Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн олон хүн амтай улсад яагаад хүн хэрэг болов

Хятадын эрх баригчид саявтархан түүхэн шийдвэр гаргаж, нэг-хүүхэд бодлогыг хатуу чанд хязгаарлалтыг зөөлрүүллээ. Гэр бүл төлөвлөлтийн талаархи энэ шинэ реформоор бол эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх юм. Яг үүн шиг зөвхөн фермер, үндэстний цөөнхөд зориулсан хэрэв эхнэр, нөхөр хоёулаа айлын ганц хүүхэд бол бүр илүү олон хүүхэдтэй болох боломж ч нээлттэй болжээ.
Анх хэрэгжиж эхэлсэн цагаасаа өдийг хүртэлх 30 шахам жилийн хугацаанд Хятадыг хүнлэг биш, ардчилсан бус гэж дэлхий дахинаараа шүүмжлэн хэлэлцэхэд эн тэргүүнд дуртайяа нэрлэдэг шалтгаан болсоор ирсэн уг хуулийг яагаад өнөөдөр өөрчлөх болов. Дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсад яагаад илүү олон хүүхэд, илүү олон хүн хэрэгтэй болов оо.
Үнэндээ Хятадын хүн амын өсөлт тийм ч өндөр биш хурдтай байхад л тэд аль хэдийнэ 1,35 тэрбумд хүрчихсэн. Гэвч энэ олон хүн дотор Хятадын эдийн засаг, ажил олгогчид цаашилбал эрчүүдэд хэрэгтэй хүмүүс нь ховордоод байгаа юм.  Үндсэндээ гурван 10 жил хэрэгжсэн нэг хүүхэд бодлогын дүнд Хятадад өдгөө ахмад настнууд нь хүүхэд залуусаасаа илүү жин дарж, залуу бүсгүйчүүд нь цөөдсөнөөс эрчүүдэд эхнэр олдохоо болиод буй юм. Албан ёсны мэдээгээр бол хүн амын дунд хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 25 саяар илүү тоологдож байна. Өөрөөр хэлбэл ийм тооны эрчүүд гэр бүл зохиоход хэцүү болоод байна гэсэн үг.  Гэвч энэ бол дан ганц эрчүүд нь эхнэртэй байх эсэх тухай нэг гэр бүлийн асуудал биш ээ.  Өнгөрсөн жил Хятадад анх удаа хөдөлмөрийн насны хүн амын тоо буурсан үзүүлэлт гарсныгҮндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  
Хятадууд бол бол Хятад улсынхаа төдийгүй дэлхийн ажиллах хүч болсон хүмүүс. Нэгэн үе хамгийн хямд байснаараа олон мянган бизнесийг өсөн дэвжихэд тусласан Хятадын ажиллах хүч өнөөдөр эдийн засаг нь өөдлөн дэвжсэний ачаар нэгдүгээрт хамгийн хямд байхаа больсон, хоёдугаарт боловсрол мэдлэгийг чухалчлах болсон, гуравдугаарт ажиллах хүчнийх нь тоо ч өөрөө цөөрч байгаа зэрэг шалтгаанаар  эдийн засагт нөлөөлөхүйцээр буурах төлөвтэй байна. Үнэндээ ажиллах хүчний асар том масс нь Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн нэг хөдөлгүүр байсан бол хүн амын бодлогын улмаас ирээдүйн ажилчдын тоо цаашид улам буурах хандлага гарлаа.
Үүн дээр хүн ам дахь ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдсэнээр ирэх жилүүдэд Хятадын төрд хүнд ачаа болохоор байна. Хэдийгээр Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт бичигдэхүйц хүчирхэгжсэн авч нийгмийн халамж, төрийн үйлчилгээ зэрэг нь өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүрэх яагаа ч үгүй. Гэтэл тэр олон зуун сая ахмадыг харж хандах үр хүүхэд ховор, ихэвчлэн айлын ганц хүүхдүүд учраас эцэг эхээ өөр дээрээ авч асрахаас илүүтэй улсын асрамжинд өгөх эсвэл бүр огт хайхрахгүй орхих явдал одоо ч түгээмэл гарч байгаа юм.
Энэ мэтчилэн нэг хүүхэд бодлогын улмаас Хятадын нэг гэр бүлийн амьдралаас эхлээд бүхэл бүтэн нийгмийн амьдралд маш том асуудал үүсээд байгаа учир эрх баригчид нь энэ бодлогыг хазаарлахаар шийдээд байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
odoo yaana daa... ulam l oluulaa boloh ni huuhduudiin mini ireedui burheg l bolood bhiimdaa
Хамгийн их уншсан