаа буюу эхийн хэвлийгээс хүйгээр салж энэ орчлонд хүн болж мэндэлсэн цагаасаа хүний эрхийг эдлэх ёстой аж. Тэгвэл хүн болж төрөөгүй, эхийн хэвлийд бүрэлдэж буй ураг яах вэ. Тэдэнд эдлэх ёстой эрх гэж байна уу. Хүмүүн заяаг олсон ч “хүсээгүй” гэх шалтгаанаар аборт хэмээх “цаазын ял”-аар шийтгүүлж буй алгын чинээхэн ургийн эрх ашгийг хамгаалдаг хууль, конвенц гэж бий юү. Угтаа, цаасан дээр нэргүй ч эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаасаа л хүн болж буй. Бид үүнийг төдийлөн ойлгодоггүй болохоор үр хөндөлтийг хүний аминд хүрч байна гэж ухамсарладаггүй. “Хүүхдийн эрх” гэж хэлтэй амтай болгон хэлдэг ч нэдэр дээрээ нийгэм тэр аяараа өдөр тутмын “аллага” дунд амьдарч буйгаа анзаардаггүй. Зах зээлд шилжсэнээс хойш борооны дараахь мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүд бол хүний амиар хөлжигсөд. Мөнгө л олж байвал мөрөн дээрх толгойгоо ч өгөхөөс буцахгүй болсон хүмүүс хүн алж, нүгэл үйлдэж мөнгө ослоор. Угтаа, “үйлчлүүлэгч” нь байгаа болохоор л эдгээр эмнэлэг эл бусармаг үйлдлээ үргэлжлүүлсээр буй хэрэг. Ардчиллыг хэмжээ дамжаагүй эрх чөлөө мэтээр сэтгэгчид олширсноос нийгэм, цаг үе хэт салан задгай, хуульгүй, хяналтгүй болсоор ...

Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт хэмээдэг. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор буюу 84 хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Харин 13-23 хоногтой буюу эхийн хэвлийд бүрэлдээд 91-189 хонож буй урагт хийх үр хөндөлтийг хожуу үр хөндөлт хэмээдэг ба зөвхөн эмчийн магадлагаа, зөвшөөрлөөр хийдэг гэнэ. Хожуу үеийн үр хөндөлт хийхэд тухайн жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон, 18 хүртэлх насны охид, 40-өөс дээш насны эмэгтэй болон цусан төрөл ойртсон нь нотлогдвол мөн хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн тохиолдолд л хийх ёстой.

Гэвч манай улсад зөвхөн хүсээгүй хүүхэд гэх шалтгаанаар дээр заасан хугацаанаас ч илүү тээлттэй урагт үр хөндөлт хийсээр байна. Тэр ч бүү хэл найман сартай ургаа үр хөндүүлсэн тохиолдол ч цөөнгүй. Судалгаагаар, 1960 оноос хойш дэлхий дахинд үр хөндөлтийн улмаас амиа алдсан буюу эдлэх ёстой эрхээ эцэг, эхийнхээ шийдвэрээр эдэлж чадаагүй хүүхдийн тоо дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүнээс даруй 15 саяар их байдаг гэнэ. Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын золиос болсон энэ тоо цаашид ч гэсэн өсөн нэмэгдэх нь мэдээж. Энэ бол үргэлжлэх хугацаа нь урт, үй олноор хөнөөх зэвсгээс өөрцгүй аймшигтай зүйл. Жил бүр манай оронд бүртгэгдэж буй нийт жирэмслэлтийн талаас илүү хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг ба тэдгээрийн 40 гаруй хувь нь үр хөндөлтөөр дуусдаг. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 58 хувь нь 25-аас доош насны охид бүсгүйчүүд байдаг аж. Гэрлээгүй эмэгтэйчүүд нийт үр хөндөлийн 60 гаруй хувийг эзэлдэг.

Жилд дунджаар төчнөөн үр хөндөлт хийгддэг гэсэн тоо баримт байхгүй. Учир нь, дийлэнх үр хөндөлт хөшигний ард буюу хууль бусаар хийгддэг. Хуулийн дагуу гэж ярих нь ч угтаа буруу ойлголт. Үр хөндөлт хийх нь байтугай нас биед хүрсэн хүний амийг хөнөөвөл хуулийн дагуу ял эдэлдэг. Гэтэл эхийнхээ хэвлийд буй хүнийг эмч хэмээх яргачин хөнөөх эрхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн нь байж боломгүй ойлголт. Товчхондоо, үр хөндөлт хийлгэж буй эмэгтэй, /эцэг, эх/ түүнийг гардан гүйцэтгэж буй эмч нарт зохион байгуулалттайгаар хүний аминд халдах хууль, эрхзүйн орчныг нь бүрдүүлнэ гэдэг байж болох хамгийн аймшигтай тэнэглэл. Хүний тэр дундаа хүүхдийн эрх гэдэг эхийн хэвлийд ураг бүрэлдсэн цагаас л үйлчилдэг байх нь зүй ёсны хэрэг. Эхээс мэндлээгүй, албан ёсоор төрсний гэрчилгээ авч, иргэний бүртгэлд бүртгэгдээгүй л бол хүн биш, Монгол Улсын иргэн биш хэмээн ойлгох нь хамгийн ташаа ойлголт. Тийм ч учраас хүний болоод хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, конвенцууд эхийн хэвлийд буй урагт эдлэх эрхийг нь олгодог байх хэрэгтэй. Хуулиар тэднийг хамгаалахгүй бол хутга мэсний ирэнд эрхээ эдэлж чадалгүй, энэ орчлонг ч үзэж чадалгүй “цаазлуулдаг” байдал гаарсаар л байх болно.

Их сургуулийн багш маань нэгдүгээр курсийн оюутнуудаас ийн асуужээ. “Та нар ирээдүй хойчийн эзэд. Эх орноо, Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ” гэхэд нь оюутан бүр л ам уралдан хариулж байв. “Ашигт малтмалаа зөв бодлогоор экспортлох” хэрэгтэй гэх нэг нь байхад “Мал аж ахуй, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх”, “Нүүдэлчний өв соёлоо хадгалж үлдэх, хамгаалах”, “Үйлдвэржих хэрэгтэй” гээд л тоймгүй олон хариулт тоочиж байв. Багш маань бүгдийг нь ярьж дуусахыг анхааралтай ажиглаж байснаа “Та нар эх орноо хөгжүүлье гэвэл ердөө л хүүхэд төрүүл” хэмээсэн юм. Тухайн үед тэр үгийг нь инээд наргиан болгох нэг нь байхад, ичиж эмээх нэг нь ч байв. Хожим нь бодоод байхад багшийн маань хэлсэн үг үнэхээр үнэн аж. Дэлхий даяар газар доорх баялгаас илүүтэй хүний хөгжлийг тэргүүн эгнээнд тавих болсон цаг. Гурван сая ч хүрэхгүй хүн амтай манай улс 300 жил ухаж төнхөх баялагтай байлаа ч дэндүү цөөхүүлээ. Дарин дээр давс гэгчээр дайн дажингүй энх тунх цаг ч гэлээ мөнөөх эх орноо хөгжүүлэх ирээдүй хойчийн эзэн болсон иргэдээ үр хөндөлт хэмээх цаазын ялаар хөнөөсөөр байгаа нь эмгэнэлтэй.

Төр, түмнийг толгойлж буй сайд дарга нараа, хэрэгтэй, хэрэггүй хууль баталж хэрэгжүүлж чадахгүй суухаар хүний эрх, хүүхдийн эрхийн тухай хууль дүрмээ сөхөж нэг хараач. Бонд, ашигт малтмал, алт эрдэнэс хөөцөлдөж явах хойгуур чинь тэдгээрээс ч үнэтэй хойч үеийг чинь хороосоор л байна. Таны үр хүүхэд ч үр хөндөлт хийлгэж үлдэж хоцрох ач нарыг чинь цаазлуулсаар байгаа юм бил үү. Төрсөн цагаас нь бус түүнээс өмнө, хүмүүн заяаг олсон цагаас буюу эхийнхээ хэвлийд бүрэлдсэн үеэс нь эдлэх эрхийг нь хамгаалдаг хууль дүрэм батлаач.


Цаазлагдсан “Амирлан”


Өнгөрсөн зун юмдаг. Ажлаа тарчихаад гэрийн зүг гэлдэрч явтал утас дуугарч удаан уулзаагүй танил маань “Уулзаж жаал хууч хөөрье” хэмээж байна. Ойролцоо гэртэй болохоор гэрээс холгүй цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар товлолоо. Зуны оройн нар зугуухан доошилсоор баруун уулсын цаагуур баахан удаж байж шингэв. Нар бууж, нам гүм ноёлосон цэцэрлэгт хүрээлэнд хуучны найзууд хуучлан суусаар үдэш болгожээ. Удаан уулзаагүй найзууд юу эсийг ярихав. Найз нөхдийн хооронд хөгтэй, хөөртэй явдлаа дурсан ярихаас сайхан зүйл гэж юу байхав. Гэвч хэдий инээж хөхрөлдөвч танилын маань нүд цаанаа л нэг гунигтай. Юу болсон тухай асуувч хариу хэлсэнгүй. Сэтгэл нь тавгүй байгааг ойлгоод хэсэг дуугүй суутал уртаар санаа алдаад уйлж эхлэх нь тэр. Саяхан инээж байсан ч санаа алдан уйлахыг нь хараад юу болсоныг дахин лавлавал “Би хүн алчихсан.., хүүхдээ алчихсан” хэмээн улам ч ихээр уйлж эхэллээ. Үүнээс өмнө уулзахад үеийн залуутайгаа үерхэж буйгаа хэлж байсан юм. Хос залуус хүсээгүй хүүхдээ хөнөөхөөр шийдэж, улмаар үр хөндүүлсэн аж. Хагас жил үерхсэн найз залуу нь Солонгос руу ажиллахаар болж “хайртай” хэмээж байсан найз охиноосоо нүүр буруулсан гэнэ. Тухайн үед танил маань хүүхэд олсоноо мэдээгүй байсан бөгөөд найз залуу нь “Салъя” гэхэд нь хүслээр нь болж хоёр тийшээ болсон гэнэ. Удсангүй, мөнөөх залуу ч урт хугацаагаар ажиллахаар явж хаяагдсан танил маань хэсэгтээ л сэтгэлээр унасан нь мэдээж. Залууг явсанаас хойш үе, үе бие нь тавгүйтэж, хэвлийн хэсгээр нь томроод буйг таргалаад байна гэж бодтол хүүхэд олсон байж.

Жирийн л нэг ажлын өдөр хотын гудмаар явж байтал толгой нь эргэж ухаан алдаад сэртэл эмнэлэгт дусал хийлгэчихсэн хэвтэж байж л дээ. Эмч “Давхар биетэй байж ингэж явж болохгүй ээ. Та дэндүү сул биетэйгээс гадна маш их ядарсан байна. Хэвтэж эмчилгээ хийлгэ” хэмээн зөвлөхөд нь бие давхар болсноо мэдсэн гэв. Тэр ч бүү хэл таван сар 17 хоногтой ураг бүрэлдсэн байж. Нас залуу өмнө нь төрж байгаагүй болохоор хэвлийдэх үрээ таван сар гаруй болсныг ч мэдээгүй явсан тэрээр юу хийх ёстойгоо эргэцүүлэн эмнэлэгт гурав хоножээ. Улмаар эцэггүй хүүхэд төрүүлж байхаар үр хөндүүлсэн нь дээр гэсэн шийдэлд хүрч. Гэвч эмч зөвшөөрсөнгүй. Яаж ч гуйгаад үгүй гэх эмчийг ятгаж чадахгүйгээ ойлгоод хувийн эмнэлэг барааджээ. Гаднаа гял цал ч гүнд нь орвол хүсээгүй хүүхдийг тань хэдхэн төгрөгийн төлөө хөнөөж өгөх эмнэлгүүд хотоор дүүрэн байдгийг биеэр явж үзсэн найз маань өгүүлнэ. Цагаан халаат өмсч чагнуур зүүсэн, эмч нэртэй “зандалчин” таван сартай ургийнх нь амийг таван зуун мянгаар тасалж өгье хэмээн хүний амь хөнөөх үнэ ханшаа танилцуулж байна гэнэ. Өөрөө хүссэн учир үнэ хөлсийг нь өгч улмаар үр хөндүүлж эмнэлэгт долоо хоножээ.

Анхны үрийнхээ хүн төрлийг олсон хувь тавиланг нь хутга мэсээр тасдуулж, аминд нь хүрсэн тэрээр энэ тухайгаа ярьж байхдаа уйлсаар л байв. Бие нь тэнхэрч эмнэлгээс гарсан хойно гэртээ хэсэг байсан ч нэг л юм үгүйлэгдээд байж. Шөнө бүр гар хөлийг нь тасдсан жаахан охин зүүдэнд нь орж “Ээжээ, ээжээ” хэмээн дуудах бөгөөд энэ байдал бүтэн сар үргэлжилсэн гэнэ. Хүүхэдтэй болбол, хүссэнээр нь охин байвал Амирлан гэж нэрлэнэ хэмээн арван жилээсээ л боддог байсан бөгөөд шөнө бүр зүүдлэгдэх нөгөө охиныг ч Амирлан гэдэг аж. “Ээжээ, Амирлан байна. Та намайг танихгүй байгаа юм уу” хэмээх давхраатай алаг нүдэн охин шөнө бүр ээрнэ. Зарим шөнө нь охиноо хөтөлчихсөн олон хүнтэй цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байна гэж зүүдлэх бөгөөд хар дарсан зүүднээс хашгирч уйлсаар сэрэхэд дандаа л шөнийн гурван цаг болж байдаг гэнэ. Сүүлдээ энэ байдлаас айж эмээсэн тэрээр шөнө унтахгүйг хичээн кофе ууж, компьютер тоглож, нойроо сэргээх бүхий л юмыг хийнэ. Эцэг эх нь асуухаар таагүй зүүд зүүдлээд байна гэхээс өөр зүйл хэлэхгүй. Энэ байдал үргэжилсээр эцэстээ галзуурах дөхсөн найз маань ээжтэйгээ бөө, лам хард очиж байж сая зүгээр болсон гэдэг. “Үр хүүхдээ өөрийн гараар хөнөөсөн хүн үхэн үхтэлээ өөрийгөө уучилж чаддаггүй гэсэн” хэмээн халаглах найз маань одоо хэр нь охинтой болбол Амирлан хэмээн нэрлэнэ гэдэг хэвээр.

Энэ мэт төрсөн хийгээд төрөөгүй хүүхдийн эрх дэлхийн өнцөг булан бүрт өдөр болгон, цаг минут, хором мөч бүхэнд зөрчигдсөөр л... Хүн болж чадалгүй эцэг эхийнхээ хүслээр үр хөндөлт гэгч яргалалд амиа алдаж буй хүүхдүүдийн хувь заяа та бидний гарт байдаг гэдгийг бүү мартаарай. Амьтны амь таслахыг нүгэл хэмээн цээрлэдэг атлаа алаг үрсийнхээ амийг өөрсдийн гараар үгүй хийгч бид өөрсдөө араатнууд.


Техаст үр хөндөлтийг хязгаарласан хууль батлагдлаа


Өчигдөр АНУ-ын Дээд шүүх Техас мужид батлагдсан үр хөндөлтийг хязгаарлах тухай хуульд хориг тавихаас татгалзсан байна. Ингэснээр Америкийн хамгийн хуучинсаг үзэлтэй муж гэгддэг Техаст сүүлийн дөрвөн сарын турш үргэлжилсэн маргаан эцэслэлээ. Шинэ хуулийн дагуу жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш үр хөндөлт хийхийг хориглосон. Дээр нь зөвшөөрөлтэй судалгааны клиникийн эмнэлгүүдэд мэс засал хийх нөхцөл бүрдсэн, аборт хийх эрхтэй эмч нар нь тухайн эмнэлгээс 48 км-ээс ихгүй зайнд байрласан нарийн мэргэжлийн эмнэлэгт өвчтөн хэвтэн эмчлүүлэх эрхтэй байх ёстой болсон аж. Ингэснээр 696 мянга гаруй кв талбайтай, 25 сая хол давсан хүн амтай асар том Техас мужид энэ шаардлагыг хангасан зургаан эмнэлэгт л аборт хийх боломжтой болсон байна. Тиймээс эхийн амь насанд аюултай эсвэл ургийн гаж хөгжил гэх мэт заалтаар үр хөндөлт хийлгэх болсон эмэгтэйчүүд энэ зургаан эмнэлгийг алс холоос зорьж очих хэрэгтэй болжээ. Энэ мэт болон бусад шалтгааны улмаас энэхүү шинэ хуулийг тойрсон маргаан намжихгүй байгаа юм.

Уг нь, АНУ-д 40 жи­лийн тэртээ буюу 1973 онд үр хөндөлт хийхийг зөв­шөөр­сөн. Бүр тодруулбал жирэмс­ний эхний гурван са­рын хугацаанд эмэгтэй хүн эс­вэл эмч нь үр хөндөлт хийх шийдвэрийг хуулийн ямар нэг хязгаарлалтгүйгээр авах эрхтэй гэсэн шийдвэрийг Америкийн Дээд шүүх гаргасан. Гурван сараас хойш эмнэлгийн, хууль зүйн гэх мэт олон цээр орж ирнэ. Ингэснээр Америкийн дийлэнх мужид бүрэн хориотой эсвэл бичиг баримт, зөвшөөрөл гэх мэт олон саад хоригийг давж, цөөн тохиолдолд л хийхийг зөвшөөрдөг байсан мэс ажилбарыг зөвшөөрсөн гэж болно.

Дээд шүүхээс нэгэнт ийм шийдвэр гаргасан болохоор асуудлыг нэгмөр шийдсэнд тооцсон гэж болмоор. Гэвч тэгсэнгүй. Өнгөрсөн жилүүдэд Америкийн зарим мужад үр хөндөлт хийхээс өмнө нь насаар залуу эмэгтэйчүүдийн эцэг, эхэд нь дуулгаж зөвшөөрөл авах, эмнэлэг эсвэл эмчид өндөр шаардлага тавих гэх мэт олон тооны хязгаарлалт хийсээр бараг л буцаад 1973 оны өмнөх байдалд эргэн орсон аж.

Үр хөндөлтийг тууштай эсэргүүцэгчид ийм байдлыг бүрэн дэмждэг. Харин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид нь өөрийн биед болж байгаа үйл явцыг эмэгтэй хүн хэнээс ч асуулгүй захиран зохицуулах эрхтэй гэж үзэн эрс шүүмжилдэг.

Ер нь, үр хөндөлтийг дэмжигч болон эсэргүүцэгч талууд нь тус бүртээ үндэслэлтэй нотолгоо гаргаж ирэн байр сууриа хамгаалдаг. Жишээлэхэд, нэг тал нь тогтсон цагаасаа эхлэн үр нь амьд амьтан болохоор үр хөндөлт нь хүний амь хөнөөж байгаа хэрэг гэх. Нөгөө тал нь дөнгөж тогтсон үр нь төрөх хүртлээ хүн биш зөвхөн эхийн бие махбодиор тэжээлгэсэн өөр эс төдий байдаг, дээр нь хүсээгүй жирэмслэлт гэх мэт зүйлс дээр зөвхөн эмэгтэй хүн дангаар хариуцлага үүрэх нь шударга бус болохоор үр хөндөлтийг ямар нэг хязгаарлалтгүй хийлгэх эрх эмэгтэй хүнд бий гэх. Аль ч талыг дэмжиж эсвэл эсэргүүцэхэд хангалттай тооны баримт, судалгаа бий гэж болно. Товчхон хэлэхэд, тун ч ээдрээтэй асуудал.

2003 оны байдлаар дэлхийд жилд 42 сая гаруй үр хөндөлт хийгдсэн байна. Энэ бол дэлхийн хэмжээнд таван жирэмслэлт тутмын нэгийг нь үр хөндөлтөөр тасалсан гэсэн үг. Бүр нарийвчилбал, 2003 онд дэлхийн хэмжээнд 100 төрөлт тутамд 31 үр хөндөлт ногдож байжээ. Гурван хүүхэд төрж байхад нэг эмэгтэй үр хөндүүлж жирэмслэлтээ тасалж байсан байна. 2008 онд дэлхийн хэмжээнд үр хөндөлтийн тоо хоёр сая 200 мянгаар нэмэгдсэн. Энэ мэтээр таагүй тоо баримт маш олныг дурдаж болно.

Хүн амын өсөлт хэт их байгаа Энэтхэг, Индонези, Хятад гэх мэт орны хувьд төрөлт ба үр хөндөлтийн харьцаанд онц санаа зовохгүй байж болно гэж бодъё. Тэгвэл манайх шиг хүн ам цөөтэй эсвэл манай хойд хөрш шиг хүн амынх нь тоо эрчимтэй буурч байгаа орнуудын хувьд үр хөндөлт нэн тэргүүнд анхаарч байх ёстой ноцтой асуудалд болж хувираад байгаа.

Манай хойд хөршийн хувьд бүр ч ноцтой. Өдгөө 140 сая хүнтэй байгаа Орос 2050 он гэхэд зарим судлаачийн үзэснээр 100 сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай болж огцом буурна гэжээ. Энэ мэдээж, хэрэг үр хөндөлтийг аль хориглох, хязгаарлахыг дэмжигчдийн байр суурийг дэмжих бас нэг үндэслэл болж өгч байгаа юм.

Гэхдээ үр хөндөлтийн тоо нэмэгдэхийг дагаад нэг пара­докс байдал үүсчээ. Тэр нь үр хөндөлтийг дэмжигчдийн зөвтгөх нэг үндэслэл гарч ирсэн явдал. Учир нь, абортын тоо дэлхийн хэмжээнд нэмэгдэхэд ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөл хангаагүй нөхцөлд, нууцаар хийгдсэн үр хөндөлт голлох үүрэг гүйцэтгэжээ. Африкт гэхэд л нийт хийгдсэн үр хөндөлтийн 97 хувь нь нууцаар хийгдсэн байж. Дийлэнх оронд шашны, нийгмийн гэх мэт онцлогоос болоод үр хөндөлт хийхийг хуулиар хориглосон байдаг болохоор тэр. Гэтэл дэлхийн хэмжээнд нууц үр хөндөлт нь эхийн эндэгдлийн үндсэн таван шалтгааны нэг болдог төдийгүй долоон эндэгдэл тутмын нэг нь нууц үр хөндөлтөөс болсон байдаг аж. Иймд абортыг хуульчлан зөвшөөрөх замаар эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн эмчээр хийлгэх нь таагүй үр дагаврын тоог эрс цөөрүүлнэ гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Дэлхийн дийлэнх оронд буюу 98 хувьд нь эхийн амийг аврахын тулд аборт хийхийг зөвшөөрдөг.

62 хувьд нь эхийн эрүүл мэндэд хохирол учрахаас сэргийлэхийн тулд, 50 хувьд нь эхийн сэтгэцэд хохирол учрахаас сэргийлэх, 42 хувь нь хүчирхийллийн дараа, 40 хувьд нь ургийн гаж хөгжил, 29 хувьд нь эдийн засаг ба нийгмийн шалтгааны улмаас, 21 хувьд нь эхийн шаардлагаар тус тус үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг.
Манай улс социализмын үед зөвхөн эмчийн заалтаар эхийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай үед үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг байлаа. Иймд социйн үед нууцаар аборт хийх үзэгдэл цөөнгүй гардаг байсан. Мэдээж, нууцалж, хааж байгаа болохоор дээр дурдсантай адил эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл хангаагүй газар байх нь мэдээж. Үүнээс болж цөөнгүй эмэгтэйчүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан байдаг. Харин 1992 оноос үр хөндөлтийг зөвшөөрснөөр байдал өөрчлөгдөх болов уу гэтэл огт тэгээгүй. Дөн­гөж нээгдээд байсан эмэг­тэй­чүүдийн хувийн эмнэлэг байр сав гэхээр зүйлээр ядмагаас хүмүүс ч нэг их үйлчлүүлдэггүй байсан тул орлогынх нь гол эх үүсвэр үр хөндөлт болж хувирсан гэдэгт онц хэтрүүлэг болохгүй байх. Үр хөндөлт буурахгүй байгаагийн гол шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт. Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх мэдээлэл хангалттай ч зорил­тот бүлгэд хүрэхгүй байгаад мэр­гэжилтнүүд онцгой ан­хаа­рах хэрэгтэй.  Ямартай ч, манайх шиг цөөн хүн амтай оронд жилдээ 30-40 мянган эмэгтэй үр хөндүүлдэг нь маш түгшүүртэй тоо. Ямар ч улсын хувьд хүн ам нь хамгийн чухал баялаг байдаг, тэгэхээс өөр аргагүй. Эд баялгийг нь хамгаалах иргэдгүй болсон улс аяндаа л мөхөж үгүй болно. Тиймээс хүн амын тоог нэмэгдүүлэх тал дээр одооноос онцгой анхаарч, үр хөндөлтийн энэ тоог хориг цээр, сүрдүүлгээр бус харин ухаалаг, шийдэр, олсон мэдлэгээ бодитоор хэрэглэдэг болгох замаар багасгах тал дээр илүүтэй анхаарах нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Нөхөртөө хэлэлгүй үр хөндүүлэх нь ямар хуулиар зохьцуулагдсан байдаг юм бэ?
Хамгийн их уншсан