Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний тээвэрчид хурууныхаа хээгээр хил нэвтэрнэ

Энэ оноос Буянт-Ухаа,  Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомт дээр нэг удаагийн, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр орох болон олон удаагийн виз  олгож эхлээд байгаа юм. Ингээд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж  саяхан дээрх  ажлын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж  Гашуунсухайт боомтод ажиллажээ.

Дээрх ажлын хүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор орох виз авсан  үйлчлүүлэгчдийн  хурууны хээг  нь хил дээр авч, түр ирэгчийн бүртгэл хийж байгаа аж.  Мөн Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвөөс зохих  зөвшөөрөл  авч Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт оршин суух зөвшөөрлийн хүсэлт, олон удаагийн визийн материал бүрдүүлж  өгсөн тохиолдолд эхний ээлжинд олон удаагийн визийг Өмнөговь аймгийн хилийн боомтууд дээр олгож, картыг нь  ажлын тав хоногийн дотор гарган өгөх болсон байна.  
Урьд нь нүүрсний  тээвэр эрхэлдэг жолооч нар БНХАУ-ын Бээжин, Хөх хотын консулаас виз авч, Улаанбаатарт ирж   хурууны хээгээ өгөөд  оршин суух бүртгэл хийлгэдэг байжээ. Тэгээд  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зөвшөөрөл гартал 21 хоног хүлээдэг байсан аж.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж дээрх хилийн боомтод ажиллахдаа “Манай байгууллага төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгснөөр албан хаагчдыг илүү хариуцлагатай болгож, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ. Үүний  тулд ажлын хэсэг байгуулан Газрын хэмжээнд 2001 оноос хойш батлагдсан 138 журам, заавар, хэм хэмжээ тогтоосон тушаалуудад дүн шинжилгээ хийж, эрх зүйн үндэслэлгүй, үйлчлэл нь дууссан, мөрдөх шаардлагагүй 44 тушаалыг хүчингүй болгосон. Ингээд үр дүнд нь гадаадын иргэд тухайн хилийн боомт дээр  виз, оршин суух зөвшөөрөл авах, хурууны хээ өгөх боломжтой боллоо. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж,  Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албаны чиг үүрэг манай байгууллагад шилжсэнээр нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг болно” гэжээ.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь алба эдүгээ 14 албан хаагчийн орон тоотойгоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажиллаж байгаа аж. Ингээд энэ  сарын 18-ны өдрийн байдлаар гадаадын  347 иргэнд визийн шилжүүлэг хийж, 82 иргэнд орох виз,  таван иргэнд гарах, орох визийг олгожээ. Мөн виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөл, Хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 11 аж ахуйн нэгж, байгууллага, 145 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авсан бөгөөд   40 иргэнийг албадан гаргаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан