Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль орчноо хамгаалахын тулд арми цагаан хоолны өдөртэй болжээ

Норвегийн армийн удирдлага дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх кампанит ажилд нэгдэх болсноо албан ёсоор зарласан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Үүний тулд Норвегийн арми долоо хоног болгоны даваа гарагт зөвхөн “цагаан”, “ногоон” хоол хэрэглэж байхаар болжээ. Бүр тодруулбал нэг дэх өдөр махгүй хоол иддэг болох нь. Норвегийн армийн удирдлагын төлөөлөгч Эйстейн Кварвинг нь “Энэ бол дэлхийн цаг агаарыг хамгаалах арга. Байгаль орчинд хор хүргэдэггүй хүнсийг хэрэглэнэ гэсэн үг. Бид цаг агаар, экологийн аюулгүй байдлаас илүүтэй эрүүл саруул болоход анхаарч байна” гэжээ. Учир нь, амьтны гаралгүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бэлтгэхэд байгаль орчинд учирдаг хохирол нь махан бүтээгдэхүүн бэлтгэх, хэрэглэхээс хамаагүй бага. Мөн мах, махан бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд илүү хортой.

Гэхдээ энэ арга нь зөвхөн байгаль орчныг хамгаалахад чиглээгүй бололтой. Учир нь ийнхүү долоо хоногийн нэг өдөр нь махнаас татгалзсанаар жилдээ 150 тонн хүртэл мах хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мах авах мөнгө хэмнэнэ гэсэн үг.

Норвегид “ногоон” хоолыг сурталчилдаг нэгэн байгууллага улсынхаа бүх иргэнд хандан армийн жишээг дагаж долоо хоног болгоны даваа гарагт мах идэхгүй байхыг уриалжээ. Энэ байгууллагын гаргасан судалгаанаас үзвэл дундаж орлоготой норвеги хүн амьдралынхаа туршид 1147 тахиа, 22 хонь, зургаан үхэр, хоёр буга иддэг аж.

Ер нь, дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүн төрөлхтөн долоо хоногийн ганцхан өдөр л махнаас татгалзаж “ногоон” хоол хэрэглэхэд хангалттай гэсэн санааг 2008 онд НҮБ-ын цаг агаарын өөрчлөлт хариуцсан комиссын тэргүүн Ражендра Пачаури гаргасан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

НҮБ-аас гаргасан мэдээгээр мал аж ахуйн фермүүд нь дэлхийн хэмжээнд нийт хүлэмжийн хийн 18 хувийг агаар мандалд цацаж байдаг аж. Харин хүлэмжийн хий нь дэлхийн дулаарал гэсэн цаг агаарын маш ноцтой үзэгдлийг үүсгэсэн гол буруутан гэдгийг уншигч та олон уншиж, сонсч байсан биз. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзвэл мал аж ахуй нь хүн төрөлхтнөөс 130 дахин их ялгадас гаргадаг. Эндээс л нөгөө хүлэмжийн хий чинь ялгарч байгаа хэрэг. Томоохон фермийн малын ялгасдыг цэвэрлэх нь Өрнөд Европ, Америкийн хувьд маш том асуудал болон хувирчээ. Сүүний чиглэлийн үүлдрийн үнээ, түүнийг үржүүлдэг фермүүдээрээ алдартай Голланд гэхэд л хэдэн мянган үхэр бүхий эдгээр фермийн өтөг бууцыг далд оруулах гэж жил болгон асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг аж. Ингэхгүй л бол энэ улс хэдхэн жилийн дараа бүхэлдээ өтөг бууцанд дарагдан хүн амьдрах боломжгүй болно гэнэ.

Үхэр, хонь, гахай, тахиа, ямаа, тэмээ гэх мэт мах, сүүний чиглэлээр хүн төрөлхтний өдий хүртэл өсгөж ирсэн амьтдын “ял” үүгээр дуусахгүй. Гол нь ийм “ял” хийхэд хүргэсэн буруутан нь хүн өөрөө. Дэлхийн хүн ам 1975 онд дөрвөн тэрбум байсан бол 2001 он зургаа, 2013 онд долоон тэрбум давсан. Ингэж хурдан нэмэгдэж байгаа хүн төрөлхтнийг хүнсээр хангана гэдэг тун ч нүсэр асуудал. Бүрэн шийдэж чадахгүй байгаагаас болоод Африк, Азийн олон орон өлсгөлөн нүүрлэсэн. Асуудлыг шийдэх хэд хэдэн гол арга байгаагийн нэг нь мал аж ахуйг хөгжүүлэх явдал гэж нэгэн үе үзэж байв. Иймээс ч дэлхийн хүн амын тоо өсөхийг дагаад тэжээвэр амьтадын тоо өсч эхэлсэн. Гэтэл энэ өсөлт нь явсаар тун ч таагүй үр нөлөө үзүүлж эхэлжээ.

Мал, шувууны тоо хүн төрөлхтний тооноос хэдэн арав дахин илүү. Энэ олон тэрбум амьтанд тэжээл, бордоо, бэлчээр, ус хэрэгтэй гэдгээс л хамаг асуудал эхэлнэ.

Мал аж ахуйн хөгжсөн байдлаасаа хамаараад зарим орны тариалсан нийт буудайн 90 хувийг малын бордоонд зарцуулдаг. Бүр тодруулбал,  дэлхийд хураан авч байгаагбүх буудайн 14 хувийг үхэр, 12 хувийг гахай, есөн хувийг тахиа иддэг байна. Үр дүнд нь өлсгөлөнгөөс гарахын тулд хүмүүсийн өсгөж, бордож байгаа амьтад нь хүний тариалсан буудайн ургацын 45-60 хувийг нь идэж орхидог. НҮБ-ын мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар Африкийн дийлэнх хэсгийг нөмрөөд байгаа өлсгөлөнгөөс бүрэн гарахад нийт буудайн ургацын 20 хувь нь л хангалттай юм байна. Хүний тариалж байгаа нийт ногооны 60 хувь хүртэл нь мөн л бордоонд зарцуулагддаг аж. Ингэж их тариа будаа, ногоо ургуулахад асар их цэвэр ус шаардлагатай нь мэдээж. Зарим мэдээгээр бол хүн төрөлхтөн нийт хэрэглэж байгаа цэвэр усныхаа 90 хүртэлх хувийг энэ их тариа ногоог услахад зарцуулдаг.

Дээр нь асар их талбай хэрэгтэй. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа нийт талбайн тэн хагасаас илүү нь малын бэлчээр, малд зориулсан тэжээл, бордоо тариалахад зарцуулагддаг аж. Өмнөд Америк, Африкт фермерүүд нь шинэ бэлчээр, тариалангийн талбай гаргаж авахаар дэлхийг хүчил төрөгчөөр хангадаг гол эх үүсвэр болох халуун орны ширэнгэн ойг хэдэн мянган га-аар нь огтлож байгаа нь эргээд тухайн бүс нутгийн болон дэлхийн экологид сайн нөлөө үзүүлэхгүй байгаа нь ойлгомжтой. Дэлхийн хэмжээнд нэг кг үхрийн мах гаргаж авахад 10 кг буудай, нэг  кг гахайн мах гаргахад 9,2 кг буудай болон бусад ногоо, нэг кг шувууны мах гаргаж авахад гурван кг буудай зарцуулдаг. Харамсалтай нь энэ их буудай, ногооны дийлэнх нь өтөг бууц хэлбэрээр “үргүй зардал” болж хаягддаг болохоор мал аж ахуйг эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, ирээдүйгүй гэж үздэг эрдэмтэн судлаачийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Ийм эртэмтдийн нотолж байгаагаар 10 гектар газрыг зөвхөн мал аж ахуйн зорилгоор хэрэглэвэл хоёрхон хүн тэжээх боломжтой. Харин эрдэнэ шиш таривал 10 хүн, улаан буудай таривал 24 хүн, тутарга суулгавал 61 хүн тэжээх боломжтой аж. Мах, ногоо хосолсон хүнс хэрэглэх үед нэг га газар нь 5,5 хүний хоолоор хангах боломжтой бол дан “ногоон” хоолтой үед 17 хүнийг хүнсээр хангах боломжтой юм байна. Энэ мэт тооцоо хийсээр “ногоон хоол”-ыг сурталчлагчид нь ийм хоолтон нэг хүн жилдээ 90 амьтныг заазлуулахаас, хагас гектар ойг огтлуулахаас хамгаалдаг гэсэн дүгнэлт хийжээ.

Гэхдээ энд нэг “но” байгааг хэлэлгүй өнгөрч болохгүй байх. Энд гарч байгаа бүх тоо нь дэлхийн нийтийн хэмжээнд авч үзсэн, дундаж тоо. Судлаачид, шинжээчдийн тооцон бодож цаасан дээр бичсэн тоог үндэслэн улстөрчид, эрдэмтдийн гаргасан дүгнэлт. Монголчуудыг цагаан хоолтон болохыг уриалсан зүйл огт биш. Энэ бүхэн манай орны нөхцөлд, бодит байдалд хэрхэн таарах, нийцэхийг ул үндэстэй тогтоохын тулд судлаачид, шинжээчид нарийн тооцоо хийх хэрэгтэй. Тэгэлгүйгээр урд ургасан тутаргыг худалдан оруулж ирээд, байгальд хортой гялгар уутанд бага жинтэй хийж савлаад өндөр үнээр зарахдаа “Махнаас гарцгаая, дан ногоо иддэг ногоон хоолтон болцгооё” гэж сурталчлахыг дэлхийн байгаль орчныг хамгаалахад оруулж байгаа хувь нэмэр гэж хэлэхгүй байх.

Харин Норвегийн армийн гаргасан жишээг дагаад нэг өдрийг ногоон бус харин цагаан хоолны өдөр болгоод байвал манай армийн арын албаныхан махан дээр багагүй мөнгө хэмнэж болмоор санагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан